“Хотын асуудлуудыг “косметик” байдлаар шийдэхгүй” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 9-нд амлаж байжээ. Тухайн үед Засгийн газраас түүнийг нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэрийг дөнгөж гаргаад байсан юм. Түүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа эргэн харвал, Х.Нямбаатар хэлснээсээ эсрэг ажиллажээ. Товчхондоо, тэрбээр хотын асуудлуудыг тооцоо судалгаатай, ул суурьтайгаар шийдвэрлэх бус, харин “косметик” засвар гэгчийг Улаанбаатарт жинхэнэ утгаар нь нутагшууллаа.
ДАВУУ ЭРХЭЭ БҮРЭН ДҮҮРЭН АШИГЛАВ
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа улс даяар эхлээд байна. Олонх нэр дэвшигчийн хувьд сонгогчдод одоо л танигдах гэж элдэв арга чаргаа хэрэглэж буй. Харин эрх баригч МАН-ын нэр дэвшигчид, тэр дундаа нийслэлийн удирдлагууд, ялангуяа хотын дарга Х.Нямбаатарын хувьд албан тушаалын давуу эрхээ ашиглан энэ он гарснаас хойш л “гудамжинд гарч”, сурталчилгаагаа эхлүүлсэн.
Сурталчилгааны гол хэсэг нь Улаанбаатарт нүд ирмэхийн зуурт зам тавиад байгаа гэх суртал ухуулга юм. Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар “ирсэн”-ээс хойш л замыг алга урвуулахын төдийд тавьдаг болчихлоо гэж энэ зунжин, намаржин л олны тархийг угаалаа.
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр Х.Нямбаатарын пиар хэтрээд, эвдрээгүй замыг хүртэл хуулж хаяад, хучсан жишээ ч байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 23-ны даваа гаргийн өглөө Маршалын гүүрний асфальтыг хуулан, нийслэлчүүдэд гэнэтийн бэлэг барьж, гайхшируулсан юм. “Эвдрээгүй замыг хууллаа” гэж иргэд эсэргүүцэнгүүт маргааш нь гялс асфальт “дэвсчихээд”, “Замаа маш хурдан ашиглалтад оруулчихлаа” гэсэн сурталчилгааг нийслэлийн ЗДТГ-ын цахим хуудаснуудаар “нялайтал” цацсан билээ.
ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖИЛ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Харамсалтай нь, хотын даргын “косметик” захын хороололд, байгаа, үгүй нь ч мэдэгдэхээргүй болтлоо муудчихсан замуудад хүрсэнгүй. Голчлон дарга нарын ажиллаж, амьдардаг Их, Бага тойруу, Зайсан орчмыг жаахан “будаж”, Баянхошуу, Толгойт, Шар хад зэрэг гэр хорооллыг уламжлал ёсоор огт хайхарсангүй. Улаанбаатарт хүртээмжтэй хөгжил гэсэн ойлголт ер байхгүй, дарга нар л сайхан амьдарч байвал бусад нь хамаагүй гэсэн дабл стандарт хэдийн тогтсоныг эл жишээ нотолно. Хүртээмжгүй хөгжил, төсвийн хуваарилалтын тэгш бус байдлыг ил тод илэрхийлэх уг жишээг нүүрээ будчихаад хүзүүндээ юу ч түрхээгүй орхисонтой адилтгаж болох юм.
Түүнчлэн хотын удирдлага, холбогдох албаныхан нь нийслэлийн замыг бүхэлд нь засчихсан мэтээр тархи угааж буй нь ичмээр. Нийт дүнгээр нь харвал Улаанбаатарын замын 10 хувь нь ч Х.Нямбаатарын “косметик”-т хамрагдаж чадаагүй байна. Тухайлбал, энэ онд 87 байршилд 162.3 км буюу нийслэлийн нийт авто замын 10 гаруй хувийг л шинэчлэх төлөвлөгөө гаргасан бөгөөд одоогоор талыг нь ч дуусгаагүй. Гэвч сонгуулийн ажилдаа улайрсан эрх баригчид төлөвлөгөөт ажлаа дуусгасан нэр зүүхийн тулд энд тэндгүй зам хааж, иргэдийг чирэгдүүлсээр байгаа. Уг нь тэдэнд бүхэл бүтэн хавар, зуны улирал байсан атал яг намар цагаар, бүтээн байгуулалтын хугацаа дуусах үед гэнэт ухаан орсныг нь сонгуулийн өмнө олон нийтээс оноо авах арга гэдгийг ямар ч тайлбаргүйгээр ойлгож болно.
“НЯМБААТАР СТАНДАРТ”
Х.Нямбаатарын “косметик”-ийн ард нуугдсан хамгийн том асуудал бол нүд ирмэхийн зуурт хучаад буй замууд стандарт, ашиглалтын шаардлага огт хангахгүй байгаа нь юм. Жишээ нь, энэ жил “дэвссэн” замуудад ус зайлуулах хоолой бараг байхгүй. Нэг удаа хүчтэй аадар ороход, эсвэл өвөл цас орсны дараа давс цацахад л хагарчих замуудыг “үйлдвэрлээд” байна гэсэн үг. Энэ үйлдлийг нь нүүрээ угаагаагүй атлаа дээр нь будаг нялаад буйтай зүйрлэж болно. Түүнчлэн ямар ч стандартгүй, бодлогогүй, хариуцлагагүй, нүглийн нүдийг гурилаар хуурсан эл нөхцөл байдлыг “лайвчин” хэмээн олонд танигдсан Д.Мөнх-Эрдэнэ “Нямбаатар стандарт” хэмээн тодорхойлсон байна билээ.
“Дамбын постоос Долоон буудлын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээв” гэсэн тайлбар бүхий, дроноор зураг авч, бичлэг хийсэн сүржин мэдээлэлтэй холбоотойгоор Д.Мөнх-Эрдэнэ “Энэ замын ус зайлуулах хоолой нь хаана байна аа. Асфальт “дэвсээд”, цагаан будгаар будахыг замын аль ч компани хийдэг болчихсон. Зам тавихдаа борооны ус зайлуулах шугамыг нь хийгээдэх. Үүнийг хийсний дараа замаа тавь. Тэгэхгүй бол мянган сайхан зам тавилаа ч нэг борооны дараа хагарна” гэж олон нийтийн сүлжээгээр ярьсантай нь санал нийлэхгүй байхын аргагүй.
ЗУГТАХ АРГАГҮЙ БОДИТ БАЙДАЛ
“Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд 5137 метр, авто замын борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа” гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн ням гарагт бахархалтайгаар мэдээлжээ. Уг нь ердөө тавхан км шугам угсарсан хэрэг л дээ. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1350 км-ийн урттай. Үүний ердөө нэг ч хүрэхгүй хувьд нь ус зайлуулагч хийчхээд учиргүй шоудаад байгаа нь гунигтай ч юм шиг, хачирхалтай ч юм шиг. Эрх баригчид иргэдийг ер нь яаж ч зальдаж, хуурч болно гээд ойлгочихсоны нэг жишээ нь энэ бус уу.
Нийслэлийн гуравдугаар сургуулийн урд талбайд энэ жил дугуйн зам барьжээ. Гэхдээ эл ажлыг хийхдээ хоёр алдаа гаргав. Эхнийх нь явган хүний замын талыг нь хуулаад, дугуйнх болгочихсон нь юм. Хоёр дахь нь зам барих нэрээр тухайн орчныг орвонгоор нь эргүүлж, ундуй сундуй болгочхоод, тэр хэвээр нь орхичихсон явдал. Дугуйн зам барих нэрээр явган хүнийхийг нь “дээрэмддэг” дарга нартай хот Улаанбаатараас өөр байхгүй л болов уу. Товчхондоо, нэгийг хийх нэрээр нөгөөг нь сүйтгэдэг, ажил хийж л харагдаж байвал яасан ч яах вэ гэдэг жишиг нийслэлд тогтчихож. Ийм жишээг бордюр солих ажиллагаанаас ч харж болно. Бордюр солихдоо ойр орчмын авто болон явган хүний замыг сүйтгэсэн жишээ Улаанбаатараар дүүрэн байна. Тэдгээрийг хэзээ засаж, сайжруулах нь тодорхойгүй.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ПИАР ХИЙДЭГ
Хотын удирдлага өнгөрсөн наймдугаар сараас эхлээд нийслэлийн хэмжээнд маш их бүтээн байгуулалт хийж байгаа юм шиг л аяглалаа. Гэвч тэд хувийн хөрөнгөө бус, татвар төлөгч бидний мөнгийг дур зоргоороо цацаад байгааг мартаж болохгүй. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сард нийслэл бонд гаргаж, нийт 500 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Үүнээс 150 тэрбум төгрөгийг Х.Нямбаатарын “косметик”-т зориулж байна. Энэ хөрөнгийг нийслэлийн төсөв буюу татварын мөнгөөр эргүүлэн төлнө. Засаг дарга Х.Нямбаатар бидний мөнгөөр хэдэн зам хуччихаад, өөрийн хөрөнгөөр хийсэн мэт баатрын “дүрд тоглоод” яваа гэсэн үг. Хэрэв мөнгө л байвал Х.Нямбаатараас өөр хэн ч энэ зэргийн ажлыг хийчих боломжтой. Гэтэл тэрбээр бусдаас илүүг бүтээчихсэн мэтээр өөрийгөө сурталчлаад байгаа юм. Олон улсын тусламж, дэмжлэг, зээлээр хийсэн бүтээн байгуулалтуудыг ч өөрсдийн нэрэндээ “нааж”, сурталчилж чаддаг дарга нарын хувьд иргэдийг хуурах нь юу ч биш санагдах биз ээ. Таван шарын нүхэн гарцыг БНХАУ-ын дэмжлэгээр барьчхаад хотын удирдлага хувийнхаа хөрөнгөөр хийсэн мэт сүржнээр нээсэн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан билээ.
ДАХИАД Л МЕТРО
Х.Нямбаатарын сонгуулийн сурталчилгаа замаасаа халиад, метро руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт метро барих гүйцэтгэгчийг 10-12 дугаар сард багтаан сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг нь ирэх оноос эхлүүлнэ гэдэг “зөгнөл”-өөр МАН-ынхны сонгуулийн кампанит ажил үргэлжилж байгаа. Гэвч бодит байдал эл уянгын халилаас тэс өөр. Тодруулбал, Улаанбаатарт метро барих тухай ярьж эхлээд хэдийн 10 сар өнгөрсөн. Энэ хугацаанд амжуулсан ажил нь ердөө л зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг шалгаруулсан явдал. Метро барих төсөлд БНСУ-ын “Dohwa еngi¬neering” тэргүүтэй дөрвөн компанийн түншлэл зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Эдгээр компани ТЭЗҮ-ийг өөрчлөн боловсруулах, нэгдүгээр шугамыг төлөвлөж, дизайныг нь гаргах, метроны зам тавих гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажлыг 75 сарын дотор хэрэгжүүлэхээ мэдээлсэн билээ. Тодруулбал, зөвхөн бичиг цаасны ажил, бас метро барих компанийг шалгаруулахад дээрх хугацааг буюу зургаан жил зарцуулна гэдгийг зөвлөхүүд хэдийн амлачихсан. Гэтэл зургаан жил гэдэг хугацааг нь Х.Нямбаатар ид шидтэй мэтээр 25 дахин ойртуулчихна гээд байгаа юм. Урт цагаанд газар доогуур авто зогсоол барина гэж амлачхаад есөн сарын турш “гацаж” байгаа л хүн шүү дээ. Түүнд “косметик” засвараас илүүг хийж чадах нөөц, хүн хүч, судалгаа тооцооны аль нь ч алга.
М.ОЧ