Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал доройтсон нь агаарын бохирдолд илүүтэй нөлөөлж буйг албаны тоо баримт харахаас илүүтэй гэр хорооллын зарим айл, “амбаар”-т үйлчилгээ явуулдаг бага гарын наймаачдын зуух руугаа хийдэг “хог”-ноос харж болохоор байна. Дугуй засварын газруудад сүүлийн жилүүдэд хуучин дугуйгаа “далд оруулах” бизнес цэцэглэж эхэлсэн гэх танилын маань үг чихний хажуугаар өнгөрсөнгүй.
Жижиг шуудайтай нүүрс авдаг 2500 төгрөгөөр ширхгийг нь 300-гаар зардаг хуучин дугуй наймыг авч хүрнэ. Зарим газарт нэг дугуйг 100 төгрөгөөр ч зардаг гэх. “Нэг дугуй 4-5 цаг асдаг, илч сайтай байдаг” гэж энэ түлшний байнгын хэрэглэгч, иргэн Батболд ярьж байна.
Хоногийн хоолоо арай ядан залгуулж буй амьжиргааны доод түвшний айлууд, тав арван цаасны илүүг харж, галлагаатай “амбаар”-т барилгын материал, элдэв зүйл зардаг хүмүүст иргэдийн эрүүл мэнд, амь нас ёстой падлий ч үгүй бололтой. Гэтэл энэ хямд “түлш” ямар хорт бодис ялгаруулдаг, эрүүл мэндэд нь ямар хор хөнөөлтэй талаар мэргэжилтнүүд “Нийлэг буюу полимер эд зүйлээр хийсэн зүйлийг шатаахад бий болдог утаа нь хорт бодис агуулдаг учир улаан хоолой, уушги, зүрхний өвчин үүсэх нөхцөл болдог.
Тэр ч бүү хэл нүдний салст бүрхэвчийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг. Ийм төрлийн материалаас хамгийн хортой нь хаймар. Түүнээс ялгардаг бензперин гэдэг бодис маш аюултай. Хөглөрүүлж ил задгүй хаяхгүй гэж шатаадаг гялгар уут ч бидний төсөөлснөөс хэд дахин их хэмжээний хорт бодис ялгаруулдаг” гэж ярилаа.
Тэгвэл барилгын материалын цэгүүдээс гадна гутал, дугуй засвар, жижиг худалдааны мухлаг, ТҮЦ-үүд нийслэлд хэчнээн байдаг, өвөлдөө дулаахан байхын тулд тэд юу түлж байна вэ гэдэгт хэн хяналт тавьж байна вэ. Үнэгүй шахам энэ “түлш” нийслэлчүүдэд, та бидний ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж буйг ийм “хог”-оо зарж буй нь ч, худалдан авч түлж байгаа нь ч аль аль нь мэдэхгүй, мэдэхийг ч хүсдэггүй.
Үүгээр ч зогсохгүй хуванцар, барилгын хөөсөнцөр материал, үхсэн муур, нохойны сэг зэм, ээ бурхан минь түлж болох бүхнийг л зуух руугаа хийдэг айлууд ч байдаг аж. Мод нүүрс ч авах мөнгөгүй хүмүүст үнэгүй шахам хаймар, хог түлэхээс өөр сонголт ер нь бий юү.
Манай сонин одоогоос яг сар гаруйн өмнө “Утаа моодноос гарав” хэмээн дугаарын онцлох сэдэвтээ хөндөж байлаа. Одоог бодвол арай ч хүйтэрчихээгүй байсан учраас иргэд ч санаа зовох нь бага, албаны хүмүүсийн амнаас тийм ч хөтөлбөр, ийм ч төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн хуурай үгс унаж байв. Өдийд уг нь утаатай тэмцэх ажлаа эхлүүлчихсэн байх учиртай сан. Хөхөө өвлийн хүйтэн хаалга тогшиж эхэлсэн энэ өдрүүдэд тэрхүү амлалт, мөрөөдлүүдээс хэрэгжиж эхэлсэн нь байтугай тодорхой шийдэлд хүрсэн зүйл ч алга.
