БНСУ-ын виз мэдүүлэх төвд дугаарл аж буй иргэд
Өнгөрсөн оны намар зохион байгуулсан нэгэн чуулганы индэр дээр “Залуучууд та бүхний санаачилга, шийдэл, мөрөөдөл, тэмүүлэл, эрэл хайгуулыг амжилтад хүргэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлье” хэмээн сайхан үгс урсгаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах, залуусыг Монголоос явуулахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан” гэж мэдэгдэн олон нийтийг эгдүүцүүллээ. Залуучуудыг дэмжиж, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө гар нийлж ажиллана хэмээн хагас жил орчмын өмнө ярьж байсан сайд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах мэргэн арга бодож олсон бололтой. Улсынхаа “хаалга”-ыг дангинатал цоожилж байгаад л залуучуудаа хамгаалж, авч үлдье гэж бодсон юм даг уу даа. Хаана, ямар ажлын хэсэг байгуулсан, юу хийхээр төлөвлөж буй талаараа тэрбээр одоо хүртэл албан ёсоор мэдээлсэнгүй. Хариуцсан яамныхан нь ч тодорхой мэдээлэлгүй буйгаа хэлэв.
Гадаадад байгаа залуучуудаа авчирна, нэмж хүн явуулахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлнэ гэх сайдын үг монголчуудыг ихэд эгдүүцүүллээ. Аливааг шийдэх арга зам, гарц гаргалгааг зөв олж, хэрэгжүүлж чадахгүй байж сав л хийвэл хорьж, хязгаарлах шийдвэр гарган иргэдээ хохироодог нийтлэг алдааг давтах нь хэмээн олон нийт бухимдаж байна. Бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, өндөр албан тушаалтнууд салбараа хүний нөөцийн хомсдолоос аврахын тулд Элчин сайдын яамд руу албан бичиг илгээж, виз олгохгүй байхад “санаа тавьдаг” тухай элдэв яриа байдаг. Ажиллах хүчээ харьд алдаад дуусаж буй боловсрол, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хэдэн жилийн өмнөөс л ийм арга заль хэрэгжүүлж эхэлсэн талаар учир мэдэх хүмүүс ярьдаг. Гэлээ ч нэмэр болоогүй. Тэгвэл өдгөө онцгой байдал, эрчим хүчний салбарынхан “эвгүйтэж”, манай улс дахь дипломат төлөөлөгчийн газрууд руу ийм агуулга бүхий албан тоот илгээсэн тухай сураг ажиг дуулдах болов. Хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн баталгааны асуудал хариуцсан сайд нь үүнийг батлах гэсэн шиг “Залуусыг Монголоос явуулахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлнэ” хэмээн хээвнэг зарлалаа. Түүний ярианаас ямар ч аргаар, яаж ийгээд ч хамаагүй гадагшаа чиглэсэн урсгалыг зогсооно гэх албадлага, хүчлэн тулгах өнгө аяс мэдрэгдэж байгаа юм.
Манай улсын хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэй томоос том “ангал” үүсээд буй. ХНХЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, бизнесийн судалгааны ММСG компани хамтран өнгөрсөн онд хийж, энэ жилийн эхээр танилцуулсан “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацаа (2024-2035 он)-ны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнгээс энэ нь маш тодорхой харагддаг. “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 300 мянга гаруй ажилтан дутагдалтай”, “15-64 насны иргэдийн 67 хувь нь гадаадад ажиллах сонирхолтой”, “Ажиллах хүчний оролцоо 57.6 хувь” гэсэн хэдхэн дүгнэлт л нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд буйг харуулж байна. Ажиллах хүч хомсодсон нь төрөлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, их, дээд сургуульд элсэн суралцагчийн тоо, шинэ үеийн залуусын хандлага, ажлын байрны өөрчлөлт гээд олон хүчин зүйлтэй шууд хамааралтай боловч голлох нөлөө үзүүлж буй шалтгаан нь гадаад шилжилт хөдөлгөөн гэдгийг судлаачид дурдсан байв.
