Гар утсаараа ярих, дуудлагад хариу өгөх хүсэлгүй болох нь сэтгэл зүйн нэг асуудал байж мэдэх нь. Олон хүн гар утасныхаа дуунаас цочдог, ярихаас тавгүйрхдэг мессежээр харилцах нь илүү амар гэж цахим орчинд бичих боллоо. Цахимаар харилцах нь тэдэнд илүү хялбар төдийгүй албан ёсны хариу өгөх боломжтойгоороо давуу талтай гэнэ. Утсаар шууд харилцахад тулгамдах хүн цөөнгүй. Стресс бухимдал ч ийм байдалд хүргэдэг талаар сэтгэл зүйчид хэлж байна. Хүмүүс амар амгалан, сэтгэл тайван байхыг илүүд үзэх болсны нэг илрэл ч байж болох юм. Гэтэл манай улс иргэдээ ийм орчин нөхцөлд амьдруулж байна уу.
Өглөө сэрэхэд л зам хаахаас эхлээд өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйлс иргэдийг ихэд бухимдуулдаг. Сэтгэцийн хувьд эрүүл, эсэх нь мэдэгдэхгүй хүмүүс элдэв төрлийн мэдээлэл цацаж, түүнийг нь шүүлтүүргүйгээр түгээгсэд олширч буйд халаглах хүн цөөнгүй. Сэтгэцийн эрүүл мэнд махан бие шиг сульдаж, доройтдогийг хүмүүс мэддэг ч санаа тавьж, эмчилдэг нь тун ховор. Гэтэл стресс бухимдлаа тайлахгүй, нойр, хоолоо зөв зохицуулахгүй, сэтгэл гутарч явсаар тэр нь эмгэг хэлбэрт шилждэг ажээ. Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд сэтгэцийн ба зан төрхийн эмгэг (өвчний олон улсын ангилал болох F00-F99)-ээр 35 815 хүн өвчилсөн гэх тоон мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэллээ. Тэдний 18 293 нь эрэгтэй аж. Энэ өвчин бага насныханд хүртэл ажиглагдах болжээ. Тодруулбал, 1-19 хүртэлх насны 6622 хүүхэд эл эмгэгээр оношлогдсон байна.
Z, ALPHA ҮЕИЙНХЭН НИЙГМИЙН СТРЕССТ ӨРТӨХ НЬ ТҮГЭЭМЭЛ
Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд сэтгэцийн 179 эмч ажиллаж буй гэсэн статистик бий. Баг, өрх, тосгон, сумын эмнэлэгт сэтгэцийн эмч байхгүй. Аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд л тэд ажилладаг аж. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн тоон мэдээнээс үзэхэд ганцхан сувилал л сэтгэцийн эмчтэй байх юм. Эрүүл мэндийн байгууллагаас бусад салбарт сэтгэцийн таван эмч бий бөгөөд нийт 184 хүн эл мэргэжлээр ажилладаг гэх мэдээлэл байна. Манай улсад нэг жилд сэтгэцийн эмгэгээр өвчилж буй хүний тоотой харьцуулбал 200 хүнд нэг эмч ногдож буй. Гэхдээ эдгээр эмчээс хэд нь ажлаа үргэлжлүүлж буй, эсэхийг таашгүй. Сэтгэл засалч эмч, тархи судлаач М.Далайцэрэн “Сэтгэл зүйн тулгамдсан асуудал нь сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, дасан зохицох чадвар алдагдах, нийгмийн харилцаанд хэвийн, тогтвортой оролцож чадахгүй, ганцаараа байх, нойр болон бие махбод хямрах зэрэг олон төрлөөр илэрдэг.
Гэхдээ энэ нь “биежиж” сэтгэцийн эмгэг болсон гэсэн үг биш. 10 жилийн өмнөх судалгаагаар манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байсан. Сүүлийн жилүүдэд миний харж байгаагаар Z, alpha үеийнхэн нийгмийн стресст өртөх нь түгээмэл болжээ. Гэр бүлийнхэн болон нийгмээс тавьж буй хүлээлт, шаардлага өндөр байгаатай холбоотойгоор сэтгэл зүйн асуудлуудтай илүү тулгарч байна. Сүүлийн үеийн судалгаануудад ч энэ талаар их хөндөх болсон. Сэтгэц болон сэтгэл засалч эмч болохын тулд дор хаяж 10 жил сурч боловсрох, дадлагажих шаардлагатай байдаг. Энэ нь эрүүл мэндийн салбарт сэтгэцийн эмч хомсдох нэг шалтгаан болдог. Монголд эрүүл мэндийн тогтолцоо төрөөс хамааралтай. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс хамаарч буй нь эмч нарын аж амьдрал хаягдах, санхүүгийн хямралд өртөхөд нөлөөлж байна. Хүний эрүүл мэнд, амь хамгийн үнэ цэнэтэй. Гэтэл үүнийг төрөөс халамжилж, үнэгүй болгосноор иргэд эрүүл мэндээ үл хайхрах, хариуцлагагүй хандахад хүргэдэг гэж боддог. Сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд салшгүй холбоотой. Тиймээс хүн эрүүл мэндээ хайрлаж, гамнана гэхээс биш, мөнгө, эд баялаг шиг өсгөж үржүүлэх боломжгүй шүү дээ” гэв.
