АНУ-д Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хийх айлчлалд БНСУ бэлтгээд дуусаж байна. Энэ сарын сүүлчээр хоёр удирдагчийн анхны уулзалтаар Алс Дорнодын аюулгүй байдлын гол асуудлаар амаргүй яриа хэлэлцээ өрнөнө. Тодруулбал, Өмнөд Солонгост Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг суурилуулах асуудал хөндөгдөнө.
Уг системийн талаарх шийдвэрээ Сөүл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. БНАСАУ-тай харилцаагаа ойртуулахаар Өмнөд Солонгосын Хөх ордноос зарласан чиг бодлого Цагаан ордны бодлоготой зөрчилдөж буй. Эрх баригчид нь саяхан солигдсоны дараа БНСУ Хятад болон Оростой харилцаагаа идэвхжүүлэхэд бэлэн байгаа, аюулгүй байдлын асуудлаар АНУ-аас зай барьж буйгаас харвал Вашингтонд болох хэлэлцээ Ази, Номхон далайн бүс нутгийн талаар Д.Трампын баримталж буй бодлогын хувьд хамгийн ноцтой сорилт болох нь.
ГОЛЬФЫН ТАЛБАЙ ДАХЬ ПУУЖИНГИЙН СИСТЕМҮҮД
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Том Шеннон Сөүлд айлчилсан нь Вашингтонд Мүн Жэ Иний хийх анхны айлчлалын өмнө Д.Трампын засаг захиргаатай Өмнөд Солонгосын удирдлага байр сууриа нэгтгэсэн явдал болов. Хоёр удирдагч энэ сарын 29-30-нд уулзахыг БНСУ-ын тал зарласан юм.
Сөүлд Том Шеннон айлчилсантай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын хийсэн мэдэгдэлд дурдсанаар, түүний айлчлалын зорилго нь холбоотнуудын хувьд хүлээсэн үүргээ нотлох, тус бүс нутгийг хөгжүүлэх, тогтвортой байдлыг сахин хамгаалах талаар нягт харилцаагаа үргэлжлүүлэхэд оршиж байсан юм. Тэгэхдээ БНАСАУ-аас учирч болзошгүй аюулд шийдвэртэй хариу өгөхийг Вашингтон тэргүүлэх зорилтоо хэмээн үзэж байгаа билээ.
Үүний сацуу Умард Солонгосын зүгээс тасралтгүй өдөөн хатгаж буй нөхцөлд Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах, түгшүүртэй байдлыг намжаах тухай асуудлаарх нийтлэг байр сууриа тодорхойлох нь улам ярвигтай асуудал болж байна.
Өнгөрсөн сарын 10-наас албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн Мүн Жэ Ин зоригтой, олны анхаарлыг хамгийн их татсан шийдвэрээ гаргаж, тус улсад Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD систем байрлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ түр зогсоосон билээ.
“Аль хэдийнэ байрлуулсан харвах хоёр төхөөрөмжийг бид хөндөлгүй орхиж, эдгээр нь экологид сөрөг нөлөөтэй, эсэхийг тогтоох судалгааны дүнг юуны түрүүнд хүлээх ёстой” гэж Хөх ордны өндөр албан тушаалын төлөөлөгч тайлбарлажээ. Тийнхүү Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнөх Төрийн тэргүүн Пак Гын Хэгээс өвлөж ирсэн асуудлыг эргэн авч үзэх шийдвэр төгс буйгаа харууллаа. Пак улсдаа АНУ-ын пуужингийн довтолгооны халхавч байрлуулахыг тууштай дэмжигч байсан юм.
БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Умард Кенсан мужийн Сонжу хошуунд байрлуулахаар төлөвлөж байсан THAAD систем нь БНАСАУ-ын цохилтоос эсэргүүцэн хамгаалах 48 пуужин бүхий харвах зургаан төхөөрөмжөөс бүрдэх ёстой. Нийт 700 мянган ам метр талбай эзлэх байв. Гэвч өмнөх засаг захиргаа нь огцрохоосоо өмнө ердөө хоёр төхөөрөмж л байрлуулж амжжээ.
Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Мүн Жэ Ин тангаргаа өргөсний дараа өмнөх Ерөнхийлөгчийн багт байсан, шинэ Засгийн газарт Батлан хамгаалахын сайд хэвээр үлдсэн Хан Мин Гү THAAD-ын дөрвөн төхөөрөмжийг улсдаа авчрахыг нууцаар зөвшөөрч, үүнийгээ шинэ Ерөнхийлөгчдөө мэдээлээгүй байна. Энэ ажиллагаа ил болж, дуулиан дэгдсэний дараа экологид үзүүлэх уршгийг судалж дуусах хүртэл пуужингийн системийг суурилуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Экологийн дүгнэлт гаргахад наад зах нь нэг жилийн хугацаа шаардагдах аж.
Өмнөд Солонгосын хуульд зааснаар 330 мянган ам метр давсан талбай эзлэх цэргийн шинэ объект, эсвэл төхөөрөмжийг суурилуулахын өмнө байгаль орчныг нарийн шинжилгээ хийх ёстой байдаг. Гэвч ийм шинжилгээ хийлгэхгүйн тулд Пак Гын Хэгийн захиргаа Америкийн цэргийнхэнд 320 мянган ам метр газар өгсөн аж. Хувь заяаны эрхээр гольфын талбайн хажууд байрлалтай уг газарт харвах хоёр төхөөрөмжийг аль хэдийнэ байрлуулжээ.
БНСУ-ын олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн Евразийн хэлтсийн захирал И Жэ Ён “THAAD системээс ялгарч буй туяа нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн ноцтой болгоомжлол бий. Үүний сацуу тус улсын шинэ удирдлага Хятад, Оростой харилцаагаа идэвхжүүлэх замаар гадаад болон батлан хамгаалах бодлогоо солонгоруулахыг эрмэлзэж байна” гэж хэллээ.
Эл хоёр улс Америкийн системийг Өмнөд Солонгост байрлуулах төлөвлөгөөг эсэргүүцдэг юм. Тухайлбал, THAAD-ын эхний хоёр төхөөрөмжийг суурилуулсны дараа БНСУ-д Бээжин хориг арга хэмжээ авсан.
Үүгээр Сөүл байгаль орчны шалтгаанаас гадна АНУ-тай цэрэг, техникийн хамтын ажиллагаанд түшиглэсэн аюулаас хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж яарахгүй байгааг тайлбарлаж болох юм.
МҮН ЖЭ ИНИЙ ГОЛ БООЦОО
“Хэрэв БНАСАУ пуужин харвах юм бол манай байранд яг дөрвөн минутын дотор тусна” гэж Сөүлийн төвд байрладаг БНСУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалын төлөөлөгч хэллээ. Дашрамд хэлэхэд, Хөх ордон THAAD системээс татгалзаад, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалахыг түүнээс лавлахад, “Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньянтай сөргөлдөх бус, яриа хэлэлцээгээ сэргээхийг тэргүүлэх зорилтоо болгосон” гэсэн тайлбар өгчээ.
Түүний хэлснээр, хэлэлцээг сэргээхэд Хятад, Орос хоёр л тусалж чадах юм. “Хятад улс Умард Солонгост эдийн засгаар илүү нөлөөлж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж чадах бол ОХУ улс төрийн тогтолцоог нь илүү ойлгодог” гэж тус бүс нутаг дахь БНСУ-ын гол тоглогчид хоорондын гүйцэтгэх үүргийн хуваарийг тус улсын дипломатч тайлбарлажээ.
Харилцаагаа хэвийн болгох шаардлагатай байгаа тухай Сөүлээс илгээж буй дохиог Пхеньян нааштайгаар хүлээж авах гэж яарахгүй байна. Тодруулбал, өнгөрсөн онд Хятадаар дамжин гарсан БНАСАУ-ын 13 дүрвэгчийг Пхеньянд шилжүүлэн өгөхөөс нааш БНСУ-тай хүмүүнлэгийн хамтарсан ямар ч ажиллагаанд оролцох боломжгүй хэмээн Солонгосыг энх тайвнаар нэгтгэхийн төлөө хорооных нь төлөөлөгч мэдэгджээ.
