Тархины мэс засал хийдэг робот
Бэлтгэсэн: Д.Заяабат, Н.Уламбаяр
Зуны сар гарсан хэдий ч хаврыг санагдуулам хуурай, явган шороо боссон тавдугаар сарын сүүлчийн өдөр бидний хэдэн сэтгүүлч хурмастаас хур царайчилсан Улаанбаатараасаа мордон урд хөршийг зорилоо. Бээжин ч ялгаа алга, хур бороогүй, бүгчим халуун биднийг угтав.
Манайхаас ялгаатай нь нов ногоон. Зүлэг, мод, цэцгээ чамин хээ угалз гарган засаж, орчинд нь тааруулан сайхан тайрч янзалсан нь их хотыг улам өнгөлөг харагдуулах аж. Бороогүй хэдий ч байнгын арчилгаа, усалгаатай ногоон байгууламж нь орчноо сэрүүцүүлж, агаар нь зөөлөн, далайн эргийн хот аятай бие чийгтүүлнэ.
БНХАУ-ын дарга Си Зинпинь манай оронд айлчлах үеэрээ Монголын 250 сэтгүүлчийг нутагтаа урьж, хэвлэл мэдээлийн 50 ажилтныг жил бүр хүлээн авч байхаар болсны гурав дахь нь бид. Жил бүр өөр өөр сэдвийн дагуу зорчуулдаг юм. Энэ жил “БНХАУ-ын инновацын хөгжилд анхаарлаа хандуулъя” нэрийн доор бид аяллаа.
Бэлэн техник, технологи, үйлдвэр оруулж ирэн бүхнийг хийдэг байсан энэ улс өнөөдөр сансрын хөлөг, ухаалаг автомашин, гар утас гээд бүгдийг өөрсдийн шинжлэх ухаан, инновацад тулгуурлан үйлдвэрлэж байна. Биднийг хүлээж авсан тус улсын Шинжлэх ухааны яамны Инновац хөгжүүлэлтийн хорооны дарга Занг Ши “Манай эрдэмтдийн дунд “Хятад шаазанд хятад будаа аягална” гэдэг нэг үг байдаг юм” хэмээсэн.
Энэ нь Хятадын шинжлэх ухаан, техник технологи, инновацын эцсийн зорилго бол гадаадын үнэтэй бараа бүтээгдэхүүнийг халж, чанараараа тэдэнтэй өрсөлдөх, хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн, хүнсээр ард түмнээ хангах гэсэн үг юм байна. Аргагүй л хятад ухаан. Тиймээс БНХАУ-ын Ардын их хурлаас “Нийгмийн хөгжлийн тэргүүлэгч чиглэл нь шинжлэх ухаан байх болно” гэж тунхаглажээ.
Манайхан шиг зүгээр нэг тунхаглаад орхисонгүй, тэд. Түүнийгээ ажил хэрэг болгож буйг нь алхам тутамдаа мэдэрч явлаа. Суурь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч улсаас хөрөнгө мөнгө ихээр төсөвлөж байгааг дээрх эрхэм танилцуулсан. Өнөөгийн байдлаар тус улс шинжлэх ухааны хөгжлөөрөө дэлхийд 15 дугаар байранд явж байгаагаа ихэд голж, ойрын жилүүдэд цээжинд гарч уралдахаар төлөвлөж буй юм билээ. Шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэхэд 410 тэрбум ам.доллар зарцуулж буй нь АНУ-ыг мөр даржээ. Мөдхөн гүйцэх биз.
Удахгүй бөөнөөр нь үйлдвэрлэх ухаалаг автомашин. Та суугаад унтаад явсан ч болно
Хөрш маань шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд ингэж л анхааарч байна. Тэгвэл манай шинжлэх ухаан, эрдэмтэд тэнгэрээс хур унахыг хүлээсэн үржил шим бүхий хөрс шигээ төр, засаг хэдэн төгрөг хялайлгах болов уу хэмээн тэднийг царайчлан суудаг. Манай эрдэмтэд хоосонгүй, эрдэм, чадвараараа дэлхийд гайхуулж яваа олон хүн бий. Харамсалтай нь, өөрсдийгөө Монголын сор гээд бодчихсон улстөрч гэгдэх хүмүүс ойшоодоггүйгээс шинжлэх ухааны салбар тушаатай морь лугаа адил тэрүүхэн тэндээ эргэлдэж байгаа нь хэн бүхэнд ил болсон зүйл билээ.
