- Хүүхдүүдийн хамгийн дургүй хичээл нь монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг –
Удахгүй болох их, дээд сургуульд элсэх шалгалтдаа чөлөө завгүй бэлтгэх өсвөр үеийнхэн, уншиж, бичиж, нэмж, хасаж сурсандаа баяр нь бялхаж, том давааны ард гараад буй зургаан настнууд, эцэг, эхчүүд, уул шиг бичиг, цаасаа эмхэлж, дүнгээ “өрөх” багш нарын хувьд сэтгэл тэнийж, завсарлага авах үе ирээд байна. Сүүлийн жилүүдэд манай улс олон салбартаа хөндлөнгийн зүгээс дүн тавиулаад буй. Тэдний нэг нь сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээ. “Математик, физик л амьдралд хэрэгтэй. Дуу хөгжим, уран зохиол, дүрслэх урлагийн хичээлийг ер нь заахгүй байхад ч яах вэ дээ” хэмээн ярилцах эцэг, эхчүүд байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цөөлөх сураг өнгөрөгч сард дуулдах төдийд дээрх хичээлүүд толгой дарсан.
Үүнээс өмнө монгол сурагчдын сурсан мэдлэгээ амьдралд ашиглах чадварыг үнэлсэн PISA үнэлгээний дүнг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард танилцуулсныг уншигч та бүхэн санаж буй байх. Зөвхөн унших чадварын хувьд л Монгол Улсын 15 настнууд олон улсын дунджаас тав орчим жил, Азийн дунджаас 2.5 жилээр хоцорч буй хэмээсэн. Тиймээс энэ удаад унших, уншаад ойлгох, өөрийгөө илэрхийлэх, зөв цэгцтэй найруулан бичих чадвар дутмаг байдлыг хөндөж, шийдлийг эрэлхийлэхийг зорилоо.
PISA бол математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулгаар зохион байгуулдаг, сурагчдын мэдлэгээ практикт ашиглах чадварыг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. 2000 оноос хойш өнөөг хүртэл гурван жил тутамд уг үнэлгээг хийж байна. Энэхүү үнэлгээнд манай улс 2022 онд анх удаа хамрагдаж, өнгөрөгч арванхоёрдугаар сард үнэлгээгээ олон нийтэд танилцуулсан. Үүнд 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдсан бөгөөд монгол сурагчдын 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэх дүн гарсан нь анхаарал татсан юм. Гурван сурагчийн хоёр нь гэсэн үг шүү дээ. PISA-гийн дүн Монгол Улсын боловсролын чанарыг олон улсад тодорхойлсон нь үнэн. Хичээлийн үеэр багшийн ярьсныг эргүүлэн хариулж, ганц сонголттой тест бөглөж явсныг A дүнгээр оноожуулдаг нь зохимжтой байсан, эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн уран зохиол, монгол хэл, үндэсний бичиг хичээлийг нэг багш “базаж” ордгийг шүүмжлэх хүн олон. Гэхдээ аль нь ч бай дээрх судалгааны дүн бол монгол сурагчид эргэцүүлэхгүй байна хэмээх дүгнэлтэд хүргээд буй.
БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нэгэн ярилцлагадаа “Унших чадвар нь математик, байгалийн ухааны гүйцэтгэлд нөлөөлдгийг нотолсон. Унших чадварын оноо нэгээр нэмэгдэхэд математикийн оноо 14-өөр дээшилдэг. Унших чадвараа сайжруулбал математик, байгалийн ухааны гүйцэтгэлийн оноо автоматаар шахам сайжрах боломжтой” хэмээн дурдаж байв.
Унших чадвар сул гэдэг нь уншиж чадахгүй бус, харин уншсанаа ойлгохгүй байгаа явдал юм. Хэдийгээр энэ нь боловсролын системийг бүхэлд нь үнэлчихсэн зүйл биш ч дотоодын суурь боловсролыг олон улсынхтай харьцуулсан өнгө төрх яалт ч үгүй мөн. Харин уран зохиолын хичээл бол энэ бүхний суурь, бичгийн боловсролтой хувь хүн бүрэлдэх үүдэл гэж хэлж болно. Гэтэл уг хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, үндэсний бичгийн далбаан дор хавсарга байдлаар, нэр төдий заадаг нь нууц биш. Дэлхийн сонгодог зохиолуудыг 4-5 нүүрэнд хураангуйлчихсан байдлаар, хавсарга төдий заадгаас үүдэн сурагчид эл хичээлд ач холбогдол өгөхөө больсон.
“Боловсролын шинэ сэргэлт” чуулган өнгөрөгч онд болох үеэр “2030 он хүртэл багш мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төр 100 хувь даана” хэмээн зарласан. Ингэснээр багш мэргэжлээр суралцах оюутнуудын тоо нэмэгдэнэ гэж таамаглаж болох. Гэвч урт хугацаандаа чанаргүй, муу сурлагатан багш олноороо бэлтгэгдэх эхлэл байж болзошгүй. Тиймээс уран зохиолын хичээл хэрэггүй гэж чичлэхээс өмнө түүнд бэлтгэгдэх боловсон хүчин, сургалтын системийн агуулгадаа анхаарах болсныг сануулж байна. Сонгодог урлаг, уран зураг, дуу хөгжим нь алсдаа хүнд гоо зүй, ёс зүйн үнэлэмж суулгадаг. Ном бүтээл уншаад эргэцүүлэх, ойлгох, тайлбарлах, дүгнэлт хийх ур чадвар нь орчин үеийн иргэншсэн хүний зүй ёсны шаардлага болоод буй билээ.