Тэрбээр Итали улсад тархи, сэтгэл судлалаар сурч буй. Өмнө нь дүүргийн эмнэлэгт мэргэжлээрээ гурван жил ажиллажээ. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай буюу түр хугацаагаар сэтгэл зүй ньхямарсан болон сэтгэц, зан үйлийн эмгэгтэй хүмүүс голчлон үйлчлүүлдэг байсан гэнэ. Тэдний сэтгэлийг засаж, зөвлөхийн зэрэгцээ эмийн эмчилгээг хослуулдаг байжээ. Монголчуудын хувьд нийгмийн стресс бухимдал их, үүнийгээ тайлах, тайвшрах арга барилд суралцаагүй, сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, боловсрол сул байгаатай холбоотойгоор сэтгэл түгших буюу стрессийн гаралтай эмгэгүүд хамгийн их тархсаныг тэрбээр хэлсэн юм. Мөн сэтгэл засалчид хандах олон шалтгаан бийг онцолсон. Тухайлбал, хүн өөртөө сэтгэл ханамжгүй, нийгмийн харилцаанд чөлөөтэй орж чадахгүй, хүмүүстэй таарч тохирохгүй, дасан зохицохгүй, сэтгэл зүйтэй холбоотой биеийн эрүүл мэндийн асуудал үүсэж, таагүй санагдах үедээ заавал мэргэжлийн эмчид хандаж, тусламж, үйлчилгээ авахыг зөвлөсөн билээ. Өвдсөн хойно нь бус, урьдчилан сэргийлж зөвлөгөө авах, амьдралын хэв маяг, сэтгэл зүйгээ дэмжихийн тулд сэтгэл засалчтай холбогдох нь чухал болохыг дурдсан юм.
АНХААРЛЫН ГАДНА ҮЛДСЭН АСУУДАЛ
Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ). Энэ нь иргэдийн хэлж заншсанаар “Шар хадны” гэх тодотголтой эмнэлэг бөгөөд галзуу, солиотой хүн л эмчлүүлдэг гэх ойлголт олон нийтийн дунд одоо ч байсаар. Иргэдийн олонх нь сэтгэцийн эрүүл мэндийн талаар ойлголт, мэдээлэлгүй байгаа учраас хаанаас ямар тусламж, үйлчилгээ авахаа мэддэггүйг эмч нар хэлдэг. Тус эмнэлэгт ойролцоогоор 500 орчим хүн ажилладаг гэнэ. Тэдний хэд нь сэтгэцийн эмч болохыг СЭМҮТ-ийнхнөөс тодруулсан ч хариу өгөхөөс татгалзсан юм. Тус төвийн ерөнхий болон дэд захирал, статистик хариуцсан эмч, хэвлэлийн төлөөлөгчид хандаж, эмнэлгийн үйл ажиллагааны талаар тодруулахыг хүссэн боловч “Хуралтай байна”, “Хөдөө ажлаар явж байна”, “Эргээд холбогдъё” гэх мэтээр булзааруулж, хариулт өгөхийг хүссэнгүй. Тус төвийн үйл ажиллагаа улсын нууц биш байлтай.
Саяхан СЭМҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Алтанзулаар ахлуулсан зарим ажилтан цалин, төсөвтэй холбоотой асуудлаар олон нийтэд хандсан нь багагүй шуугиан тарьсан. Тэд шөнийн ээлжид ажилласан 210 хүний цалинг дутуу бодож, олгосон талаар мэдээлэл өгсөн юм. Нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн нөхөн олговор шаардаж буйгаа ч хэвлэлээр дамжуулан эмнэлгийн удирдлагадаа уламжилсан билээ. Үүнээс улбаатайгаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж, тус эмнэлгийн зарим албан тушаалтанд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгааг ч дуулгасан. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна хэмээн шүгэл үлээсэн ажилтнуудыг удирдлагын зүгээс дарамтлах болсныг ч учирласан юм. Ажилтнуудынхаа цалинг дутуу олгож буй шалтгаанаа “Төсөв байхгүй” гэж тайлбарладаг гэх. Энэ мэт асуудлаас шалтгаалаад тус эмнэлгийнхэн хэвлэлд “харшилтай” болсон гэлтэй.
СЭТГЭЦИЙН ЭМЧИЙН ТООГ ХОЁР ДАХИН НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
Төрийн өмчийн бүх эмнэлэг гүйцэтгэлээр буюу тусламж, үйлчилгээний тоо, чанарын үзүүлэлтээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй. Өнгөрсөн онд СЭМҮТ-д 15.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгожээ. Ийм хэмжээний төсөв нь тус эмнэлгийнхэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хангалттай, эсэхэд хариулт өгөх хүн олдсонгүй. Улсын бусад эмнэлэгтэй харьцуулахад тус эмнэлэг хотын төвөөс нэлээд зайтай байрладаг. Эмнэлгийн дотоод үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээий хүртээмжийн талаарх мэдээлэл нь нээлттэй биш. Удаан хугацаанд сэтгэцийн эмгэг үүсгэдэг сэтгэл гутрал, нойргүйдэл, архи, тамхи, мансууруулах бодис, донтох эмгэгээс хэрхэн салах, ямар эмчилгээ шаардлагатай талаар иргэд төдийлөн мэдэхгүй байна. Өвчин нь даамжирсан үедээ л тус эмнэлэгт ханддаг аж. Мэргэжлийн эмчид үзүүлж, сэтгэлээ анагаах бус, лам, бөөгөөс асуух, иог, бясалгал хийх зэргээр өнгөц ханддагийг СЭМҮТ-ийн эмч нар хэлдэг юм. Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тэлэх, иргэдэд зөв мэдээлэл олгох гол үүргийг тус төвийнхөн хүлээж буй. Гэтэл СЭМҮТ-ийнхөн урдах ажилдаа түүртэж, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг орхигдуулж буй нь нууц биш. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар тус төвийнхнийг хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэж үздэг. Сэтгэцийн хувьд эрүүл биш хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдэг мэдээж амаргүй. Ажлын ачаалал, цалин мөнгөний асуудлаас болж эмч нар халширч, хувиараа зөвлөгөө өгөхийг илүүд үзэх болжээ. Сэтгэл засалч эмч цахимаар зөвлөгөө өгөхөд нэг цаг нь дунджаар 120 мянган төгрөг аж.
Хэдийгээр ажлын нөхцөл хүнд ч зөв менежментээр асуудлыг шийдэж болохоор. Гэвч тус эмнэлэгтэй холбоотой гомдол, санал байсхийгээд л гардаг. Хүний эрхийн үндэсний комиссоос СЭМҮТ-д хяналт, шалтгалт хийсэн талаараа өнгөрсөн гуравдугаар сард олон нийтэд мэдээлсэн билээ. Тус төвийн нийт албан хаагч болон эмчлүүлэгч нартай холбоотой хүний эрхийн тодорхой асуудлууд хөндөгдсөн байна. Тухайлбал, эмнэлгийн удирдлагын хүрээнд шийдвэрлэх боломжгүй зарим асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилсан талаар ХЭҮК-оос мэдээлсэн. Мөн СЭМҮТ-ийн эмч, ажилтнуудад сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх зөвлөмж хүргүүлжээ. Үүнийг салбарын сайд нь анхаарч үзсэн болов уу.
Тус эмнэлгийн төсөв маш чамлалттай байдгийг удирдлагууд нь ярьсаар ирсэн. Хөрөнгө, төсөв муутайгаас олныг хамруулсан сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлж чаддаггүй гэж тайлбарладаг. СЭМҮТ-д мэргэжилтнүүд дутагдалтай бөгөөд ялангуяа сувилагч эрэлттэй хэвээр буй аж. Сэтгэцийн эмчийн тоог багаар бодоход хоёр дахин нэмэх буюу 300-д хүргэснээр тусламж, үйлчилгээ сайжрах гэнэ. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг улсын хэмжээнд нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэйг эмч нар хэлсэн. Дор хаяж 10 мянган хүнийг хамруулснаар судалгааны үр дүн бодитой гарах аж. Үүнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Ийм хэмжээний мөнгийг шийдвэрлэхэд салбарын яам, холбогдох байгууллагынхан нь гар татаад баймгүй санагдана. Хүн амын дунд сэтгэцийн асуудал эмгэг түвшинд хүрсэн, эсэхийг судалгаагаар тогтоож байж л бодит үр дүн гарах аж. Гэтэл бид арван жилийн өмнөх хэдэн тоотой л сууж байна. Судалгааны дүн мэдээлэлд үндэслэн дараагийн алхмаа тодорхойлох шаардлага үүсжээ. Түүнээс биш хотын захад хэдэн байшин нэмж бариад сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдчихгүй аж.