Цахим сүлжээ хэрэглэгчид олшрохын хэрээр тэдний дундаас “их мэдэгч” олноор төрөн гарах болов. Тэд олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, өөрөө хараа ч үгүй бараагаа сайн гэсэн тодотголтойгоор худалдахыг оролдож байна.
Хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн бүлгэм цахим орчинд цөөнгүй бий. Тэдгээрийн ихэнх нь зөвлөгөөний индэр маягтай байдаг. Тухайлбал, “Эхнэрүүдийн ертөнц”, “Нэрээ нууцалсан захиа” гэх мэтээр нэрлэж болно. Эдгээрт пост оруулахдаа хаягаа нууцлах боломжтой. Ихэнхдээ л нэрээ нууцалсан, гэр бүлийн асуудал, найз нөхөд, ажлын хамт олныхоо тухай бичсэн пост хөвөрнө. Түүнийх нь сэтгэгдлийн хэсэгт “Нөхөр, эхнэрээсээ салах хэрэгтэй. Чи сэтгэл гутралд орчихсон. Энэ чинь сэтгэцийн өвчин шүү” гэх зэргээр сэтгэл судлаачийн дүр эсгэгч олон харагдана. Хэн нэгний амьдралыг шүүж, дэлгэцийн цаанаас юу дуртайгаа бичих нь тэдний хобби гэлтэй. Ийнхүү иргэд сэтгэл судлаач болж “их мэдэгч”-ийн дүрд “тоглож” буйг мэргэжлийн хүмүүс ихэд шүүмжилж байна. “Та сэтгэл гутралтай юм байна. Сэтгэл зүй чинь гэмтсэн байна. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал сэтгэл зүйн эмгэгтэй гэсэн үг” гэх зэргээр дэлгэцийн цаанаас онош тавьж болохгүй. Сэтгэл судлалын салбар нь анагаах ухааны нэгээхэн хэсэг. Судлах, таньж мэдэх зүйл ч ихтэй. Тиймээс багадаа 10 жил судалж байж зөвлөгөө өгөх эрхтэй болдог. Цаашид ч үргэлжлүүлэн суралцаж, мэргэших шаардлагатай. Гэтэл энэ мэргэжлийн талаар үндсэн ойлголт ч үгүй хүмүүс бусдын амьдралыг шүүх нь утгагүй хэрэг” гэж сэтгэл судлалын багш нар өгүүллээ.
АМТ ОРУУЛАГЧИЙГ ӨТ ГЭЖ АНДУУРАН, ХЭРЭГЛЭЭНЭЭСЭЭ ХАСЛАА
“Tess” цайнаас өт гарсан тухай дуулиан өнгөрсөн оны есдүгээр сард гарав. “Савлагаатай цайн дахь цагаан зүйлс бол өт” хэмээн нэгэн иргэн цахим сүлжээнд бичлэг байршуулсан юм. Түүнд нь итгэгчид энэхүү цайг уухаа болив. “Биед минь өт орчхоогүй байгаа даа” хэмээн айх нэгэн ч гарч ирэх нь тэр. Үүний хариуд “Максимус дистрибьюшн” компанийнхан мэдэгдэл гаргаж, “Энэ нь цайнд хэрэглэдэг амт, үнэр оруулагч” хэмээн мэдээлсэн. Мөн химийн инженерүүд ч үүнийг баталснаар “Tess”-д “хордогчид”-ын олонх нь алга болцгоосон юм. Зарим нь уутыг нь задлан, амсаж үзээд “Жимс шиг амттай юм байна” гэж байлаа.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бусдыг гэр бүлээ орхих, эсэхийг нь шийддэг хэсэг байхад зурхайгаар амьдралыг нь чиглүүлэгч, цусных нь бүлгээр хувь хүний зан байдлыг тодорхойлогчид ч цахим орчинд цөөнгүй бий. “Өнөөдөр таатай мэдээ хүлээн авна, ажил бүтэмжгүй байна” гэх зэргийг бичсэн, хаанаас гаргасан нь тодорхойгүй зурхай хөвөрнө. Түүнд нь зарим хүн итгэж, “Өнөөдөр зурхайгаар гэрээс гарч болохгүй гэсэн байсан. Тэгээд л бүтэлгүйтчихлээ шүү” гэх нь ч бий. Мөн цусны бүлгээр шинжигчид “Нэгдүгээр бүлгийн цустай эрчүүд анхны харцаар дурладаг зантай. Дурласан эмэгтэйдээ зүрх сэтгэлээ өгч, гараас нь хөтлөхөд бэлэн байдаг. Гэвч уг романтик хайр дурлал нь төд удалгүй замхарч алга болдог гэмтэй. Энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хүнийхээ хувьд нээлттэй. Бусдад баярлаж, гомдохдоо амархан. Гэхдээ хамгийн сайн ээж, хань, гэрийн эзэгтэй байдаг” хэмээсэн нь ч байв. Харин мэргэжлийн хүмүүс “Хүний зан авир, араншинг цусны бүлэгтэй холбон тайлбарласан онол байхгүй” хэмээлээ.
