МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендерийн хороо байгуулжээ. Цаашид намын удирдах шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40-д хүргэж, оролцоог нь ханган, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хянахын тулд ийм хороотой болж буй юм билээ. АН-ын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард жендерийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, Улс төрийн зөвлөл нь энэ сарын 7-нд баталсан байна. Ингэхдээ бүх шатны төрийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхэд сонгуулийн хууль тогтоомжид заасан квотыг доод хязгаар гэдгийг ухамсарлан, нийт нэр дэвшигчийн 40-өөс дээш хувьд эмэгтэйчүүдийг өрсөлдүүлэх, эсвэл сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд улс төрийн нийт томилгооны 40-өөс дээш хувьд энэ хүйсийнхнийг томилох бодлого баримтлахаа илэрхийлсэн юм. Мөн намын төлөөллийн болон гүйцэтгэх төв байгууллага, хяналтын бүтцийн бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байхаар тусгасан Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг дүрэм, журамдаа тусган, дагаж мөрдөн, хуульд заасан тайланг зохих байгууллагад хүргүүлэхээ мэдэгдсэн билээ. ХҮН намын тухайд “50:50” хөтөлбөрөө нэлээд эртнээс зарлаж, үүгээрээ танигдаад буй.
УИХ-д суудалтай бүх хүчнээс гадна парламентад суудалгүй зарим нам (МАН, АН, ХҮН, ИЗНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ШИНЭ, МНН, МСДН, МҮАН, Үнэн ба зөв нам) өнгөрсөн жилийн өдийд “Шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалт”-д нэгдэн, удирдлагууд нь гарын үсэг зурж байв. Төлөөлөл нь хангагдахгүй байгаа залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй сонгуулийн тогтолцоог сонгож, нэр дэвшигчийн хүйсийн квотыг нэмэгдүүлэн, санхүүжилтээ ил тод болгож, зардлаа бууруулан, дотоод ардчиллаа бэхжүүлэхээ тэд амласан юм. Ингэхдээ намын бодлого, дүрэм, журмаа шинэчлэн, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, дотооддоо шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, гарааны тэгш нөхцөл бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизм хэрэглэх, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлоготой болох, хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохирсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, амлалтынхаа мөрөөр хийж буй ажил гэж хэлж болно.
Үүнээс гадна сонгуулийн тогтолцоог холимог болгож, аль нэг хүйсийн нэр дэвшигчийн эзлэх хувь 20 байсныг энэ удаагийн сонгуулиас хамгийн багадаа 30 (2028 оны ээлжит сонгуулиар 40) хувь байхаар хуульчлаад буй. Улмаар улс төрийн нам, эвсэл жагсаалтаар 48 хүнийг нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай буюу сөөлжүүлэн дараалуулахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан билээ. Тэгвэл эрх баригчид жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдээс гадна тойрогт илгээх хүмүүсээ ч хүйсээр нь сөөлжлөн “байршуулахаар” шийджээ, энэ бол сайн хэрэг.
Учир нь өнгөрснөөс харвал бүсгүйчүүд зөвхөн квотод найдах нь дэндүү гэнэн явдал болно. 30 хувийн квот тогтоосон энэ үед УИХ-ыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлэхдээ нам, эвслүүд хамгийн багадаа 38 эмэгтэйг нэр дэвшүүлэх шаардлагатай гэсэн үг. 50 хувь нь энэ хүйсийнх байх ёстой гэсэн зохицуулалтын дагуу тэднээс 24-ийг нь жагсаалтад оруулж таарна. Ингээд үлдсэн 14 эмэгтэйг тойрог руу илгээхэд нам, эвслүүд хуульд заасан 30 хувийг хангачих юм. Энэ удаа бүсчилсэн 13 тойрог байгуулсан тул тойрогт нэг л эмэгтэй “ногдвол” зол болохоор буй. Гэтэл жагсаалтад оруулсан 24 эмэгтэй бүгд сонгогдоно гэсэн үг биш. Жишээ нь, манай улс 2012 онд холимог буюу 48 (мажоритар): 28 (пропорциональ) хувилбараар сонгууль зохион байгуулахад МАН-ын жагсаалтаас эхний ес, АН-ынхаас 10, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхээс долоо, ИЗНН-ынхаас хоёр хүн УИХ-д орж ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, жагсаалтын эхний 10-т байгаа нэр дэвшигчид парламентын гишүүн болоход ойр гэсэн үг. Энэ нь жагсаалтад багтсан 24 эмэгтэйгээс тав нь л хууль тогтоох эрх мэдлийг атгах боломжтой гэж буйгаас өөрцгүй. Үндсэндээ бусад 19 нь нэр дэвшсэн гэгдээд л үлдэнэ. Нам, эвслүүдийн жагсаалтын эхний 10-т багтах “ханш” тэнгэрт тулж, тэрбумаар хэмжигдэж байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. Хэдийгээр намууд бүсгүйчүүдийг жагсаалтынхаа сүүл рүү “шидэж”, эмэгтэйчүүдийн квотыг хангаж, тоо бөглөх төдий хэрэгсэл гэж үздэг хандлагыг халах том хөшүүрэгтэй болсон ч бодит байдал ийм л байна.
Нөгөө талаас тойрог руу нэр дэвшигчдийг илгээхдээ хамгийн өрсөлдөөн ихтэй, эсвэл өөрсдийгөө ялахгүй гэж тооцсон, эмэгтэйчүүд олноор “очсон” газрыг бүсгүйчүүдэд хуваарилдаг. Жишээ нь, 2020 оны сонгуулиар хамгийн олон буюу 11 эмэгтэй өрсөлдсөн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог. Хоёр мандаттай тус тойрогт 28 хүн нэр дэвшсэн бөгөөд өдгөө УИХ-ын 13 эмэгтэй гишүүний нэг Б.Саранчимэг тэндээс сонгогдсон юм. Мөн Баян-Өлгий аймгийн гурван мандатын төлөө 2008 оноос хойш УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэн ч тэдний дотор нэг л эмэгтэй байсан аж. Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар хоёр мандаттай Өмнөговь аймагт 16 хүн нэр дэвшихэд нэг л эмэгтэй багтсан нь Зон олны намаас сойсон А.Гантулга байх жишээтэй. Харин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт 23 хүн өрсөлдсөний 10 нь эмэгтэй бөгөөд тэднэр дэвшигчдийн 43.4 хувийг эзэлж буй нь хамгийн өндөр дүн болсон. Ерөнхийд нь хэлбэл, 2020 онд байгуулсан 29 тойргоос нэр дэвшигчдийн дунд бүсгүйчүүд 20 хүртэлх хувийг эзэлж байгаа 12, 20-30 хувьтай 12, 30-40 хувьтай таван тойрог байж. Тус бүр хоёр мандаттай Говь-Алтай, Сүхбаатар аймагт арав, арван хүн нэр дэвшсэний дөрөв нь эмэгтэй байгаа нь бүсгүйчүүдийн эзлэх байр суурийг 40 хувьд хүргэсэн хэрэг. Гэхдээ эл хоёр тойргоос өнгөрөгч сонгуулиар бүсгүйчүүд сонгогдоогүй. Сонирхуулахад, сүүлийн дөрвөн сонгуулиар хөдөө, орон нутагт нэр дэвшигчдийн 18 хувь нь бүсгүйчүүд бол нийслэлд эл үзүүлэлт 30 хувьтай байна. Тиймээс л нам, эвсэл нь тусгайлан “тохируулга” хийж байж төлөөлөл нь дутуу хэсгийнхнийг дэмжих хэрэгтэй байгаа юм. Ямартай ч энэ удаа эрх баригчид нэр дэвшигчдээ тойрогт ч хүйсээр нь сөөлжүүлэх шийдвэртээ тууштай байж бодитой хэрэгжүүлж чадвал бусдадаа сайн үлгэр дуурайл үзүүлэх нь. Ямар ч эмэгтэйд өрсөлдөх боломж олгодоггүй Баян-Өлгийн гурван мандатын ядаж нэгэнд нь, хамгийн олон буюу 10 мандаттай хоёр ч тойрогт тус бүр тав, хамгийн цөөн мандаттай 13 дугаар тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт илгээх хоёр нэр дэвшигчийнх нь нэг нь эмэгтэй байх, эсэхийг харах л үлдлээ. Тэд хэлсэндээ хүрвэл тус намаас нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдийн тоо хуульд заасан 30 хувийн квотыг давах юм. Нөгөө талаас энэ нь бүсчлэх нэрээр тойргийг томсгосон “алдаа”-гаа эерүүлж, хүйсийн тэнцвэртэй төлөөлөл бүхий парламент бүрдүүлэхэд эл “технологи” тусална хэмээн найдна.
Үнэндээ яг нэр дэвшигчдээ зарлахдаа амлалтдаа хүрэх үү гэж эргэлзээд байгаа нь учиртай. Тэр дундаа том гэгддэг, нөлөө бүхий намууд энэ асуудалд хойрго хандаж ирсэн нь нууц биш. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л Зон олны намын нэр дэвшигчдийн 77, Хөгжлийн хөтөлбөр намынхны 57, Гэр хороолол, хөгжлийн намынхны 50 хувь нь эмэгтэй байсан нь дээр дурдсан дүн, хувь хэмжээнд АН, МАН гэхээс илүүтэй “жижиг” намуудаас сойсон нэр дэвшигчид илүүтэй нөлөөлж, жин дарсан юм. Тухайлбал, эрх баригч МАН-ын нэр дэвшигчдийн 21, сөрөг хүчин АН-ынхны 22, тус сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийнхний 24.5 хувь нь бүсгүйчүүд байв. Энэ нь тухайн үед үйлчилж байсан 20 хувийн квотыг дөнгөж хангасныг нь батална. Уг нь квот гэдэг нь доод босго болохоос бус, дээд хязгаар биш юм. Цаашлаад намууд эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдөө дэмжих бодлого, хөтөлбөртэй, түүнийгээ нүд хуурах төдий бус, бодитой хэрэгжүүлдэг байх ёстой атал тэд үйлдлээрээ бүхнийг гацаагч, нураагч гэдгээ баталж ирсэн билээ. АН-ынхан гэхэд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргэж очихдоо нэг ч эмэгтэй байгаагүй нь урам хугалав.
Гэхдээ одоо нам, эвслүүд алдаагаа засаж, квотод баригдалгүй давуулан нэр дэвшүүлэх боломж бий. Амласнаа биелүүлэх үень энэ удаагийн сонгууль юм. Ингэснээрээ тэд сүүлийн үед хамгийн их ярих болсон төлөөллийг хангахад бодитой хувь нэмэр оруулна. Тэгээд ч тэд бодлого, үйл ажиллагаандаа одоо л салхи оруулж, өөрөөр ажиллахгүй бол цаашид нам, улмаар төр засаг нь хүлээн зөвшөөрөгдөхгүйд хүрэх бэрх үе айсуй. Мэдээж эмэгтэйчүүдийг квотоор дэмжсэн нь энэ хүйсийнхэнд хариуцлага, ёс зүйн шалгуур тавихгүй, “ногоон гэрэл”-ээр нэвтрүүлнэ гэсэн үг биш болохыг эрхбиш тэд ойлгож буй биз ээ. Олны танил бүсгүйчүүд бус, салбар, мэргэжилдээ хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, шинэ бөгөөд үйл, манлайллаараа улс төрийн талбарт үргэлжлүүлэн олон эмэгтэй орж ирэх замыг засах хүмүүсийг шилж сонгон дэвшүүлэх учиртай.