“Соёлын төв өргөөний зүүн жигүүрт хүүхэд бүхэн очиж үзмээр номын сан бий. Аавтайгаа хамт яваа хоёр охин гоёлын даашинзаа өмссөнийг харах ямар гоё байв аа. Ийм жаахнаасаа өөрийгөө болон тэр өргөөг хүндэлж, ааваараа ном уншуулж сонсох шиг жаргал тэдэнд өнөөдөр лав үгүй байсан болов уу. Гадаад хэл сурч буй хүүхдүүд давтлага, анги хамт олноороо болон ганцаарчилсан уншлага хийх танхим, бичил музей ч энд бий. Бидний бага насыг санагдуулам атлаа бүтээлчээр сэтгэн тохижуулсан энэ орчин хүүхдүүдийн хүслэнт газар яг мөн. Өвөө, эмээ, аав, ээж нар энд бяцхануудаа авчирч байгаасай гэж өөрийн эрхгүй уриалмаар санагдлаа. Хүүхдийн эерэг энерги шингэсэн, яасан хөөрхөн орчин бэ. Яаж ийм хөөрхөн газар энэ их үймээн самуунтай жилүүдийг тэсэж даваад үлдэж чадав” хэмээн зохиолч Ж.Нарана цахим хуудсандаа бичжээ. Түүний дурдсан газар нь Хүүхдийн төв номын сан юм. Багачуудын инээд хөөр, эрдэмд суралцахаар эрмэлзэх хүсэл мөрөөдлийн хотхон болсон тус номын сангийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
НАНДИН ДУРСАМЖ ШИНГЭСЭН ГАЗАР
Уг номын санг хүүхдүүд гэлтгүй томчууд ч зорин очдог. Оюутан, залуусын хувьд хүн багатай, хэрэгтэй ном нь бүгд байдаг учраас энд “тухлах” дуртай гэнэ. Мөн эцэг, эхчүүд хүүхдүүддээ ном уншиж өгч, ярилцахаар ирэх нь ч бий аж. Тус номын сан нь үндсэн зургаан танхимтай. Танхим бүрд 2-3 сурагч хичээлээ давтаж байлаа. Тэд ширээн дээгүүр номоо эгнүүлэн тавьжээ. Нийлээд суучихсан, чадахгүй зүйлсээ бие биедээ заах нь ч харагдана. Тэд бусдад саад болохгүйгээр намуухан ярилцана. Бусад хүний хувьд анхаарал нь бүрэн төвлөрсөн бололтой. Хүүхдүүд хувцсаа өлгүүлээд л хичээлээ хийхээр яаран танхим руу орох аж. Хуучны энэ барилгад олон хүний бага насны дурсамж шингэсэн. Дараагийнх нь түүхийн эзэд ч өдгөө байраа эзэлжээ.
Танхим бүрийн үүдэнд бага насны хүүхдүүд зурсан бололтой, өнгө будаг нь солонгорсон зургууд үзэгдэнэ. Өөр өөрсдийн ертөнцийг шингээн зурсан эдгээр бүтээлийн эзэд нь тус номын сангийн “Их мэдэгч”-ийн зочид гэнэ. “Их мэдэгч” танхимыг 0-5 насны хүүхдүүдэд зориулан тохижуулжээ. Номын санч хүүхдүүдэд үлгэрийн ном уншиж өгнө. Түүнчлэн үлгэрч модны тусламжтай ном унших цаг ч бий. Өндөр саглагар мод яг л хүн шиг “Эртээ урьдын цагт” гээд л хүүхдүүдэд монгол ардын үлгэрүүдээс унших аж. Мөн хүүхдүүдээр зураг зуруулах, тэдний дунд уралдаан, тэмцээн ч зохион байгуулдаг гэнэ. Тоглоомоор хүрээлүүлсэн, өнгө алагласан танхимд хүүхдүүд ядарсан үедээ унтах ор ч байна. “Бямба гарагт эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан ирэх нь түгээмэл. Өдөр тутам 15 орчим үйлчлүүлэгчтэй байдаг. Сурагчдын амралт эхлэхээр үйлчлүүлэгчийн тоо цөөрдөг юм. Багш нар ангийнхаа хүүхдүүдийг дагуулан ирэх нь ч бий. Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа нэг цаг гаруй байдаг. Тиймээс энэ цагт хүүхдүүддээ ном уншиж өгөх нь тохиромжтойг эцэг, эхчүүдэд зөвлөдөг. Багаас нь номтой нөхөрлүүлснээр хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар сайжирч, үгийн баялаг нэмэгдэж, өөрийгөө зөвөөр илэрхийлдэг болно” хэмээн тус танхимын номын санч Ц.Нарангэрэл хэллээ.