Гадаадын их, дээд сургуульд суралцахаар зоригсдод “их мэдэгч”-ийн зөвлөгөөнөөс болж цаг хугацаа, хөрөнгөөрөө хохироход хүрсэн тохиолдол ч байна. Тиймээс Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас төлбөртэй зөвлөгөө, үйлчилгээ өгөхийг хориглон мэдэгдэл гаргажээ. “Сүүлийн үед боловсрол зуучлалын зарим төв, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, хувь хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр болон биечлэн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар буруу ташаа, үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. Мөн тэтгэлгийн талаар худал мэдээлэл, зөвлөгөө өгөх, өргөдөл, эсээ бичихэд нь туслах нэрийдлээр төлбөр хураамж авч ашиг олох хэрэгсэл болгосон нь зохисгүй үйлдэл” гэж тус газрын мэдэгдэлд дурдсан байв. Тус байгууллагаас Австралид суралцах сонирхолтой залууст үнэ төлбөргүй, найдвартай, баталгаатай мэдээлэл хүргэх үйл ажиллагаа явуулдаг аж.
ТҮҮХИЙ СОНГИНО, ЗӨГИЙН БАЛТАЙ ХОЛЬЖ УУСНЫ УЛМААС ХОРДЖЭЭ
“Түүхий сонгино, зөгийн балтай хольж ууснаар цөсний чулуу хайлуулдаг” гэж нэгэн иргэн цахим сүлжээнээс уншжээ. Тэрбээр энэхүү аргыг туршиж үзсэнийхээ дараа хордсон байна. “Цөсний чулууг цэвэрлэхэд малын цөс сайн” гэж сонссоны дагуу туршиж үзсэн нэгэн ч бий. Тэрбээр “туршилт”-ынхаа дараа эмнэлэгт хэвтсэн гэнэ. Мөн богино хугацаанд жин хасах гэж олон хоногоор мацаг барьсан нэгэн тамиргүйдэж, ухаан алдсан тохиолдол ч гарчээ. Тэрбээр энэхүү аргыг олон гишүүнтэй эмэгтэйчүүдийн бүлгэмээс “олсон” гэнэ.
УУШГИНЫ ЭМЧ НАР “МОНГОЛЫН ВЕЙП ХЭРЭГЛЭГЧДИЙН ХОЛБОО” ТББ-ЫН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Б.ЦОГТ-ОЧИРТОЙ ТЭМЦЭНЭ
Бас нэг жишээ нь, бэлгийн замаар дамжих халдварын үед залуус бие биедээ зөвлөгөө өгч, нэг удаагийн тарилгыг дур мэдэн ашиглах нь олширчээ. Дур мэдэн өөрийгөө эмчилж, антибиотикийн тэсвэржилт үүсгэсний дараа эмнэлэгт ханддаг талаар нэгэн эмч ярилаа. Үүнээс үүдэн үргүйдэлд хүрэх эрсдэлтэй юм байна.
Цахим сүлжээнээс “олсон” жороороо өөрийгөө эмчлэн, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс цөөнгүй бий. Тэдний тусламж хүсэх эцсийн шат нь мэргэжлийнхэн болдог гэнэ. Өвчнөө хүндрүүлсэн цагтаа л эмнэлэг барааддаг хэрэг. Улсын гуравдугаар эмнэлгийн Уушги судлалын тасгийн эмч, анагаах ухааны магистр Б.Золзаяа “Чихрийн шижин өвчний үед хэрэглэх тарилгыг импортоор оруулж ирэн, ямар ч жоргүйгээр хэрэглэж, өвчнөө хүндрүүлдэг. Үүнийг дур мэдэн хэрэглэх ёсгүй. Дотоод шүүрлийн эмчид үзүүлээд, заавраар нь хэрэглэх ёстой. Гэтэл хэн нэгнээс сонссоныхоо дагуу дур мэдэн хэрэглэцгээж байна. Мөн “Янжуур нь цахилгаан тамхинаас илүү хор нөлөөтэй, энэ талаар эмч нар дуугарсангүй” хэмээн эмчийн халаад өмссөн нэгэн худал мэдээлэл тараасан.
