“Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ орно, сэтгэлээр унана, буцаж босно. Хүн бүр эцэг, эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, хичээж байгаа. Гаднын оронд гадаад үзэмжээр гоочлох, ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр, хэмжээгээр нь ялгаварлахаа больё” хэмээн дуучин Ч.Мишээл цахим хуудсандаа бичсэн нь саяхан. Түүнийг сонсогчид нь “Таргалсан байна, бүдүүн болж” хэмээн шүүмжилж, цахим орчинд гадуурхсанаас үүдэн тэрбээр ийнхүү бичихэд хүрсэн юм.
Эмэгтэй дуучин, жүжигчин зэрэг олны танил хүн, улс төрчид иймэрхүү байдлаар цахим орчинд доромжлуулах, дээрэлхүүлэх, гүтгүүлэх, заналхийлэлд өртөх нь түгээмэл. Олон нийт цахим орчинд эмэгтэйчүүдийн хэлсэн үг, хийсэн үйлдлийн агуулгад нь ач холбогдол өгч байна уу, эсвэл зөвхөн эмэгтэй гэдэг талаас нь буюу хүйсээр нь ялгаварлаж ханддаг уу гэдэг нь сонирхолтой. Жишээ авч үзье. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёр жилийн өмнө Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “ХНХЯ-ныхан амьжиргааны түвшин доогуур айл өрхийг улныхан “ул айл” гэж нэрлэдэг” хэмээн хэлснээрээ иргэдийн эгдүүцлийг хүргэж, хүчтэй шүүмжлэлд өртөж байв. Тэрбээр буруу үг, үйлдэл гаргасан нь үнэн. Гэвч олон нийт түүний үг, үйлдэлд гэхээсээ илүү эмэгтэй гэдэг талаас нь шүүмжилж эхлэв. Тухайн үед “Балай авгай огцор”, “Эргүү авгай минь зүгээр зайл”, “Эмээ нар тэтгэвэртээ гараач ээ”, “Хятад хүүхэн”, “Сэтгүүлч сэтэртэй авгай” зэргээр эмэгтэй хүйсийг нь тодруулан дайрч давшилсан өнгө аястай сэтгэгдэл жин дарсан. Монгол хэлний их тайлбар толь бичгээс харахад “ул” гэдэг үг нь хүн, амьтны хөлийн таваг хэмээгээд хөлийн газар гишгэх хэсгийг хэлнэ гэжээ. Эл үгийг ашигласнаараа эрхэм гишүүн ард иргэдээ дорд үзсэн хандлага гаргасан. Улмаар үүнээс нь үүдэн түүнийг сайдаас нь огцруулсан юм. Угтаа бол түмэн олноо төлөөлж буй түшээ хүн ийм ёс зүйтэй байх ёсгүй гэдэг өнцгөөс олон нийт хэлэлцэх нь зөв байлаа. Гэтэл эмэгтэй гэдэг талаас нь л шүүмжлээд байсан.
Өөр нэг жишээ. Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй Засаг дарга хэмээн танигдсан Э.Болормаагийн хэлсэн үг сошиал орчинд багагүй шуугиан тарьсан. Тодруулбал, Ховд аймгийн Засаг дарга тэрбээр“Журамд өөрчлөлт оруулж, “Аймгийн аварга малчин”-ыг “Аймгийн аварга малчин өрх” гэж нэрлэх боллоо. Мөн сумынхаа төвд улаан хивсний ёслол хийнэ. Ерөнхийлөгчийн явсан улаан хивсэн дээр малчид алхаж, шагналаа гардаж аваасай” гэж хэлсэн нь шүүмжлэлийн гол бай болов. Халуун, хүйтэнд халшрахгүй зүтгэх малчны хөдөлмөр ганц гэрийн эзнийх биш, түүний гэргий, хүүхдүүдийн нөр их хичээл зүтгэлээс шалтгаалдаг учраас шагналыг гэр бүлд олгох нь зүйтэй гэж үзсэн Засаг даргын санаачилга буруу биш. Харамсалтай нь, “Ерөнхийлөгчийн алхсан улаан хивсэн дээгүүр малчид алхана” гэсэн хачирхалтай үг нь өмнөх санаачилгыг нь ч юу биш болгоод, “шороотой хутгачихсан”. Улмаар “Эмэгтэй хүн дарга болохоор ийм дэмий зүйл ярьдаг” гэх утгатай, түүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан хандлага бүхий шүүмжлэл нийгмийн сүлжээгээр тархсан болсон юм. Эрчүүд ч ам алддаг, тэнэг зүйл ярьдаг. Гэвч олон нийтэд танигдсан бүсгүйчүүдийг эмэгтэй гэдгээр нь онцолж адлах нь элбэг байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хүн үг хэлэх, мэдээллийг чөлөөтэй эрж хайх, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж заасан. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бусдын нэр, алдар хүндэд халдахыг хуулиар хориглодог. Гэвч цахим орчинд нэр, зураггүй хаягаар бусдын алдар хүндэд халдах, гутаах тохиолдлууд гарсаар байна. Тэр дундаа эмэгтэйчүүд цахим гадуурхалд өртөх нь түгээмэл. Энэ нь монголчуудын хэвшмэл ойлголттой холбоотой, эсэх талаар жендерийн үндэсний шинжээч, МУБИС-ийн багш Т.Туяачимэгээс тодруулсан юм. Тэрбээр “Эмэгтэй улс төрчдийн давуу талыг илэрхийлэхдээ хувийн амьдрал, шинж чанарыг илүү онцлох нь бусдын шүүмжлэлд өртөх бай болдог. Сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг тухайн улс төрч хэрхэн шийдэж чадах вэ, ямар санаа бодолтой байгааг сонсох нь илүү чухал. Гэтэл зарим эмэгтэй нэр дэвшигч улс төрийн боловсролгүйн улмаас бодлогын асуудал ярьж чадахгүй байна. Чаддаг хэд нь байр сууриа илэрхийлсэн ч шийдэл хэлж мэддэггүй. Нийгмийн зүтгэлтэн эерэг, сөрөг баримтыг аль алийг нь ярих ёстой.
Цахим орчинд олон хандалт авахын тулд зөвхөн сөрөг баримт ярьдаг байж болохгүй. Ер нь эмэгтэй улс төрчид өөр лүүгээ ирж буй дайралтыг багасгая гэвэл хувийн шинжүүдээ битгий тодруул, үнэт зүйл, бодлогын асуудлаа ярих хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоогийн цөөн хэдэн эмэгтэй гишүүнээр Монголын нийт эмэгтэй улс төрчийг төсөөлж байгаа нь өрөөсгөл. Монголд одоо ажиглагдаж буй зүй тогтол нь АНУ-д 1980-аад онд өрнөж байсан үйл явцтай адилхан байгаа юм. Тухайлбал, 1986 оны нэгэн судалгаанаас харахад АНУ-д нас ахисан эмэгтэй улс төрчдийг “Шулам, авгай, эмээ нар зайл” гэж ярьдаг байж. Өнөөдөр Америкийн сонгогчид “Миний асуудлыг зөв ярьдаг, шийддэг улс төрчийг сонгоно, тэр нь хэн байх нь хамаагүй” гэдэг болсон. Үүний жишээ нь, америк залуус бааранд зөөгчөөр ажиллаж байсан эмэгтэйг сонгосон. Энэ бол өөрчлөлт. Хүний өмссөн зүүсэн, гадаад төрх, гэр бүлийн амьдралаас илүүтэй миний ямар асуудлыг шийдэх, тойрогтоо, цаашлаад улс орондоо юу хийж, бүтээх вэ гэдгийг сонгогчид харгалзах болсон. Хүүхдийн хүчирхийлэл, Улаанбаатар хотын утаа, орчны бохирдол, замын түгжрэл гээд л шийдэх асуудал манай улсад зөндөө бий шүү дээ” гэв.
Мөн түүний бичсэн “Хэвлэлд эмэгтэй улс төрчийг хэрхэн харлуулж байна вэ” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэлд “Дэлхийн хэвлэл мэдээллийн мониторинг төслийн тайлан (2020)-д хэвлэл мэдээллийн 13 хувьд эмэгтэйчүүдийг мэдээний субъект байдлаар, дижитал мэдээллийн 21 хувьд нь л мэдээллийн эх сурвалж болгон үзүүлжээ. Үүнээс харахад хэвлэл мэдээллийн агуулгад жендерийн тэгш бус байдал үүссэн байна. Эмэгтэйчүүдийн талаар ихэвчлэн жендерийн уламжлалт үүргийг онцолж, гадаад төрх байдал, эсвэл нэр дэвшигч байх зохисгүй байдал зэрэгт анхаарал хандуулж дүрсэлсэн байдаг” хэмээжээ.