Энэ талаар утга зохиол судлаач Я.Баяраа “Олон нийт хичээлийг чухал, чухал биш гэж ялгах их дуртай. Энэ нь зөвхөн уран зохиолд байгаа юм биш. Гэвч ийм ялгаварласан сэтгэхүй нь олон талт бус, өрөөл татанхай мэдлэгтэй хүнийг бүрдүүлж, танин мэдэхүйг хязгаарлаж байна. Бүх төрлийн мэдлэг чухал. Уран зохиолын багш бэлтгэх, боловсрол олгох хоёр тэр чигтээ “унасан” нь үнэн. Уг хичээлийг заах багшаас тусгай ур чадвар шаардаж, босго тавьдаггүй. Англи хэлний түвшин тогтоох TOEFL шиг монгол хэлний ийм шалгалт авбал бүгд унана шүү дээ. Өргөдөл бичих чадваргүй, фэйсбүүкт хэрүүл л хийж чадах мессежний хэлтэй хүмүүс олширсон. Бид багаасаа л боловсрол эзэмшихийг албадлага гэж ойлгосонтой холбоотой болов уу. Уншаад ойлгох, зөв цэгцтэй найруулан бичих чадвар сул байгаад хүүхдүүд буруугүй. Хүүхдийг буруутгахаас өмнө сургалтын системд ямар алдаа дутагдал байгааг харж, учир шалтгаанд анхаарлаа хандуулах нь зүй. Нэг их мэдэгчийн үгээр бус, үндэсний хэмжээнд системээ өөрчилж, хэл зүйн эрдэмтэд уг асуудалд анхаарах нь чухал” хэмээсэн юм.
Түүнчлэн нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Л.Мөнгөнцоож “Хүүхдүүдэд “Хамгийн дургүй гурван хичээлээ нэрлэ” гэвэл монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг гэнэ. Гэтэл эдгээр нь хоорондоо нягт холбоотой. Дөнгөж зургаадугаар ангиас л уран зохиолын хичээлийг зааж байгаа нь учир дутагдалтай. Бага ангиас утга зохиолын боловсрол олгох нь зөв санагддаг. Учир нь энэ үед хүүхдүүд номоос залхсан, эх зохиолыг бүрэн эхээр нь унших чадвар сул байх нь элбэг. Сурах бичигт эх зохиол бүрэн эхээрээ байдаггүй нь бас нэг асуудал. “Монголын нууц товчоо”-г уншаад, номын тэмдэглэл хийх даалгавар өгөхөд хүүхдүүд бусад эх сурвалж дээр байгаа хураангуйг хуулаад ирдэг. Тиймээс уран зохиолын хичээлийн агуулгад дурддаг зохиолуудыг бүрэн эхээрээ багтаасан цахим номын фонд бүрдүүлбэл тун зүгээр юм. Нэг үеэ бодвол хүүхдүүдийн ном унших сонирхол ихсэж, уншихад шимтэх болсон. Нэг сурагч маань “Ном унших гэхээр гэрийнхэн гэрлээ унтраа гэж загнадаг” гэж байсан. Хүүхэд ном уншиж сурах үүдэл шалтгаан бол эцэг, эхийн нөлөө, орчин юм. Уран зохиолын хичээлд ногдох цаг улам багассаар байгаа энэ үед хүүхдийн унших арга барилд тохирсон арга зүйд суралцах хэрэгтэй” гэв.
Боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв “Хэл бол нийгмийн харилцаа, сэтгэн бодох дараалал. Нийгмийн харилцааны хэлд суурилж шинжлэх ухааны хэлийг ойлгодог. Математикт унших гэдэг нь тэмдэгтээ танихын нэр. Физикт ч мөн адил. Бага ангид хүүхдийн уншаад ойлгож байгаад нь бус, минутад хэдэн үг уншиж байгаад л анхаарлаа хандуулдаг. Боловсрол олгохдоо агуулга биш, хэлбэр талаас нь анхаарч ирсэн. Монгол хэлний хичээл хэт дүрэмзүйжсэн. Тиймээс хүүхдүүд хичээлүүдээ боддог, бичдэг, уншдаг гэж ялгадаг талтай. Гэхдээ хэлний цаана туршлага бий. Бүх хичээлийн суурь нь эх хэл учир нийт хичээлийн агуулгыг интеграцчилсан байдлаар холбох нь зөв. Ингэснээр эх хэлнийхээ ур чадварыг бусад хичээлтэйгээ холбох чадвартай болно” хэмээв.
Хэрэггүй хичээл гэж байхгүй. Харин ямар ч хичээлд шүүн тунгаах, эргэцүүлэх, уншаад ойлгох ур чадварыг дам дамаар олгодог болох нь чухал болоод байна. PISA-гаар тогтохгүй олон судалгаа манай улсын боловсролын системд дүн тавиад буй. Үүнээс бидэнд реформ хийх хангалттай дата бүрэлдсэн. Боловсролын хоцрогдол бол хөгжлийн хоцрогдол. Муугаа нуух биш, үүнтэйгээ нүүр тулж, шийдэх үе иржээ.
Бэлтгэсэн Д.Хүсэл