“2023 онд 25-32 насны 300 мянган залуу Монголоос гадаад руу явжээ” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд саяхан тархаж, монголчууд “пээ, паа” хэмээн уулгалсан. Араас нь төрийн байгууллагууд залруулга мэдээ гаргаж, тэвдэцгээв. Мөн “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн төв” НҮТББ-ын дэргэдэх Монголын баримт шалгах төвийнхөн “Өнгөрсөн онд давхардсан тоогоор 2 043 077 иргэн гадаад улсад зорчсоны 3.4 хувь буюу 69 159 нь 90-ээс дээш хоногоор явсан” гэх статистикийг танилцуулсан билээ. Ингээд л сошиал дахь шуугиан намжсан. 320 мянга гэдэг тоо монголчуудад үнэхээр хүнд туссан. Үнэндээ хүн амынх нь зургаан хувьтай тэнцэхүйц буюу 200 мянга гаруй иргэн нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа улсад 69 мянга гэдэг бол бага тоо биш. Дундажлан тооцоход өнгөрсөн онд манай улсаас сар тутам 5763, өдөр бүр 189 иргэн гадаад руу гурван сараас дээш хугацаагаар зорчсон байна.
Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ зэрэг олон эх сурвалжийн статистик, баримт, мэдээлэлд тулгуурлан “The global economy” сайтаас гаргадаг “Brain drain” буюу оюуны дайжилт, боловсон хүчний шилжилтийн индекс ч бидэнд аюулын дохио, анхааруулга өгөөд удлаа. Үүнийг гаргахдаа улс төр, эдийн засаг, нийгэм гээд хүний өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй олон хүчин зүйлийг шалгуур болгодог бөгөөд 0-10 оноогоор индексжүүлдэг. Оноо дээшлэх тусам үнэт капиталын нөөц хомсдон, гадагшлах урсгал нь нэмэгдэж буйг илтгэдэг. 2023 оны дэлхийн дундаж үзүүлэлт 5.17 байсан бол Монголынх 4.2 нэгж болов. Сүүлийн 16 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт нь 2011 онд 1.9 байж. Харин 2016 оноос хойш тасралтгүй өссөөр, сүүлийн дөрвөн жилд 4-4.2 нэгжийн хооронд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, ур чадвартай, мэдлэг боловсролтой монгол залуус сүүлийн жилүүдэд бүр ч олноороо харийн орныг зорьжээ. ХНХЯ-ны шинэ судалгаан дахь “15-64 насны иргэдийн 67 хувь нь гадаадад ажиллах хүсэлтэй” гэх дүгнэлт ч эдгээр тоон үзүүлэлт цаашид улам дордож болзошгүйг илтгэж буй юм. Тиймээс манай улс энэ асуудалд анхаарахаас аргагүйд хүрч байна. Гэлээ гээд гадаад шилжилт хөдөлгөөнийг хориглох, визийн нөхцөлийг чангаруулах зэрэг хүний эрхэд халдсан, сонголтыг нь хязгаарласан бүдүүлэг арга хэмжээ хэрэгжүүлж болохгүй. “Эх орондоо сайхан амьдаръя”, “Монголдоо үлдье” гэх хоосон уянгаллаар чаргууцалдаад ч хэрэггүй. Гагцхүү ажиллаж, амьдрахад аятай таатай нийгэм бүрдүүлэх нь л чухал.
Залуус яагаад харийн оронд амьдрахыг илүүд үздэг вэ. “Brain drain” индексийн тайланд дурдсанаар амьдрах орчны аюулгүй, нийгмийн эрх тэгш байдал, шашин, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж, улс төрийн нөлөө, хараат байдал, хүнсний хангамж, давхарга хоорондын ялгаа зааг, бизнес, эдийн засгийн орчин, татвар, төлбөр хураамжийн уян хатан байдал гээд олон зүйл иргэдийн сонголтод нөлөөлдөг гэнэ. Үүнээс хамгийн чухал нөлөөтэй нь хөдөлмөрийн үнэлэмж буюу цалин, орлогын хүрэлцээ, орчны аюулгүй байдал гэнэ. Эдгээр нь амьдралын чанарт шууд нөлөөлдөг юм байна. Гэтэл манай улсад энэ хоёр үзүүлэлт аль аль нь “шалан дээр” уначихсан.
