ЖАРГАЛТАЙ АРД ТҮМЭН ХААНАА ТАНЬДАГГҮЙ
Арваадхан настай жаалхүү “Төрийн ордонд байдаг улстөрчид улсын мөнгө иддэг” хэмээн хэвлүүхэн, цаанаа л итгэл үнэмшилтэйгээр ярьсныг хэвлэл, мэдээллүүд шүүрч аван дамжуулж, үзсэн хүмүүс нь өхөөрдөж, хөөргөдөн тарааж байхад эмзэглэх сэтгэл төрж билээ. Улстөрчдийг мөнгө иддэг гэсэнд бус, хүүхдүүд өдий жаахнаасаа улс төр сонирхож, ойлгоод, ийм бодолтой өсөж байгаад, Монгол Улсын ирээдүйн эзэд төрийн түшээдээ ийм нүдээр харж буйд эмзэглэсэн хэрэг.
Улс орон ядуу байх тусам иргэдийнх нь улс төрийн идэвх өндөр байдгийг судлаачид аль эрт тогтоочихсон. Саяхан Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Зүүн Европ, Төв Азийн 29 оронд судалгаа хийхэд хамгийн их улстөрждөг гэсэн үзүүлэлтийн хоёрдугаарт Монгол Улс жагссан байна билээ.
Манай улсын иргэдийн 17 хувь нь улс төрийн аль нэг хүчний гишүүн бөгөөд энэ нь Европын холбооны дундаж үзүүлэлтээс 2.4 дахин их тоо юм. Хамгийн их улстөрждөг улсын жагсаалтыг бие даан хөгжинө гэж дэлхий дахинаас өөрийгөө тусгаарлаад, хөгжиж шальсан юмгүй олон жилийг үдэж буй Албани тэргүүлсэн бол, хөгжлөөр гавихгүй Тажикстан гуравдугаарт оржээ.
Улс төрийн намын харьяалалд байх нь ажлын байр, орлого, амьдралын баталгаа зэрэгт нөлөөлдөг учраас дээрх улсын иргэд ийнхүү улс төр сонирхож, идэвхтэй оролцдог гэж судалгааны багийнхан дүгнэлтдээ дурдсан байна. Эдийн засгийн байдал, иргэдийн амьдрал дорой улсын иргэд их улстөрждөг гэсэн дүгнэлтийг Албани, Монгол, Тажикстаны иргэдийн улс төрийн идэвх дахин баталсан хэрэг.
УЛСТӨРЖСӨНӨӨР БИД ЮУ ХОЖИВ, ЮУГАА АЛДАВ
Найман настай балчираас наян настай буурал хүртэл нийтээрээ улстөржөөд бид юу хожив. Өндөгнөөс ч өө хайдаг, өөрөө гараа хөдөлгөхгүй хэрнээ хөдөлж байгаа хүнийг шүүмжлээд сууж байдаг, хардамхай, юмыг болох талаас нь харахаасаа түрүүлж бүтэхгүйг нь дууддаг, бүхний буруутнаар төрийг нэрлэн, юухныг ч улстөржүүлдэг нийтлэг дүр зураг манай нийгэмд бий. Энэ нь олон шалтгаантай.
Улстөрчдийн увайгүй үйлдэл, бүлэглэлүүдийн ханадаггүй шунал, ухаангүй ноён, урагшгүй албатууд үүнд буруутай нь мэдээж. Үүнээс гадна бас нэг томоохон шалтгаан бий. Тэр нь шилжилтийн он жилүүдэд улстөрчид намаар талцаж, өрсөлдөгчөө дайсан болгож харагдуулахаар улайрсан нь бидний сэтгэлгээнд сүүдэр болон тусаж үлджээ. Сэтгэлгээнд маань буусан энэ сүүдэр улам томорч, бидний бахархал, хүндэтгэл, итгэл, найдвар, өөр олон сайхан чанарыг бага багаар үгүй хийж байгааг анзаарч байгаа хүн харин цөөн байх шиг.
