Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ УИХ-д уламжлаад байна. Хууль тогтоогчид үүнийг ойрын үед хэлэлцэх ёстой. Гэвч хэлэлцээд нэмэр байна уу гэж асуумаар. Тухайлбал, энэ удаагийн илтгэлд эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар хөндөв. Энэ бүлэгт хамаарах 52 096 хүүхэд бий гэнэ. ХЭҮК 23 удаа илтгэл танилцуулахдаа 16-д нь хүүхдийн эрхийн хүрээнд хамаарах аль нэгэн асуудлыг тусгаж иржээ. Тэд өнгөрсөн хоёр жилд асрамж, халамжийн төвүүдэд хяналт шалгалт хийсэн дүнгээ тус тайланд тусгасан байна. Улсын хэмжээнд асрамж, халамжийн 30 гаруй төвд нийт 924 хүүхэд бий аж. Эдгээрээс хоёр нь улсын төсвөөс санхүүждэг бол бусад нь олон улсын байгууллагын дэмжлэг, хандив, тусламжаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэдгээрт хүүхдийг гурван настайгаас нь хүлээн авч, 18 нас хүртэл нь амьдруулах ёстой. Гэвч 23 жил амьдарч буй хүн ч байна. Тэд үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаарддаг “хүүхэд” бөгөөд насанд хүрэхээр нь үргэлжлүүлэн асрах газар байхгүй тул тэнд нь үлдээхээс өөр аргагүй.
Яг энэ асуудлыг шийдвэрлэх ёстойг ХЭҮК 2015 онд буюу 14 дэх илтгэлээрээ анхааруулж байжээ. Тухайн үед асрамжийн газруудад хүний эрхийг хангаж буй, эсэхийг онцолсон бөгөөд эдгээр төвийг төрөлжүүлэх шаардлагатайг анхааруулж, зөвлөмж болгосон ч өнөөдрийг хүртэл юу ч шийдэгдсэнгүй. Энэ удаа хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангахтай холбоотойгоор есөн санал боловсруулж, хууль тогтоогчдод уламжилсны дотор бас л ийм агуулга байна. Үүнээс гадна 1997 онд Засгийн газраас баталсан Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн талаар авах арга хэмжээний тухай 193 дугаар тогтоол гэж бий. Биелүүлдэггүй атлаа хүчингүй болгодоггүй, бас шинэчилж сайжруулдаггүй ийм нэгэн тогтоол эмзэг бүлэгт хамаарах хүүхдүүдийн эрхийг хамгаалах “манаа”-нд зогсож байна гээд бод доо. Уг тогтоолоор эдгээр хүүхдийн талаар зохиох үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт жил бүр тусган шийдвэрлэж, зарцуулалтад нь хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Сангийн болон Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайд нарт даалгасан байдаг. Өнгөрсөн 30 шахам жилд энэ тогтоолын хэрэгжилт, үр дүнг нэг ч тооцож бай гаагүй нь харицлагагүй хэрэг биш гэж үү.
Цаашлаад эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах эдгээр хүүхдийн өсөж торниж буй орчин нь эрүүл, аюулгүй байна уу, эрүүл мэндээ хамгаалуулан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чаддаг уу, сурч боловсрох эрхийг нь хангаж байгаа юу гэдэг нь ч анхаарал татаж буйг шинэхэн илтгэлд анхааруулжээ. Арваад жилийн өмнө ч агаар нэгэн зүйл ярьж, сэрэмжлүүлж байсан юм. 2022 оноос Засгийн газар Хүний эрхийг хангах үндэсний хороо байгуулан ажиллаж буй. Уг хороо бүх аймаг, нийслэлийн хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцдэг. Өнгөрсөн онд эл тайланг хэлэлцэхэд Увс аймагт л эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах эдгээр хүүхдийн талаар судалгаа хийж, тусламж, дэмжлэг үзүүлсэн тухай дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, бусад аймагт энэ чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлж болохоор буй хэрэг.
