Нэгдүгээр үзэгдэл: СУМЛАСАН НЬ
Сайд суудал дээрээ нугжийгаад унтаад өглөө. Юу зүүдэлж байгаа бол гэж бодохоос гайхаш төрнө. Монголын баялагт шунасан харийн нөхрийг буудаж унагаад, гол төмрөөс нь савсах утааг үлээж буй эх орончийн дүрээр өөрийгөө төсөөлөн зүүдэлж байхаас зайлахгүй. Яг л кобойтой киноны гол дүрийн баатар эр шиг.
Харийн нөхөр нь Хятадын “Чалко” компани. Өмнөд хөршийн төрийн мэдлийн аварга компанид Oвооттолгойн ордоос хагас коксжих нүүрс олборлодог “Саусгоби сэндс”-ийн хувьцааны 58 хувийг арилжих тохиролцоог зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс Хятадын төрийн бодлого Монголын нүүрсний зах зээлийг удирдаж, үнийг нь унагана. Яаж зогсоох вэ.
Ерөөсөө л уул уурхайд хөрөнгө оруулах сонирхолтой харийн хүнд Монголын Засгийн газар зөвшөөрөл өгдөг хууль батлах хэрэгтэй. “Хөрөнгө оруулагч нөхөр” таалагдахгүй бол ямар нэгэн шалтаг хэлээд зөвшөөрөхгүй “бултах” замаа засах далд санаа нь энэ. Түүний зүүд ерөөсөө ийм.
Гадаад харилцааны яамны багашаархан танхимын хурлын ширээг тохойлдон, түүний хоёр талд суусан шадрууд нь “Хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль батлахгүй бол Хятадын төрийн өмчит компани юу ч хийж магадгүй. Нүүрсээ маш хямд үнээр худалдаад, Тавантолгойн ордыг маань хөлдөө чирнэ” гэх мэтээр унтахаасаа өмнө сайдын ярьсан зүйлсийг лавшруулан ухуулна.
2012 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Монгол даяар нэгэн дуулиан дэгдсэн нь Хятадын “Чалко” компани “Саусгоби сэндс”-ийн дийлэнх хувьцааг худалдаж аваад, монголчуудыг “шоглох” бодлого явуулна гэсэн айдас байв. УИХ-ын сонгууль хоёрхон сарын дараа болох учраас тэр үед өрсөлдөхөөр горилогч бүр эх оронч дүр үзүүлж байлаа.
Тэдний нэр хүндээ өсгөх хүслийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын анхлан гаргаж тавьсан санаачилга “сумлаж” орхих нь ойлгомжтой. Сайд дөрөвхөн хоногийн өмнө цөөн сэтгүүлч урьж, нүүрсний экспортоос 10 хувийн татвар авах хууль санаачилж буйгаа танилцуулсан юм. Сонгуулийн өмнө нэр хүндээ өсгөх гэсэн мэргэн санаачилгуудынхаа хөлд сайд аяншиж ядарсан бололтой.
Хоёрдугаар үзэгдэл: “БУУН ДУУ”
Уг хэрэг явдлаас хойш хоёр хоногийн дараа гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт МҮОНТ-д ярилцлага өгөв. Өдгөө тэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа билээ. С.Бямбацогт Г.Занданшатар сайдын “зүүд”-ийг итгэл үнэмшилтэйгээр дэлгэрүүлэн тайлбарлав.
Яаралтай “хазаарлах” хууль батлахгүй бол хоёр компанийн наймаагаа хийхээр товлосон хугацаа хэзээ мөдгүй туллаа гэж тэр халаглана. Удаагүй ээ, гурав хоногийн дараа буюу 2012 оны тавдугаар сарын 17-нд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ баталсан юм. Нэг компанийг намнах гэсэн бууны сум хөрөнгө оруулагчдыг нэлэнхүйд нь шүршээд хаячих нь тэр.
С.Бямбацогт тэргүүтэй сайн эрчүүд стратегийн салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоог хамруулахаар тооцов. Эдгээрт хөрөнгө оруулагч гадаадын нөхөр Засгийн газраас элдэв янзын зөвшөөрөл авах учиртай.
Стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааны гуравны нэгээс илүүг худалдаж авах, гүйцэтгэх удирдлагыг нь томилох, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний олонхыг сонгох, удирдлагын чиг үүргийг нь тодорхойлох, тэдгээрийн аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжүүлэх аливаа эрх олгох хэлцэл хийхдээ Засгийн газраас зөвшөөрөл авах заалтыг хуульд тусгасан.
Үүгээр зогсохгүй олон улсын болон Монголын уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлд монополь үүсгэж, үнэд шууд ба шууд бусаар нөлөөлж болзошгүй, үндэсний компанийн хувьцааны хэмжээ нь буурах үр дагавартай хэлцэл хийхдээ Засгийн газраас зөвшөөрөл авахыг хуулиар үүрэгдэв.
