Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас энэ сарын 14-нд гаргасан. Учир нь энэ сарын 10-ны байдлаар манай орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, талаас илүү хувь нь зудад өртсөн байв. Гэтэл энэ сарын 16-наас цаг агаар дахин муудсанаас өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндэрлээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Архангай аймгийн Хашаат сумынхан хаврыг хохирол багатай даван туулахдаа бэлдэж эхэлжээ. Гуравдугаар сарын 10-наас малчны хотонд төлийн дуу цангинаж эхэлдэг байна. Тус сумын нутаг харгана ихтэй. Харганын ашиг шимийг малчид нь олзуурхан ярьж байлаа. Хахир хавар ч харганаа зулгаасаар мал нь мэнд үлдэх үе бий гэнэ. Зарим айл өнгөрсөн нэгдүгээр сард хаваржаандаа буужээ. Ийнхүү хаваржаандаа эрт буух болсон нь өвөлжөөнийх нь орчимд хөр цас ихтэйгээс шалтгаалсан гэнэ. Цас ихтэйгээс малын хамар хатгах өвсгүй болжээ. Хаваржаандаа эрт бууснаас мал нь хэвтэр алдаж, тарга тэвээрэг нь доройтсоныг тус сумын малчин Ө.Ганболд хэллээ. Зарим айл хаваржааныхаа орчмын бэлчээрийг эрт талхлахгүйн тулд өвөлжөөндөө нутагласаар буй гэнэ. Сүүлийн жилүүдэд газрын гарц муудаж, хадлангийн талбай ч багассан байна. Тиймээс зүүн аймгуудаас өвс худалдаж авах болжээ. Ингэхдээ 3-4 айл хамтран замын зардлыг нь хуваан төлж, 500-1000 боодол өвс авдаг ч хаврын улиралд хүрэлцдэггүй гэнэ. Жил ирэх тусам хавар уртсаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хаврын улиралд бороо орох нь багассанаас өвс ургамалын гарц мууджээ. Үүнээс үүдэн төлийн бойжилт удаашрах, мал нь махан таргаа авч чадахгүй байх зэрэг асуудал тулгардаг юм байна. Тиймээс мал нь намрын хүйтэн, өвлийн эхний цасыг ч давалгүй үхэх тохиолдол элбэгшжээ.
Хашаат сумын хэмжээнд цас ихтэй. Хүчин чадалтай сайтай л биш бол машинтай замд гарахад бэрх аж. Адуу газар цавчлан өвс гаргаад идчихдэг. Түүн дээр нь хонь, ямаа шавааралдан хагд түүнэ. Үхрүүд нь харганын үзүүр зулгаацгаана. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарснаас мал нь хашаандаа хоргодож эхэлжээ. Гэсэн ч бэлэн өвс хаяж өгөхийг малчид урьтал болгосонгүй. Бэлэн өвс идсэн мал бэлчээрээсээ эрт ирэх, гэрээсээ холдохгүй хашаа руугаа дайрах нь ихэсдэг гэнэ. Бас малчид бэлдсэн өвс, тэжээлээ хаврыг давах зорилгоор одоохондоо хадгалж байгаа гэнэ. Учир нь, малын тэвээргийг сорих үе нь өвөл биш, хавар аж. Малчин Д.Довчиндорж “Цас ихтэйгээс малчдын амьдрал ахуй хүнд байна. Өвс, тэжээлээ өөрсдийн хэмжээндээ хангалттай бэлдлээ. Тэжээл 20 кг нь 10 гаруй, нэг боодол өвс 7-8 мянга орчим төгрөгийн үнэтэй бол илүү ихийг бэлдэх бололцоотой. Гэтэл үүнээс өндөр үнэд хүрчихээр ихээр нөөцөлж, бэлдэх боломж бага. Малын тарга хүч дорой, өвс, тэжээл ч тааруу үед цаг агаарын гэнэтийн өөрчлөлттэй тулгарах нь хэцүү. Малаа өвлийн цагт уулын нөмрөөр бэлчээн, тарга тэвээргийг нь хадгалдаг. Өвөлжилт хүндэрсэн нутгуудад үзүүлж буй улсын дэмжлэг үзүүлэн төдий. Айл бүрд нэг шуудай тэжээл л ногддог. Олон хүнд хангалттай хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэдэг хэцүү. Малчдын орлого улирлын чанартай. Сар бүр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх тогтмол орлоготой хүн үнэндээ ховор. Намар мал, мах, хавар ноолуураа борлуулж орлого олдог. Тэгэхээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсаас төлж байгаа нь зөв гэж боддог” хэмээлээ.
Ихэнх нутгаар хүйтэрч, цаг агаарын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрсэн нь Хашаат сумыг ч тойрсонгүй. Айлуудын хонины хашаа цасанд дарагдаж, түүнийг нь цэвэрлэдэг ч шуурган дунд дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа гэнэ. Мал нь хүйтэнд хашааны нөмөр бараадан зогсож, бэлчээртээ гарч чадахгүй болж. Ингэснээр өл хоолгүй хэд хоног өнгөрөөж, улмаар үхэх аюултайг ч малчид хэлсэн. Иргэд зээлээр өвс, тэжээл авч байгаа гэнэ. Гэсэн ч өвс, тэжээл хэт үнэтэй байгаагаас хангалттай хэмжээнд нөөцөлж чадаагүй аж. Түүнчлэн зам цасанд дарагдсан тул гэрээсээ холдох аргагүйд хүрчээ. Тиймээс бүх малаа онд оруулна гэж найдахаас илүү нас залууг нь тэжээж эхэлсэн байна. Бага малууд нь хүйтэнд осгож эхэлснээс гэрийнхээ нэг хэсэгт хашаа барин тэднийг оруулсан гэнэ. Хүүхдүүд нь хичээл сургуульд явж чадахгүйд хүрч, ээж, аавдаа тусалж буй юм билээ.
