“Өнөөдөр шөнө 12.30-03.30 хүртэл гар утас, таблет, компьютер гэх мэт зүйлээ унтрааж, биеэсээ хол тавихаа бүү мартаарай. Энэ хугацаанд манай гараг буюу дэлхий маш өндөр цацраг идэвхжилтэй байх болно. Сансрын туяа дэлхийтэй маш ойр өнгөрөх юм. Тиймээс гар утсаа унтрааж, өөрийгөө болон бусдыг аюулаас хамгаалаарай. Гар утсаа унтраахгүй, биеэсээ холдуулахгүй бол маш аймшигтай аюул учруулж болзошгүй юм. Сингапурын телевиз энэ тухай мэдээлсэн. Итгэхгүй байгаа бол NASA, BBC-гээс шалгаж болно шүү. Өөртөө болон бусдадаа хайртай л бол үүнийг яг одоо шэйрлэж түгээ”.
Энэ сарын 8-нд АНУ-д нар бүтэн хиртэх үзэгдэл тохиох тухай мэдээлэл тархаж эхэлсэн үеэс ийм нэг сэрэмжлүүлэг манай улсад эрчимтэй түгсэн юм. Хүүхэд, хөгшидгүй эл анхааруулгыг олон нийтийн сүлжээнд давлагаалан хуваалцав. Үүнийг уншаагүй өнгөрсөн, эсвэл ойр дотнынхоо хэн нэгнээс зурвасаар хүлээж аваагүй хүн цөөн болов уу. “Хүслэн бөөний төв”, “Хямд бараа захиалга” гэсэн хоёр хуудсанд нийтэлсэн энэ талаарх сэрэмжлүүлгийг гэхэд нийт 25 мянга гаруй хүн бусадтай хуваалцсан байна. Сэтгэгдлийг нь харвал ойр дотнын хүмүүсээ нэр цохож, аюулаас сэрэмжлүүлсэн нь зонхилжээ. Түүнчлэн “Яг хэзээ болох юм бэ”, “Он, сар, өдрөө тодорхой бичээч”, “Шөнө болох юм уу, өдөр тохиох уу” гэхчлэн “байцаасан” хүн өчнөөн харагдав.
Хамгийн сонирхолтой нь, Америкийн сансар, агаар мандал судлалын тэргүүлэх байгууллага (НАСА), дэлхий дахинд олон сая хүний нүд, чих болсоор ирсэн алдартай хэвлэлийн агентлаг (Британийн BBС)-ийн алиных нь ч цахим хуудсанд ийм мэдээлэл байсангүй. Харин энэ удаагийн нар хиртэлт 15 муж улсад хэсэгчлэн болон бүтэн үзэгдэх учраас түүхэн дэх хамгийн олон хүн харж гэрчлэх, баримтжуулах боломжтой ховор үйл явдал хэмээн дурдсан байлаа. Шинжлэх ухааны талаас нь эл үзэгдлийг илүү нарийвчлан тайлбарласан мэдээлэл зонхилж харагдсан. Гэтэл монголчууд хэн нэгний зохиосон “гараг ертөнцийн зүй тогтолт онцгой үзэгдэл гай гамшиг, аюул дагуулна” хэмээх үлгэрт итгэж, тэвдэцгээжээ.
Хэрэв гярхай, хэрсүү хүн бол дээрх хоёр агентлагийн цахим хуудас руу хормын төдийд нэвтрээд л тус мэдээллийг нягталчих боломжтой байв. Эсвэл илүү ойроор нь улсынхаа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн цахим хуудаснаас харах, утсаар нь холбогдон тодруулах ч боломж бий. Илүү анзааргатай бол өдөр, шөнийн цагийг эндүүрэн бичсэнээс эл мэдээлэл ташаа байж болох эхний сэжмийг олж харах байлаа. Даанч гэнэн, итгэмтгий нь дэндсэн, аливаад шүүлтүүргүй ханддаг монголчууд НАСА, BBC агентлаг, Сингапурын телевизийн нэр барьсан хуурамч сэрэмжлүүлэгт итгэж, үүнийг нийгмийн сүлжээнд идэвхийлэн түгээжээ. Ганц энэ удаа ч биш, астрономитой холбоотой ямар нэг үзэгдэл тохиох бүрд эл мэдээллийг хаанаас ч юм бэ гаргаж ирдэг гэдгийг нэгэн судлаач хэлэв. Тэр болгонд итгэн тэвдэгч, уулгалан түгээгчид бөөн бөөнөөрөө “гарч ирдэг” байна.
