Бэлтгэсэн: Л.Ганчимэг, Г.Ариунцацрал, Ч.Болортуяа, З.Амгалан
Хаа сайгүй бороо хүсэж, тэнгэр царайчилсан хүмүүс. Хотын хуурай, бүгчим халуун агаар бие нозооруулна. “Битүү жигнэгдэж” залхсан хүмүүс “Хурмаст тэнгэр минь хур хайрла”, “Ядаж байхад цаг уурынхан үүлээ буудаж бороо оруулахгүй юм байх даа” хэмээн шогшрох. Хөдөөгүүр ч ган гачигтай, жижиг голууд ширгэсний улмаас хүн, мал ундаасаж эхлэв. Зарим нутгийнхан үзээгүй юмаа үзэж, айл саахалтаараа нийлэн худаг гаргах ажилтай болоод байгаа сурагтай.
Түүнчлэн ашиглалгүй мартах шахсан хуучин худаг, ховоо сэлтээ хүртэл хүмүүс засаж буй гэхээр энэ жил Монгол орны дийлэнх нутгаар зуншлага тааруу байгааг илтгэнэ. Дээрээс нь газар тариалангийн томоохон бүс нутаг Төв аймагт зуншлага хамгийн тааруу байгаа гэдэг мэдээ сэтгэл түгшээнэ.
Цаг агаараас бүрэн хараат газар тариалантай манай орны хувьд нийт нутгийн 70 гаруй хувь нь гандахад ойрхон, арав гаруй хувьд нь газрын гарц тун муу байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрынхны өгсөн мэдээлэл түгшүүрийн дохио болов. Энэ тохиолдолд “Нар буцсаны дараа ч уг нь бороо ордог доо” гээд хуучны сайхан цаг, монгол хүний уужуу сэтгэл хоёрт найдаад суух аргагүй.
Орчин цагт ийм нөхцөлд гол найдвар нь үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулах. Гэтэл манай улс өнгөрсөн жил төсвийн хөрөнгөөр авч нөөцөлсөн, үүл задалж бороо оруулах зориулалттай 1000 пуужингаа хэдийнэ харваад дуусаж буй гэнэ. Тавдугаар сарын 1-нээс хойш орон даяарх 39 экспедицээр дамжуулан 1000-аад пуужин харвасан байтал олигтой хур ороогүй гэхээр манайхан тэнгэр рүү хий буудчихав уу, эсвэл байгаа оноогүйн аль нь болохыг таашгүй.
Мэргэжлийн хүмүүс харин үүнийг хуурайшилт, халалттай холбон тайлбарлаж байгаа. Ямартай ч аюулгүйн нөөц рүүгээ хүртэл орсон бөгөөд пуужин нэмж авахгүй, цаг агаар энэ хэвээрээ халбал долдугаар сард байдал улам хэцүүднэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Пунцагдорж учирласан. Өөрөөр хэлбэл, 2015 оны ган гачгаар манай улс нийт ургацынхаа 50 хувийг алдсан шиг хохирол амсаж ч мэдэх нь.
Биднийг алгуурласаар байтал зуны гурван сар дундаасаа хэтэрчихлээ. Хэдийгээр зургадугаар сарын сүүлчийн арав хоногт хур бороо орно гэж байгаа ч тэр нь дуу цахилгаантай, түр зуурын ширүүн аадар байх магадлалтай тул ангасан хөрсийг ундаалах шим болохгүй биз. Долдугаар сард олон жилийн дунджийн орчим хур тунадас орох боловч хэт халалт үргэлжлэх төлөвтэй нь асуудал хүндрэхийг илтгэнэ.
Гэтэл өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг батлах үеэр дахиад 1000 пуужин нэмж авах хөрөнгө тусгуулсан ч өнөөг хүртэл тэр нь ажил хэрэг болсонгүй. Хамгийн том тээг саад болох хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг нь шийдсэн байтал яагаад одоо хүртэл ганц ч пуужин аваагүй байгаа юм бол. Ерөнхийлөгчийн сонгууль гэж ухаан сөхөөгүй улстөржөөд, төр, засгийн удирдлагууд, яам, тамгын газрынхан хөөцөлдөх завгүй байгаа юм биш биз.