“ЗӨГИЙНИЙ ҮҮР”-ИЙН БОДЛОГЫГ УТГААР НЬ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
МАН-ынхныг засаг барьж байх жилүүдэд Засгийн газраас “Зөгийний үүр” хэмээх бодлого боловсруулан хэрэгжүүлж, эхний алхмуудыг хийснийг санах нэг нь санаж байгаа байх. Их зөв зүйтэй санаачилга, эхлэл байсан юмсан. Даанч эхлүүлээд хаядаг, төр, засгийн эрхийг авсан дараагийн хүмүүс нь бидний юм биш гээд орхидог монгол араншингийн улмаас замын дунд хаягдсан даа. Юу байсан бэ гэхээр харьд ажиллаж, амьдарч байгаа эрдэмтэн судлаач, их, дээд сургууль төгссөн иргэдээ эх орондоо ирж
бүтээн байгуулалтад оролцуулах зорилготой байсан юм. Уриа лоозон гаргаж, урилга заллага явуулж, уулзалт семинар хийсний дүнд эх орноо гээд цөөнгүй хүн ирснийг мэдэх юм. Харамсалтай нь, унхиагүй төр засаг, урагшгүй түшмэд, хөдөлдөггүй хүнд суртлаас болоод доод тал нь нэг жил, дээд тал нь хоёр жил болов уу, үгүй юү буцацгаасан. Тэгвэл урд хөршийнхөн энэ бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна лээ.
Зөвхөн Америкт гэхэд цөмийн физикчдийнх нь 50 шахам хувь нь хятад гаралтай эрдэмтэн, судлаач байдаг тухай өмнө нь уншиж байсан юм байна. Дээрх эрхмийн хэлснээр хилийн чанадад Хятадын хоёр сая гаруй эрдэмтэн нь ажиллаж байгаа гэнэ. Тэднийг эх орондоо дуудаж, бүтээн байгуулалт, хөгжилдөө ашиглаж байгаа гэсэн. Гадаадад байгаа эрдэмтдээ эх орондоо ирүүлэх талаар Хятадын төр, засгаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ хэмээн Занг Шигээс асуухад:
-Олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Юуны өмнө гадаадад байхдаа ямар цалин хөлс авдаг байсан, түүнээс нь багасгахгүйгээр олгодог. Мөн ямар лабораторид, ямар техник, тоног төхөөрөмж ашиглаж байв, тэрийг нь улсаас авч өгдөг. Энэ бодлогын дүнд Хятадын шинжлэх ухаанд шинэ хавар ирлээ гэж ярьдаг болсон.
Өөрөөр хэлбэл, гадаадад байгаа эрдэмтэн, судлаачдаа олноор нь авчирч эх орныхоо бүтээн байгуулалтад ашиглаж байна. Энэ бодлогыг 1980 оны сүүлч, 1990 оны эхээр хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш гадаадад байсан эрдэмтдийн маань 70 хувь нь эх орондоо ирсэн” гэсэн юм.
Хятадуудаас суралцах энэ мэт зүйл их байна. Шинэ техник, технологи эзэмшин харьд ажиллаж буй иргэд, эрдэмтэн, судлаачид гэдэг бол үнэлж баршгүй том хүч. Сурсан мэдсэн зүйлээ эх орондоо зориулахад тэдний хүчийг ашиглах цаг нь манайд болсон. Тэд ч Монгол хэзээ сайхан болохыг хүлээгээд суух бус, эх орноо гэсэн сэтгэл байдаг юм бол улсынхаа боломж бололцоог мэдэхгүй гэх биш ирж болно доо. Хөрөнгө мөнгө гэхээсээ манай түшмэдийн хүнд суртал л тэднийг илүү их түлхээд байдаг юм гэсэн.
Сар гаруйн өмнө Бээжин хотод болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын үеэр манай хоёр улсын эрх бүхий сайд нар Монголын эрдэмтэн, судлаачдыг Хятадын шинжлэх ухааны байгууллагуудад ажиллуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн юм. Ажлын ямар эхлэл байгаа болон манай хоёр улсын эрдэмтэд ямар салбарт хамтран ажиллах боломж байгаа талаар түүнээс тодруулав.
-Инновацын асуудлаар Монголын сэтгүүлчид хороонд айлчлах гэж байгааг дуулаад ер нь манай хоёр улсын шинжлэх ухааны байгууллага ямар түвшинд ажилладаг юм бол гэдгийг сонирхож үзлээ. Харамсалтай нь, тийм гээд хэлчихээр дорвитой юм байсангүй. Тиймээс бид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай юм байна. Байдал ийм байгааг та бүхэн нутагтаа очоод холбогдох байгууллага, хүмүүст хүргээрэй.
Бид мэргэжилтэн бэлтгэх, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, лаборатори байгуулах гээд ямар ч салбарт хамтран ажиллах боломжтой шүү гэснийг нь дамжуулъя. Бээжин хотын Шинжлэх ухаан техникийн хороо гэхэд гадаадын эрдэм шинжилгээний 400 гаруй байгууллагатай 10 үндсэн чиглэлээр хамтран ажиллаж, 170 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус улс 2013 онд дэлхийд тэргүүлэгч инновацын төвтэй болох зорилт тавьж, Бээжин, Тяньжин, Хэбэйд байгуулжээ. Эдгээр төвд бойжуулж буй компанийн тоогоороо АНУ-ын Цахиурын хөндийгөөс илүү гарсан гэсэн.
ИРГЭДИЙНХЭЭ ДЭРГЭД ОЧСОН ИННОВАЦ
Шинжлэх ухаан, инновац гэхээр манайхан өөрсдөөсөө ихэд хол зүйл гэж боддог. Тиймээс шинжлэх ухааны ололтыг ахуй амьдралдаа хэрэглэх талаар бараг ойлголтгүй явж ирсэн. Хятадад ч ийм байсан гэнэ. Тэгвэл урд хөршийнхөн маань шинжлэх ухааныг хүмүүсийн дэргэд аваачжээ. Юуны өмнө инновацын хөгжилд иргэдээ идэвхтэй оролцуулах бодлого барьж, шинжлэх ухааныг ард иргэддээ үйлчлэх хэрэгсэл болгосон байна.
Тиймдээ ч эрдэмтэн, судлаачид, судалгааны байгуулагууд нь “Танд ямар асуудал байна вэ, бид танд яаж тус болох вэ” гэж олон нийтээс асуудаг болжээ. Гол нь иргэд шинжлэх ухаан гэдэг чинь биднээс хол зүйл биш юм, бид бас оролцож болох нь гэдгийг ойлгож, үр дүнг нь хамтран хүртэх болсон гэнэ.
Бээжин хотын Шинжлэх ухаан, технологийн хорооны дэд дарга Жү Шилоны хэлснээр “Нэг бүс нэг зам” бодлогын дагуу энэ бүс нутагт хамрагдаж буй улс орнуудтай шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах, шинжлэх ухаан, технологийн хамтарсан парк, лаборатори байгуулах зорилт тавин ажиллаж буй юм байна.
Шинжлэх ухааны байгууллага, судлаачдаа Хятадын төр, засгаас хэрхэн дэмжин ажилладаг талаар тэрбээр:
-Инновац нэвтрүүлсэн компани, их, дээд сургууль, байгууллагуудад ялгавартай ханддаг. Татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна байрных нь түрэээсийг хүртэл хөнгөлдөг. Шинэ бүтээл нэвтрүүлбэл ашгийн 70 хувийг бүтээсэн хүнд нь өгдөг. Энэ нь шинжлэх ухааны байгууллага, судлаачдад ихээхэн урамшуулал болж байгаа гэв. Тус улс шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэхэд ямар их анхаарч байгааг бид харлаа.
Хятадуудаас суралцах зүйл асар их байна. Мөн дэлхийн хамгийн том зах зээлд оюунаа уралдуулж, ашиг хүртэх боломж ч нээлттэй. Гагц бидний зөв бодлого, зүтгэлээс шалтгаална гэдгийг хаана хаанаа харах нь чухал болжээ.