Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сараас хойш гэнэт ажилсаг болж, хэнхэглэх нь хэрээс хэтэрлээ. Бараг дүрэмт хувцас нь болчхоод байгаа саарал цамцтайгаа хуралдааны танхимд ч, хаа нэгтээ гудамжинд ч оччихсон, ажлын, амралтын өдөр гэж ялгалгүйгээр “зүтгэж” явна. Олны нүдэнд ч аль хэдийн хоногшив бололтой. Бас хэдхэн сарын өмнө таарсан болгоноо үг дуугүй болтол нь загнадаг байснаа сүүлийн үед илт “соёлжсон”-ыг нь ч сонгууль хаяанд ирсэнтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй. Учир нь тэрбээр ер нь л бусдыг сонсож сурах маягтай болж байгаа. Харамсалтай нь, түүний хичээл зүтгэл нэмэгдэж буй нь Улаанбаатар хөгжин цэцэглэхийн дохио бус, харин сонгуулийн өмнө иргэддээ “хайр зарлаж” байгаагийн илрэл юм. Тодруулбал, “20 минутын хот” бий болгох, метро барих гэх мэтээр Засаг даргын өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгаж, төсвийг нь батлаагүй цоо шинэ санаачилга сүүлийн үед их сонсогдож байгаа биз. Энэ бол сонгууль ойртсоны дохио, иргэдийн тархийг угаах гэсэн арга.
ЗАМ ЗАСАХ МӨНГӨГҮЙ, ГЭХДЭЭ МЕТРО БАРИНА
“Намайг гудамжаар явахаар залуучууд “Замаа засаач ээ” гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэртэй болж байж л ийм асуудлуудыг шийднэ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаад метроныхоо төслийг урагшлуулж байна” гэж нийслэлийн Засаг дарга өнгөрсөн сарын сүүлчээр хэлж, олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан билээ. Үнэхээр нийслэлийн ихэнх зам энхэл донхолтой болж, иргэд хашхирахаас өөр аргагүйд хүрээд буй. Харин хотын дарга метро барих гэж байхад дуугүй бай гэж биднийг загнаж суух жишээтэй.
Гэсэн ч иргэдэд таалагдах цаг ирсэн учраас эвийг нь олохын тулд арга буюу замаа засаж эхлэв. Цаашлаад “Хотын замыг хоёрхон хоногт засаж чадаж байна” гэсэн пиар хийх нь хэрээс хэтэрлээ. Хорвоод хосгүй, түүхэнд байгаагүй ажил хийсэн мэтээр олон нийтийн “тархийг угааж” байна. Яг үнэндээ хотод шинэ зам тавиагүй. Харин онгорхой, хагархай хэсгүүдийг нь л нөхөж, дээр нь тэмдэг, тэмдэглээ зурах төдий ажил л гүйцэтгэж байна шүү дээ. Тэгээд ч хотын бүх замыг засаагүй, ирэх сонгуульд бэлтгэн нүглийн нүдийг гурилаар хуурч буй юм.
ЯВУУЛЫН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ХААЛАА, НЭЭЛЭЭ
Нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа хувийн хэвшлийнхнээ дэмжин, 74 төрлийн худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүй болгож, чөлөөтэй ажиллуулахаа мэдэгдэж байсан сан. Түүнийх нь дагуу өнгөрсөн жил хэвийн ажиллаж байсан худалдаа, үйлчилгээ эрхлэгчид энэ онд гэнэт хязгаарлалттай нүүр тулав. Үүнтэй холбоотой гомдол, тэмцэл өнгөрсөн сарын турш үргэлжлээд, одоо л намжиж байна. “Хотын дарга солигдсон гэх шалтгаанаар гудамжны хоолны үйлчилгээ эрхэлдэг залуусын бизнесийг хориглож, автомашиныг нь ачлаа” гэж энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин хотын дарга Х.Нямбаатар “Эл асуудлыг дүүргүүдэд шилжүүлсэн. Дүүргийн удирдлагууд л шийднэ” гээд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхийг хичээсэн ч иргэдийн эсэргүүцэл хүчтэй байв.
