Дархан цаазат газар. Энэ үгийг сонсмогц хэн ч халдах эрхгүй, онгон дагшин байгаль санаанд буудаг. Халдаж, сүйтгэвэл хатуу ял, цааз хүлээж буйг сануулах хүндтэй, сүртэй нэршил. Толь бичигт “Төрийн зүгээс хуулиар дархлан хамгаалсан газрыг ийн нэрийднэ” гэжээ. Харин ямар газрыг дархалдаг болохыг “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг хадгалсан, шинжлэх ухааны онцгой ач холбогдол бүхий газрын унаган төрхийг хадгалах, оршин тогтнох чадамжийг нь нэмэгдүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авч, хориг цааз тогтооно” хэмээн тайлбарлажээ.
Одоогоор манай улс 12 газрыг ийм өргөмжлөлтэй болгоод буй. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 6.7 хувийг эзэлдэг. Дархалж, хамгаалах газар нутаг өөр өчнөөн бий, тэдгээрийг анхааралдаа авах шаардлагатай гэж улиг болтол ярьж, сануулсаар буй хүн ч олон. Гэтэл дархалж, хамгаалах хэмээх энэ ойлголт бэлгэдэл төдий болж, дархан цаазат газрууд эхнээсээ цаазын тавцанд хэдийнэ очжээ. Үүний хамгийн тод жишээ нь Богдхан уул.
ГАЗРЫН НАЙМААНЫ ҮҮР БОЛГОВ
Дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар хэмээдэг Богдхан уулыг 1778 онд дархалсан гэдэг. Хожим 1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн. Ингэснээр бид Богд уулаа байгалийн онцгой “өгөгдөл”-тэй гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, хүний сөрөг нөлөөнөөс хамгаалах, экологийн тэнцвэрт байдал, нөөц баялгийг нь хадгалан авч үлдэх хариуцлагатай үүрэг хүлээсэн юм.
Гэвч сүүлийн жилүүдэд Богд уулын ойр орчимд хууль бусаар газар олгох нь эрчээ авснаас тус хэсэг хүн амын төвлөрөл ихтэй, суурьшлын бүс болж хувирав. 2002-2012 онд Богд уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 662 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлал, зуслангийн зориулалтаар газар ашиглах эрх олгосон гэсэн баримт байна. Гэтэл сүүлийн таван жилийн дотор үүнээс хоёр дахин олон иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ.
Тодруулбал, өдгөө Богд уулыг тойроод 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж буй гэж БОАЖЯ-наас мэдээлэв. Хамгийн хачирхалтай нь, газар ашиглах зөвшөөрөл авсан иргэдийн 90-ээд хувь нь орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламж барин, тусгай хамгаалалттай бүсэд тухалжээ. Газар ашиглах зөвшөөрөлтэй байлаа ч тэд ингэж дураараа дургих эрхгүй юм. Учир нь, “Тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулна” гэсэн хуулийн заалт өдгөө ч хүчин төгөлдөр буй.
Гэвч энэ заалт дахь “Аялал жуулчлалын” гэдэг тодотгол тусгай хамгаалалттай бүсэд аж ахуйн нэгж, компаниуд “ноёрхол”-оо тогтоох боломж олгодог таатай нөхцөл болов. Тухайн компани авсан газраа зориулалтаар нь ашиглаж байна уу, үгүй юү гэдэгт холбогдох байгууллагынхан тэр бүр санаа тавьж, хянадаггүй нь тэдэнд ийн дураараа дургих боломж, нөхцөлийг бүрдүүлэн өгчээ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл Богд уулын оройд нэг л өдөр барилга сүндэрлэж мэдэхээр байна. Тэр үед бид “Нэгэнт барьсан барилгыг нураалтай биш” гээд тэдний толгойг нь илээд өнгөрөх үү. Эсвэл тэдэнд ийм эрх өгсөн эрх мэдэлтнүүдийг буруутгаад дуусах уу.
Богдхан уулын эргэн тойронд 70 гаруй байгууллагын зуслангийн 1200-гаад байшин, төрийн болон хувийн 2000 гаруй гэр, 17 аманд нь барилгын 40 гаруй томоохон объект байсныг “Байгальд онц сөрөг нөлөөтэй” гэсэн үндэслэлээр 1982-1990 онд дийлэнхийг нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай бүр 1960 оноос хөндөж, ярьж эхэлсэн аж. Бидний тэгтлээ муушааж ярьдаг социализмын үед ч дархан цаазат уулаа хамгаалах, аврах хөдөлгөөн өрнөж байж.
Гэтэл өдгөө байгаль орчны салбар хариуцсан үе үеийн сайд, мэргэжилтнүүд нь хүртэл барилгын компани, аж ахуйн нэгжүүдтэй үгсэн хуйвалдаж, хууль бусаар газар олгодог болсон нь энэ цагийн эмгэнэл. БОНХАЖЯ-ны (хуучнаар) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэг эрхэм Богд уулын бүсэд 227 иргэнд зуслангийн зориулалтаар газар олгосон хэрэг 2015 онд ил болж, шуугиан тарьсан.
