Базсан цаас мэт болсон төмрийн сэг, зам дээр энд тэндгүй тарж бутарсан машины эд анги, гэмтэж бэртсэн хүмүүс гээд нүд халтирам дүр зураг орон нутгийн замд бишгүй тааралддаг. “Хүний л амь бүү эрсдээсэй” хэмээн залбираад өнгөрөх нь бий. Гэвч харамсалтай нь, хүний амь эндсэн, ноцтой ослуудын ихэнх нь орон нутгийн замд гардгийг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан хэлж байна. Тодруулбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн 13 757 осол ТЦА-нд бүртгэгджээ. Үүний 11 695 нь нийслэлд, 2062 нь орон нутагт гарсан байна. Орон нутагт бүртгэгдсэн ослыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.4 хувиар өссөн гэнэ. Хэдийгээр орон нутгийн ослын тоо Улаанбаатарынхаас ойролцоогоор тав дахин цөөн байгаач хор хохирол нь харьцуулшгүй их. Орон нутагт гарсан ослын ихэнхэд нь хүний амь хохирч, гэмтэж бэртэн, эд хөрөнгө нь сүйддэг байна. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Булган, Өмнөговь, Дорноговь зэрэг аялал жуулчлалын гол бүс нутгуудад зам, тээврийн осол ихээр бүртгэгдэж буй юм.
Орон нутгийн замд гарсан ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотойг ТЦА-ны алба хаагчид хэлсэн. Дүрэмгүй мэт дөргүй зүтгэснээс өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, цаашлаад амийг хохироож, нөхөж баршгүй хохирол учруулж байна. Энэ тухайд ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Б.Энхболд “Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас 247 хүн амиа алдаж, 1800 орчим иргэн гэмтэж бэртжээ. 26 хүүхэд эндсэн байна. Хүний амь хохирсон, ноцтой ослын 76.6 хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ. Осолд өртөж гэмтэж бэртсэн, амиа алдсан жолооч, зорчигчдын 80 гаруй хувь нь хамгаалах бүсгүй замын хөдөлгөөнд оролцож байж. Хамгаалах бүс зүүгээгүйн улмаас шидэгдэх, цонхны шил, эд анги мөргөх зэргээр гэмтэж, эндэх нь бий. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Амь аврах амьдралын алтан гурвалжин” хэмээх нөлөөллийн ажлыг тодорхой хугацаанд зохион байгууллаа. Хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлэх, тэр тусмаа жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг хангах нь бидний гол зорилго байсан. Мөн хориглосон үед гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөлдөх осол түгээмэл гарч байна. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар бол орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах ёстой. Гэвч 100-гаас дээш км/цагийн хурдтай давхидаг. Замын эвдрэл болон өөр бусад саад учрахад хурдтай давхиж явдаг жолооч самбаачилга гаргаж, аюулыг зогсоож хүчирдэггүй. Хэдийгээр иргэд орон нутгийн зам нарийн гэж шүүмжилдэг ч хурд хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж зорчсон тохиолдолд ингэж ноцтой осол гарч, хэдэн зуугаараа хүний амь эрсдэхгүй. Орон нутгийн ихэнх зам эсрэг урсгалтай, хоёр эгнээ байдаг ч ослын шалтгаан нөхцөлийг тодруулахад жолооч нарын буруутай үйлдлээс ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, замаас шалтгаалсан гэдгээс илүү “дүрэмгүй” нөхөд хурд хэтрүүлж, хориглосон газар гүйцэж түрүүлэх гэж дайрах, хамгаалах бүс зүүхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан үедээ жолоогоо барихгүйгээс осол гарч байна гэв. Мөн тэрбээр хөгжингүй улсууд хурдны замаар зорчихдоо хязгаарыг 10 км/цаг-аар бууруулж буйг сонирхуулав. Хурд хэтрүүлэх нь иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал юм. Харин манай улс иргэд орон нутгийн замыг автомашины хаах хүчийг үзэх, өндөр хурдаар “нисэх” боломж мэтээр эндүүрч, уяанаасаа алдуурсан мэтээр аашилдаг. Үүний улмаас замдаа амиа алдагсдын тоо буурахгүй байна. Аймаг, сумынхаа ой, баяр наадамд оролцохоор, эсвэл аав, ээж, ах дүү, үр хүүхдэдээ очихоор замд гарсан иргэд хэзээ ч эргээд ирэхгүйгээр зуурдаар амь алддаг нь харамсалтай. Халаглаад өнгөрөх биш, замд гарахдаа автомашины хаа бүрэн бүтэн байдлыг хангаж уу, зөвшөөрсөн хурдаар зорчиж байна уу, замын хөдөлгөөний дүрмийг баримталдаг уу гэдэгтээ дор бүрнээ анхаарахад илүүдэхгүй биз.
