Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологичид, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран манай орны зүүн бүсэд цагаан зээрийн тархац нутгийн судалгаа хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Биологичид нас бие гүйцсэн цагаан зээрийн эзэмшил нутгийн хэмжээг 14-32 мянган ам км гэж тогтоожээ. Зүүн аймгуудад тархан суурьшсан зээрүүд 2-3 сумын газар нутагтай дүйцэхүйц хэмжээний талбайд нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж амьдардаг гэсэн үг.
Биологичид энэхүү судалгаандаа үндэслэн Монгол орны зүүн бүсэд барьж буй, цаашид байгуулах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам төлөвлөх боломжит цэгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, мониторинг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах гэнэ. Цагаан зээр нь байгаль, цаг уурын өөрчлөлтийг зөн совингоороо урьдчилан мэдэж, бусад амьтанд дамжуулдаг “цаг уурч” бодгаль учир түүний нүүдэл, шилжилт хөдөлгөөн, тархац нутгийн судалгаагаар дамжуулан биологийн өөр олон төрөл зүйлийн амьдрах орчинд гарч буй өөрчлөлтийг шинжин мэдэх ач холбогдолтойг судлаачид дурдав. Ташрамд дурдахад, дээрх олон улсын байгууллагын судлаачид 2020 онд хийсэн судалгаагаар манай орны төвийн болон зүүн бүсэд 1 991 300 цагаан зээр тархан нутаглаж буйг тогтоосон бөгөөд үүнээс хойш тоо толгойг нь нарийвчлан гаргаагүй ч 2023-2024 оны өвөл, хаврын зуд, хээрийн түймэр, зам, дэд бүтцийн ажлуудаас болж цөөнгүй бодгаль хорогдож, өмнөд хөрш рүү дайжсан гэж таамаглаж байна.