“Мөрөөдөл” нь өсвөр насны буюу дунд ангийн сурагчдын зорин очих хэсэг. Хүүхдүүд ангиараа болон ганцаараа ирдэг гэнэ. Мэтгэлцээн, хэлэлцүүлэг, мэдлэгээ уралдуулах АХА тэмцээн тэнд өрнөнө. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгүүд бүрэн байна лээ. Монголын ардын аман зохиолын дээжис, монгол бичгээр бичсэн хуучны ховор номууд ч энэ танхимд олон. “Мөрөөдөл” хэмээн нэрлэх болсон нь энэ насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой аж. Тэд ирээдүйнхээ талаар төсөөлж, санаа зовнидог. Эдгээр мэдрэмжээ зөвөөр илэрхийлэх агаад ойлгох чадварыг хүүхдүүд энэ танхимд суралцаж, хөгжсөнөөр эзэмших боломжтой юм байна.
ӨДӨРТ 20 ТӨГРӨГӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Боловсрол хөгжлийн танхимаар насанд хүрэг чид үйлчлүүлдэг. Номын нээлт, соёлын өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал, баяр ёслол, уралдаан, тэмцээн зэрэг томоохон арга хэмжээг энэхүү танхимд зохион байгуулах боломжтой. Өрнө дахины танхимд англи, орос хэлний ярианы клубүүд хичээллэдэг. Дорнынход нь оригами буюу цаасан урлалын сургалт, сүүдрийн хүүхэлдэйн жүжиг тоглодог гэнэ. Германы мэдээллийн номын санд үдшийн уншлага, ярианы клубүүд байна. Тухайн орны хэлийг эзэмшсэн хүмүүс ч клубийн уулзалтыг зорин ирдэг аж. Номын сангийн нэг жилийн эрхийг авахын тулд хүүхэд 3000, том хүн 5000 төгрөг төлнө. Гишүүнчлэлийн картгүй байсан ч өөрт хэрэгтэй номоо захиалаад унших боломжтой. Мөн 7-14 хоногийн хугацаатай гэрээр ном авч унших бололцоотой. Өдрийн 20 төгрөг төлөөд л “Монгол сан хөмрөг”-өөс хүссэн номоо авч уншина.
БАРИВЧ ЭСГЭЖ, ЧӨДӨР, НОГТ ЗАНГИДАЖ СУРНА
Та номын санг зорихдоо зөвхөн ном л уншина гэж бодох хэрэггүй. Учир нь тэнд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ. Тэдгээрийн тухай Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатараас тодруулахад “Нэг жилд 2800-3000 шинэ уншигч бүртгүүлдэг. Өнгөрсөн онд 32 000 гаруй уншигч хүлээн авсан. Хүүхдүүдийг “Чи ном уншаач” гэж шаардах нь унших сэдэл төрүүлэхгүй. Тиймээс номын санд урин залах, дуртай болгох үүднээс соёлын үйл ажиллагааг төрөлжүүлж эхэлсэн. Ингэхдээ төрөл бүрийн сургалт явуулж байгаа. Тухайлбал, баривч эсгэх, эсгий урлал хийх, хөөмийлөх, чөдөр, ногт зангидах зэрэг сургалт бий. Хувь хүний хөгжлийн сургалтаар мөрөөдөлдөө яаж хүрэх, бие даах чадвараа хэрхэн хөгжүүлэх зэргийг заадаг. Манай эх оронд 2020 оны байдлаар 1534 булаг, шанд ширгэсэн гэх судалгаа гарчээ. Тиймээс танин мэдэхүйн “Цэнхэр алт” сургалтаараа усаа хэмнэхийг уриалдаг. Хотын соёлд суралцахыг ч заадаг. Гудамж, талбайд шүлс, нусаа хаяхгүй байх ёстой гэдгээс л эхэлнэ. Хуулийн талаар мэдлэг олгох хялбаршуулсан номоор дамжуулан аюулд өртвөл аль байгууллагад хандах, үе тэнгийнхний дээрэлхэлт нь ямар хор уршиг дагуулдгийг ойлгуулна. Мөн соёлын өвийн үзэсгэлэнтэй. Хүүхдүүд улсынхаа өв соёлыг танин мэдээсэй гэсэн сэтгэлээр уг үзэсгэлэнг дэглэсэн. Сүнсний биш, хүнсний баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна” хэмээсэн юм. Цахим ертөнцийн хязгааргүй хэрэглээнээс холдож, үе тэнгийнхэнтэй хөгжих боломжийг тус номын сан олгоно. Дан ганц хичээлээ хийх бус, өв соёлоо таниж мэдэх боломжийг тус байгууллагынхан ийнхүү бүрдүүлжээ.