51 оронд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 38 хувь нь ямар нэгэн хэлбэрээр цахим дарамт, шахалтад өртсөн. Дөрвөн хүн тутмын нэг нь энэ талаар холбогдох байгууллагад мэдээлж, 10 хүн тутмын ес нь цахим хэрэглээгээ хязгаарладаг гэжээ. Түүнчлэн залуу эмэгтэйчүүд цахим орчинд бэлгийн дарамтад өртөх магадлал өндөр байдаг. Тэр дундаа 35-аас доош насны эмэгтэйчүүдийн 33 хувь нь энэ төрлийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн судалгаа бий. Манай улсад ч охид, бүсгүйчүүд цахим орчинд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол цөөнгүй. Тухайлбал, цахим орчинд харилцаж байгаа хэн нэгэнд итгэж нүцгэн зураг, бичлэгээ дамжуулах нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох нөхцөлийг бүрдүүлж байна. Ялангуяа цахим орчинд нэр, нас, зүс царайгаа нуусан этгээдүүд өсвөр насны охидыг хуурч мэхлэх замаар итгэлийг нь олж, сул талыг нь ашиглан айлган сүрдүүлж, хүчээр биеийг нь үнэлүүлэх тохиолдол гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Хүний нэр төр, алдар хүндэд халдаж, худал мэдээлэл тараахыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, мөнгөн торгууль, эсвэл гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байдаг.
Цахим орчин хүн төрөлхтний амьдралын салшгүй хэсэг болоод удав. Бүхий л мэдээлэл, худалдаа үйлчилгээ, сургалт, тэр ч бүү хэл, ажлаа цахимаар хийх боломжтой үед бид амьдарч буй. Энэ хэрээр сошиал орчинд хүмүүс бусдаасаа илүү ухаалаг, царайлаг, гоолиг, гоё сайхан байх бичигдээгүй хууль үйлчилдэг. Тэр тусмаа эмэгтэйчүүд заавал хөөрхөн, бас туранхай байх ёстой. Хэрэв тийм биш бол үгийн муухайгаар хэлүүлж, гадуурхалд өртөх нь бий. Тиймээс эмэгтэйчүүд цахим орчинд “засаж, сайжруулсан” зургаа оруулж, өөрийнхөөрөө байх боломжгүй болдог талаараа хэлэх болсон. Ялангуяа өсвөр насны охид фэйсбүүк, инстаграм хуудас дахь “төгс гүнж” шиг болохыг мөрөөдөж, өөрийгөө голох, улмаар сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй гарч байгааг сэтгэл зүйчид хэллээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү сэтгэцийн эмгэгээр өвддөг аж. Тухайлбал, сэтгэл гутрал, хооллох дурын эмгэгээр зонхилон өвддөг байна.
Цахим орчинд гадуурхалд өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд ямар гэмтэл авч болох талаар сэтгэл зүйч Г.Жаргал “Цахим орчинд эмэгтэйчүүдийн гадаад байдал, ар гэр, хувийн амьдрал, үг, үйлдлийг шүүмжлэх тохиолдол нэмэгдсэн. Олон хүний шүүмжлэл, дайралтад өртсөн эмэгтэй хүн сэтгэл гутралд орж байна. Үнэт зүйл рүү нь хэр их халдсанаас шалтгаалан сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог. Энэ байдлаас гарахын тулд сэтгэл зүйн зөвлөгөө авах, буруу ойлголтыг залруулж, тайлбар хэлэх, ойр дотнын хүмүүс, гэр бүлдээ тухайн асуудлын талаар хуваалцах нь аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах нэг хэлбэр юм. Цахим орчин хөгжих тусам аливаад шүүмжлэлтэй хандах байдал нэмэгддэг. Тухайн хүн таны засаж болохоор зүйлийг шүүмжилж үү, эсвэл зориудаар гүтгэн доромжилж байна уу гэдгийг бодож, эерэг дүгнэлт гаргахыг хичээгээрэй” гэв.
Нэгэнт бид цахим орчныг өөрт тааламжтайгаар өөрчлөх боломжгүй тул мэдээ, мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь сэтгэл зүйгээ хамгаалах нэг арга байж мэдэх юм.