Дунд сургуулиа дөнгөж төгсөөд, ажил, амьдралын их аянд гарах “тийз”-ээ өвөртлөхөөр аймгийн төвийг зорьж явсан гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдав. Нахиалж амжилгүй нартаас зуурдаар буцсан цэл залуухан гурван амины төлөөсийг хэнээс нэхэх вэ. Цаана нь дахиад хоёр амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Гэтэл яагаад хэн ч хариуцлагын тухай ярихгүй байгаа юм бэ.
Арга хэмжээ авахаа хүрвэл “Улсын шалгалтын тест задарсан” гэдэг шалтгаанаар сайдыг нь хүртэл огцруулчихдаг юм билээ. Хариуцлага тооцдог эзэн холбогдогч гэж байдаг бол одоо л ёстой тооцмоор юм биш үү. Хүн төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил ховор учрал тохиол хэмээн хэлэлцдэг атлаа монгол хүний амь яагаад улам бүр үнэгүйдсээр байна вэ.
Замын-Үүдээс Сайншанд орж, Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр оройхон хэрд аав, ээждээ үнсүүлээд гарсан таван хүүхдийн гурав нь автын ослоор газар дээрээ нас барж, хоёр нь эмнэлэгт тааруухан байгаа. Үүний төлөө осол гаргасан жолоочийг одоо мянга харааж зүхээд нэмэргүй.
Учир нь тэр өөрөө ч нас барсан. Олон таван юм бодолгүй үр хүүхдээ замын унаанд суулгаад явуулсан эцэг, эхчүүдийг ч шууд буруутгах аргагүй. Уй гашуу тохиолдсон дээр нь нэмж тавлах муухай. Ерөөс буруутныг энэ мэтхэнээс хайвал асуудалд хэтэрхий өнгөц хандаж, өөрсдийгөө хуурсан хэрэг болно.
... Нэг хүн нас барахад бөөн уй гашуу, 1000 хүн нас барвал зүгээр л статистик” гэж өнгөрсөн зууны суут хүмүүсийн нэг, Английн Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Нобелийн шагналт У.Черчилль хэлсэн удаатай. Өдгөө монголчууд яг л ийм байдалд байна ...
Автын ослоор Монголд тэртээ тэргүй маш олон хүн, тэр дундаа хүүхдүүд харамсалтайгаар амиа алдсаар байна. Зөвхөн 2016 онд гэхэд 4800 гаруй хүүхэд автын осолд орж, бэртэж гэмтсэн бол 84 нь зуурдаар хорвоог орхижээ. Хэдэн жилийн өмнө Ховдод мөн л ЭЕШ өгөх гээд сумаасаа аймаг руу явж байсан хоёр хүүхэд автын ослоор амиа алдсан. Гэтэл яагаад бид урьд урьдын гашуун сургамжаас хашрахгүй, ирээдүй хойчдоо дэндүү хайхрамжгүй хандсаар байдаг юм бэ.
Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр зэхсэний 27 нь нийслэлд, үлдсэн 22 нь аймгуудад бий гэнэ. Замын-Үүд шиг томоохон суурин газарт шалгалтын байр нэмж гаргах гэхээр улсын төсөв хотойхоор сүйдтэй их зардал гарна гэж үү. Хэрэв улсаас Замын-Үүдэд ЭЕШ авах ганц байр гаргаад өгсөн сөн бол (Тус суманд зөвхөн энэ жил гэхэд л арванхоёрдугаар анги төгссөн 200 гаруй хүүхэд байгаа юм билээ)... Хэрэв тэндхийн сургуулийн удирдлагууд бүх хүүхдээ нэгдсэн журмаар автобусаар аймаг руу авч явсан сан бол (Сурагчдыг хоёр багш харгалзан, автобусаар авч явсан гэж байгаа ч бүгдийг нь хамруулаагүйг саяын осол бэлхнээ батална)... Хэрэв манай нийгмийн үйлчилгээ иргэд рүүгээ чиглэдэг сэн бол өнөөдөр бид ингээд дэмий статистик яриад сууж байхгүй байлаа.
“Нэг хүн нас барахад бөөн уй гашуу, 1000 хүн нас барвал зүгээр л статистик” гэж өнгөрсөн зууны суут хүмүүсийн нэг, Английн Ерөнхий сайдаар ажиллаж байсан, Нобелийн шагналт У.Черчилль хэлсэн удаатай. Өдгөө монголчууд яг л ийм байдалд байна. Бид элдэв чамин тансаглал, эрх чөлөө гэж хэтэрхий том ярьдаг ч үнэндээ манайд хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг боддог нийгэм л хамгийн их үгүйлэгдэж байна бус уу.