Үүнээс улбаалан тэрбээр гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчдийг хэвийн ажиллуул гэсэн үүргийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад өгсөн гэж мэдээлж байлаа. Бас “Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотод боломжит бүх байршилд гудамжны хоол ажиллуулахыг дэмжинэ. Ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа дүүргийнхээ Худалдаа, үйлчил гээний хэлтэстэй гэрээ хийж, цэвэр цэмцгэр байдлыг нь алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ. Ингэсэн тохиолдолд дэмжинэ” гэж өмнөх шийдвэрээсээ тэс өөр байр суурь илэрхийллээ.
Бодит байдалд ямар үйл явдал өрнөснийг явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдээс тодруулахад УДЭТ-ын урд талын талбайд ажиллах эрхтэй болсноо хэлсэн юм. Уг нь тэд Улсын их дэлгүүрийн урд буюу Б.Цэрэндоржийн гудамжинд ажиллах хүсэлтэй байж. Гэсэн ч дарга нар дэмжсэнгүй. Ямартай ч үйл ажиллагаагаа бүрэн хязгаарлуулаагүй, ядаж л УДЭТ-ын урд талбайд ажиллах эрхтэй болсон тул тэмцлээ зогсоосон гэх мэдээллийг үйлчилгээ эрхлэгчид өгсөн. Үүний дагуу ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Хотын дарга аж ахуй эрхлэгчдээ дэмжинэ гэдэг ч бодит байдалд тэднийг ямар нэгэн байдлаар хясан боогдуулсаар байгаагийн жишээ нь энэ.
ХОТЫН ДАРГА ХОГ ЦЭВЭРЛЭХ ЁСГҮЙ
Д.Сумъяабазар хотын дарга байхдаа үерийн үеэр газар дээр нь очоод, шуудайтай элс зөөх шахам ажилласан нь өнгөрсөн жилийн зуны үйл явдал. Тэгвэл энэ жил Х.Нямбаатар хотын гудамж, талбайгаар байн байн явж, хогоо цэвэрлэ хэмээн хүмүүсийг загнах боллоо. Бас Улаанбаатарыг цэмцийлгээд өгнө гэж амлав. Бүр иргэдийг хогоо цэвэрлэцгээ гэж үүрэгдсэн нь ч бий. Угтаа хотын даргын үүрэг нь асуудал үүссэн газарт очиж, “рекламны” зураг авхуулах бус. Харин хүндрэл бэрхшээлийг ул үндсээр нь шийдэж, өөрчлөх үүрэгтэй. Түүнээс биш тэд газар дээр нь очлоо гээд ажлаа гүйцэтгэж байгаа хүмүүст гай болно уу гэхээс биш, тус хүргэхгүй.
Ямар нэг асуудал гарсан тохиолдолд иргэдийг бухимдуулахгүйгээр, тэдний эрх ашгийн төлөө ажиллах системийг хотын дарга бий болгох ёстой юм. Хэн нэгэн дарга тухайн газарт байсан ч, байгаагүй ч энэ систем ажиллаж, хотын амьдрал ямар нэгэн бэрхшээлгүйгээр үргэлжлэх учиртай. Түүнээс биш Д.Сумъяабазар шуудайтай элс зөөж, Х.Нямбаатар гудамжинд журам сахиулах үүрэггүй.
ТҮҮХ ДУРСГАЛАА ГУДАМЖИНД ГАРГАНА ГЭВ
Хотын дарга Төв цэнгэлдэх хүрээлэнг “эргэж” явахдаа эргэн тойронд нь 21 дарь эх тавина гэж “попорсон” нь түүний онцлох “ажлууд”-ын нэг яах аргагүй мөн. Түүхэн дурсгалт бүтээлийг, тэгээд бүр музей, галерейд тусгай орчин нөхцөлд хадгалж хамгаалдаг зүйлсийг гудамжинд гаргах санаа нь гайхамшигтай ч юм шиг. Түүгээр зогсохгүй “Өндөр гэгээн Жанрайсигийн бүтээсэн 21 дарь эх” гэж буруу зөрүү ярьсан бичлэг нь олон нийтийн доог тохуу болсон.
Иргэд урлагийн бүтээлийг үзэхийг хүсвэл аль ч музей, галерейд хэзээ ч очиж чадна. Ийм хэрэгцээг хангах ажлыг урлагийн байгууллагууд хэдийн хийчихсэн. Хотын дарга үүнд оролцоод ч хэрэггүй. Харин нийслэлийн удирдлагаас бидний хүсэх зүйл бол цэвэр цэмцгэр хот, ногоон байгууламж, хөлөө тухтай тавих талбай, тааваараа тав алхах орчин л гэдгийг ойлгоосой.