Эдийн засгийн хямралтай холбоотойгоор агаардлын бохирдолтой тэмцэхэд зарцуулах төсвийн хэмжээ багасаж мэднэ гэж БОАЖЯ-ныхан хэлсэн бол нийслэлийн удирдлагууд өнөө жил энэ гамшгийн эсрэг нэг төгрөг ч төсөвлөөгүй байгаа нь хачирхалтай. Салбарын яамнаас Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа бол нийслэлийн удирдлагууд Агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө гээчийг батлахаар зорьж буй.
Харин томчуудыг төсөл, хөтөлбөр мөрөөдлөө яриад сууж байх зуур хуучин дугуй, хаймар, хөөсөнцөр, хог шатаадаг айлуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр, агаар улам өтгөрсөөр, тархах хор нь улам л аюултай болсоор байх вий. Тиймд 4-5 цаг хор ялгаруулдаг, 100 төгрөгийн хуучин дугуйнуудыг эхний ээлжинд бүгдийг нь хураан авч, дахин боловсруулж, хэрэгтэй зүйл үйлдвэрлэдэг болъё.
Агаар бохирдууллаа гэж нэгэн рүүгээ муухай харалгүй хамтдаа энэ хорын эсрэг хүн болгон дуугаа нэгтгээсэй гэж уриалмаар байна.
Г.ОЮУНГЭРЭЛ
ДЭЛХИЙН ЖИШИГ
Европын орнуудад дугуй шатаахыг эрс хориглодог
Автомашины тоо тасралтгүй нэмэгдэж буй өнөө цагт эдэлгээ нь дууссан дугуйн хаймрыг устгах болон дахин боловсруулах асуудал дэлхийн бүх орны хувьд экологи хийгээд эдийн засгийн ач холбогдолтой болжээ. Энэ нь юуны түрүүнд хуучин дугуй нь байгаль орчныг удаан хугацаагаар бохирдуулдаг эх сурвалж болдогтой холбоотой юм. Түүгээр зогсохгүй хаймар нь галын аюултай, байгальд шингэж устдаггүй. Мөн хаягдал дугуйн цэгүүд халдварт өвчний эх сурвалж болсон шавьж, мэрэгчид үржих таатай газар болдог байна.
Дэлхийн автомашины дугуйн нөөцийн 80 хувийг байгалийн сэргээгддэггүй баялаг болох нефтиэс гаргаж авсан нийлэг каучукаар хийдэг учир тэдгээрийг дахин боловсруулах хэрэгтэй аж. Хуучин дугуйн тал орчим хувийг 1990-ээд оны сүүлч хүртэл шатаадаг байжээ. Хадгалах, булах, шатаах технологийг өөрчлөх нь эдийн засгийн чухал ач холбогдолтой.
Учир нь үнэтэй түүхий эд байгалийн нөөцийг хамгаалахад тус болохын сацуу нөөц хэмнэх, хямд технологийн хөгжилд түлхэц өгөх юм. Тэрчлэн экологид эергээр нөлөөлж, хаймрын хаягдлын цэг үүссэн их хэмжээний газрыг ашиглах боломж олгоно.
Эдэлгээ нь дууссан дугуйн гадуур хаймар үнэтэй түүхий эдэд тооцогддог. Нэг тонн тийм хаймарт 700 орчим кг резин агуулагддаг гэнэ. Хуучин дугуйгаар шинэ дугуй, дээврийн ус нэвтрүүлэхгүй хучлага, төмөр замын дэр, гутлын ул, шалны дэвсгэр, замын хавтан, биеийн тамирын танхим, тоглоомын талбайн халтиргаа үүсгэдэггүй хучлага зэрэг олон зүйл хийж болох аж.
