Сонгодог урлагийн театрт үзвэр эхэллээ. Гэтэл бүх хүн суудлаа эзэлсэн хойно 20-30 минутын дараа хэдэн үзэгч таны хажуу талын суудалд суухаар цаанаас ирж харагдана. Утасныхаа гэрлийг гялбалзуулаад “Энэ хэддүгээр суудал вэ” хэмээн хүмүүсээс асуулаа. Урд талд суух үзэгчийн утас дуугарч чангаар ярих аж. Ард суух хүн таны сандлыг хөлөөрөө өшигчинө. Тэр байтугай утсаа ухах, бичлэг хийх, үзвэрийн талаар хоорондоо шивнэлдэх, электрон тамхи татах, ууттай зүйл задалж идэх явдал эргэн тойронд торойн үзэгдлээ. Үзвэр дуусав уу, үгүй юү үзэгчид уран бүтээлчдэд баяр ч хүргэлгүй нирхийтэл босоод явчихна. Гоо зүй, сэтгэл мэдрэмжээ уяраахаар ирсэн таны хувьд эдгээр үйлдэлд гутаад, бөөн бухимдал тээсээр гэр лүүгээ зүглэх нь тэр.
Энэ үйлдлүүд хэн бүхэнд танил санагдах болов уу. Хүмүүс яагаад театрыг зорьдог вэ? 2500 жилийн турш оршин тогтнож буй эл газарт цогц урлаг яригддаг. Урлагийн гоо зүй, мэдрэмж, санааг уран бүтээлчид тайзнаас хүргэх бол танхим дахь үзэгчид үүнд уусаж, сэтгэлийн баяр баясал, гуниг харууслыг мэдрэх харилцан хамааралтай амьд урлаг. Чансаа бүхий сонгодог урлагийн тоглолтууд тайзнаа “амилж”, театрын улирал эхэлжээ. Өнгөрөгч саруудад театрын урлагийн түүхэнд анхдагч тодотголтой олон жүжиг үзэгчдэд хүрч, шинэ театр ч “мэндэлсэн” ургац арвин он цаг байлаа. Тэдний уран бүтээлд хөндлөнгийн зүгээс хатуухан шүүмж, сайшаал магтаал зэрэгцэн эргэлдэж буй. Харин энэ удаад үзвэр үйлчилгээ үзэх соёл, тэр дундаа театрын үзэгчдийн алдаануудын талаар хөндөж байна.
Мэргэжлийн сонгодог хөгжим сонсож, театрын жүжиг үзэх сонирхолтой үзэгчдийн тоо өргөн хүрээг хамрах болжээ. Харин сонгодог урлагийн газарт биеэ авч явах байдлаас нь хувь хүний соёлжилтыг ив илхэн таньж болно.
ҮЗВЭРИЙН ГАЗАР ГУАНЗ БИШ
Уг нь театрууд үзэгчдээ түүчээлэх ёстой юм. Гэтэл хоцордог үзэгчидтэйгээ барьцаж үзвэрээ хожимдож эхлүүлдэг нь ёс юм шиг боллоо. Тасалбар таслах ажилтнаас бусдаар үзэгчдэд дэг сахиулах, шаардлага тавих, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх нэг ч хүн алга. Зарим үзэгч тэсэхгүй шаардлага тавьж, үзвэрээ тав тухтай үзэх эрхээсээ хасуулж, бухимдсаар гарах аж.
Түүнчлэн кинотеатр шиг попкорн, чипс худалдахаас наагуур ус, ундаа, бургер зарж харагдах юм. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр нь ч завсарлах цагаар буфет ажиллуулж харагдсан нь театр өөрөө соёлоо алдагдуулж байна уу гэх бодол төрүүлмээр. Тасалбарын мөнгөө төлсөн л бол юм бүхэн нээлттэй, задгай гэх ойлголтыг хариуцлагагүй үзэгчдэд төрүүлж байгаа нь бусдын тав тухыг алдагдуулах эхлэл болоод байна. Үзвэрээсээ хоцорсон хүнд шаардлага тавьж, оруулахгүй байх нь дэлхийн аль ч театрт байдаг соёл мөн. Гэтэл хариуцлагагүй үзэгчдийн толгойг илж, бусдыг хохироохоо хэзээ болих вэ. Дараагийн удаа илүү соёлтой үзэгчдийг хүлээн авахын тулд театрын зүгээс зүй ёсны шаардлагаа зоригтой тавих нь юу юунаас чухал байна.