Угтаа хотын даргын үүрэг нь асуудал үүссэн газарт очиж, “рекламны” зураг авхуулах бус. Харин хүндрэл бэрхшээлийг ул үндсээр нь шийдэж, өөрчлөх үүрэгтэй. Түүнээс биш тэд газар дээр нь очлоо гээд ажлаа гүйцэтгэж байгаа хүмүүст гай болно уу гэхээс биш, тус хүргэхгүй.
Бас Төв цэнгэлдэх хүрээлэнг зах болгож, хуушуур зардгийг хориглоно гэв. Харин иргэд, аялал жуулчлалын салбарынхан “Хуушуур идэх нь монгол наадмын салшгүй нэг хэсэг шүү дээ” хэмээн шүүмжлээд байгаа. Эл яриа цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Нийслэлийн мэдэлд 100 хувь авсан гэх Төв цэнгэлдэх хүрээлэн чухамдаа ямар дүр төрхтэй байхыг бид ирэх наадмаар л харах биз ээ.
14 ХОТ БА ЭРХ МЭДЭЛ
“Улаанбаатарт орон нутгийн шинж чанартай 14 хот, эрх мэдэл бүхий 42 хороотой шинэчилсэн зохион байгуулалт хийнэ” гэсэн гэнэтийн бөгөөд гайхам санаачилгаа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар саяхан танилцуулж, түүнийг нь Засгийн газраас ч дэмжиж буйгаа илэрхийллээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хот дотор 14 жижиг хот байгуулах шийдэл дэвшүүлээд байна. “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанаар дэмжүүллээ. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс гадна орон нутгийн шинж чанартай 14 хот байгуулна. 14 хот нь 42 эрх мэдэл бүхий хороотой байхаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой шинэчилсэн зохион байгуулалт хийх юм” гэсэн мэдээллийг Х.Нямбаатар олон нийтэд өгсөн.
Улаанбаатарт өмнө нь Налайх, Багануур гэсэн дагуул хот байгуулж, захирагчийг нь хүртэл сонгосон туршлага бий. Гэвч хот байгуулах нь хэн нэгэн дарга хүчээр шийддэг зүйл биш гэдгийг тэр жишээ нотолсон. Бараг 10 жилийн өмнөх тэр алдааг Х.Нямбаатар давтаж, дахиад л хот байгуулж “тоглох” юм гэнэ. Тэр хэрээр төрийн албаны бүтэц данхайж, эрх мэдэлтнүүдийн тоо олширч, магадгүй татвар төлөгчдийн төлсөн мөнгө олон жижиг хэсэгт хуваагдан, аманд ч үгүй, хамарт ч үгүй болж мэдэх юм. Хороо нэмээд хот хөгжөөгүйг хэн ч хэлнэ. Түүнчлэн хогоо ч цэвэрлүүлчхэж чаддаггүй дарга нар хот нэмж байгуулаад, тэдгээрийгээ хөгжүүлж чадна гэсэн итгэл төрөхгүй байгаа юм. Ямар ч байсан сонгууль болтол ажил хийсэн дүр үзүүлж аргалаад, бас ард түмэнд таалагдах зүйл ярьчхаад, дараа нь учраа олъё гэсэн үг биш гэж үү.
Нөгөө талаар МАН засагласан өнгөрсөн найман жил “унтаа” маягтай байж хамаг асуудлууд нь хуримтлагдсан хотыг Х.Нямбаатар ирэх сонгуулийн өмнөх хэдхэн сарын дотор гэнэт “сэрээж”, өөрчлөн шинэчилнэ гэвэл биелшгүй мөрөөдөл. Жишээ нь, метро барьчихна гэж баталгаа одоогоор билэнд алга. Харин ч хамаг төсвөө гөвчихвөл сонгуулийн дараа бид метро ч үгүй, Х.Нямбаатар ч үгүй, хагархай, онгорхой замтайгаа л үлдэнэ гэсэн болгоомжлол л бий. Түүнд хотыг өөрчлөн хөгжүүлэх хүсэл мөрөөдөл байж магадгүй юм. Гэхдээ тийм цаг хугацаа бол байхгүй. Эрх баригчдад уг нь найман жил байсан. Харин одоо нэгхэн сарын хугацаа л үлдсэн шүү дээ.
Бэлтгэсэн М.Оч