Олон улсад хуучин дугуйг хор багатай хаягдалд тооцдог ч тийм хог хаясан, цуглуулсан хувь хүн, албан байгууллагад тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаас эхлээд 90 хоног хүртэл хугацаагаар хорьж шийтгэдэг байна.
Нөгөөтэйгүүр, үүний эсрэг элдэв арга хэмжээ авсаар буй хэдий ч дэлхий дээр байгаа хаягдал дугуйн ердөө 20 орчим хувийг дахин боловсруулж байна. Нэг тонн хаймрыг шатаахад агаар мандалд 270 кг хөө тортог, 450 кг хорт хий ялгардаг гэнэ.
Хорт хавдар судлах олон улсын агентлагаас дугуйн хаймрын үйлдвэрийг онц аюултай газруудын жагсаалтад багтаасан байдаг аж. Автомашины дугуй эдэлгээний явцад л их хэмжээний хорт бодис ялгаруулдаг. Зам дагуух байшин барилгуудын оршин суугчид хавдартай болох магадлал өндөр байдгийг АНУ-ын мэргэжилтнүүд тогтоожээ. Дугуйн тоос амьсгалж буй хүнд төдийгүй урагт сөргөөр нөлөөлдөг байна.
Нэгээс дээш насны хүүхэд хавдраар нас барсан тохиолдол ослоор амиа алдсан үзүүлэлтийн дараа оржээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн шинжээчдийн дүгнэлтээс үзвэл дугуйн эдэлгээний явцад үүсэж буй тоос бие махбодид бүрэн шингэчихээд гардаггүй байна. Үүнээс үзвэл дугуйг шатаах нь бүр ч хортой аж. Хөгжингүй орнууд болон Европын холбооны нутаг дэвсгэрт дугуй шатаахыг эрс хориглодог байна.
З.АМГАЛАН
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
А.ОЮУН: Агаарын бохирдлыг бууруулахад зориулж таван тэрбум төгрөг тусгасан
БОАЖЯ-ны агаарын бохирдол, бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн А.Оюунаас энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллахыг тодрууллаа.
-Агаарын бохирдлыг бууруулахад энэ өвөл хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-2017 оны төсвийн төсөлд таван тэрбум төгрөг тусгаад байна. Энэ хөрөнгөөр агаарын чанарыг сайжруулах, бүсийн гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд урамшуулал олгох, сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлын саналаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Агаарыг бохирдлыг бууруулах үндэсний хорооны III тогтоолын дагуу 2015-2016 оны өвөл нийслэлд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт найдвартай эх үүсвэрээр хангасан.
Мөн Сүхбаатар дүүргийн гэр хороололд байрладаг 166, 175, Сонгинохайрханы 38, 125, Чингэлтэй дүүргийн 154, 173 дугаар цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилт технологи бүхий зуухаар солих ажлуудыг гүйцэтгэсэн. Эдгээр ажлыг хүлээж авах ажлын хэсэг өдгөө ажиллаж байна.
-Орон нутагт хэрхэн анхаарч, ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх вэ?
-Зарим аймагт сайжруулсан зуух борлуулах төсөл хэрэгжүүлж байгаа.
-Гадаад, дотоодын байгууллагууд энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх санал гаргаж байна уу?
-Одоогоор Японы ЖАЙКА байгууллагын “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл 2”-ыг хэрэгжүүлж буй.
Ч.ЗУЛ
ЗӨВЛӨГӨӨ
“Ховч” аппликэйшнээ ухаалаг утсандаа татаарай
Бид “Агаарын бохирдол их байна” гэж ярьдаг ч хэр түвшинд байгаа, хаана, ямар хорт бодис их буй талаар төдийлөн мэддэггүй. Тэгвэл нийслэлийн Агаарын чанарын алба (хуучнаар) 2014 онд бүтээсэн “Air quality” аппликэйшн нийслэлийн агаарын чанарыг цаг тутамд мэдээлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөх шидтэй аж. БНСУ, АНУ, Япон зэрэг хөгжингүй оронд нэвтрээд цөөнгүй жил болж буй уг аппликэйшнийг ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой юм байна.