Хөл толгойгүй улстөржилтийн дүнд бид юунд итгэж, найдаж, хэнийг хайрлаж, хүндлэхээ мэдэхээ больсон, хийрхүү, харанхуй, хар масс болон үлдэж байгааг Төрийн тэргүүнээ сонгохоор гурав хуваагдсан энэ өдрүүд бүр ч илүү мэдрүүлж байна. Нам, улс төрийн амьдралд тодорхой үүрэггүй, ард түмний эв нэгдлийг сахин хамгаалдаг бэлгэ тэмдгийн шинжтэй ганц албан тушаалтнаа сонгох кампанит ажил өрнөсөн энэ өдрүүдэд нэр дэвшсэн гурван хүнийг шүүрэн шанага шиг болтол нь үгийн муугаар шүршлээ.
Гурван сая иргэнээс хамгийн муу, муухай, авах юмгүй гурвыг нь олоод дэвшүүлчихээ юү гэмээр, эсвэл төр түшилцэж яваа хүмүүс чинь ийм муу бүхний цуглуулга болсон улс байдаг юм уу гэж харагдтал нь гөвшив. Хятад цустай, луйварчин, дээрэмчин, худалч, хулгайч гэгдсэн гурвын алийг нь Төрийн тэргүүнээр сонгохоо шийдэхэд ч бэрх болгов. Энэ бол ойрын ганц л жишээ.
Үзэл бодол нь харьцангуй төлөвшсөн хүмүүст ингэж нөлөөлж буй улстөржилт, талцал ирээдүйн иргэдэд, хүүхдүүдийн маань сэтгэлгээнд ч сүүдрээ тусгаад эхэлснийг анзаарахгүй орхиж боломгүй болов.
Монголчууд төрт ёсны арвин уламжлалтай, төрөө дээдэлж, төрийн сүлдэндээ залбирдаг гэж бид сайрхдаг. Тэгвэл энэ уламжлал бидний үед тасарч мэдэхээр байна. Учир нь бидний энэ их улстөржилтийн үр дүнд шинэ зууныхан төрд итгэж, төрийн түшээдийг хүндэтгэх бус, тэднийг үзэн ядах сэтгэлгээ далд ухамсарт нь суун өсөж байгаа.
Үүнийг илтгэх бэлээхэн жишээ нь бичлэгийн эхэнд дурдсан жаалын яриа. Түүний насны ямар ч хүүхэд иймэрхүү л юм хэлнэ гэдэгт өсвөр насны хүүхэдтэй ээжийн хувьд итгэлтэй байна. Тиймдээ ч хэний ч тоохгүй байгаа энэ хандлагад сэтгэл эмзэглэсэн хэрэг.
Монголчууд хүний ёс жудгийг эрхэмлэж, үүгээр хүнийг үнэлж дүгнэдэг. Улстөржилт хүнийг улам л жудаггүй болгож байна. Ээж, охин, эхнэр, нөхрүүд намаас болж муудалцсан тухай сонсож л байв. Нутгийн ах дүүс улс төрийн итгэл үнэмшлээсээ үүдэн тангараг тасарч, сум, аймгаараа хоёр, гурав хуваагдахыг ч үзлээ. Нийгмийн сүлжээний тухай бол ярилтгүй.
Эх адаггүй энэ их улстөржилт өнөөдрөөс илүү маргаашд муугаар нөлөөлөх вий. Нэгнээ муулсан, харлуулсан их мэдээлэл үзэл бодол нь төлөвшиж амжаагүй хүүхдүүдэд хүртэл нөлөөлж, тэдэнд Монголын төр арчаагүй, улстөрчид бол худалч, хулгайч гэсэн гэсэн ойлголт суулгаж буй нь хожим ямар үр дүнд хүргэх бол. Төрийн дархлааг жинхэнээсээ үгүй хийх зүйл нь энэ юм биш байгаа.
Улстөржсөнөөр бид юу ч хожоогүй. Харин хөгжиж дэвших, сайжирч урагшлах олон боломжоо алдсан. Энэ тухай хангалттай ярьж бичсэн. Харин иргэдийн сэтгэл зүй, хүүхэд залуусын үзэл бодолд ийн нөлөөлж, төрд, төрийн түшээдэд итгэх итгэлийг үгүй хийж буйг төдий л анзаарахгүй байх шиг.