ТАСАЛГААНЫ ЧИЙГШЛИЙГ САВТАЙ УСААР “ТОХИРУУЛДАГ”
Тус номын санг зорин ирэх үйлчлүүлэгчийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа гэнэ. Үүнээс шалтгаалан Соёлын төв өргөөний зүүн хойд хэсэг дэх номын сангийн зай талбай багадах шинжтэй болжээ. Түүнчлэн стандартын бус байранд үйл ажиллагаа явуулдаг учир хуучны, ховор нандин, шинжлэх ухааны салбар бүрийн 57 500 гаруй номыг хадгалдаг “Монгол сан хөмрөг”-ийнхөө чийгшлийг сайжруулахын тулд савтай ус тавьж л аргалж байна. Номын тавиур бүрийнхээ урдхан хэсэгт жижиг саванд ус хийн тавьжээ. Тасалгааны температурыг нь хэмжсэний дараа усыг нэмж, эсвэл тавихаа болино. Улсын хэмжээний ганц гэх тодотголтой хүүхдийн номын сангийнхан ийнхүү савтай ус бариад “сууцгааж” байдаг жишиг манай улсаас өөр хаана ч байхгүй биз. Өмнө нь гаднаа гэрэлтүүлэггүй, булан тохойд нь хүмүүс бие засдаг, тасалгаа нь маш хүйтэн зэрэг асуудал ч байж. Өдгөө тэдгээрийг шийдсэн гэнэ. Бүрэн камер байршуулж, интернетэд холбосон байна. Угаалгын өрөө нь ч нурах дөхсөн байсныг засварлажээ.
ШИНЭ БАЙРТАЙ БОЛОХ НАЙДВАР БИЙ ЮҮ
Хүүхдийн төв номын сангийнхан түрээсийн байрандаа жилд 140 сая төгрөг төлдөг. Уг нь 2020-2024 онд багтаан Хүүхэлдэйн театр болон Хүүхдийн төв номын сан хамт байрлах барилга барихаар төлөвлөснийг албаныхан ярьж байв. Үүнийг Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Тасганы овоо орчимд 1.1 га газарт барих учиртай байж. Ингэхдээ номын сангийн барилга зургаа, Хүүхэлдэйн театрыг дөрвөн давхар барихаар төлөвлөсөн юм байна. Зураг төслийг нь 2021 онд танилцуулж, төсвийг нь Хүүхдийн төлөө санд цугласан мөнгөөр шийдэхээр уг нь төлөвлөсөн гэнэ. Ингээд тухайн онд багтаан бүтээн байгуулалт өрнөнө гэцгээж байсан ч ажил хэрэг болсонгүй. Хүүхдийн төв номын сангийнхан шинэ барилгын төсвийг нь ирэх онд шийдэх болов уу хэмээн хүлээж буй гэнэ. Барилга барих ёстой талбай нь өдгөө хог, шороонд булагдсан газар бий. Уг нь 1.3 тэрбум төгрөгөөр “ганган” барилгын зураг төслийг Соёлын яамнаас хийлгэж, олон нийтэд танилцуулсан байдаг. Хэдий зураг төсөл гаргасан ч барих хөрөнгийг нь улсын төсөвт багтаагаагүйн улмаас хоосон газартайгаа дөрвөн жилийн нүүр үзжээ.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн