Даашинхүүгийн пүүс Монголын ард иргэдийг өрөнд оруулсан нь 1900-аад оны эхэнд өрнөсөн бодит түүх. Монголын ноёд, хутагтаас эхлээд ард иргэдэд хэрэгтэй барааг хүүтэй зээлж, дараа нь мал болон алт, мөнгийг нь “хамдаг” байсныг өнөө ч бид мартаагүй. Тухайн үед зээлийн хүү жилд 36 хувь байсан боловч пүүсийн эзэд 70-100 хувиар тооцож авдаг байжээ. Аливаа улсын хөгжилд санхүүгийн зуучлал ямар чухал үүрэг гүйцэтгэдэгийг дээрх түүхээс харж болно. Энэ бол Монголд орчин цагийн банкны систем бүрэлдээгүй 100 жилийн өмнөх явдал.
Тэгвэл Улсын банк байгуулах бэлтгэл ажлыг 1922 оноос эхлүүлж, хоёр жилийн дараа Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Худалдаа аж үйлдвэрийн банк” бий болов. Тухайн үед халаасан доторх утаснаасаа банкаа удирдана гэж огт төсөөлөөгүй биз. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, ард иргэдийн хадгаламжийг хадгалах, иргэд хоорондын тооцоог дамжуулах үндэсний зээлийн тогтолцооны эхлэл байв. Улмаар зах зээлийн шилжилтийн өмнө "Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм", "Банкны хууль" баталснаар хоёр шатлалт банкны тогтолцооны суурь тавигдсан нь энэ. Өдгөө Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжөөд 100 жил, хоёр шатлалт тогтолцоо бүрдээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Тодорхой хэлбэл, манай нийт насанд хүрсэн хүн амын 94 хувь нь банканд данстай. Мөн банкны өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 39 орноос 26 дугаар байрт бичигдэж буй. Өргөн уудам нутаг, хүн ам цөөтэй улс хэдий ч 100 мянган хүн амд ногдох банкны салбар, АТМ-ны тоог бусад орнуудтай харьцуулахад илүү хүртээмжтэй. Дэлхийн банкны хүртээмжийн судалгаагаар ч манай улсын насанд хүрсэн 100 000 хүн тутамд 60 банкны салбар ногдож байгаа нь батлагдсан. Энэ нь дэлхийн хөгжингүй улсуудаас хавьгүй өндөр үзүүлэлт.
Эдийн засгийн тогтвортой хөгжилд түүчээлэгч
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь Монголбанк бөгөөд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангадгийг бид мэднэ. Эл утгаараа улсынхаа санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг бүрдүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр иржээ. Түүх сөхвөл, Ардын засгийн анхны жилүүдэд улсын төсвийн ихэнх хувийг гаалийн орлого бүрдүүлж байв. 1924 оны улсын төсвийн орлогын 56.5, 1925 онд 50, 1926 онд 42.7 хувийг гаалийн татвараас бүрдүүлж ирснийг Монголбанк түүхийн альманах номд дурджээ. Тухайн үед Улсын банк төсвийн кассын үүрэг гүйцэтгэж байсан бол таван жилийн төлөвлөгөөт жилүүдэд хөрөнгө санхүүгийн болон зохион байгуулалтаар хангах нь Төв банкны гол үүрэг байв. Үйлдвэрлэлийг дэмжих бодлогын дагуу богино хугацаат зээл ч олгож эхэлсэн түүхтэй. Жишээлбэл, тус зээлийн хэмжээ 1951-1956 онд хоёр, 1956-1961 онд 1.6, сүүлийн таван жил буюу 1961-1966 онд 1.4 дахин өссөн.
1977 онд банкны салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ гурав, 1980-аад онд 4.5-5 тэрбумд хүрэв. Ингэснээр БНМАУ-ын нэгдсэн төсвийн хөрөнгө нь ардын аж ахуйн төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх гол эх үүсвэр болсон гэдэг.
Холбооны нөөцийн сан ам.долларын ханшийг тодорхойлдог
Дэлхийн хамгийн чухал Төв банк бол АНУ-ын Холбооны Нөөцийн Сан. Учир нь тус улс дэлхийн эдийн засагт гол байр суурь эзлэхээс гадна олон улсын худалдаанд ам.долларын ханшийг тодорхойлдог. Гэхдээ тус байгууллагад улс төрийн нөлөөлөл бага, ихэнх гишүүд нь урт хугацаагаар сонгогдож ирсэн.
Мөн дэлхийн нөлөө бүхий Төв банкуудад Европын Төв банк (Европын ихэнх хэсгийг хамардаг), Англи, Канад, Японы болон Хятадын Ардын банк, Швейцарын Үндэсний Банк, Өмнөд Африкийн Нөөцийн банк, Шинэ Зеландын Нөөцийн Банк, Австралийн Нөөцийн банкууд орно. Төв банкууд нь улсынхаа хийгээд арилжааны банкуудын зохицуулалт, суурь эдийн засгийг хөгжүүлэх, тогтвортой байлгахад туслах мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг.
