УИХ Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилоод яг таван сарыг үдэв. Гэвч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болсоор бараг хагас жилийн нүүр үзсэн тэд даргаа сонгож чадаагүй л байна. Уг нь даргаараа сонгох хүний нэрийг Цэцийн есөн гишүүн дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хураан, нийт гишүүний олонхын санал авсан нь удирдах ёстой. Их энгийн байгаа биз. Цаашлаад Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6.2-т “Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш хүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно” гэсэн зохицуулалт бас бий. Харамсалтай нь, тэд даргаараа сонгох хүнийг нэр дэвшүүлсэн, эсэх нь ч тодорхойгүй. Дэвшүүлсэн байлаа гэхэд хуралдсан уу, санал хураалт явуулсан уу, олонхын санал авсан хүн байна уу, үгүй юү гэхчлэн бүгд бүрхэг. Үндсэн хуулийн цэц хэмээх эл байгууллага Зайсан толгойд зайдуухан төвхнөхдөө хаалттай, нууцлагдмал ажиллах санаа агуулаагүй л байлтай.
Манай Цэцтэй чиг үүргийн хувьд төстэй гэгддэг ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийг 1951 онд Берлинээс 700 км-т алслагдсан Карлсруэ хотод байгуулахдаа улс төрчид, нөлөө бүхий хүмүүсээс хараат бусаар, бие даан ажиллах нөхцөл бүрдүүлэхийг урьтал болгосон юм билээ. Харин манай Цэц үе үеийн эрх баригчдаас хараат, улс төрчдийн гар, хөл болж ажилладаг хэмээх шүүмжлэлээс салсангүй. Уг нь Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улс төрчдийг томилж ирсэнтэй харьцуулбал хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан судлаач, хуульчдыг сүүлд оруулж ирсэнд ам сайтай хүн олон байв. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гэгчээр даргаа ч сонгож чадахгүй болтлоо дампуурчихлаа, Цэц. Удахгүй гишүүн Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусна. Ш.Солонгыг УИХ-аас санал болгож, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлснээр 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон юм. “Томилолт” нь дуусаж буй хүмүүсээс даргаа сонгох уу, эсвэл улираагаад удирдлагаар “тавих” нь гэх яриа ч гарав. Ямартай ч есөн гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа нь Цэцийн хөл, толгойг олуулах ажлыг хойш татах шалтаг болно.
Хэзээ мөдгүй халаагаа өгөх хуучцуулаас гадна томилогдоод удаагүй гурван гишүүнийг “шинэков” хэмээн харах нь гарцаагүй. Цэцэд орж ирэнгүүт нь дарга болгох, эсэх нь эргэлзээтэй гэх яриа хөөрөө ч гарч амжсан. Тиймээс “хуучин” буюу 2022 онд томилогдсон Д.Гангабаатар, Цэцийн гишүүнээр хоёр жил гаруй ажиллаж буй Ж.Эрдэнэбулган, тав дахь жилийнхээ нүүрийг хэдийн үзсэн Г.Баясгалан нарын нэг нь дараагийн дарга болно гэлцэж байв. Гэтэл ажлын байрандаа архидан согтуурч, агсамнасан Г.Баясгалангийн бичлэгийг нийгмийн сүлжээнд түгээх нь тэр. “Түгээсэн” хэмээсний учир нь тус бичлэг нь цаг хугацааны хувьд тухайн үеийнх биш юм билээ. Өөрөөр хэлбэл, хуучин бичлэгийг хэн нэгэн зориуд ил гаргасан хэрэг. Үүгээр түүнийг өмөөрч, зөвтгөх гэсэнгүй. Гагцхүү хамгийн хаалттай байгууллага болчхоод буй Үндсэн хуулийн цэцийн байранд болсон үйл явдлыг гэрчлэх баримт, бичлэгийг гартаа оруулах нь амаргүй тул гишүүд дотроосоо, даргын төлөө өрсөлдөгчид нь цацсан байх талтай. Гишүүн Ж.Эрдэнэбулганыг ч хэвлэлээр нэлээд гөвсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Цэцийн гишүүдийн дунд дарга болох “дайн” урьд байгаагүйгээр өрнөж, тэд өчүүхэн эрх ашиг, хүсэл шуналаа дарж хүчрэхгүй байна.
