Улаанбаатарын гэр хороололд амьдардаг иргэдийн олонх нь нийслэлийн хойд хэсэгт оршин суудгийг харгалзан, хотын удирдлагууд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрөв дэх салбарыг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Зургаан буудал орчимд байгуулахаар шийдвэрлэжээ.
“Оргил-Зургаан буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Оргил” салбарыг өчигдөр нээснээр тэндхийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.
Тус салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа, үйлчилгээ гэхчилэн нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээ авах бөгөөд өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай аж.
Нээлтийн өдрөө тус салбарынхан төрсний, гэрлэлтийн болон газрын гэрчилгээ зэрэг бичиг баримт иргэдэд олгосон юм. Хотын дарга С.Батболд “Тус салбарыг байгуулснаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 35 мянган өрхийн 140 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг ойртууллаа. Цаашид төрийн зарим үйлчилгээг иргэд хорооноосоо, зарим тохиолдолд гэрээсээ цахимаар авах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.