Компанийнхаа удирдлагыг томилох, гүйцэтгэх ажил үүргийг нь хуваарилахдаа хүртэл Засгийн газраас зөвшөөрөл авах “тэнэг” хуультай газарт хэн хөрөнгө оруулах вэ. Төрийн гарыг үргэлж харж, алхам тутамдаа зөвшөөрөл гуйн, дохио зангаагаар нь амьдарна гэсэн үг. Эрүүл ухаантай хөрөнгө оруулагч бүр Монголоос зугтах нь дамжиггүй. Монголчуудын туйлширдаг гажиг хөрөнгө оруулагчдын зүрхэнд “буу тавьсан” нь энэ.
Ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар зэхсэн гадаадынхан мэгдэн сандарч, шогшрон зугтацгаасан. “Буудуулсан хөрөнгө оруулагч 10 жил эргэж ирдэггүй” гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийн хэзээ ч билээ ярьсныг энд эшлэе.
Гуравдугаар үзэгдэл: ХОЖИМДСОН УХААРАЛ
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан “Шарын гол”, “Багануур”, “Бэрх уул” зэрэг уул уурхайн хэдэн компанид хөрөнгө оруулсан “Firebird management” сангийн үүсгэн байгуулагч Жеймс Пассин тухайн жилийн намар болсон “Discover Mongolia-2012” чуулга уулзалтад илтгэл тавихдаа “Монголчуудыг стратегийн салбараа харь гүрний төрийн бодлогоос хамгаалахыг би дэмжиж байна.
Гэхдээ хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхдээ хөрөнгө оруулагчдыг үргээсэн заалт олныг тусгасан. Энэ бол та нарт ч хохиролтой. Үүнийгээ засна гэж найдаж байна” хэмээсэн юм. Монголд 2006 оноос хойш хөрөнгө оруулж буй өндөр шар эр голыг нь олоод хэлчих нь тэр. Чуулганд үг хэлсэн хүн бүр л хөрөнгө оруулалтыг хязгаарласан хуулийг их, бага хэмжээгээр шүүмжилсэн.
“Хазаарласан” хууль баталсны дараах тархай бутархай шүүмжлэл “Discover Mongolia”-гаар зангидагдан, нэгэн цул болж, төр засгийн “чих”-ийг халууцуулав. Улстөрчид хэт туйлшран эх орноо хорлосноо хожуу ч гэсэн ойлгосон. Гэвч хөрөнгө оруулагчид аль хэдийнэ сэтгэл буруулчихсан байв.
Дөрөвдүгээр үзэгдэл: НАЙДЛАГАГҮЙ НАЙЗ
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр АН хамгийн олон суудал авлаа. Үнэмлэхүй олонх болж чадаагүй тул МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулсан. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулалтын бодлогыг зөв өнцгөөс харж, засаж залруулахаар ханцуй шамласан юм.
“Найзууд”-аа хөөж явуулснаас жил гаруйн дараа буюу 2013 оны аравдугаар сарын 3-нд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ баталсан Шинэ хууль хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаадын гэж ялгалгүйгээр адилхан дэмжих агуулгатай. Стратегийн салбарт хөрөнгө оруулагчдад ч элдэв хэтийдсэн шаардлага тавихаас татгалзаж, алдаагаа ч зассан удаатай. Хөрөнгө оруулагчийг дэмжих хуулийн амин сүнс нь хэрэв хүсвэл хөрөнгө оруулагч бүртэй гэрээ байгуулах заалтад нь байлаа.
Бараг л бүх хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээ байгуулах хууль баталсан хэрэг. Энэ нь тэдэнд тогтвортой байдал амласан, урваж шарвахгүйгээ илтгэсэн хөшүүрэг байв. “Бид алдаагаа ойлгосон. Одоо дахиад найзалъя” гэж төрийн түшмэлүүд хөрөнгө оруулалтын чуулган бүрт оролцохдоо зарласан байлаа.
Гэвч монголчууд “найдлагагүй найз” хэвээрээ. “Монголын төрийн бодлого тогтворгүй. Сонгуулийн үр дүнгээ дагаад дөрвөн жил тутамд өөрчлөгддөг. Мөнгөө шороонд булъя, шоронд сууя гэвэл тийшээ зүглэ”. Хөрөнгө оруулагчдын бидний чихэнд хадаасан энэ үнэлэмж өнөөдөр ч хувираагүй.
Тавдугаар үзэгдэл: АЙДСЫГ АРВИЖУУЛАХ БИДНИЙ АРАНШИН
Уул уурхайн сайд Ц.Дашдорж өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулганд оролцохдоо “Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг удахгүй байгуулна” гэж мэдэгдсэн. Гэтэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн түүний үгтэй давхцуулаад, “Тавантолгойн гэ гэрээг хийхгүй” гэж яриад эхэлсэн. Хэн нь мэддэг юм, бүү мэд.
Айдастай ч гэсэн Монгол руу хараа тавьж, итгэл нь үл ялиг сэргэж байсан хөрөнгө оруулагчид манай хоёрын үгийг сонсоод толгой нь хэрхэн эргэснийг таахад бэрх. Эргэлзээ нь лавширсан нь гарцаагүй. “Оюутолгой”, “Тавантолгой” бол монголчуудын хөрөнгө оруулагчидтай яаж хамтарч ажилладгийг харуулах жишиг төсөл. “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхдээ “Рио тинто”-той манайхан заамдалцсан. Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээрийн ширээний ард гурван удаа суугаад тохиролцоонд хүрээгүй.
Хэлэлцээрийг хөрөнгө оруулагчид биш, манай улстөрчдийн араншин л гацаасаар байгаа. Монголчууд нэг бодолтой, ам хэлтэй байж чадахгүй юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид хараад, ажиглаад сууж байгаа нь дамжиггүй. Бидний араншин ийм “хогийн” байхад хэчнээн сайн хөрөнгө оруулалтыг дэмжих хуультай байлаа ч тэд Монголыг зорих уу. Монголчууд гурван хоногийн дотор л хуулиа өөрчилчихнө. Тэд ингэж болгоомжилж байгаа.
Зургадугаар үзэгдэл: МОНГОЛЧУУД МӨНГӨНД ДУРГҮЙ
“Монголчууд мөнгөнд дургүй юм биш биз. Арай үгүй байх аа, харин эрх мэдэлд л дуртай. Эрх мэдлийн төлөө иргэдийнхээ амьдралд наалдах мөнгийг хөөгөөд явуулчихаж байх шиг” гэж Л.Насанхүү ярилаа. Дунд боловсролтой, тэр залуу төрийн араншинг ингэж мэдэрч байна. “Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс нэгээхэн ч үгүй” гэсэн хэллэг зах зээлийн нийгмийн афоризм гэлтэй.
Цаашилбал, номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүмүүс хөрөнгө оруулалт эдийн засгийг тэтгэх мөнгөний урсгалын нэг суваг гэж онолддог. Хэн нэгэн шар толгойтой нөхөр Монголд үйлдвэр барья гэж бодъё. Үйлдвэрт нь ажилтан хэрэгтэй. Түүхий эдээ худалдаж авна. Татвар төлнө. Гадаадын хөрөнгө оруулалт нь ажлын байр бий болгож, татвар төлөн, тухайн улсын эдийн засагт үр ашгаа өгдөг юм байна л даа. Хөрөнгө оруулалт хэрэгтэйг ийм энгийн жишээгээр тайлбарлаж болох юм.
Уншигч авхай танд хоёр байгууллагын, өөр өөр аргачлалаар тооцсон хөрөнгө оруулалтын мурийг танилцуулъя. (Инфографик харна уу) Хуучнаар Гадаадын хөрөнгө оруулалтын газар Монгол руу орж ирсэн хөрөнгө оруулалтыг л бүртгэдэг юм байна. Харин Төвбанк Монгол руу орсноос нь гарсныг хасаж, үлдсэн дүнгээр нь тооцдог аргачлалтай аж. Төвбанкны аргачлал олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэнэ.
Монголбанкны статистикаас харахад, 2016 онд гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларын хасах үзүүлэлттэй гарчээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн санхүүжилтийн мөнгө Монголын дансанд хэсэг байршаад буцаад гараад явчихсан хэрэг. Үүнийг үл хэрэгсээд, 2015 оны үзүүлэлтийг харъя. Тэр жил 82 сая ам.долларын гадаадын хөрөнгө Монголд оржээ.
“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт ид үргэлжилж, хөрөнгө оруулалт цутгаж байсан 2010-2012 оны үетэй харьцуулахаа больё. Тэгвэл эдийн засаг унасан 2009 онд 569 сая ам.долларын гадаадын хөрөнгө манайд орж байжээ. Өнгөрсөн жил 2015 оныхоос долоо дахин бага хөрөнгө орсон байгаа биз.
Гадаадын хөрөнгө оруулалт шалдаа бууснаас шалтгаалж, манай улс ам.долларын хомсдолд оров. Хомсдолоо “Чингис”, “Самурай”, “Дим сам” бондын хөрөнгө, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 12 тэрбум юаниар нөхсөн. Гэвч нөхөхөд хүрэлцээгүй. Өнгөрсөн жилүүдэд ам.долларын ханш байнга өсөж, 2500 төгрөгт “шүргэсэн” нь валютын хомсдолын тоон илэрхийлэл юм. Валютын хомсдол аажмаар эдийн засгийг хямрал руу “чангаасан”.
Хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан нь, Монголд бүтээн байгуулалт хийх сонирхлыг няцаасан нь өрөнд баригдах, эдийн засгаа унагах нэгэн суурь нөхцөл болсныг та ойлгосон болов уу. Улстөрчдийн бодлогогүй, тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрөлд автсан, туйлширсан шийдвэр эдийн засгийг тэжээдэг цөөн голын нэгийнх нь урсгалыг хаачихаар хямрахаас өөр яах билээ. Хөрөнгө оруулалтын эмгэнэлт жүжиг хэрхэн үргэлжлэх бол.