Дорноговьд уржигдар ийм аймшигтай осол гарахтай зэрэгцээд, Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дахь хайрганы үйлдвэрийн тогтоол усанд нэг гэрийн хоёр хүүхэд осолдож нас баржээ. Хайрганы үйлдвэрүүд олборлолт хийсэн газраа нөхөн сэргээх нь байтугай элс шороогоор ч тэгшитгэдэггүй, ямар нэг хамгаалалт, хашаа барилгүй орхидгоос хүн, мал тогтоол усанд осолдох явдал түгээмэл байгааг албаны эх сурвалж хэлнэ лээ.
Өнгөрсөн жил “Баянмонгол” хорооллын орчимд мөн л ийм осол гарч, 5-7 насны ах, дүү хоёр амиа алдан, аав, ээжийнхээ “голыг гогдож” байв. Гэвч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Энэ удаагийнх ч тэгсхийгээд хөөрхий хүүхдүүдийн хохь болоод өнгөрөх биз. “Хэргийг тэр дүүргийн цагдаагийн төддүгээр хэлтэст шалгаж байгаа” гэдэг жижүүрийн хариултыг хэн нэгэн цааш нь лавшруулан, юу болсон талаар эцсийг нь хүртэл ухаж төнхдөггүй, хэн нэгэн албан тушаалтантай, төр, засагтай хариуцлага ярьдаггүй, нэхдэггүй учраас хэдхэн хоногийн дараа л мартагддаг.
Уг нь бид гуравхан саяулаа. Газар нутагтаа багтаж ядсан, язганасан хүн амынхаа тоог яаж тогтмол барих вэ гэж толгойгоо гашилгадаг улс орнуудын дэргэд монголчууд хэтэрхий цөөхүүлээ. Тийм учраас монгол хүн бүрийн амь үнэ цэнэтэй байх ёстой. Гэтэл автын ослоор жилд 350 гаруй хүн амиа алддаг гэсэн харамсалтай тоон дээр өвөл осгож, зун голын усанд унаж нас бардаг хүмүүсийг нэмэхээр бараг 200-гаар нэмэгдэнэ.
Учир нь манайд жил бүр 100 орчим хүн гол усны аюулаар амиа алддаг бол өвлийн хүйтэнд ч, нийслэл, орон нутагт төдий тооны хүн осгодог, золгүйгээр, үйлдвэрийн ослоор, зэрлэг балмад нэгний гарт амиа алдагсдыг нэмэх юм бол цөөхөн монголчуудад ахадсан тоо гарна. За тэгээд амиа хорлогсод, зүрх судасны өвчин болон хорт хавдраар нас барагсдыг нэмэхээр Монгол маань дайны халуун цэг шиг л хүн ардаа хиаруулдаг улс болж таарах нь.
Дайн дажингүй, байгалийн гамшигт үзэгдэлд тэр бүр нэрвэгдээд байдаггүй амар тайван, ийм сайхан эх газарт эрдэнэт хүмүүний биеийг олж төрчихөөд монголчууд жам ёсоороо наслахгүй, золбин нохойноос ч дээрдэхгүй үхлээр хорвоог орхиход хүргэж буй хүчин зүйл юу вэ гэдгийг бодох цаг болжээ. Үүнээс оройтвол цаашдаа юу ч болж мэдэхээр байна.
Японы алслагдмал нэгэн жижигхэн тосгоны ганц хүүхдийг сургуульд нь зөөхийн тулд өдөр бүр тийшээ автобус очдог тухай, Солонгост арванхоёрдугаар ангид сурдаг монгол хүүг Өдөр өнжүүлэхийн багш нь өглөө, оройгүй өөрийн биеэр ирж авч, буцааж хүргэдэг талаар, еврей нэг хүүхдийг боловсролтой болгохын тулд арван еврей хүн анхаарал тавьдаг гэж сонсоод бид “Хувьтай төрсөн тусгай хүмүүс юм даа” гэх ухааны л юм боддог. Тийм нийгмийг цогцлоохын тулд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл байсан нь мэдээж.
Гэтэл манайхан хүний төлөө, миний, таны, бидний үр хүүхдийн төлөө алхам тутамдаа анхаардаг хүмүүнлэг нийгмийг цогцлоохыг эрх мэдэлтнүүдээс шаарддаггүй. Өөрсдөө ч хичээдэггүй. Үр дагавар нь монгол хүний амийг гудамжны золбин нохойтой адил дорд үзэх хүйтэн цэвдэг, хүнийрхүү сэтгэлийг давраан өөгшүүлж байна. Хэрэгтэй, хэрэггүй зүйлд хэл амаа билүүдэх дуртай засардаггүй заргач нөхөд хүртэл хамгийн чухал цагт бүлх залгисан мэт дуугүй суудаг. Үүнийг монгол хүний аминчхан зантай холбон тайлбарламаар ч юм уу.