-Папиллома вирусийн эсрэг вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулна-
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэж эмч нар хэлдэг. Энэ төрлийн хавдар үүсдэг шалтгааныг дэлхий нийтэд харьцангуй сайн судалсан, хүчин зүйлийг нь тогтоосон гэж дүгнэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдрын 90 орчим хувь нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг болохыг эрдэмтэд баталжээ. 2000 оны эхээр ХБНГУ-ын эрдэмтэн умайн хүзүүний хавдартай хүнд ХПВ гэдэг вирусийн ДНХ илрүүлж чадсанаар Нобелын шагнал хүртсэн. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэх гол хүчин зүйл нь папиллома вирус болохыг нотолжээ. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч А.Эрдэнэжаргал “Умайн хүзүү нь дотор буюу далд байрладаг эрхтэнтэй харьцуулахад харьцангуй ил учраас эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Мөн тамхи татдаг, бэлгийн замын халдвараар өвчилсөн, дааврын өөрчлөлтөд орсон, мэс ажиллавар хийлгэсэн, дархлаа суларсан зэрэг нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэлийг нэмдэг. Гэхдээ эдгээрийн үзүүлэх нөлөө бага” гэв.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ТОВЛОЛД ОРУУЛАВ
Монгол Улс элэг, ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Умайн хүзүүний хавдрын тоогоор Азидаа дөрөвдүгээрт бичигдэж буй. ДЭМБ-аас 2030 он гэхэд умайн хүзүүний хавдрыг устгах зорилт тавьж, өсвөр насны охидын 90 хувийг папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад, 35-45 насны эмэгтэйчүүдийг эл вирусийн шинжилгээнд хамруулахыг уриалаад буй. Одоогоор дэлхийн 177 улс папиллома вирусийн эсрэг вакциныг товлолын дархлаажуулалтад оруулжээ. Харин манай улс хаана явна вэ.
Монгол эмэгтэйчүүдийн дунд элэг, ходоодны дараа буюу гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай улсад жилд 7000 орчим хорт хавдар шинээр илэрдэг. Үүний 500 орчим нь умайн хүзүүнийх. Өнгөрсөн онд ХСҮТ-д умайн хүзүүний хавдрын мэс засал 461, эмийн эмчилгээ 103 хүн хийлгэжээ. Туяа эмчилгээг давхардсан тоогоор 800, химийн хийг давхардсан тоогоор 1006 удаа хийсэн байна. Сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужих болов. 20-30 насны эмэгтэйчүүд эл хавдрын улмаас амиа алдсан тохиолдол цөөнгүй бий. Өвчлөл, нас баралтад нөлөөлж буй гол шалтгаан нь Монгол Улс 2011-2012 онд хийж эхэлсэн папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг зогсоосон явдал гэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй юм. Вакцин эсэргүүцэгч хэсэг хүний ташаа мэдээллээс болж олон эмэгтэй хохирч, цаашлаад эндэж буйг эмч, мэргэжилтнүүд эхнээсээ ярьж, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх болсон. Тухайлбал, 2019 онд Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Цэцэгсайхан тэргүүтэй судлаачид дээрх хугацаанд вакцин хийлгэсэн 10 мянга орчим иргэнд дагах судалгаа хийж, үр дүнг нь олон улсын сэтгүүлд хэвлүүлжээ. Вакцин хийлгэсэн нь эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдраас 75-аас дээш хувиар хамгаалж буйг тогтоосон байна.
Монгол Улс өнгөрсөн оны аравдугаар сард Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулж, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтын нэр, төрөлд оруулсан юм. Тодруулбал, заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа буюу полиомиелит, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс, инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга ордог. Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталснаар товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг уг вакцинд хамруулахаар болсон юм. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа. Тэрбээр “Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад заавал хийх дархлаажуулалтын нэр, төрлийг шинэчилсэн. Ингэснээр 11 настай охид, хөвгүүдэд товлолын дагуу хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийхээр баталлаа. Энэ хүрээнд бэлтгэл ажлаа хангаж байна. Цаашид умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг товлолын дагуу заавал хийнэ. Бэлтгэл ажлыг хангаж дууссаны дараа мэргэжлийн байгууллагууд зөвшилцөж, вакцин хийх хугацаа болон зохион байгуулалтын талаар хэвлэлээр дамжуулан олон нийтэд хүргэнэ. Папиллома вирус эрэгтэй, эмэгтэй ялгаагүй аль, алинд нь халдварладаг. Өвчлөл үүсгэхдээ эмэгтэйд умайн хүзүүний хавдраар илэрдэг. Харин эрэгтэйчүүдэд шулуун гэдэс, шодой зэрэг эрхтэнд хавдар үүсгэж байна. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд тохиолдож буй умайн хүзүүний хавдраас харьцангуй цөөн. Дийлэнх тохиолдол нь умайн хүзүүний хавдраар илэрч буй учраас иргэд зөвхөн энэ төрлийн хавдар үүсгэдэг гэж ташаа ойлгодог. Энэ вирус нь олон төрлийн хавдар үүсгэх эрсдэлтэйг дэлхий дахинд судалж тогтоосон” гэв. Мөн папиллома вирусээс сэргийлэхийн тулд аль болох бага насанд нь вакцинжуулах хэрэгтэй аж. Вакциныг зааврын дагуу хийх юм. 15 хүртэлх насны хүүхдүүдэд хоёр, 15-26 насны охид, эмэгтэйчүүдэд гурван тун вакцин хийх зааварчилгаатай юм байна.