Залуус яагаад харийн оронд амьдрахыг илүүд үздэг вэ. “Brain drain” индексийн тайланд дурдсанаар амьдрах орчны аюулгүй, нийгмийн эрх тэгш байдал, шашин, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, эрүүл мэнд , боловсролын үйлчилгээний хүртээмж, улс төрийн нөлөө , хараат байдал, хүнсний хангамж, давхарга хоорондын ялгаа зааг, бизнес, эдийн засгийн орчин, татвар, төлбөр хураамжийн уян хатан байдал гээд олон зүйл иргэдийн сонголтод нөлөөлдөг гэнэ .
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр манай улсын иргэдийн дундаж цалин сүүлийн найман жилд 2.8 дахин нэмэгдсэн гэх боловч бодит цалингийн индекс нь ердөө 59.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өдгөө монголчуудын дундаж цалин 2.2 сая төгрөг буюу 650 орчим ам.доллартой тэнцэж буй нь дэлхийн дунджаас гурав дахин бага, хөдөлмөрийн үнэлэмж сайтайд тооцогддог орнуудынхтай харьцуулахад ичмээр хэмжээний дүн юм. Түүнчлэн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлээс эхлээд аюулгүй, амар тайван амьдрахад саад учруулдаг олон бэрхшээл бий. Хилийн зөрчилгүй, шашны мөргөлдөөнгүй, дайн дажингүй, өвчин тахалгүй амар амгалан нутаг гэх атлаа иргэд нь мянга мянгаараа гадагшаа дайжиж байгаагийн шалтгаан нь энэ. Нэгэн судлаач “Аливаа улсын хамгийн үнэтэй капитал нь иргэд байдаг. Улс зэгсэн боловсролтой нэг иргэнээ алдахад нэг сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хохирол амсаж байдаг” гэсэн юм. Тэгэхээр бид “үндэсний баялаг”-аа сая саяар нь гадаад руу урсгаад дуусаж буй бололтой. Ид хөдөлмөрлөх насны залуус, мэдлэг чадвартай хүмүүс гэлтгүй сурагчид, оюутнууд ч гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдрахыг мөрөөдөж сууна. Амьдрал нь тогтсон, тэтгэвэрт юу юугүй гарах дөхсөн насныхан ч цалин, хөлс өндөр оронд түр хугацаанд ч болов хөдөлмөр эрхэлж, амьдралаа өөд нь татахыг эрмэлзэх боллоо. Ерөөс энэ орны иргэд тэр чигээрээ нүүж байна. Гадаадын орнуудад тулгамдаад буй хүн амын хөгшрөлт, цар тахлаас үүдэлтэй ажиллах хүчний хомсдол зэрэг нь монголчуудад харийн оронд “шингэх” таатай боломж олгосоор. Гэтэл Монголын төр засгаас үүний эсрэг дорвитой хийж байгаа зүйл алга.
Манай улс 2010 онд “Зөгийн үүр” төсөл хэрэгжүүлж, гадаадад нарийн мэргэжлээр ажиллаж буй, өндөр боловсролтой залуусыг эх орондоо ирж ажиллахыг уриалан, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж байв. Үүний үр дүнд цөөнгүй залуус Монголдоо эргэн ирсэн. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн он жилүүдэд “Brain drain” индекс хамгийн бага түвшинд байсныг тоон үзүүлэлтүүд ч харуулж буй. Яг үнэндээ хөдөлмөрийн зах зээл жинхэнэ утгаараа уналтад орж, нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлт тэр үеийнхээс дордсон өнөө цагт үүн шиг гоё нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, монгол залуусыг “Эх орондоо ирж ажиллаач ээ” гэж уриалбал доромжлол болох бус уу. Тэгж хэлэх нүүр төрд байхгүй. Үүний оронд хөдөлмөрийн зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах, зарим мэргэжлийн үнэлэмж, цалин, хөлсийг нэмэгдүүлэх, ажил, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, татварын уян хатан тогтолцоо бүрдүүлэх зэргээр залуусыг дэмжих хөшүүрэг бий болгох нь чухал юм.