Манай улсад өдгөө 1.5 сая жолооч, 1.3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Жолооч, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам, тээврийн осол, үүнээс үүдэн гэмтэж бэртэж, нас барсан хүний тоо ихсэж буйг албаныхан хэлдэг. Нэг ёсондоо автомашинууд нь зам дээрээ багтахгүй, савнаасаа халиад буй. Зам, тээврийн ноцтой осолтой таарсан иргэд зураг авч, бичлэг хийн, цахим орчинд сэрэмжлүүлэхүүднээс түгээх болсон. Урлаг соёлын болон олны танил эрхмүүдээс эхлээд иргэд орон нутагт гарч буй ослын талаар өөрийн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлж байна. Тухайлбал, жүжигчин Б.Ганчулуун наадмын өмнөхөн золтой л зам, тээврийн осолд өртчихөөгүй талаараа хуваалцжээ. Тэрбээр “Харагдах орчин хязгаарлагдмал, гүйцэж түрүүлж болохгүй гээд гэрлээ анивчуулж, бүр дуут дохио өгөөд байхад “Aqua” маркийн машинтай нэг нөхөр хажуугаар дайраад ороод ирсэн. Гэтэл эсрэг урсгалаас машин гараад ирэв. Тэр машины жолооч бид хоёр тоормос гишгэж, замын хажууруу шахаж зогслоо. Үүний хүчинд өнөөх “Aqua” осол гаргаагүй. Гэтэл зогсохч үгүй, биднээс зугтсан. Араас нь гүйцэж очтол урд суудалдаа настай хүн, ардаа эхнэр болон 3-4 хүүхэд суулгачихсан явж байсан. Хэрэв осол гарсан бол машин нь лааз болохоор байлаа. Яагаад өөрийн болон бусдын амийг бодохгүй байгаа юм бэ” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Иргэд үүнтэй холбоотойгоор санал бодлоо ихээр хуваалцсан байв. Тухайлбал, “Галзуу мэт авирлах хүмүүстэй замд их таардаг. Гүйцэж түрүүлэхдээ зам шахна, албатай юм шиг цагаан шугамд авна, зөрж буй хэрнээ замын нүх тойрох гэж өөдөөс орж ирнэ, урт цуваанд явж байж гүйцэж түрүүлэхийг завдана, өөдөөс нь машин ирэхээр урдуур дайрч орох гэх мэт үйлдлээс болж осол гарч, олон хүн зуурдаар нас барж байна”, “Орон нутгийн замд зогсоол буюу халаас байхгүйн улмаас машинууд эгнээд зогсчихдог. Замын нөхцөл байдлаас шалтгаалж хурдаа тохируулж мэддэггүй. Бүрэнхийд явахдаа гэрлээ шилжүүлдэггүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийг орон нутгийн замд жолооч нар“таг мартчихдаг”. Аль ч тохиолдолд дүрмээ баримталж явбал осол гарахгүй шүү дээ” гэжээ. Мөнөөр нэг иргэн “Замын нөхцөлийг муулахаас өмнө жолооч нараа соёлжуулмаар байна. Хариуцлагатай, хүлээцтэй, ухамсартай жолооч аюулгүй байдлаа үргэлж хангаж явдаг. Хэчнээн дөрвөн эгнээ замтай байлаа ч хазааргүй мэт давхивал эрсдэл гарах нь ойлгомжтой. Ганц болчимгүй үйлдлээс болж насаараа харамсмааргүй байвал дүрмээ баримтал” гэх мэтээр байр сууриа илэрхийлсэн байв.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын улмаас 247 хүн амиа алдаж, 1800 орчим иргэн гэмтэж бэртжээ. 26 хүүхэд эндсэн байна. Хүний амь хохирсон, ноцтой ослын 76,6 хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ.