Дээр дурдсан жишээ бол ганц сумынх. Хашаат сумыг бусад нутагтай харьцуулахад өвөлжилт хүндрээгүй сум гэж хэлэхэд болно. Зарим нутагт айлын гэр, хашаа цасанд дарагдаж, түүнийгээ цэвэрлэж, зам гаргаж чадахгүйд хүрсэн байна. Энэ сарын 15-ны байдлаар л гэхэд 13.5 мянган айл цасанд боогдоод байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Цасан шуургатай өдрүүдэд эл тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай. Цасны зузаан зүүн аймгуудын нутгаар айлын гэрийг давах хэмжээнд хүрчээ. Зарим иргэн малаа хотноосоо гаргаж чадахгүй, өвс тавьж өгөх төдийхнөөр аргацааж байгаа аж. Зам, даваа хаагдаж, хүнс, малын тэжээлээ авах боломжгүйд хүрчээ. Малаа бэлчээрт гаргаад ч идэш олж идэх боломжгүйд хүрсэн гэнэ. Иргэд “Малчдыг тоодог дарга алга. Зун гантай, өвөл нь зудтай. Энэ жилийн төмөр зуднаар малчин айлын гэр, хот нь цасанд дарагдсан. Үнэндээ их цасыг байнга малтдаг ч хүч хүрэхгүй юм. Сумын төв рүү явах зам цасанд дарагдсанаас малчид явган алхах жишээтэй. Сумын Онцгой комисс нь ганцхан машинтай. Олон дуудлага ирэхээр бүгдэд нь очих боломжгүй. Иргэд хүндхэн өвөлжлөө. Цаашлаад хахир хаврыг яаж давах билээ. Өвөлжилт хүндэрч, малгүй болсон айлууд аймаг, сумын төвийг бараадаж байгаа. Улс орон даяар зуд болж байхад байгалийн гамшиг гээд хойш суух дарга олон. Сонгууль дөхөхөөр ажил хийсэн нэртэй олон дарга гарч ирэх л байх даа” гэж ярьж байв.
Ховд аймгийг энэ сарын 16-нд хүчтэй цасан шуурга дайрлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрынхан энэ сарын 16-17-нд 23 дуудлага хүлээн авчээ. Хүчтэй салхи шуурганы улмаас 12 гэр нурсан байна. Мөн цас их орсны улмаас зам, даваа хаагдсан аж. Ховд аймгийн малчдын хэлснээр цас ихтэйгээс болж малаа бэлчээрт гаргахад хүндрэлтэй болжээ. Малчдын хот цасанд дарагдсан гэх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу хилийн цэргийн алба хаагчид тусалж буй гэнэ. Түүнчлэн Баян-Өлгийн зарим малчин малынхаа тарга тэвээргийг нь доройтуулахгүйн тулд өвс тавьж өгч эхэлсэн аж. Улсын хэмжээнд энэ сарын 16-нд 508 мянган мал хорогдоод байсан. Гэтэл маргааш нь л гэхэд эл тоо 608 мянгад хүрч, ганцхан хоногийн дотор 100 000 гаруйгаар нэмэгдлээ. Цаг агаар хүндэрсэнтэй холбоотойгоор дээрх тоо улам нэмэгдэх төлөвтэй. Түүнчлэн мал нь олноороо үхэж буйгаас хот нь харлахад хүрсэн тухай ч малчид хэлсэн юм.
Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчдад туслах хандивын аянуудыг иргэд санаачлан эхлүүлсэн байна. Ийнхүү туслахаар нэгдсэн хэсэг байхад үүнийг эсэргүүцэх хүн ч бий. Тодруулбал, “Малчид эд хөрөнгөө өөрсдөө хариуцах ёстой. Үүнийх нь төлөө бусад хүн хариуцлага хүлээх шаардлагагүй. Малаа хэт олшруулж, бэлчээрийн доройтолд хүргэчхээд бусдаас тусламж гуйх хэрэггүй” гэх нь ч байв.
Иргэд ийнхүү талцах зуур Улсын онцгой комисс цаг агаар муудаж, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай уржигдар хуралдлаа. Харамсалтай нь, тэд шийдэл ярилцсангүй. Түүнчлэн зудын нөхцөл байдал хэр байгаа талаарх мэдээлэл ч тэдэнд байсангүй. Ийнхүү 30-аад минут үргэлжилсэн хурлын 20-д нь малчдын амьдралын талаар ярьж “уянгалав”. Ерөөсөө л малчдыг дэмжихгүй бол идэх махгүй болно гэдгийг л тэд хөндлөө. Түүнээс биш зарим нутагт цасны зузаан нэг метрээс давсан тухай ярьсангүй. Авах арга хэмжээгээ ч төлөвлөсөнгүй.
Бодит байдалд малчид өглөөнөөс орой хүртэл малаа тэжээгээд ч дээрдэх шинжгүй. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл олон хоног үргэлжилж буй нь тэдний хотыг харлуулж ч мэдэхэд хүрлээ. Цаашлаад их хэмжээний цас хайлж, шар усны үерийн эрсдэлийг ч дагуулах нь.
Бэлтэсэн А.Тэмүүлэн