Энэхүү жишээ нь манай улсын иргэдийн мэдээллийн боловсролын түвшин ямар дорой гэдгийг харуулж байна. Мэдээллийг нягталж шалгадаггүй, уншиж, сонссоноо ойлгох, тунгаан бодох чадамжгүй хүмүүсээр Монгол дүүрчээ. Могойны зураг шэйрлэвэл баяжина гэж итгэдэг, аз, бурзай гэсэн сэтгэгдэл үлдээвэл гайхамшиг тохионо хэмээн найддаг, хятадууд юу юугүй орж ирээд эх орныг нь эзлэн түрэмгийлнэ гэж цаг үргэлж түгшдэг, мөнгө амласан нэгэнд цахим шуудан, фэйсбүүкийнхээ нууц үгийг “бэлэглэхэд” ч бэлэн хүн хэдэн мянгаараа байгаа нь үүнийг гэрчилнэ. Дээр дурдсантай ижил худал, хуурамч мэдээллээр нийгмийн сүлжээ өдөр тутам үерлэж байна. Цахим платформ эрчимтэй хөгжиж, түүнийг дагасан орон зай тэлэхийн хэрээр мэдээлэлтэй харилцах суурь боловсрол гэдэг зүйл орчин цагийн хүмүүсийн хувьд зайлшгүй эзэмших чадварт тооцогдох боллоо. Өөрөөр хэлбэл, зах замбаараагүй мэдээллийн урсгал дунд төөрөхөөргүй дархлаатай, өөрт хэрэгтэйг олж авч, дүн шинжилгээ хийж чаддаг байх нь энэ цагийнхны хувьд онцгой ач холбогдолтой чадварт тооцогдож байна.
Цахим орчинд мэдээлэл хүлээн авах, солилцох, дамжуулах, үзэл бодлоо илэрхийлэх арга зам, боломж эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Media and information literacy (MIL) хэмээх нэр томьёонд хамаарах ойлголтыг гүнзгийрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, дээшлүүлэхэд улс орнууд анхаарч, дор бүрнээ ажилласаар байна. Үүнийг олон улсад албан ёсоор хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсрол хэмээн нэрлэдэг ч хамгийн энгийнээр, нийтлэгээр мэдээлэлтэй харилцах суурь чадвар гэж тодорхойлдог. Манай улсын хүн амын мэдээллийн боловсрол анхаарал татах хэмжээнд доогуур байгааг “Глоб интернэшнл” зэрэг байгууллага үнэлгээ, тайлангаараа өнгөрсөн хугацаанд илчилсээр ирсэн юм. Хүн амын бичиг үсэг тайлагдсан түвшнээр монголчууд харьцангуй дээгүүрт жагсдаг ч (2020 онд 98 хувьтай гарсан) боловсролын чанарын үзүүлэлтээр (180 орноос 101-т эрэмбэлэгдсэн) хойгуур “давхиж”ирсэн нь ч нэгийг хэлж байна.
Мэдээллийн боловсрол муу байх нь нийгэмд ямар урхагтай вэ. Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний мэдээлэлд дурдсанаар энэ нь хувь хүний эрх, эрх чөлөө, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй улс орны хөгжил, аюулгүй байдал, эрх ашигт хүртэл нөлөөлдөг гэнэ. Тиймээс улс төрчид, өндөр албан тушаал, эрх мэдэлтэй хүмүүс үүнийг эрх ашгаа гүйцэлдүүлэх зэвсэг болгон ашиглах нь түгээмэл. Улс төрийн сонгууль ойртсон, олон улсыг хамарсан зөрчилдөөн, үймээн самууны үед disinformation буюу тодорхой санаа, зорилготойгоор түгээх ташаа, худал мэдээлэл улам эрчимждэгийг АНУ-ын “News literacy project” (NLP) төслийнхөн дурджээ. Манайд ч ийм үйл явдал дөрвөн жил тутамд өрнөдөг. Яг одоо ч энэ эгзэгтэй, бужигнаантай үе тохиож байна. Нэр бүхий хүмүүс сонгуулийн сурталчилгаанд ашиглах их хэмжээний юанийг чингэлгээр тээвэрлэж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай мэдээлэл саяхан нийгмийн сүлжээнд тархаж, бөөн сенсац тарьсан. Гэвч цагдаагийн байгууллагаас тухайн үед үүнтэй холбоотой албан ёсны мэдээлэл өгөөгүй бөгөөд өдгөө ч энэ асуудал тодорхой болоогүй. Сонгууль ойртох тусам үүн шиг эх сурвалж нь тодорхойгүй, бүрхэг мэдээлэл цахим орчинд улам олширно. Харин монголчууд сурсан зангаараа өнөөхөд нь итгэж, уулгалан түгээж, ташаа мэдээллийг дамжуулагч (misinformation) болно.