Өгсүүр, тойрог замд үзэгдэх орчин хязгаарлагддаг. Энэ үед урд яваа машины жолооч арынхдаа “Одоо гүйцэж түрүүлж болноо” гэх дохиог өгч болдог. Өөрөөр хэлбэл, орон нутгийн замд жолооч нар нэгэндээ мэдээлэл өгөх боломжтой. Гэрэл дохиогоо шилжүүлэх зэргээр жолооч нар хоорондоо “ярилцдаг”. Тэрч бүү хэл, нэгэндээ талархсанаа гэрэл, дохиогоор илэрхийлж болдог шүүдээ. Ийм дүрэм, журам байхгүй ч энэ нь замын хөдөлгөөний соёл юм. Нэг хүний хариуцлагатай үйлдэл олон хүний эрүүл мэнд, амийг хамгаалах боломжтой. Гэтэл иргэдийн олонх нь амиа боддог бөгөөд жолооч нар тийм соёл төлөвшөөгүй байна. Орон нутгийн замд хотынхтой адил тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч бий. Хэдэн км/цагийн хурдтай явахыг нь ч тодорхой заагаад өгчихсөн. Гэвч энэ бүхнийг үл ойшоодгоос болж осол гарсаар. Цагдаагийн бараанаар бүсээ бүсэлж, хурдаа хасдаг инээдтэй юм шиг эмгэнэл монголчуудад л тохиолддог байх. Халаасан дахь хэдэн төгрөгөө хайрладаг хэрнээ эрүүл мэнд, эд хөрөнгө, аминдаа хайхрамжгүй ханддаг нь хачирхалтай.
Урин дулааны цагт хөдөөг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэхийн зэрэгцээ зам, даваа үер усанд автаж, осол гарахад нөлөөлж буйг ТЦА-ныхан анхааруулсан. Тухайлбал, сүүлийн хэд хоногт бороо их орсны улмаас Говьсүмбэр, Дорноговь чиглэлийн авто замууд усанд автаж, хөвөө, зорчих хэсэг нь нурсан юм. Нурсан зам, гүүрийг тухайн орон нутгийн автозам, засвар арчлалтын компаниуд хариуцаж буй. Энэ мэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зам, гүүр эвдрэхээс бусад тохиолдолд жолооч нар дүрмээ баримтлан, нэг нэгэндээ хүндэтгэлтэй зорчиж чадвал золгүй ослын тоо буурахыг цагдаагийн байгууллагынхан хэлсэн. Үүнээс гадна автомашинаа хөдөлгөх гэж байгаад үр хүүхдээ дайрч хөнөөсөн харамсалтай явдал гарсаар байгааг алба хаагчид анхааруулсан юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймагт ийм золгүй явдал гарчээ. Өнгөрсөн онд 23 хүүхэд хашаан дотроо, автомашины ойр тоглож байгаад дайруулж амиа алдсан юм. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд эцэг, эхийнхээ автомашиныг жолоодож яваад осол гаргаж, хүний аминд хүрсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд тооцох хариуцлагыг чангатгасны улмаас ийм төрлийн зөрчил буурсныг албаныхан онцлох болсон. Тэгвэл орон нутгийн замд хууль, дүрэм, журмыг баримталдаггүй дураараа нөхдөд тооцох хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага тулгарчээ. Хүний амь хохирсон ноцтой ослууд орон нутгийн замд гарсаар байтал эрх баригчид гар хумхиад суух нь хэр зохистой вэ. Зөвхөн зам, тээврийн ослоор жилд 500 гаруй иргэнээ алдсаар байх нь хэвийн зүйл гэж үү.