Уг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, парламентаар хэлэлцэж эхлээд буй. Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор сонгохоор уг төсөлд тусгасан юм билээ. Энэ тухайд “Оюуны инновац” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулга “Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор сонгохоор уг төсөлд тусгаж тодорхой болгохоор байна. Уг нь даргаа сонгох эрхийг нь Үндсэн хуулиар Цэцийн гишүүдэд олгочихсон. Үндсэн хууль болон холбогдох хуулиудад тусгаснаар өөр бусад байгууллага, албан тушаалтан үүнд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ бодит байдалд ямар байгааг хэлж мэдэхгүй юм” хэмээн байр сууриа илэрхийлснийг хуваалцъя.
Цаашлаад даргад дотроосоо нэр дэвшүүлэх, санал хураах, хэрхэн сонгох вэ гэх мэт зохицуулалт нь одоогийнхтой ижил аж. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болох заалтыг ч өөрчилсөнгүй. Харин өдгөө “Цэцийн дарга Цэцийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана” хэмээсэн эрх хэмжээг нь төсөлд илүү тодорхой болгон тусгажээ. Тухайлбал, Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх, нийт гишүүний хуралдааныг хуралдуулах, даргалах, төрийн бусад байгууллагатай харилцахдаа хараат бус байдлыг нь сахин хамгаалах, төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх зэргээр заасан байна.
11 дүгээр зүйл. Цэцийн дарга, түүний бүрэн эрх
11.1 Цэцийн даргыг гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
11.2 Цэцийн даргын бүрэн эрх дуусгавар болсон бол 14 хоногийн дотор даргыг сонгоно.
11.3 Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, нийт гишүүний олонхын санал авсан гишүүнийг Цэцийн даргаар сонгоно.Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш гишүүн нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин санал хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
11.4 Цэцийн дарга нь гишүүний бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.4.1 Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;
11.4.2 Нийт гишүүний хуралдааныг хуралдуулах, даргалах;
11.4.3 төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн хараат бус байдлыг сахин хамгаалах;
11.4.4 Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
11.4.5 хуульд заасан бусад.
11.5 Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
11.6 Цэцийн тамгыг Цэцийн дарга барина.
11.7 Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Тайлбар: Энэ зүйлд заасан “Цэцийн гишүүнээр хамгийн удаан ажилласан” гэдгийг Цэцийн гишүүнээр томилогдсон өдрөөс эхэлж тооцох бөгөөд хэрэв Цэцийн гишүүд нэг өдөр томилогдсон бол эдгээрээс хамгийн ахмадыг нь ойлгоно. Энэ зүйлд заасан “нийт гишүүний олонх” гэж Цэцийн таваас доошгүй гишүүнийг ойлгоно.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс
Гэхдээ Цэцийн дарга бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн тушаал гаргах зохицуулалт төсөлд бий. Одоогийн хуулиар Цэцийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар тогтоол, тушаал гаргаж буй. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Цэцийн даргын тогтоол гэж юу болохыг тодруулъя. Тухайлбал, уг хуулийн 21.4-т “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч, бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гомдол гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” хэмээн заасан байдаг. Мөн 23.4-т нь “Онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудлыг хянан хэлэлцэх хуралдааны бэлтгэлийг хангахын тулд Цэцийн даргын тогтоолоор хоёр буюу хэд хэдэн гишүүнийг томилон ажиллуулж болно” гэх зохицуулалт бий. Бас “Цэцийн хуралдааныг Цэцийн даргын тогтоолоор томилсон хуралдаан даргалагч, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийнэ” гэж заасныг дээрх хуулийн 26.1 дэх заалтаас уншиж болно. Эндээс харвал маргаан үүсгэх, хуралдаанд бэлтгэх, тухайн асуудлыг хэн, хэнээр хэлэлцүүлж, ямар гишүүнээр удирдуулах вэ гэх зэрэг гол гол шийдвэр гаргахад Цэцийн дарга чухал нөлөөтэй байгаа биз. Тиймдээ ч Цэцийн даргын суудлаас буухгүй гэж зүүгдэн, бас энэ албан тушаалд очих гэж зүтгэдэг, тэмцэлддэг байж таарах нь. Ямартай ч Цэцийн даргыг эл эрхээс нь салгаж, зөвхөн тушаал гаргадаг байх заалтыг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан нь сайн хэрэг. Үүнээс өөр дэвшилттэй заалтууд ч эдгээр төсөлд байгааг хуульч, судлаачид хэлж буй. Гэхдээ эл хоёр төслийг өргөн барьмагц Үндсэн хуулийн цэцээс шууд болон шууд бусаар эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь илт анзаарагдсаныг эцэст нь тэмдэглэе.