Мэдээллийг ийм олон зорилгоор ашиглаж болдог учир улс орнууд энэ чиглэлийн боловсролыг дээшлүүлж, иргэдийнхээ дархлааг дэмжихэд гойд анхаарч иржээ. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн бичиг үсгийн боловсролоороо Европын орнуудын дунд тэргүүлэх байр суурь эзэлсээр ирсэн Финланд улс 2014 оноос загвар болохуйц хөтөлбөрийг боловсролын салбартаа хэрэгжүүлж эхэлжээ. Оростой холбоотой асар олон хуурамч мэдээлэл тархаж, тэр хэрээр иргэдийн дунд ташаа ойлголт гаарсан үед финландчууд бага боловсролын сургалтдаа ийм хөтөлбөр нэвтрүүлсэн бөгөөд өдгөө их, дээд сургууль, ахмад настнууд гээд нийгмийн олон бүлэгт чиглэсэн ажлыг хийж буй гэнэ.
АНУ-ын Нью-Жерси муж өнгөрсөн оны эхээр залууст мэдээллийн бичиг үсгийн боловсрол олгох шинэ хуулийг хоёр намын дэмжлэгтэйгээр баталсан аж. Эл хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн Бүгд найрамдах намын сенатор Майк Теста “Энэ нь хуурамч мэдээллийн их үерийг жинлэх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Бид оюутнуудад ямар нэг үзэл санаа номлож, үнэн, худлын тухай заахгүй, харин мэдээллийг хэрхэн судлах, үнэлэх, ойлгоход нь тусална” гэжээ. “Мэдээллийн боловсрол” төслийн хүрээнд ашгийн бус байгууллагууд нь бүх нийтийн боловсролыг дэмжих үлгэр жишээ олон ажлыг хэрэгжүүлснээрээ дэлхий дахиндсайны жишиг болдог тус улс дахин нэг урагшлах алхам хийсэн нь энэ гэлцэж байна. Германчууд мөн бүрэн дунд боловсролын сургалтдаа ийм чиглэлийн хөтөлбөрийг багтаажээ. Уганда улс шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх эхлэлийг тавиад буй гэнэ. Түүнчлэн баримт шалгах, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага, вэб сайт жилээс жилд нэмэгдсээр буй бөгөөд Олон улсын баримт шалгах сүлжээ тэднийг дэмжиж, хамтран ажиллаж байна. Тайванийн, Энэтхэгийн гэхчлэн улсаараа овоглосон баримт шалгах төв олширч, үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжсөөр.
Харин манай улсад Хэвлэлийн хүрээлэн, Нээлттэй нийгэм форум, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Глоб интернэшнл”, “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн төв”-ийн дэргэдэхМонголын баримт шалгах төв зэрэг байгууллага энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, олон улстай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр өдий хүрлээ. Эдгээр нь хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүргийг бэхжүүлэхэд илүүтэй анхаарч буй.
Тухайн улс хэвлэлийн эрх чөлөөг хэр зэрэг дээдэлдэг, хариуцлагатай, итгэл үнэмшилтэй сэтгүүл зүйг хөгжүүлж чадсан уу гэдгээс мэдээллийн боловсрол ихээхэн хамаардаг. Хуурамч мэдээллийн урсгалыг сааруулах, таслан зогсоох гол гүүр нь хариуцлагатай сэтгүүл зүй ч гэж үздэг. Тиймээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын индексийг гаргахдаа үүнийг гол шалгуур болгодог. Болгар дахь “Нээлттэй нийгэм форум-София” байгууллага гэхэд Европын орнуудын хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын индекс (MLI)-ийг гаргахдаа боловсролын чанар, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн нийгмийн итгэл үнэмшил, оролцооны шинэ хэрэгслийг ашиглах чадвар зэргийг нь харгалздаг юм билээ. Харин манайд хариуцлагатай, итгэл үнэмшилтэй сэтгүүл зүйг бэхжүүлэх талаас нь анхаарч байгаа ч дорвитой өөрчлөлт гарсан зүйлгүй, улсаас нэгдсэн бодлого, системтэйгээр, боловсролын тогтолцоонд суурилан хэрэгжүүлж буй олигтой ажил төдийлөн алга. Өнгөрсөн онд гэхэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 180 орноос 88 дугаарт эрэмбэлэгдсэнээс үүнийг харж болно. Тиймээс цаашид мэдээллийн боловсролыг олон нийтэд системтэй, хүүхэд, залууст багаас нь олгоход анхаарах шаардлагатай. Нэгэн судлаачийн өгүүлсэнчлэн цахим сүлжээ нь хүмүүст мэдээллээр хангагдах, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах олон боломж, давуу талыг олгодог ч мэдлэг, боловсролгүй иргэдийг хохироох олон “өгөөш”-ийг агуулж байна.
Бэлтгэсэн Н.Мишээл