Бодлогын хүүг тогтвортой барих бодлого
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан гуравдугаар сарын 19, 20-нд Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ тав дахь удаагаа дараалан хэвээр хадгална гэсэн хүлээлттэй байна. Харин хөрөнгө оруулагчдын гол анхаарал Мөнгөний бодлогын хорооноос гаргах бодлогын хүүнд чиглэдэг. Үүнд хөдөлмөр эрхлэлт болон инфляцын шинэ үзүүлэлтүүдээс шалтгаалсан аливаа өөрчлөлт гээд бүгд хамаатай. АНУ-ын хоёрдугаар сарын ажилгүйдлийн түвшний тайлан мэдээлэл Холбооны Нөөцийн Сангийнхны хүсэж буй үр дүнг харуулжээ.
Түүнчлэн Европын Төв банк шинэ төсөөлөлдөө инфляцын түвшин ирэх онд зорилтот хоёр хувьд орно хэмээн үзэж, ирэх зургадугаар сараас бодлогын хүүгээ бууруулах боломжтойгоо мэдэгдэв.
Тэгвэл Монголбанкнаас 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. 2023 онд Мөнгөний бодлогын хороо дөрвөн удаа хуралдаж, тус бүрдээ бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрт хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг нэг нэгжээр нэмж, 13 хувьд хүргэснийг хэвээр хадгалсаар байна. Улмаар нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарчээ.
Товчхондоо Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлж, шийдвэр гаргахдаа үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлахаар ийн хариу арга хэмжээ авсан. Улмаар сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үр дүнгээ өгч инфляц улсын хэмжээнд 7 хувьд хүрэв.
Банкны нийт актив 54.2 их наяд төгрөгт хүрчээ
Банкны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг санхүүгийн системийн харьцаа үзүүлэлтээр хэмжье. Олон улсын валютын сангийн 2021 оны статистикаар нийт 140 улсын дундаж үзүүлэлт 71.17 хувь байсан. Үүнээс хамгийн өндөр үзүүлэлттэй нь Хонгконг 268.82 хувь, хамгийн бага нь 7.87 хувь буюу Судан. Монгол Улс 52.7 хувь буюу 140 орноос 82-т эрэмбэлэгдсэн. Харин өнгөрсөн оны байдлаар манай улсын ДНБ 68.9 их наяд, банкны системийн нийт актив 54.2 их наяд төгрөгт хүрэв. Улмаар банкны системийн нийт актив ДНБ-ий 78.6 хувьтай тэнцсэн. Үүнээс манай улсын банкны системийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам бүр өссөнийг харж болох нь.
1948 оноос Социалист орнуудтай худалдаа төлбөрийн хэлэлцээр байгуулсан нь гадаад харилцааны эхлэл байв
Түүх сөхвөл, 1948-1955 онд бараг социалист бүх орнуудтай худалдаа төлбөрийн хэлэлцээр байгуулсан нь Улсын банкны гадаад гүйлгээг ихээхэн өргөжүүлсэн. 1960 оны байдлаар гэхэд Монголын экспортод хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зонхилж, экспортын 42 хувийг малын ноос, ноолуур, 33 орчим хувийг мал, мах эзлэв. Харин импортын 55.5 хувийг өргөн хэрэгцээний бараа, 45.5 хувийг машин тоног төхөөрөмж, бусад бүтээгдэхүүн эзэлж байжээ.
Орчин цагт олон улсын төв банкны жишигт хүрэх, дэлхий нийтээр хэрэгжүүлж буй бодлогын шинэ сорилт, төлбөрийн системийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд Монгол-Хятадын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт, Монгол-Солонгосын хамтын ажиллагааны сэдвээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Түүнчлэн, Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн хурал, Хонгконгийн мөнгөний удирдах газар (HKMA) болон Олон улсын төлбөр тооцооны банкнаас (BIS) хамтран зохион байгуулсан Дээд түвшний бага хурал, Бүгд Найрамдах Армени улсад болсон мөнгөн тэмдэгтийн чуулганд зочноор оролцож, мөн Киргиз улсын банк хоорондын процессингийн төв, БНСУ-ын КТ группийн “БиСи Карт” зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Дэлхийн улсуудтай харьцуулахад Монголын санхүүгийн зах зээлд банкны эзлэх хувь өндөр. Харин АНУ-д санхүүгийн зах зээлд банкны эзлэх хувь бага. Тийм ч учраас Холбооны Нөөцийн Сан дэлхийн эдийн засагт байр суурь эзэлдэг шиг Монголд бүх зүйл банкнаас хамаарч, Монголбанкны шийдвэр салбарын хэмжээнд нөлөөлж ирсэн.