Та уг аппликэйшнийг утсандаа татсанаар нийслэлийн аль бүсэд агаар хамгийн их бохирдолтой буй, амьдарч буй газартаа ямар хорт бодис (зургаан төрлийн хорт бодисын хэмжээг мэдээлдэг) давамгайлж байгаа талаарх мэдээллийг цаг алдалгүй авахаас гадна цаг агаараа шинжиж, зөвлөгөө унших боломжтой аж. Гар утасныхаа хайлтын системд “Air quality” гэж бичээд оруулахад уг аппликэйшний талаар бүхий л мэдээлэл, хэрхэн татаж авах тухай заавар гарч ирнэ.
Ж.СУВД
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
ТАВАН КГ “ХОР”-ЫГ 100 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ
08.00-09.00 цагийн үеэс л нийслэл хот маань Утаанбаатар болж, үдэш хүртэл хорт бодисоор амьсгалдаг аж. Нийслэлийн агаарын бохирдлын голомт гэгддэг гэр хорооллын иргэд үүнд хэрхэн “хөрөнгө оруулан”, дэмжиж буйг сурвалжлахаар зорьсон бидний эхний зогсоол Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Долоонбуудал байв. Бид тухайн бүсэд 07.30 цагт очиж, “Air quality” аппликэйшнээр агаарын бохирдлыг хэмжихэд хэвийн, тэнгэр цэлмэг байсан ч 30-хан минутын дотор эрс өөрчлөгдсөн юм.
Энд тэндээс өтгөн хар утаа суунагласаар манан будан хөшилдөх мэт болж тэр хавийнхан бүхэлдээ хорт утаанд залгиулчихав. Саахалтын дайтай харагдаж байсан худалдааны төвийн хаяг, зам дагуух уулын бэлд байгаа айлуудын зарим нь ч харагдахгүй боллоо. Зам дагуу мод, нүүрс зарж буй Х.Цэнгэл “Баянбүрдийн тойргоос Гучинхоёрын буудал хүртэл агаарын бохирдол их, Долоонбуудлаас дээш буюу зуслангийн чиглэлд багасдаг. Одоо харин ч гайгүй байна шүү дээ.
Арванхоёрдугаар сарын дунд үеэс утааны дайн эхэлнэ” гэв. Энэ үеэс түүний орлого ч нэмэгддэг гэж тэрбээр ярив. Гэр хорооллын зарим иргэн мод, нүүрс худалдан авах боломжгүйгээс агаарт их хэмжээний хорт бодис ялгаруулдаг резин, хаягдал дугуй зэргийг түлж өвлийг давдаг. Ийм төрлийн “хог” түлш худалддаг газар, сурагладаг иргэн хэр олон байдаг талаар түүнээс асуухад “Үнэ бага, дээрээс нь дулаанаа удаан хадгалдаг учир иргэд дугуй түлдэг. Би ч хэсэг хугацаанд ажил, орлогогүй байхдаа хэдэн хүүхдээ дааруулахгүйн тулд хаягдал дугуй түлдэг л байсан.
Нэг ширхэг нь хамгийн багадаа 3-5 цаг асдаг, илчтэй. Бараг дугуй засварын бүх газарт дугуй худалддаг” гэв. Биднийг ярилцаж зогсоход зэргэлдээх дугуй засварын газар онгойв. Гадна, дотногүй том, жижиг хаягдал дугуй хөглөрүүлсэн тус засварын газрын эзэнтэй уулзаж, хэдэн төгрөгөөр худалддаг, өдөрт хэчнээн ширхгийг зардгийг асуухад (дугуй худалдаж авах гэж байна хэмээн бодсон уу) “Үзээд сонгоод ав. 100 төгрөгөөр өгчихнө. Дугуйнаас их зүйл алга” гэв.
Тэрбээр өдөрт хамгийн багадаа 20 ширхэг дугуй зардаг гэнэ. Яагаад ийм хямд өртгөөр зарж буйг лавлахад “Уг нь 400-гаар зарж байсан юм. Хог болоод хөглөрөөд байхаар нь хямдруулчихлаа” хэмээн хэнэггүй хариулав. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн доктор Ц.Отгонхүүгийн хэлснээр нэг дугуйнаас хоёр кг азотын исэл, том ширхэгт тоосонцор, бензперин болон нүүрсхүчлийн хий тус бүр нэг кг ялгардаг гэнэ.
Тэгвэл нэг дугуй хамгийн багадаа таван кг хорт бодис агаарт нийлүүлдэг аж. Дугуй засварын нэг газар өдөрт 20 ширхэг дугуй худалддаг гэж тооцвол 100 кг хорт бодисыг 2000 мянган төгрөгөөр худалдаж байна гэсэн үг. Нэг ширхэг дугуй хүний эрүүл мэнд, экологид хэр зэрэг хор уршиг учруулахыг тооцоолоход бэрх. Учир нь, дугуйнаас ямар нэртэй, хэчнээн төрлийн хорт бодис ялгардаг талаар дорвитой мэдээлэл, судалгаа манайд ер алга.
“Бид зөвхөн өвлийн улиралд л дугуй түлдэг. Үүнээс өөр сонголт алга” гэж ярьсан иргэн Т.Батболдынх ам бүл дөрвүүл. Эднийх Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр болох Баянхошууны эцэст байдаг. Гэрийнх нь яндангаар олгойдох хар утаагаар нь баримжаалан бид тэднийхийг дугуй түлж байгаа болов уу хэмээн таамаглаж очсон юм. Гэрийн эзэгтэй галаа дөнгөж түлж эхэлж байсан нь тэр аж.
Тэрбээр “Бид барилгын компанид ажилладаг. Улирлын чанартай ажил хийдэг учраас өвөлдөө орлогогүй болдог. Энэ үед голдуу хаягдал дугуй худалдаж авч түлдэг. Үнэгүй шахам зарж байна шүү дээ. Том хүү маань самар түүхээр явсан. Ирэхээр нь нүүрс, мод авна” гээд санаа алдав. Хоёр, гурван настай болов уу гэмээр бяцхан охин “Гэр минь ашгүй дулаахан боллоо” гэсэн шиг орноосоо год харайн босож, хувцсаа өмсөнө.
Өнөөдөр гэрийг нь дулаацуулж буй хаягдал хаймар тэдний эрүүл мэндээр хэрхэн “тоглохыг” хэн нь ч төсөөлөхгүй сууна. Аргагүй шүү дээ. Энэ асуудалд анхаарал тавих ёстой мэргэжлийн байгууллагууд нь ч дугуйнаас ялгардаг хорт бодисыг судлаагүй, түүнийг хэмждэг багаж төхөөрөмж ч үгүй байна. Магадгүй нийслэлийн 13 бүсэд байрлуулсан суурин харуулуудын илрүүлдэг зургаан төрлийн химийн нэгдлээс хэд дахин их хортой бодисыг хаягдал дугуй “үйлдвэрлэж” байхыг үгүйсгэхгүй.
Мэргэжлийн зарим судлаач ч үүнтэй санал нийлдэг. Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн Агаарын чанарын мэргэжилтэн Мөнхсайхантай уулзаж энэ талаар тодруулахад “Иргэдийн амьдралын түвшинтэй холбоотой асуудал болохоор дугуй түлж буйг бид шүүмжилж, буруутгаж чадахгүй. Тэглээ ч манайд ийм төрлийн хорт бодисын талаар судалгаа алга. Байлаа ч бид хаймар түлдэг айл болгонд очиж судлаад, өөрсдөө хордоод явахгүй шүү дээ” гэв.