ҮЗЭГЧ ӨӨРИЙГӨӨ ХЯНАЯ
Нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Монголд хоёр жүжиг үзлээ. Үзэгчдийн соёл үнэхээр хэцүү байна. Үзэж байгаа зүйлдээ төвлөрөх ямар ч арга байсангүй. Үнэхээр цухалдаж гарч ирлээ. Үзэгчид дунджаар 30-40 минут хоцорч байна. Жүжиг тал дундаасаа өнгөрсөн байхад л орж ирээд байх юм. Театр нь ч гэсэн оруулаад. Утасныхаа дууг унтраахгүй байна. Нэг дуугаргаад л дууг нь хааж болно доо. Үзвэрийн дундуур утсаа аваад чанга чанга ярих нь хэвийн үзэгдэл. Оройн цагийн, уянгын драмын жүжигт бага насны хүүхдүүдээ авчраад, нөгөө хэд нь жүжгийн турш шуугилдаж гүйлдлээ. Урд сууж байсан эмэгтэй хоёр минут тутам утсаа гаргаж бичлэг хийв. Бас нэг эмэгтэй жаахан хүүхэдтэй ирээд, зогсолтгүй утсаа ухсаар байгаад гарлаа. Тайз руу хараагүй байх. Бас учир зүггүй гэнэт л жүжгийн дундуур утаснуудаа өргөөд гэрэл гялбуулаад зургаа авцгаах юм, хэдэн хүн. Үнэхээр юу гэмээр ч юм бэ дээ. Соёлын довтолгоо хийх цаг нь болсон ч юм шиг. Хэцүү байна даа” хэмээн бичжээ.
“Клеопатра” жүжгийн Потины дүрээр тайзнаа эргэн ирсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт нэгэн ярилцлагадаа “Театр оюуны хөрөнгө оруулалт биш, ёс зүйн хөрөнгө оруулалт юм шүү” хэмээж. Үзэгчдийн соёлыг үзвэрийн тасалбар дээр зааж бичээд л болдоггүй аж. Гайхалтай хөгжмийн аялгууг сонсож байх мөчид, дуурь, бүжгэн жүжиг, драмын жүжигт бүх анхаарлаа төвлөрүүлэн үзэж байхад хэн нэгэн танд бүдүүлгээр саад болно гэж төсөөлөхөд л бухимдал төрөх биз. Тиймээс театрт бусдад саад болохгүйгээр биеэ соёлтой боловсон авч явах талаар зарим ойлголтыг хүргэе.
Уран бүтээлийн талаарх товч танилцуулгыг уншиж, ерөнхий мэдээлэл авах нь үзвэрийг ойлгохгүй байх, төөрөхөөс сэргийлэхэд чухал юм. Ийнхүү та сонгосон бол үзвэр эхлэхээс 15-20 минутын өмнө хүрэлцэн ирж, хувцсаа өлгүүлэн, суудлаа эзлэх хэрэгтэй. Хэт бага насны хүүхэдтэй үзэх нь зохимжгүй бөгөөд тэдний нас, сэтгэлгээний онцлогт тохирсон үзвэр сонгохыг зөвлөдөг байна. Театрт ирэхдээ тухайн үзвэрийн онцлогийг харгалзан гоёл чимэглэл зүүж болох ба энгийн бөгөөд ихэмсэг хувцаслахад хангалттай. Үзвэр эхлэхийн өмнө гар утас, бусад электрон хэрэгслээ унтраах, дууг нь хаах нь хамгийн чухал. Нэг ёсондоо тод дуу, гэрэл гаргадаг зүйлсээс татгалзах ёстой. Энэ нь зарим тохиолдолд тайзан дээрх уран бүтээлчийн анхаарлыг сарниулах, бэртээх талтай байдаг. Түүнчлэн тоглолтын дундуур тэр бүр алга ташдаггүй бөгөөд онцгой тохиолдолд гэдгийг санах нь зөв юм. Харин үзвэр дууссаны дараа танхимаас гарах гэж хэт яарах хэрэггүй. Удирдаач, жүжигчид, уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэхээ мартаж болохгүй. Энэ бүгд бол театрыг зорих хэн бүхний зайлшгүй мөрдөх дүрэм болно. Урлаг нийгмийг гэгээрүүлнэ гэдэг нь ийм л зүйлээс эхлэх болов уу даа.
Бэлтгэсэн Д.Хүслэн