“Цагаан сар болбол түгжрэх байх, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлая. Хичээлийн шинэ жил эхлэх нь, бас л тэгш, сондгойгоор хязгаарлахаас өөр аргагүй гэж байна. Эсвэл хэдэн хүн утсаар яриад, “Зайсангийн замын урсгалыг өөрчилчихвөл түгжрэл буурна” гэхээр түүнийх нь дагуу шийдчихдэг. Хэд хоногийн дараа иргэд бухимдаад эхлэхээр цуцална. Төр ийм байхаар ард түмэн эргэлзэнэ шүү дээ. Төрийн шийдвэр оновчгүй, тогтворгүй, байгаа онодоггүй нь big data (их мэдээлэл), шинжлэх ухаанч тооцоололд суурилдаггүйтэй холбоотой”. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ийнхүү ярьжээ. Энэ бол манай улсын бодит байдал, зугтах аргагүй үнэн нь юм.
ТӨРД БУЙ ИХ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАДАГГҮЙ
Бид хиймэл оюун ухааны, цахим эринд амьдарч байна. Ямар ч байгууллагад асар их тоо баримт, мэдээлэл цаг, минут, секунд тутамд цуглардаг болсон. Ийм их мэдээллийг эрэмбэлж, боловсруулж, ангилж цэгцлэн, дүгнэж шинжлээд, хэрэгтэйг нь шүүн авч, ашигтай, оновчтой шийдвэр гаргахад туслах боломжийг дата аналист буюу өгөгдлийн шинжээчид бүрдүүлдэг. Их мэдээлэлд тулгуурлан хамгийн зөв, ашигтай шийдвэрүүдийг бага зардлаар гаргахад туслах нь өгөгдлийн шинжээчдийн үүрэг.
Олон улсад нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчин, шинжлэх ухаан гээд бүх салбарт өгөгдлийн шинжээчид ажиллаж буй. Тэр байтугай аль ч байгууллагын үйл ажиллагааг тэднээс салган ойлгох аргагүй болсон. Гэтэл Монголд ямар ч асуудлыг судалгаа, тооцоогүйгээр маш бүдүүлгээр шийдэх гэж хүч түрдэг хэвээрээ. Уг нь манай төрд маш их мэдээлэл бий. Товчхондоо, Монголын хамгийн их мэдээлэлтэй газар гэсэн үг. Гэтэл тэрийг ашиглаж шийдвэр гаргахад нь тусалдаг өгөгдлийн шинжээчид төрд байдаггүй. Тиймээс л иргэд бид хэн нэгэн даргын таамгаараа, сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэрийн золиос болсоор байна.
Жишээ нь, тээврийн цагдаагийн байгууллага 120 мянгатын уулзвараас хойш Төв шуудан, Хан-Уул дүүрэг дэх “E-mart” худалдааны төвөөс “Шангри-Ла” хүртэлх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчилсөн нь олон хүнийг бухимдуулах шалтгаан болсон юм. Үүнээс шалтгаалж өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд төв талбайгаас Зайсанг чиглэсэн замын хөдөлгөөн тэг зогсож байсан билээ. Хамгийн гол нь байгаль, цаг уурын хүчин зүйл, иргэдийн буруугаас ийм асуудал үүссэнгүй. Харин Тээврийн цагдаагийн албаныхан судалгаа, тооцоо хийгээгүйгээс зохиомол түгжрэл үүссэн юм. Авто замуудад хяналтын камер бий учраас автомашины хөдөлгөөний мэдээлэл төрд хангалттай цуглардаг. Харамсалтай нь, албаныхан тэрхүү мэдээллийг торгууль тавихдаа л ашиглаад, харин шийдвэр гаргахдаа тоодоггүй.
МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ МЭДЛЭГ БАЙХГҮЙ
Мэдээлэл, мэдлэг ашиглаж асуудлыг шийдэх түвшний удирдлага Монголд дутагдаад байгааг мэргэжлийн хүмүүс ч ярьдаг. Тодруулбал, Монголд интернэт анх нэвтрүүлсэн гэгддэг, “Датаком”-ын үүсгэн байгуулагч гэдгээр нь олон нийт сайн мэдэх Д.Энхбат “Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудлуудыг шийдмээр байдаг. Гэтэл мэдээлэлтэй ажиллаж чаддаг, мэдлэг ашиглаж шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргадаг түвшний мэргэжилтэн, удирдлага Монголд байхгүй. Ний нуугүй хэлэхэд, сонгуулиар мэдлэгтэй, чадвартай хүнийг сонгогддоггүй. Мөнгөтэй хүн л гардаг. Яагаад гэвэл иргэд мөнгөтэй хүн л асуудлыг шийдчихнэ гэж ойлгодог. Гэтэл мөнгө байгаад ч тулгамдсан асуудлуудаа шийдэж чаддаггүй биз дээ. Би мөнгөтэй байлаа ч онгоц жолоодож чадахгүйтэй адил. Монголын хувьд нэг талаас их мэдээлэл нь бий боловч нөгөө талаас тэрийг хэрэглэж чаддаг төрийн, хувийн хэвшлийн институц, тогтолцоо нь байхгүй. Аль ч түвшинд мэдлэг ашиглаж шийдвэр гаргаж мэддэггүй” гэсэн нь бий.
Салбарын сайд Н.Учрал ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу 970 000 мэдээллийг shilen.gov.mn сайтад оруулж, олон нийтэд нээлттэй байршуулсан. Гэтэл үүний дараа хэдхэн улс төрчийн хүүхэд зээл авсныг яриад өнгөрлөө. Харамсалтай нь, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвар бидэнд алга. Төр их өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргахын тулд их мэдээллээ боловсруулах ёстой. Цаашдаа Монголын төр дэлхийн жишгээс хоцорч болохгүй. Тиймээс их мэдээллийг хэрхэн ашиглахыг мэддэг хүний нөөц хэрэгтэй болж байгаа юм” гэжээ.
ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛ БИШ
Дэлхийн эдийн засгийн форумын “Ирээдүйн ажлын байр-2023” тайланд 2027 он хүртэл хамгийн их эрэлттэй байх ажил, мэргэжлийн талаар дурджээ. Уг тайланд онцолсноор бол дэлхий нийтэд ойрын таван жилд өгөгдлийн шинжээч хамгийн эрэлт, хэрэгцээтэй байх аж. Харин манайд энэ ажил, мэргэжил төдийлөн танигдаагүй. “Оюутолгой”, MCS зэрэг томоохон компани л өгөгдлийн шинжээч ажиллуулдаг юм байна. Гэтэл төр засгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс нь эл мэргэжлийн үнэ цэнийг ойлгож амжаа ч үгүй явна. Учир нь Засгийн газраас ердөө жил гаруйн өмнө гаргасан Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай тогтоолд үүний талаар дурдаагүй. Тодруулбал, уг тогтоолын хавсралт дахь эрэлттэй 38 мэргэжлийн жагсаалтад өгөгдлийн шинжээч байхгүй.
Шинэ технологийн эринд бид хуучнаараа амьдраад байна гэсэн үг. Ялангуяа төрийн шийдвэрийг “хар” таамаг, тэнэг зоригоороо гаргасаар байна. Уг нь Засгийн газраасаа эхлээд төрийн дээд, дунд, доод шатанд “Цахим шилжилт хийлээ” гэж ярьсаар л байгаа. Бас цахим шилжилтээ амжилттай хийж буй талаарх сурталчилгаа, пиараа улиг болтол давтсаар л. Гэвч төр орчин үеийн аргаар шийдвэр гаргаж чадахгүй болохоор л цахим шилжилт нь үлгэр шиг санагдаад байгаа юм.