Ийм нөхцөлд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Америкийн пуужингийн хамгаалалтаас татгалзах, аюулгүй байдлын асуудлаар илүү бие даах, Умардтай харилцаагаа сэргээх талаар тавьсан бооцоо нийгмийн болон улстөрчдийн үлэмж хэсгийн дэмжлэг авч чадахгүй байна. Тэд БНАСАУ-ыг урьдын адил том аюул хэмээн үзэж, нэн даруй хариу арга хэмжээ авахыг шаардаж буй билээ.
Өмнөд Солонгост англи хэлээр гардаг гол сонин “Korea Joongang Daily”-д гарсан “Аюултай төсөөлөл” нийтлэлд тэмдэглэснээр, “Албаны хүмүүсийн мэдэгдлээс үзвэл шинэ засаг захиргаа Умардын цөмийн болон пуужингийн өдөөн хатгалгыг яаралтай шийдэх хэрэгтэй аюул хэмээн үзэхгүй байна. Харин цэргийн шинжээчид Пхеньяныг жилийн дотор 50 гаруй кг плутони тээх чадалтай цөмийн цэнэгт хошуу 10-аадыг пуужингууддаа суурилуулж чадна гэж таамаглажээ.
Ийм аймшигтай дүр зураг бодит биеллээ олбол манай Засгийн газар юу хийх юм бол?” гэжээ. “Манай аюулгүй байдалд халдвал бодлого ч үгүй, эдийн засаг ч үгүй хоцрохыг Ерөнхийлөгч ойлгох ёстой” хэмээн уг сонин дүгнэсэн байна.
Төрийн эрхэнд гарсан эхний өдрүүддээ нэр хүнд нь бараг 80 хувьтай байсан Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гадаад бодлого сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарсны нотолгоо нь парламент дахь сөрөг хүчин Гадаад хэргийн шинэ сайдаар түүний нэр дэвшүүлсэн 62 настай Кан Ген Хваг батлаагүй явдал юм. Тэрбээр Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Энд сануулахад, Мүн Жэ Иний тэргүүлдэг эрх баригч Ардчилсан нам 299 суудалтай парламентын олонх биш аж.
Эцэст нь хоёр гол үйл явдал буюу АНУ-ын Вашингтонд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн хийх айлчлал, Германы Хамбургт болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө БНСУ-ын Гадаад хэргийн сайдын суудал эзгүй байна. Төрийн тэргүүн нь парламентдаа нэр дэвшүүлэх хүнээ танилцуулжээ. Гэхдээ тэрбээр парламентаар батлуулалгүйгээр Гадаад хэргийн сайдаа томилох эрхтэй. Гэвч Мүн Жэ Ин парламент дахь сөрөг хүчинтэй эрс сөргөлдөхөөс зайлсхийхийг хичээж байна.
Түүний Вашингтонд хийх айлчлалын өмнө аюулгүй байдлын салбар дахь Америк, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа, тухайлбал, THAAD систем байрлуулах хэтийн төлөв улам бүр тодорхойгүй болж буй нөхцөлд АНУ саналаа татаж болзошгүй дохио ирж байна. Хөх ордны үйлдэлд Америкийн талын эгдүүцэл ихсэж буйн нотолгоо нь Сенатынх нь Батлан хамгаалах хорооны гишүүн Дик Дурбиний хэлсэн үг болох юм.
Тэрбээр энэ сарын эхээр Сөүлд айлчилж, Мүн Жэ Интэй уулзахдаа “Вашингтон хүнд үеийг туулж, төсвөө танаж, олон хөтөлбөр хэрэгжүүлэхээс татгалзсан. Хэрэв БНСУ-д THAAD систем хэрэггүй бол бид үүнд зарцуулах 923 сая долларыг өөр газарт зориулж болох юм” гэж тэрбээр тайлбарлажээ. Энэ нь Вашингтонд удахгүй болох дээд хэмжээний уулзалтын өмнө Өмнөд Солонгос дахь Америкийн цогцолборуудын асуудлыг шийдэхийг анхааруулсан явдал болов.