Ж.СУВДМАА
“Шөнийн тарифын хөнгөлөлтийн үр дүнг хүлээж байна”
Энэ жил гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, утаатай тэмцэх талаар төр, засгаас мэдээлсэн. Айлууд нүүрс түлэхийн оронд цахилгаанаар дулаанаа шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ хэрхэн оруулж буй, тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгарч буйг тодруулахаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч Ж.Жамъяндоржийнд очлоо.
Тэднийх 60 гаруй ам метр талбайтай, хоёр давхар байшиндаа шалны халаагуур суурилуулжээ. Стандартын дагуу байшингийнхаа талбайн хоёрны нэгтэй тэнцэхүйц хэмжээний халаагуур тавиулахад л хангалттай дулаацуулдаг тул 32 ам метр халдаг шал хийлгэжээ. Хоёр жилийн өмнө “Минж зандан” компаниар халаагуур тавиулсан гэж гэрийн эзэгтэй Э.Энхцэцэг хэллээ.
Тухайн үед зах зээлийн ханш нь нэг ам метр тутамд 60.000 төгрөг байсан гэнэ. “Шалны халаагуур нь дулаан дамжуулдаг ялтастай. Ялтасны чанараас хамаарч, үнэ ханш нь өөр байдаг юм билээ. Манайх нэлээд чанартайг нь сонгосон” гэж тэрбээр хэлсэн юм.
Аюулгүй байдлыг нь сайтар хангуулах үүднээс биднийг очиход халаагуурынхаа зарим хэсгийг ажиллуулаагүй байв. Энэ талаар Ж.Жамъяндорж “Тавиулчихаад дээр нь хивс дэвсчихвэл аюулгүй. Манайх гал тогооны өрөөн дэх халаагуур дээрээ хулдаас дэвсчихсэн чинь хэт халснаас үүдээд бараг шатах дөхсөн. Уг нь бол шалаа дөнгөж суулгах үедээ ийм халаагуур тавиулах нь илүү аюул багатай юм билээ.
Бусдаар бол маш сайн эд. Дулаан тохируулагчтай, эцэстээ хүрч халахаараа автоматаар зогсож, эрчим хүч зарцуулахгүйгээр дулаанаа хадгалдаг. Ус, чийгийн хамгаалалттай. Бас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар хийсэн юм билээ” гэв.
Тэднийх халаагуургүй байхдаа өвөл дөрвөн тонн орчим нүүрс түлдэг байжээ. Одоо бол нүүрс бараг авдаггүй, өнгөрсөн жил авсан багахан нүүрсээ бараг түлээгүй гэнэ. Гэхдээ цахилгааны төлбөр нь багагүй гардаг юм байна. Өвлийн цагт халаагуураа өдөр, шөнөгүй ажиллуулахад сард 180.000- 200.000 төгрөг төлдөг аж. Саяхнаас гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн тул ирэх сараас хамаагүй багасах болов уу гэж хүлээж буйгаа гэрийн эзэд онцолсон юм.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо нийт 2400 гаруй өрхтэй. 20 айлын орон сууцны нэг л барилгатай гэнэ. Үлдсэн нь гэр хороолол. Бусад айл Ж.Жамъяндоржийнх шиг дулаанаа цахилгаанаар шийдэж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй, эсэхийг тус хорооны Засаг дарга З.Төмөрбаатараас тодруулсан юм. Тэрбээр “Гэр хорооллын айлуудын 80 гаруй хувь нь сайжруулсан зуухтай. Энэ нь утааг бууруулахад хувь нэмрээ оруулж буй хэрэг шүү дээ.
Харин шалны юм уу, усан халаалт тавьж, нүүрснээс татгалзсан айл ховор. Иргэдийн амьжиргааны түвшин тааруу, өнөө маргааш түлэх ганц шуудай нүүрсээ ч авч чадахгүй байна шүү дээ. Зарим үед нүүрс авч чадахгүй, өөр зүйл түлээд байгаа нь илэрхий, маш их хар утаа гарч харагддаг. Ийм тохиолдолд бид юу түлээд байгааг нь шалган тодруулж, хорт утаа гаргадаг зүйлс шатаахгүй байхыг анхааруулдаг.
Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн нь иргэдэд томоохон дэмжлэг болно. Хамгийн гол нь түр зуурын арга хэмжээ юү, эсвэл байнга үргэлжлэх үү гэдгийг сайтар мэдээлэх хэрэгтэй. Тэгвэл айлууд цахилгаан халаагууртай болох, эсэхээ ул суурьтай шийднэ” гэлээ.
Ч.МӨНХ
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
М.ДЭЛГЭРЭХ: Үндэсний хэмжээний томоохон судалгаа хийхээр төлөвлөсөн
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар бодлого баримталж, юу хийхээр төлөвлөж буй талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхтэй ярилцлаа.
-Хүйтний улирал эхэлсэнтэй зэрэгцээд нийслэлчүүдийн толгойны өвчин болсон утааны асуудал ч сөхөгдлөө. Агаарын бохирдолтой тэмцэхэд энэ жил ямар ажил хийх вэ?
-Агаарын бохирдол үндэсний хэмжээний гамшгийн байдалд хүрээд 12 орчим жил болчихлоо. Энэ хугацаанд нэлээд олон ажил хийж, чамгүй мөнгө зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гэж шүүмжилдэг. Бид энэ байдлыг аль болох давтахгүйг хичээж, нэн түрүүнд Агаарын чанарыг сайжруулж, бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.
Дараа нь хорт утаа хүний эрүүл мэндэд ямар хор уршиг учруулж, хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг тогтоосон үндэсний хэмжээний, томоохон судалгаа хийхээр төлөвлөсөн. Агаарын бохирдлын уршгийн талаар хүн бүр ярьдаг ч энэ чиглэлээр хийсэн дорвитой судалгаа манайд алга. Нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гурван бодлого баримталж, утаатай тэмцэнэ гэдгээ мэдэгдээд буй.
Нэгдүгээрт, эрх зүйн орчин бүрдүүлж, сайжруулах, хоёрдугаарт, өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд үндэслэж, байгальд ээлтэй техник технологи, инновацыг байгаль орчны салбарт нэвтрүүлэх, удаах нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэтчилэн гадаадын томоохон байгууллагын дэмжлэг туслалцаа авах. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед гадаадын орнуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал.
-Агаарын бохирдлыг бууруулах цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч хорт утаа жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд ч итгэл алдарч эхлээд буй. Та бүхний боловсруулах гэж байгаа мастер төлөвлөгөө юугаараа онцлог байх бол?
-Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажлын туршлага дээр үндэслэж мастер төлөвлөгөө боловсруулна. Бид асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандахыг эрмэлзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана хазгай гишгэж, юуг оновчтой шийдсэн туршлага, судалгаан дээр үндэслэнэ гэсэн үг.
Энэ хүрээнд хамгийн түрүүнд хэрэгжүүлж буй ажил бол Дэлхийн банкны төслөөр хотын захын хэд хэдэн сургууль, цэцэрлэгт агаар шүүгч байрлуулсан. Тасалгаа буюу дотоод орчны агаарын бохирдлыг шүүдэг технологийг хүүхэд багачууд ихэнх цагаа өнгөрөөдөг сургууль, цэцэрлэгт тавьж буй нь ч учиртай.
Өмнөх үетэй харьцуулбал бидэнд дэвшилттэй тал олон байна. Агаарыг чухам юу бохирдуулдаг, ямар бодис уршигтай талаар төдийлөн мэддэггүй үе байсан шүү дээ. Манай судалгааны багийнхны ур чадвар тэр үеийнхээс хэд дахин сайжирсан.
-Энэ жил нийслэлийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах ажилд огт мөнгө төсөвлөөгүй нь “Утаатай тэмцээд нэмэргүй, эвлэр” гэж буйгаас ялгаагүй шийдвэр байлаа. Цаашид ийм байдлаар тэмцэх үү?