Хэрэв тийм байгаад ургацаа алдан, хүнсний гол хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрвэл хангай дэлхийд бус, өөрсдөдөө гомдохоос өөр яалтай билээ. Тэр тусмаа өөрсдөөсөө шалтгаалах ажлаа хийгээгүй байж, байгаль дэлхийг буруутгавал утгагүй.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг дагаад цаашдаа цаг агаар улам л барьцгүй болох учраас манай улс ч хөдөө аж ахуй, газар тариалангийн бодлогодоо өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг. Тухайлбал, газар тариалангаа тэнгэрийн араншингаас хэт хараат байлгахгүйн тулд Монголын хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай үрийн сортуудыг түлхүү тариалах, усалгаатай талбайгаа нэмэгдүүлэх нь зүйтэй биз ээ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Малчин, тариаланчид хандив цуглуулж үүл буудуулахаар ярилцаж байна
Төв аймгийн Баянчандмань суманд тариалалт, зуншлага ямар байгааг сурвалжиллаа. Уулын шар ус урссан хэдэн судаг, жалганд ногоон сор харагдана. Бусад хэсэгт нь малын хамар хатгах ч өвс алга. Өдийд мал ногоонд цадаж, өнгө зүс орсон байдаг сан. Гэтэл хавирганых нь яс арьсаа цоолох нь үү дээ гэмээр хэрзийсэн үхэр, хонь авто зам дагуух армаг тармаг өвсийг зулгаан зогсоно. Харин малчид Шарын ам, Бор хужир хэмээх газрыг бараадан буужээ. Эл газруудад намаг, горхи байдаг учраас хаяа багтах хэмжээгээрээ айлссан нь тэр.
Өнтэй өвөл буцаж, налгар хавар айлчилсан учир өнөө зун хур элбэг, мал нь тарга тэвээрэг сайн авч, арвин ургац хураана гэж тус сумынхан найдаж байжээ. Гэвч тэгсэнгүй. Бороо хааяа ганц, хоёр дусалж, ихэнхдээ халуун салхи шороо хийсгэсний улмаас хөрснөөс цухуйсан ногоо хатаж эхэлжээ. “Борнуур сумаас цааш зуншлага сайхан байгаа. Манай энд хэрэг алга. Үхэр, хонь тураалд орлоо. Ойд чийгтэй байгаа учраас адуу орчихоод гарч ирэхээ больсон. Бид өвлийг яаж давна даа гэж шогширч сууна” хэмээн малчид ярив. Мал нь туранхай тул идэшний хонио ойролцоох сумдын айлуудаас ишигтэй ямаагаар сольж авч байгаа гэнэ.
Тус сум хүнсний ногооны 3700 гаруй га талбайтай. Амрааж буй талбайг хасвал эл сумынхан жилд ойролцоогоор 2500 орчим га-д лууван, манжин, төмс тарьдаг. Гэвч тариаланчид ирэх намар ургац авч чадах, эсэх нь эргэлзээтэй болжээ. Олон жил ногоо тарьсан иргэд нь “Өдийд хүнсний ногоо соёолсон байх учиртай. Гэтэл хургүйн дээр өдөр бүр шороо шуурч байгаа болохоор талбай хатчихлаа. Том газруудынх шиг усалгааны систем бидэнд байхгүй.
Лууван, төмс, манжин арчилгаа их шаарддаггүй ч бороо орохгүй бол бидний хөдөлмөр талаар болох нь. Энэ сарын 17-нд бороотой гэсэн мэдээ байна, ороосой л билээ” хэмээн халаглав. Тус сум 40 гаруй мянган малтай. Улсын баяр наадмаас өмнө бороо орохгүй бол есдүгээр сарын сүүлчээр нөөцийн өвсөөрөө тэжээхээс өөр аргагүй гэнэ.
Цээл, Заамар зэрэг сум руу хадланд гарч болох ч өвсөө боох техникгүй гээд бэрхшээл мундахгүй бололтой. Тиймээс сумын удирдлагууд малын тэжээл тариулж буй. Хэрэв тэр нь ургавал малаа нэг сар шахам тэжээчих тооцоо хийж буй ажээ. Гэвч гангийн хажуугаар үлийн цагаан оготно баянчандманийнхныг сандаргаад эхэлжээ. Тариан талбайгаас эхлээд хаа сайгүй гүйлдэх үлийн оготно малынх нь бэлчээрийг сүйтгэж байгаа талаар сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ярив.
