Монгол Улсад үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өчигдөр тохиолоо. Уг ойг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс баярын хурлыг өчигдөр зохион байгуулав. 2024 оныг сэтгүүлчдийн ёс зүйг эрхэмлэх жил болгож буйгаа МСНЭ-ийн удирдлага энэ үеэр зарлалаа. Үүний хүрээнд олон улсын сэтгүүлчдийн ёс зүйг сурталчлан таниулах арга хэмжээнүүд зохион байгуулах нь. Түүнчлэн нийгмийн сүлжээнд сэтгүүлчид байр сууриа ёс зүйтэйгээр илэрхийлэх хэм хэмжээний зөвлөмж гаргах нь. Мөн ёс зүйн алдаа дутагдлын судалгаа зэргийг хийхээр төлөвлөсөн байна. Түүхт ойг тохиолдуулан сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг өчигдөр шагнаж урамшуулсан юм.
Тухайлбал, Д.Бодоогийн нэрэмжит шагналыг “Өглөөний сонин”-ы эрхлэгч Ч.Үл-Олдох хүртэв. Мөн ergelt.mn сайтын сэтгүүлч Б.Энхмартад Ж.Цэвээний нэрэмжит шагналыг олголоо. Салбарын эдгээр шагналыг шилдэг редакторуудад хүртээдэг билээ. Түүнчлэн манай сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Сарангэрэлийг МСНЭ-ийн нэрэмжит шагналаар шагнасан бол өдгөө МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, “Шинэ малчин” сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал, Б.Пүрэвсүрэн нар МонголУлсынЕрөнхийлөгчийнзарилгаар“Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан юм. Мөн unuudur.mn сайтын зураглаач, инженер Б.Алтангэрэл МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналын эзэн болов. Ташрамд дурдахад, МCНЭ-ийн долоодугаар хурлаар “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэн 1913 оны гуравдугаар сарын 6-нд сэтгүүл зүйн салбарынхны баярыг ийнхүү тэмдэглэхээр санаачилж байжээ.