-Агаарын бохирдолтой тэмцэх нь зөвхөн манай байгууллагын ажил биш. Иргэд, төр, хувийн хэвшлийн байгууллагууд гээд бүх нийтийн оролцоотой шийдэх асуудал. Тийм учраас бид иргэдэд агаарын бохирдлын талаар мэдээлэл өгч, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Үүнийг мастер төлөвлөгөөндөө тусгана. Нийслэлийн ЗДТГ-ын шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг саяхан баталлаа. Одоо бид ажилдаа шуударч, мастер төлөвлөгөөг яаралтай боловсруулна.
Агаарын бохирдлыг бууруулах газрын баримтлах нэг гол зарчим бол засгийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх. Нийслэл хотод жил бүр 30 мянган хүн шилжиж ирдэг гэсэн тооцоо бий. Энэ иргэдийн олонх нь буюу 90-95 хувь нь гэр хороололд суурьшдаг. Гал түлдэг айлууд нийслэлд нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол ихсэж буй. Тиймээс бид хамгийн үр дүнтэй, оновчтой шийдлийг тодорхойлж, богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажиллана.
Ж.СУВД
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Өвлийн улиралд утааны асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болсоор удаж байна. Тэгвэл иргэд утааг хэрхэн бууруулах талаар ямар бодолтой явдгийг сонслоо.
Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн Т.Мөнхсайхан:
-Утаа угаасаа л сэтгэл зовоосон асуудлын нэг болоод байгаа. Миний бодлоор гэр хорооллын айлууд бүгд байранд орвол энэ асуудал шийдэгдэнэ. Түүнээс биш нүүрс түлж байгаа цагт багасахгүй л болов уу. Шалны халаалт хэрэглээд ч том талбайтай байшинг халаадаггүй юм байна лээ. Тэгэхээр давхар нүүрс түлэх л болдог.
Баянгол дүүргийн XI хорооны иргэн Н.Чинбат:
-Хамгийн түрүүнд утааны маск зүүх хэрэгтэй дээ. Тэгэхгүй бол амьсгалахад ч хүндрэлтэй байна. Ер нь цахилгааны төлбөрийг бүр авахаа больчихвол айл бүр шалны халаалт болон цахилгаанар ажилладаг халаагуур хэрэглэж чадна шүү дээ. Тийм зүйл ашиглаагүй байсан ч цахилгааны төлбөр өндөр гарч байгаа.
Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн Д.Отгонбаяр:
-Манайх гэр хороололд амьдардаг. Хэдэн жилийн өмнө хорооноос хөнгөлөлттэй үнээр тараасан утаагүй зуух авсан. Түүндээ энгийн нүүрс түлээд л явж байна. Утаа гарахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэглээ гээд гал түлэхгүй хөлдөж үхэлтэй биш. Байртай болж чадахгүй л юм. Хувь заяатайгаа эвлэрээд, утаагаа үнэртээд л явж байхаас.
Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн Г.Хашлхагва:
-Би айлын хүүхэд хардаг. Утаа ихтэй болохоор салхилуулж чадахгүй хэцүү л юм. Өнөөдөр харин харьцангуй гайгүй байгаа болохоор салхилуулж явна. Өдөр нь яах вэ, утаа арай багасчихдаг. Өглөө, оройдоо үнэхээр асуудалтай. Байрны дунд мөртлөө гэр хорооллынхноос дутахгүй л утаа ихтэй байх юм. Дөнгөж өвөл эхэлж байхад ийм байгаа юм чинь ес эхлэхээр яана даа гэж санаа зовж байна. Миний санаагаар болдог бол цахилгааны төлбөрийг зөвхөн шөнө гэлгүй өдөр ч гэсэн хөнгөлчихвөл зүгээр сэн. Тэгвэл гэр хорооллынхон шалны халаалт тавиад, утаа багасах боломжтой болох юм биш үү.