1. Эрүүл, аюулгүй орчинд амьд рах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал: Агаар, хөрс, усны бохирдол, Улаанбаатар хот дахь үндэсний болон олон улсын стандартын хэрэгжилт, уул уурхайн бүсэд амьдарч буй иргэдэд учирч байгаа нөлөөлөл -14 санал
ХЭҮК-ын илтгэлээс гадна төр засгаас бодлого, шийдвэр гарган ажиллаад ч үр дүнд хүрээгүй ажил гэвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт. Ингэхдээ агаар, хөрс, усны бохирдол, Улаанбаатар хот дахь үндэсний болон олон улсын стандартыг хангахгүй буй нь Монгол Улсын иргэн дээрх эрхээ эдэлж чадахгүйд хүргэж байгааг онцлов. 2018 онд танилцуулсан 17 дахь илтгэлд Улаанбаатарын орчны бохирдлыг тусгайлан хөндөж, нийслэлийн хот төлөвлөлт хүний эрхийг хангах бодлоготой хэрхэн нийцэж байгааг онцолсон байдаг. Улмаар “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах талаар шийдвэр гаргуулах, арга хэмжээ авхуулахаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх өмнөх илтгэлүүдэд тусгасан санал, зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэх” гэсэн саналыг УИХ-д хүргүүлсэн зөвлөмжийнхөө хамгийн эхэнд “хадаж” байлаа. Үүнээс өмнө буюу гурав, долоо, 12 дахь илтгэлд яг энэ сэдвийг хөндөж, ижил агуулга бүхий санал хүргүүлж ирсэн хэрэг. Харамсалтай нь, хүрээлэн буй орчны үнэлгээнд хамруулсан 180 улсаас манайх 155 дугаарт бичигдэх хүртлээ бид буруу тийшээ явсаар. Нэг талаас хэлснийг нь хэрэгжүүлдэггүй шийдвэр гаргагчид, нөгөө талаас улам бүр уруудан доройтсон нөхцөл байдлын талаар тоть шиг давтаж буй ХЭҮК-ын дүр төрх ийм л байна. Энэ удаа комиссын зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээ, бодлого, шийдвэрээ эрх бүхий байгууллагууд нь бүхий л түвшинд уялдуулж, бодитой үр дүн гаргахын төлөө ажиллан, гүйцэтгэлийг нь хянаж, төсвийг үр ашигтай зарцуулах ёстой хэмээн цогц санал хүргүүлжээ. 23 дахь илтгэлд багтаасан долоон сэдвийн хүрээнд нийт 54 саналыг УИХ-д уламжилж буйгаас хамгийн олон буюу 14 нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэж буй аж. Үнэндээ энэ асуудлыг шийдчихвэл Монголын зовлон нэлээд хөнгөрнө л дөө.
Түүнчлэн хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийг энэ удаа хөндөв. Үүний тухайд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Хорих ял эдэлсэн хүмүүсийн 38.6 хувь нь суллагдсаны дараах хоёр жилдээ дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн судалгаа бий. Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөрийн үр дүнг сайжруулах шаардлагатайг энэ тоо харуулна. Хууль зүй, дотоод хэргийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтран баталсан эл хөтөлбөрийн дагуу есөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч үр дүн муутай байна. Иймд тэднийг ажилд зуучлах, нийгэмшүүлэх гэх мэтээр салбар хоорондын уялдааг хангах нь чухал” хэмээв. Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн тухайд ХЭҮК-оос ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэх нь зүйтэй гэх зэрэг саналыг өнгөрсөн жилийн тайланд тусгаж байв. Энэ сэдвийг 13, 15 дахь илтгэлд онцолж байсан бөгөөд хоригдлоор хөдөлмөр эрхлүүлэхдээ цалин, хөлсний үнэлгээг үндэслэлтэй тогтоон, хийсэн ажилд нь тохируулан ялгаваргүй олгох шаардлагатайг анхааруулсан байдаг.
Үнэндээ Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэх гэж оромдоод өнгөрдөг талаарх яриа шинэ биш л дээ. Тиймээс ч хуулийг нь шинэчилж, эрх, үүргийг нь тодорхой болгосноор аль алиных нь үйл ажиллагаанд нь дэвшилттэй зүйлс анзаарагдаж буй. Тухайлбал, УИХ өнгөрсөн жил 22 дахь илтгэлийг хэлэлцэхдээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анх удаа бүлэг бүрээр нь авч үзсэн юм. Сүүлийн 20 гаруй жилд хэлэлцсэн хэмээж ирсэн жишгээ халж, холбогдох асуудал бүрээр тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг даалгасан нь сайн хэрэг. Мөн 21, 22 дахь илтгэлийн мөрөөр УИХ тогтоол баталж, түүнийхээ хэрэгжилтийг тооцсон байна лээ. ХЭҮК-ын зүгээс ч УИХ-д хүргүүлэх саналдаа улиг болсон агуулга багтаахгүй, давхцуулахгүй гэдгийг удирдлага нь хэлэв. Гэвч шийдвэр гаргаж, түүнийг нь хэрэгжүүлж байгаа хүмүүсийн ажилд ахиц гарахгүй бол хэлж, сануулахгүй гээд ч яах билээ. Гэхдээ энэ бүхний эцэст гарах үр дүн нь бодитой байх ёстой. Монголд хүний эрх, эрх чөлөө бүхий л талаар сайжрах учиртай.