2020 он буюу гурван жилийн дараа гэхэд монголчууд элэгний В, С вирусийн халдвар, хатуурал, хорт хавдрын өвчлөлийг бууруулсан дэлхийн жишиг орон болох зорилт тавиад буй. Энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын 5-наас хэрэгжүүлж, эхний ээлжинд 40-65 насны иргэдийг В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд хамруулан, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөрийг нь хөнгөвчилж байгаа билээ. Харин 2018 оноос 15-39, 65-аас дээш насны хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцахаар болж, эхний хоёр хүнд хагалгаа хийлээ.
Монголчуудын 30 хувь нь элэгний вирусийн халдвартай, тэдний 15.6 хувь нь С вирустэй гэсэн статистик бий. Энэ нь дэлхийн дунджаас зургаа дахин өндөр буюу арван монгол хүний нэг нь элэгний вирусийн халдвартай байна. Үүнтэй тэмцэхийн тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний анхан шатны нэгж болох өрх, дүүрэг, баг, сумын Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүдтэй хамтарч ажиллах нь хамгийн зөв алхам.
Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын явц, үр дүн Төв аймагт хэрхэн хэрэгжиж буйг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон албаны хүмүүс өнгөрсөн пүрэв гаригт газар дээр нь очиж танилцсан юм.
Албаны хүмүүс ажил шалгаад өнгөрөх бус, энэ үеэр Төв аймгийн иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан. Тэнд УГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, “Гранд Мед” зэрэг улс болон хувийн томоохон эмнэлгийн эмч нар, тоног төхөөрөмжтэйгөө “нүүж” очив. Төв, суурин газраас алслагдсан малчид хүртэл хотын эмч нар ирэх сургаар хэд хоногийн өмнөөс дугаар авч, зорин иржээ.
Төв аймгийн Зуунмод сумын Мөнх алдрын талбайд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт 09.00 цагт эхэлж, 30 орчим байгууллагын 300 гаруй албан хаагч болон үзлэг, шинжилгээнд хамрагдах гэсэн иргэдийн хөлд дарагдсан юм. Энэ үер тус аймгийн зургаан суманд түргэн тусламжийн машин олгож, “Баруун Зуунмод” өрхийн эмнэлэгт зургаан мотоцикл гардууллаа.
Төв аймгийнхан зорилтот бүлгийн буюу зөвхөн 40-65 насныхныг л шинжилгээнд хамруулах бус, иргэн бүрт хүрч ажиллахаар зорьж, өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөр баталсан байна. Тэд 30-аас дээш насны 41.286 иргэнээс 2016 онд аймгийн хэмжээнд 5000 хүн хамруулах зорилт тавьж, үүнээс 4851-д нь вирус илрүүлэх шинжилгээ хийжээ.
Мөн В вирус илрээгүй 318 хүнийг дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусийн эмчилгээнд хамруулж чадсан байна. Энэ амжилтыг нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сайшааж буйгаа илэрхийлээд, хөтөлбөрийн талаар ийн ярилаа. “Монгол Улс 2020 он гэхэд элэгний В, С вирусийн шинжилгээг бүрэн хийдэг, хавдрыг бууруулсан, элэгний хатуурлыг эмчилж чаддаг орон болно гэж зарласан. АНУ 2030 он гэхэд ийм улс болох зорилт тавьсан.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр дэлхийтэй хөл нийлүүлж байна. Хөтөлбөрийг орон нутагт сайн хэрэгжүүлж, нэг аймаг дунджаар 2000 гаруй хүнээ вирус илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөр баталж, 5000 орчим иргэнээ хамруулсан нь сайшаалтай. Тоног төхөөрөмж болон шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр бид газар дээр нь ирсэн. Тиймээс бүх сум, багийн эмч нарыг цуглуулан тэднийг сонсож, хамтдаа санал бодлоо солилцож байна” гэлээ.
Улсын томоохон эмнэлгийн эмч нар нарийвчилсан үзлэг хийж, түргэвчилсэн туузан оношлуураар вирус илрүүлэх шинжилгээ авч буй нь иргэдэд таатай байв. Тус аймгийн Алтанбулаг сумын иргэн Н.Алтанцог “Газар дээр нь ирээд настнуудад үзлэг, шинжилгээ хийж буй нь сайхан байна. Өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгөхөд “С вирустэй, гэхдээ идэвхжилгүй байна. Улаанбаатарт очиж үзүүл” гэсэн.
Ашгүй мэргэжлийн эмч нар нь ирж. Тэдэнд үзүүлэх гээд нэрээ бичүүлчихээд сууж байна” гэж ярив. Түүний хажууд сууж байсан нэгэн настан “Гранд Мед” эмнэлгийн эмч нарт үе мөчөө үзүүлэх гээд хүлээж байв. Зөөврийн ЭХО, рентген зураг авах явуулын машины дэргэд дараалал хамгийн их байлаа.
“Баруун Зуунмод” өрхийн эмнэлэгт 15 жил ажилласан, тус эмнэлгийн дарга Б.Энхжаргал “Бид 16.760 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байна. ЭМЯ-наас манай эмнэлэгт түргэвчилсэн оношлуур 2000-ыг хуваарилсан. 40-65 насны 4900 хүн хамрагдахаас 43 хувь нь шинжилгээ өгөөд байна. Арван хүний нэг нь ямар нэг вирустэй гэсэн хариу гарч байгаа. Манай Өрхийн эрүүл мэндийн төвийг зориулалтын байртай болгохоор ярьж буйд баяртай байна” гэлээ.
Харин тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “2017 онд 40-65 насны иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх байсан ч хүртээмжтэй үйлчлэхийн тулд 40-өөс доош, 65-аас дээш насны иргэдээ мөн шинжилгээнд оруулсан. Манай 97 багийн 57-д нь мотоцикл олголоо. Мөн зөөврийн ЭХО, рентген аппарат, уян дуран гэх мэт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн.
Бид өөрсдийн хөрөнгөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад 700 гаруй сая төгрөг зарцууллаа. Долоо хоног бүрийн гурав дахийг нийгмийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж байна. Энэ өдөр Төв аймгийн иргэд явган алхаж байна” гэлээ.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр иргэдэд хүрч буй, эсэхийг шалгах ажлыг Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан, 21 аймгаараа явж буй нь энэ. Дараагийн аймаг Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Булган, Орхон.