“Хурмастаас хур гуйхаас өөр хийж чадах зүйл бидэнд алга” хэмээн цөхрөнгөө барсан тус сумынхан аймгийнхаа удирдлагаас үүлэнд нөлөөлж, бороо оруулж өгөхийг хүссэн гэнэ. Үүнд нь таван сая төгрөг шаардлагатай учир малчид, тариаланчид хандив цуглуулахаар зэхэж байгаа ажээ.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
Ч.ПУНЦАГДОРЖ: Пуужингийн нөөц наадмаас өмнө дуусах магадлалтай
Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Пунцагдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Энэ жил хаагуур хамгийн их хуурайшилттай байна вэ?
-Өнгөрсөн зун хур бороо элбэг, зуншлага сайн байсан. Мөн хур тунадас их орж, өнтэй өвөл болсон. Гэвч аливаа зүйлийн үр дагавар сүүлд нь илэрдгийн жишгээр цас эрт хайлж, хуурайшилт эрт эхэлсэн. Үүнээс болж энэ хавар маш олон түймэр гарлаа. Зарим өдөрт 50 гаруй гал гарсан тохиолдол ч бий. Хуурайшилтын зэргийг тогтоож үзэхэд, ихэнх хугацаанд III, IV-т хүрсэн. Ялангуяа нутгийн хойд хэсэгт хуурайшилт ихтэй байна. Ноднингийн өнжүүл өвс түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж буй.
-Цаг агаарт зориудаар нөлөөлж, үүл буудахад энэ жил хэчнээн пуужин нөөцөлсөн бэ?
-Уг ажил 1000 пуужингийн нөөцтэй эхэлсэн. Хавар нойтон цас оруулахад нэг их нөлөөлж чадаагүй. Харин тавдугаар сарын 1-нээс орон даяар үүл буудах ажлыг албан ёсоор хийж байна. Тариалалтад зориулж, бороо оруулах шаардлагатай учраас үүлийг эрт буудах болсон. Заримдаа буудсан пуужин байгаа онохгүй байх ч юм уу, бороо орохгүй тохиолдол бий. Улсын хэмжээнд 39 экспедиц, 40 шатаагч зуух ажиллаж байна. Энэ жилийн пуужингийн нөөц наадмаас өмнө дуусах магадлалтай. Гэвч Засгийн газарт хандан, нөөцөө дахин хангахаар шийдвэрлүүлсэн. Санхүүжилт нь хараахан ороогүй байна.
-Үүл буудах захиалгыг хэн өгдөг юм бэ?
-Манайх төрийн байгууллага. Төрийн ямар хууль, журам байна, түүний дагуу ажилладаг. Аймаг, сумын ЗДТГ-аас “Манай нутагт гантай байна. Бороо оруулж өгөөч” хэмээн аймгийнхаа Цаг уурын байгууллагад ханддаг. Үүний дагуу цаг уурынхан нь ус, чийгийн хэмжилт хийсний үндсэн дээр үүл буудах, үгүйг шийддэг. Гэвч байгалийг хүссэнээрээ удирдах боломжгүй. Үүл болгоноос хур буудаггүй. Агаар мандалд 50 гаруй үүл байлаа гэхэд гурваас нь л бороо орох магадлалтай байдаг. Үүнийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
БАЙР СУУРЬ
Өнөө зун хур бороо багатай, хуурайшилт ихтэй байна. Үүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжилтнүүдээс асуулаа.
НОГОО СОЁОЛМОГЦ, ТЭЖЭЭЛ ӨГЧ ЭХЭЛСЭН
Ш.ОРГИЛ (Сэлэнгэ аймгийн Засаг дарга):
-Манай аймаг хуурайшилт ихтэй байна. Гэхдээ бусад аймагтай харьцуулахад зуншлага харьцангуй сайхан эхэлж, бороо орсон.
Газар тариалангийн бүс нутаг гэдэг утгаараа хуурайшилттай чадлаараа тэмцэж, үүлэнд зориудаар нөлөөлөн, бороо оруулж байна. Ногоо дөнгөж соёолж байгаа үед тэжээл өгөх чухал учраас онцгой анхаарсан.
ХАДЛАНГАА ОДООНООС БЭЛДЭЭРЭЙ
С.ЖИГЖИДСҮРЭН (Бэлчээр, мал аж ахуй судлаач):
-Хуурайшилтын урьдчилсан төлөвийг харж амжаагүй л явна. Гэхдээ гандалтын шинж тэмдгүүд Улаанбаатар хот болон зарим аймагт ажиглагдаж байна. Тухайлбал, Шарга морьтод ойн цоорхой шав шар болчихсон байна лээ. Мөн арваад хоногийн өмнө говийн аймгуудаар явахад цагаан тал угтсан. Архангай аймагт бүр хатуу, хуурай өвстэй байна гэж дуулдсан.
Байгальтай тэмцэх арга гэж юу байх вэ. Бэлчээр судлаач хүний хувьд хэлэхэд гантай тэмцэхийн тулд хур бороотой, зуншлага сайтай газруудад оторт гарах л хэрэгтэй дээ. Дархан-Уул аймгаас цааш зуншлага харьцангуй гайгүй байна гэсэн. Ийм гантай үед хадлангийн нөөц хангалттай байж чадахгүй нь ойлгомжтой.
Тиймээс одооноос малд өгөх боломжтой ямар өвс, ургамал байна, тэжээл болох бүхнийг түүж, нөөцлөх шаардлагатай гэдгийг малчдад хэлье. Говийнхон таана, хөмүүлээ, хангайнхан харганы мөчир зэргээ нөөцлөөрэй.
ҮҮЛ БУУДАЖ, БОРОО ОРУУЛЖ БАЙГАА
Ж.БАТЖАРГАЛ (Төв аймгийн Засаг дарга):
-Үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулахаар пуужингуудаа байршуулсан. Манай аймагт газрын хоёр генератор, хоёр экспедиц ажиллаж байна. Одоогоор Зуунмод болон зүүн талын сумд нэлээд хуурайшилттай гэсэн мэдээ бий. Бусад суманд зориудаар үүлэнд нөлөөлснөөр 0.8-28 мм хур тунадас орсон. Байгаль дэлхийн уур амьсгалтай тэмцэх арга байхгүй. Тиймээс судалгаа сайн хийж, Цаг уур орчны шинжилгээний газартайгаа холбоотой ажилладаг. Энэ сарын 18-наас дахин үүл буудах төлөвлөгөөтэй байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН: Усалгаатай талбайн хэмжээг нэмэх шаардлагатай
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Зуншлага тааруу байна. Энэ зун олон жилийн дунджаас илүү хална гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ. Ургац, хүнсний ногоогоо алдахгүйн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Урьд жилүүдтэй жишихэд өнгөрсөн намрын нөөц чийг харьцангуй сайн байсан. Газар тариалангийн бүс нутгуудад цас их унаж, хөрсний гүний чийг тодорхой хэмжээнд хуримтлагдсан учраас тариаланчид маань тариа будаагаа технологийн хугацаандаа тарьсан. Одоогийн байдлаар үр тариа 98, улаанбуудай 99.2, төмс 86, хүнсний ногоо 72 хувийн тариалалттай байна.
Зургадугаар сар гарснаас хойш Сэлэнгэ, Төв, Булганы хойд хэсгээр хур тунадас бага хэмжээгээр орсон. Одоогоор ган боллоо, ургац алдах нь гэж хэлэх болоогүй. Соёололт жигд явагдаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр зургаа, долдугаар сард олон жилийн дундажтүвшний хэмжээнд хур тунадас орох ч, илүү хална.
Энэ сарын 16-19 хүртэл ихэнх нутгаар түр зуурын бороотой гэсэн мэдээлэл өгсөн. Хэрэв гангийн нөхцөл үүсвэл ОБЕГ, БОАЖЯ зэрэг байгууллагаас ажлын хэсэг гарч, орон нутгаар явж байдлыг тодруулдаг. Ийм хэмжээнд хүрээгүй байна.
-Тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах уу?
-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг манай яам хариуцдаггүй ч бид үүнд тодорхой хэмжээний хөрөнгө гаргасан. Газрын генераторын түлш, пуужин нэмж авахад санхүүгийн тусламж үзүүлнэ. Гэхдээ одоогоор нөөцтэй байгаа учраас энэ тал дээр асуудал үүсээгүй.
-Тэгэхээр ургацад аюул учраагүй гэж ойлгож болох уу?
-Одоогоор хэвийн ч Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хүндхэн байгаа. Өнгөрсөн жил эдгээр аймагт хөрсний нөөц чийг бага, хавар нь салхи шуурга, хуурайшилт ихтэй байсан учраас байдал сайнгүй. Улсын хэмжээнд ургацын соёололт ямархуу байгаа нь энэ сарын 20 гэхэд тодорхой болно. Соёололтын дүнг бид Засгийн газарт танилцуулна.
-Өмнөх гантай жилүүдэд ямар арга хэмжээ авч байсан бэ?