Тэгвэл товлолд хамрагдаагүй буюу 11-ээс бусад насныхан хаана, хэзээ вакцин хийлгэх вэ. Дархлаажуулалтын тухай хуульд зааснаар иргэд сайн дурын вакцинжуулалтад хамрагдаж болно. Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д нэг тун вакциныг 23 000 төгрөгөөр хийж буй. Хэдэн тун вакцин хийлгэхээс шалтгаалан төлөх дүн өөрчлөгдөнө. Тус төвийн 114 тоотод сайн дурын дархлаажуулалтын кабинет ажилладаг. Урьдчилан цаг авахгүй бөгөөд дугаарлах шаардлагатай гэнэ. Вакцин нь эмэгтэйчүүд умайн хүзүү, эрэгтэйчүүд зарим төрлийн хавдар үүсгэдэг вирусээс урт хугацаанд хамгаалахыг О.Дашпагма онцолсон юм. Үндэсний товлолт вакцинд хамрагдах хүүхдүүдийг сайн дураар дархлаажуулах шаардлагагүй гэнэ. Засгийн газраас 11 настай охид, хөвгүүдийг үнэ төлбөргүй вакцинжуулах учраас тэр аж. Харин үүнээс бусад насны охид, хөвгүүд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болохыг дахин сануулахад илүүдэхгүй биз.
18-ААС ДЭЭШ НАСНЫХАН ХАЛДВАР АВСАН, ЭСЭХЭЭ ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛНЭ
Вакцинд үл итгэх итгэл монголчуудын дунд түгээмэл. Тиймдээ ч папиллома вирусийн эсрэг вакциныг хэдэн жилийн өмнө эрс эсэргүүцэж байв. Харин одоо байдал арай дээрджээ. Өөрөөр хэлбэл, эл вирусийн халдварын улмаас умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхисон олон эмэгтэйн ар гэрийнхэн вакциныг эрт эхлүүлэх шаардлагатай талаар ярих болсон юм. Тухайлбал, “Оном” сангийн тэргүүн, биофизикч Д.Наранбаатар өнгөрсөн сард 31 настай дүүгээ умайн хүзүүний хорт хавдраар алдсан талаараа цахим орчинд хуваалцсан. Тэрбээр Монгол Улс 2010-2012 онд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоож, хэрэгжүүлээгүйн улмаас олон эмэгтэй эл өвчний золиос болж, халуун амиа алдаж байгаад харамсан гашуудаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн 2030 он гэхэд Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрыг устгах хөтөлбөр эхлүүлнэ гэж амласан юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд зөвхөн охид биш, хөвгүүдээ ч эл вакцинаар дархлаажуулах болсон. Австрали улс гэхэд зорилтот насныхныг вакцинжуулснаар энэ төрлийн хорт хавдрыг эрс бууруулж, устгах түвшинд хүрсэн байна. Тодруулбал тус улс 12, 13 настай хүүхдүүдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулдаг аж. “Carda¬sil”, “Gervarix” гэх хоёр төрлийн вакциныг 26-гаас доош насныханд хийж буй гэнэ. Ер нь 9-26 хүртэлх насныхныг хамруулахыг зөвлөдөг юм билээ. Харин 26-гаас дээш насныхан эмчтэйгээ зөвлөсний үндсэнд сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болох нь. Тэгвэл манай улсад мөн ялгаагүй 9-26 насныхан папиллома вирусийн эсрэг вакцинд хамрагдах боломжтой. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр төлбөрөө төлж, ХӨСҮТ-д хамрагдах юм. 18-аас дээш насныхан уг вирусийн халдвар авсан, эсэхээ лабораторид шинжлүүлэх шаарлагатай. Вирусгүй тохиолдолд вакцин хийлгэж болно. Харин 18-аас доош насныхан шинжилгээ өгөх шаардлагагүй, зааврын дагуу хамрагдах юм.
Цахим орчинд, ялангуяа ээжүүд охидоо вакцинд хамруулах талаар ам сайтай байна. “Монголд папиллома вирусийн эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамруулахыг хүлээж байлаа. Гэвч чимээ сонсогдоогүй тул нэг жилийн өмнө гадаадаас авчирч охиддоо хийлгэсэн” гэж нэгэн ээж ярив. Уг вирус нь бэлгийн замаар голчлон дамждаг. Тиймээс бэлгийн харилцаанд орохоосоо өмнө вакцин хийлгэхийг бусдадаа зөвлөсөн хүн цөөнгүй харагдсан. Сайн дураараа шинжилгээ өгч, нөхөртэйгөө хамт вакцин хийлгэх нь үр дүнтэйг ч хэлж байв. Үүний зэрэгцээ вакцинд хүүхдээ хамруулахгүй гэх хүн мэр сэр таарсан. “Үхэлд хүргэх аюултай” гэж эрс эсэргүүцэх нэгэн ч байлаа. “Сэргийлэх боломжтой. Эрт үед илрүүлбэл төгс эмчлэгддэг хавдар” хэмээн тодорхойлдог умайн хүзүүний хорт хавдраас ангид байх боломж бидний гарт бий. Үүнд цааргалах шалтгаан байгаа гэжүү.