Жишээ нь, нэг өглөө сэрэхэд автомашиныг тэгш, сондгой дугаараар хязгаарлачихдаг, эсвэл зам хаачихсан байдаг хот шүү дээ, Улаанбаатар. Ямар ч мэдээлэл, судалгаагүйгээр иргэдээ туршилтад оруулдаг ийм жишээ захаас аваад бий. Албаныхан төлөвлөгөө, тооцоо, судалгаагүйгээр цочир шийдвэр гаргаж, түүнийх нь горыг иргэд л амссан жишээ өчнөөн байна. Хотын дарга Х.Нямбаатарын онцлох бүтэлгүйтлийн нэг буюу нийтийн тээврийн дахин төлөвлөлтийг энд дурдаж болно. Шинэчлэл нэгтэй уг будилааныг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-21-нд буюу амралтын хоёрхон өдөрт хэрэгжүүлэхэд л иргэд бие махбод, сэтгэл зүйн хувьд их дарамтад орж, бухимдсан. Ямар сайндаа л хотын удирдлага тухайн үед шөнийн цагаар хэвлэлийн хурал зарлан, шийдвэрээ цуцалж буйгаа мэдэгдэх вэ дээ. Уг нь нийтийн тээврийн мэдээлэл төрд хангалттай бий. Иргэд өдөр тутам автобусаар зорчихдоо картаа уншуулж, тэр хэрээр мэдээлэл цугларч байгаа. Тэдгээрт тулгуурлаад аль чиглэлийг өөрчлөх, эсвэл нэмэх, хасахыг оновчтой шийдэх боломж албаныханд уг нь байсан ч түүнийг ашиглаж чадаагүй. Мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах байтугай автобусны маршрутаа ч ойлгомжтойгоор хэвлэчихгүй байна шүү дээ.
ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ
“Технологи ойлгодог залуус төрд олон болоосой. Аль нам нь ч хамаагүй, УИХ-д 126 хүн сонгоход тоон хэлтэй, шинжлэх ухаанч шийдэлтэй залуус олноор орж ирээсэй гэж хүсэж байна. Тоон хэлээр ярьдаг, ойлголцдог ядаж 10-20 хүнтэй болчхоосой” гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ярьсан юм. Гэвч ирэх сонгуулийн үр дүнд ийм боломж бүрдэх, эсэх нь тун бүрхэг. Тухайлбал, эрх баригч намаас сонгуульд “сойх”-оо зарласан 126 хүний дунд өгөгдлийн шинжээч алга. “Салбар бүрийн төлөөллийг багтаасан, үнэхээр оновчтой хүмүүсийг сонгожээ” гэж хүмүүсээр бялууртал магтуулсан жагсаалтад нь ч ийм мэргэжлийн хүн байхгүй. Ядаж мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, ажилласан туршлагатай хүн байна уу гээд харвал жагсаалтад багтсан болон тойрогт өрсөлдөх тус бүр хоёр, нийт дөрвөн горилогч л бий. 126-гийн дотор дөрвөн хүн гэдэг нь чамлахаар тоо биш гэж үү.
Эрх баригчдаас бусад нам, эвслийн тухайд ч ялгаа төдийлөн харагдахгүй байна. Жишээ нь, гишүүд нь мэдлэг, боловсрол өндөр гэдгээрээ бусад намаас ялгардаг ХҮН-ийхний тухайд ч нэр дэвшүүлэхээр зарласан хүмүүсийнх нь дунд өгөгдлийн шинжээч байхгүй. Харин тус намаас нэр дэвшүүлэхээр зарласан хүмүүсийн 10 гаруй нь мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэн, тухайн чиглэлээрээ ажилласан туршлагатай юм билээ. Үндэсний эвслийн хувьд мэдээллийн технологийн салбарын мэргэжил, туршлагатай хүн гарын таван хуруунд багтахаар аж. Энэ бүгдээс харвал ирэх дөрвөн жилд тоон хэлээр ойлголцож, хөгжлийн “газрын зураг”-ийг амьдралд буулгаж, шийдвэр гаргах түвшинд нөхцөл байдлыг нааштайгаар өөрчлөх найдвар тун бага бололтой.
Бэлтгэсэн: М.Оч