Тэгвэл монгол түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэлгэддэг соёмбо бүхий ууланд барилга барихаар газар ухаж эхэлснээр сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд очсон “Аялжуул”, “Бам солоон” зэрэг компанийнханд ч БОНХАЖ (хуучнаар)-ын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг газар олгосон аж. Сайд, дарга нарын тарьсан балаг, зуучилсан компаниуд эхнээсээ Богд уулыг “залгихаар” ийн шунаж байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ НЭРИЙДЛЭЭР САМРАХ ВИЙ ДЭЭ
Богд уул орчимд үйл ажиллагаа явуулдаг, газар ашиглах тусгай зөвшөөрөлтэй компаниудын ихэнх нь аялал жуулчлал эрхлэх нэрийдлээр тэнд төвхнөсөн. Тэгвэл БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан эл бүсийг аялал жуулчлалын төв болгохоор сүүлийн үед тун идэвхтэй ажиллах болов. 500 автомашины зогсоол, ариун цэврийн 20 байгууламж бий болгох гэнэ.
Мөн иргэд хамгийн ихээр зорчдог аяллын замуудыг олон улсын олле стандартын дагуу тохижуулах аж. Барилгын компаниуд тал талаас нь ухаж сэндийчээд байхад хуруугаа ч хөдөлгөдөггүй тэд ямар учраас Богд ууланд ийн санаа тавих болов. Арай аялал жуулчлалаар түрээ барьж, бүрмөсөн “самрах” гэж байгаа юм биш биз.
Төрхурах-Цэцээ гүн, Манзушир-Цэцээ гүн, Зайсан-Баруун ширээт, Зайсан-Тэнгэр хад, Баянзүрхийн товчоо-Тэнгэр хад гэсэн таван чиглэлд долоо хоногт 10 мянга гаруй иргэн Богд ууланд алхдаг гэсэн статистикийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргажээ. Тэд энэ тоог өсгөх бодлого баримталж, олон ажил хийхээр төлөвлөөд буй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, хайкинг хийх сонирхолтой иргэдийг дэмжих нь зүйн хэрэг. Гэхдээ дэлхийд анхдагч дархан цаазат уулаа ингэж олны хөлд булах хэрэг юу билээ.
Хүний хөлд доройтож, сүйдсэн газар Монголд бишгүй бий. Адаглаад иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс болж Богд ууланд нутагладаг 54 зүйлийн хөхтөн, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүрмөсөн дайжих вий дээ. Хамгийн сүүлд гэхэд л хэдхэн хоногийн өмнө хайнга, хэнэггүй аялагчдын балгаар Соёмбот ууланд түймэр дэгдэж, багагүй газрыг хуйхалж орхилоо. Энэ үзэгдэл байнга давтагдахыг ч үгүйсгэхгүй.
Ууланд авиралтын спортоор 1965 оноос хойш хичээллэж буй тамирчин Г.Ичинхорлоо Богд уулын асуудлаар хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “Богд уул аялж зугаалдаг бус, архидан согтуурдаг, хэн дуртай нь ухаж, малтдаг газар болох нь. Тэндхийн аж ахуйн нэгжүүдийн замбараагүй үйл ажиллагааг цэгцлэх цаг болсон.
Тахилгатай, өнө эртний түүхт уулаа зүгээр хараад сууж байгаад сүйтгүүлэхгүй гэсэндээ ийн хэвлэлийнхэнд хандлаа” хэмээн ярьж байв. Жирийн иргэн хүртэл ийн бухимдаж, тэвдэж байхад төрийн бодлого тодорхойлдог дээдэс, түшээд юу бодож суугаа бол.
ОРЧНЫ БҮСТЭЙ БОЛГОЧИХВОЛ...
Аливаа газар нутгийг Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын ховор, нэн ховор амьтан, ургамал болон ус, сав газрыг хамгаалж, биологийн төрөл зүйлийг нь удаан хугацаанд оршин тогтнох таатай орчин бүрдүүлэхэд анхаарах учиртай. Энэ ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэхийн тулд дархан цаазат газруудад орчны бүс тогтоон, хамгаалдаг жишиг бий. Гэтэл хотжилт, хүн амын төвлөрлөөс үүдэлтэй дайралт, нөлөөнд хамгийн ихээр автаж буй Богд ууланд өдий хүртэл орчны бүс тогтоогоогүй гэхэд итгэхэд ч бэрх.
Хэрэв орчны бүстэй болгочихвол нөлөөллийн болон нөлөөллийн бус, онцгой хамгаалалтын бүсүүдийг тогтоож, хүний хөлөөс аврах боломжтой. Өөрөөр хэлбэл, зарим хэсэгт хөл хорио тогтооно. Сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байгаа ч төдийлөн шийдэлд хүрэхгүй байгаа энэ асуудлыг ажил хэрэг болгохоор холбогдох албаныхан ажиллаж буйг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбат ярилаа.
Тэрбээр “Орчны бүсийг тухайн аймаг, сум, дүүргийн ИТХ нь тогтоодог. Харин бид тухайн хамгаалалтын захиргаанд “Энд орчны бүс байгуулбал тохиромжтой” гэдэг саналыг судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьдаг юм. Богд уул нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутагт харьяалагддаг. Тэгэхээр дүүргийн Засаг дарга нар нь орчны бүс байгуулах тогтоол гаргаж байж, үүнийг шийдэх ёстой.
Бид тусгай хамгаалалттай бүх газар орчны бүстэй байх ёстой гэж үздэг учраас өмнө нь нэг бус удаа санал тавьсан ч нааштай шийд гаргаагүй. Одоо бид энэ асуудалд дорвитой анхаарч, шийдүүлэхээр ажиллана” хэмээн ярилаа. Цаазын тавцанд очоод буй Богд уултай холбоотой гэгээлэг мэдээ гэвэл энэ л байна. Харин тэд хэрэгжүүлж чаддаг болов уу.