Үүний эсрэг уушгины эмч нар нэгдэн, нэвтрүүлэн бэлтгэхээр төлөвлөлөө” гэв. Түүний ярьснаар эмчийн халаад өмсөн, иргэдийн итгэлээр наадагч нь “Зуршлаа өөрчилье” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, “Монголын вейп хэрэглэгчдийн холбоо” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир аж. Тэрбээр тус хөтөлбөрөөрөө дамжуулан “Янжуур тамхи хор хөнөөлтэй. Харин цахилгаан тамхинд ямар ч аюул байхгүй” гэсэн агуулгатай цуврал контент бэлтгэж буй. Үүнийг нь эсэргүүцсэн эмч “Халаад өмсөж, иргэдийн итгэл үнэмшлээр тоглож, электрон тамхи сурталчилж байгаа нь илтэд залилан. Электрон тамхи болэм гэж ярих нь холгүй байна. Эмч нарыг удаа дараа “янжуурт худалдагдсан” гэж гүтгэж, нотолгоогүй мэдээллийг цахим орчинд түгээсэн. Энэ бол гүтгэлэг, гэмт хэрэг. Электрон тамхи хэрэглэхийг өсвөр үеийнхэнд уриалж буй нь нийтийн эрүүл мэндийн эсрэг зөрчил” хэмээсэн юм.
П.БОЛОРТУЯА: МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСИЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛД АВТАХ НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ
Цахим сүлжээнээс зөвлөгөө хайх, эсвэл бусдад зөвлөгөө өгөх нь өвчирхөх эмгэгийн шинж тэмдэг аж. Энэ талаар сэтгэл заслын ахлах зэргийн эмч П.Болортуяагаас тодрууллаа.
-Өвчирхөх эмгэгтэй хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Удаан үргэлжилсэн стресс, буруу хүмүүжил, сэтгэл зүйн гэмтлээс шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, хоолой боож, амьсгал бачуурах, юм идэхээр горойгоод, хоол орохгүй байх, эсвэл зүрхээр хатгуулж өвдөх гэх мэт зовуурь илэрч болно. Өөрт илэрч буй шинж тэмдгийн талаар цаг үргэлж бодно, хэт их санаа зовно, биеэ байнга чагнана. Эдгэшгүй болон аминд аюултай өвчин өөрөөсөө хайна. Жишээлбэл, зүрх, уушги, ходоодны хавдрын шинж тэмдэг өөрөөсөө хайж, тэдгээрийн тухай ном уншина, эсвэл интернэт орчноос мэдээлэл цуглуулна. Дээрх өвчний зовуурь өөрт байна гэж итгэн, байн байн эмчид үзүүлж, бүх төрлийн шинжилгээнд хамрагдах магадлалтай. Мөн нэг шинжилгээг өөр өөр газарт олон удаа өгнө. Өвчтэй болчих вий гэж цаг ямагт түгшдэг. Өвчтэй болчихлоо гэж хий хоосон айна. Гэвч биед нь өвчин үгүй. Шинжилгээний хариу ямар ч өөрчлөлтгүй, хэвийн байдаг. Зарим хүн өөрийн орны бүх эмнэлэгт хандаад, эрүүл гэсэн дүгнэлт гарахад итгэлгүй гадаад руу явж оношлуулах тохиолдол ч байдаг. Гэвч шинжилгээний үр дүнд “эрүүл” гэсэн хариу гардаг.
-Энэ төрлийн эмгэгтэй хүн хаана хандах хэрэгтэй вэ?
-Өвчирхөх эмгэгтэй хүмүүс гэртээ ганцаараа байхаас аль болох зайлсхийдэг. Учир нь ганцаараа байж байгаад амьсгал боогдоод, цус харваад үхчих вий гэсэн муу бодлууд төрж, хажуудаа байнга хэн нэгнийг байлгах хүсэл эрмэлзлэлтэй болдог. Тиймээс энэ бүх айдсыг даван туулах, нийгэмтэйгээ дасан зохицож амьдрах нь чухал. Хэрэв өвчирхөх эмгэгийн шинж тэмдэг илэрч байвал сэтгэцийн эмчид хандах нь зөв. Гэтэл өвчирхөх эмгэгтэй үйлчлүүлэгчид ямар эрхтэн системийн зовуурь шаналгаа илэрч байгаагаас шалтгаалан зүрхний, ходоодны, элэгний өвчтэй, хавдартай хүмүүсийн гэх мэтээр цахим орчин дахь бүлгэмд нэгдэж, шинжлэх ухааны нотолгоонд суурилаагүй мэдээлэл авч, шаардлагагүй олон шинжилгээ хийлгэх байдал ажиглагддаг.
-Цахим сүлжээнд сэтгэл зүйн байдлаа хуваалцах, зөвлөгөө авах зэрэг нь үр дүнтэй алхам болж чадах уу?
-Сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн эмч нар үзүүлдэг. Энэ төрлийн эмчилгээ нь тусгай сургалт шаарддаг. Тийм учраас сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээг стандарт, зориулалтын өрөө тасалгаанд хийдэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар сэтгэл засалч гэж сэтгэл заслаар мэргэшсэн сэтгэцийн эмчийг хэлнэ. Харин сэтгэл зүйч гэж их, дээд сургуулийг энэ мэргэжлээр төгссөн мэргэжилтнийг хэлнэ хэмээн заасан байдаг. Цахим орчинд буй мэргэжлийн бус хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авснаас шалтгаалан стрессээ даамжруулан, сэтгэцийн эмгэгт өртөж болзошгүй.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн