“Нутгийн зөвлөлөөс (Баян-Өлгий) хоёр ч удаа залгаж, “Танайд хэдэн сонгогч байдаг вэ. Сонгогчийн үнэмлэх олгох гэсэн юм. Нутгийн зөвлөлийнхөө дэмжиж байгаа хүнд саналаа өгөөрэй” гэнэ ээ. Бас болоогүй ээ, нөхрийнхөө овог, нэрийг хэл гэж байна” хэмээн нэгэн эмэгтэй фэйсбүүк хуудсандаа бухимдангуй бичжээ. Түүний бичсэнчлэн “Хэнийг сонгохоо өөрөө мэдье. Миний эрхэнд бүү халд” гээд би ч бас хэлчихье.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээс ч өмнө давлагаалсан нэр дэвшигчдийн пиарын үйл ажиллагаанд хар “өнгө” давамгайлж буйг үгүйсгэх хүн гарахгүй болов уу. Угтаа сонгуулийн сурталчилгаа гээч зүйл сонгодог утгаараа иргэдийг сонголт хийхэд туслах үйл явц байх ёстой атал өдгөө манай нөхцөлд хэдийнэ эл агуулгаа гээж, монголчуудын сонгох эрхэнд шууд болон шууд бусаар халдсан тактикийн арга хэмжээ болж хувирчээ. Сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан тухай гомдол нийгмийн сүлжээгээр “явж” байхтай таарч л байна.
Мөн төрийн байгууллагын нэр барьж, аль намын хэн гэдэг нэр дэвшигчийг дэмжихийг нь шалгаасан судалгаа сонгогчдыг нэг хэсэг бухимдуулсан. Төрийн зарим байгууллагынхныг нэр дэвшигчийн уулзалтад оролцуулахын тулд автобусаар зөөж байна. Бас болоогүй ээ, тэр салбарынхан, энэ байгууллагынхан түүнийг дэмжиж байна хэмээх аж. Сонгогчдыг овог, нэр, регистрийн дугаараар нь бүртгэж явна. Харамсалтай нь, уг бүртгэлийг төрийн, тэр тусмаа сонгуулийн байгууллага хийгээгүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд улс төрийн намуудаас зохион байгуулж байгааг иргэд андахгүй.
Миний, бидний, монголчуудын сонгох эрхэнд ийм маягаар халдаж, сонголтод нь нөлөөлөх гэсэн оролдлого санал хураалт хүртэл үргэлжлэх байх. Гэвч шөнө дүлээр удаа дараа утас цохиж, “Гэрт чинь яваад очъё, сонгуулийн талаар тухтай ярилцъя” хэмээн эрээ цээргүй дайрч, гэр бүлийн гишүүдийнх нь ч бүртгэлийг улайм цайм нэхэж байгааг юу гэж ойлгох вэ. Нэр дэвшигчдийн нэгийг нь дэмжих амлалт авч, албажуулах гээд байна уу.
Үгүй гэвэл өмнөөс минь өөр хүнээр санал өгүүлэх гээд байгаа юм уу. Төрийн сонгуулийг төрийн бус байгууллага, аль нэг аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулдаг болоо юу. Арай ч ингэж аашилж болохгүй ээ, нэр дэвшигчид ээ.
Үүгээр аль нэг намын хэн нэг нэр дэвшигчийн нэр хүндэд халдах гэсэнгүй. Сэтгэгдлийг нь онцолсон эмэгтэй рүү чухам ямар байгууллагын хэн гээч хүн ямар зорилгоор холбогдсоныг ч барин тавин нотолж чадахгүй. Юутай ч түүн рүү ... дугаараас нэг биш удаа залгасан нь үнэн. Тэр нь аль нэг нам, нэр дэвшигчтэй холбоотой нь гарцаагүй.
СОНГОГЧИД ОО, СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙЯ
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөний жагсаалтад “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ” хэмээн тодорхой заасан байдаг. Үнэндээ хүний эрхийн олон улсын гэрээнүүдэд заасан сонгох, сонгогдох эрхийн талаарх ихэнх зарчим, стандарт манай Үндсэн хууль төдийгүй бусад хууль, тогтоомжид тусгалаа олсон хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаагийн илрэл энэ.
Сонгуулийн санал хураахаас бусад бүх тохиолдолд ил тод байх зарчим үйлчлэх учиртай ч бодит байдал дээр олон үйл явц хаалттай, иргэний нийгмийн болон хөндлөнгийн байгууллагын хяналт, оролцоогүйгээр явж байна. Гэтэл эсрэгээрээ хэнд санал өгч, аль нэр дэвшигчийг дэмжсэнээ хэнээс ч, юунаас ч чандын чанд нууцлах эрхэнд нь халдаж, хамгийн ил тод байх ёстой зүйлсийг улам бүрхэгдүүлэн, тодорхойгүй хэвээр орхиж буй.
Тухайлбал, Нээлттэй нийгэм форумаас энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн үр дүнг танилцуулахдаа, улс төрийн намууд, нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилт ил тод бус байгааг онцолсон. Тэдэнд зардлын задаргаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд чухам хэдэн төгрөг зарцуулж буй нь нууц хэвээр гэдгийг тэд хэлж байсан юм.
Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр танилцуулдаг Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний талаарх 2016 оны тайланд сонгох, сонгогдох эрхийг огтхон ч хөндөөгүй байна. Энэ нь уг эрхийн хэрэгжилт давгүй сайн байгаа гэсэн үг үү. Уг нь Хүний эрхийн комисс дээрх эрхийн хэрэгжилт хангалтгүй байгаа гэж үзэн, олон удаагийн тайланд онцлон дурдаж ирсэн байдаг.
Гэхдээ сүүлчийн тайланд сонгох, сонгогдох эрхийг хөндөөгүй нь гадаадад байгаа иргэдээсээ санал авдаг болсон хийгээд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан брайль үсэг бүхий саналын хуудас хэвлэсэн зэрэгтэй холбоотой байж болох юм.
Сонгуулийг бүх нийтийн байлгаж, сонгох эрхээ эдлэхийн тулд сонгогчдын нэрийн жагсаалтад миний, таны нэр байх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны бүх хүнийг уг жагсаалтад бүртгэсэн байх нь сонгох эрхээ эдлэх, эдлүүлэхэд хамгийн чухал. “Сонгогчдын боловсрол” төвөөс гаргасан нэгэн судалгаанд дөрөв хүрэхгүй сарын зайтай зохион байгуулсан 2008 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг харьцуулахад тоо нь нэлээд зөрсөн талаар дурджээ.
Тэр нь нийт сонгогчийн 14-18 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй байсан аж. УИХ-ын 2016 оны болон орон нутгийн сонгууль болоод удаагүй байна. Тэгэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг өмнөхтэй нь харьцуулж, хяналт тавих боломж иргэд, төрийн бус байгууллагад бий. Энэ удаагийн сонгуулийн хувьд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс байршуулж эхэлсэн бөгөөд үүнийг сонгогчдод танилцуулах хуулийн хугацаа нэгэнт дууссан.
Өөрөөр хэлбэл, сонгогч та Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн нэрийн жагсаалтад бий, эсэхээ шалгаж, шаардлагатай бол гомдол гаргах эрхийг өнгөрөгч 11-ний өдөр дуусгасан. Магадгүй та гомдол гаргасан бол холбогдох байгууллага нь хянаж үзээд, өнөөдрийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах юм. Тэгэхээр та сонгох эрхээ эдлэхийн тулд өөрөөс шалтгаалах зүйлсийг хийж, идэвхтэй, хариуцлагатай байж чадаж уу. Санал хураалтаас өмнө таны сонголтыг тандаж, гарын үсэг, бүртгэлийн дугаараар тань баталгаажуулах гэсэн аливаа оролдлогод нухацтай хандаж, сонор сэрэмжээ дээшлүүлээрэй, сонгогчид оо.
Магадгүй таны бүртгэл дээр “ажиллаж”, өмнөөс тань өөр хүн “зорилтот” нэр дэвшигчийг дэмжиж, санал өгөх гэж байгаа ч юм бил үү. Нөгөө талаас энэ удаагийн сонгууль улс даяараа нэг “тойрог” болж, ганц хүнийг сонгох гэж буй учраас “нэг хүн-нэг санал” гэсэн алтан дүрэм зөрчилдөх магадлал байхыг үгүйсгэхгүй.