-2015 онд ган болсон. Хаврын тариалалт хийснээс хойш 55 хоног бороо ороогүй учраас ургацынхаа 50 хувийг алдсан. Ган болсны дараа арга хэмжээ авахаас илүү цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон үр тариалах нь чухал байна. Гантай үед ч тодорхой хэмжээнд ургац алдахгүй байх бодлого боловсруулах шаардлагатай боллоо.
Үүний тулд үр, сортоо шинэчлэх нь чухал. Хөрсний боловсруулалт буюу уриншийг сайн хийх шаардлагатай байна. Хөрс чийгээ хадгалбал бороотой золготол үр тариа алзахгүй. Төмс, хүнсний ногооныхоо 80-90 хувийг усалгаатай талбайд тариалж байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд усалгаатай талбайн хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай. Улсын хэмжээнд 400 гаруй мянган га-д тариалалт хийсний 50 орчим мянган га нь усалгаатай талбайд байна. Үүний 15 мянган га нь үр тарианых. Мөн ойн зурвас байгуулах нь чухал. Энэ нь хөрсний чийг хуримтлуулж, элэгдлээс хамгаалдаг.
Ган гачгийг даван туулахад урт хугацааны бодлого боловсруулах хэрэгтэй байна. Сүүлийн жилүүдэд ган ойр ойрхон тохиолдож, хэт халах боллоо. Тиймээс манай улсад дасан зохицсон шинэ сортууд тариалахыг хичээдэг. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан “Дархан” сорт нийт тариалалтын 20-30 хувийг эзэлж байгаа. Энэ нь хуурайшилттай, гандуу үед ургах тэсвэртэй сортын үр юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Агаарын температурын хэлбэлзэл ургацад нөлөөлөх нь
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаар тогтворгүй байгаа учир маргааш тэнгэр ямар байх талаар 100 хувийн нарийвчлалтай урьдчилсан мэдээлэл өгөх боломжгүй болсныг цагуурчид тэмдэглэжээ. Гэсэн ч мэргэжилтнүүдийн шинжсэнээр, энэ сард цаг агаарын байдал тогтворгүй, өглөө, оройдоо сэрүүхэн байх нь.
Мөн хүчтэй салхитай байна. Харин сарын хоёрдугаар арав хоногт халж, гуравдугаар арав хоногт агаарын температур бууж, борооших төлөвтэй. Сарын хорьдоос хойш зуны уур амьсгал бүрдэж, шөнө, өдрийн температур тогтворжих гэнэ.
Тэгвэл зуны хамгийн халуун үе болох долдугаар сард дэлхийн дулаарлын нөлөөгөөр дулааны улирал гэлтгүй агаарын халуун, хүйтний хэлбэлзэл ажиглагдана. Сарын эхээр хэт халахгүй, зун дөнгөж эхэлж байгаа юм шиг байх бол хоёрдугаар хагастаа нэлээд халах буюу зарим үед 35 градус хүрэхээр байна.
Харамсалтай нь, температурын хэлбэлзэл ургацад нөлөөлөхөөр буйг мэргэжилтнүүд анхааруулав. Ардын шинжээчдийн, тухайлбал, Украины төлөөлөгчийн мэдээлснээр, энэ он нарны жил учир бороогүй, хуурай, ургац муу гарах төлөвтэй гэнэ. Зуны сүүлч наймдугаар сард өдөр богиносож, хоёрдугаар хагасаас шөнөдөө хүйтрэх төлөв ажиглагджээ. Олон жилийн дунджаар энэ сар өмнөхөөс халуун байдаг бол энэ онд тэгтлээ халахгүй, өдрийн температур их хэлбэлзэхгүй, тогтвортой болох нь.
Гэхдээ халуун өдрүүдийн тоо хангалттай олон байх аж. Сарын эхний хагаст өдөртөө 20-25 байснаа сүүлчээр эрс сэрүүсэж, 17 градус болох гэнэ. Хур тунадасны хувьд Азийн төвийн бүс нутгаар зургадугаар сарын хоёрдугаар хагас, долдугаар сарын эхээр бороо орохоор байна. Долдугаар сарын сүүлчээр гандуу байх нь газар тариаланд маш таагүй байдал үүсгэх нь. Агаарын температурын хэлбэлзлийн улмаас түр зуурын хүчтэй салхи, шуурга босох магадлал энэ зун өндөр байх аж.