Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг, Монгол элсний байгалийн цогцолборт газарт орших Ажиг, Эрээн нуурыг сэргээх, хамгаалах ажлыг улсын төсвийн 840 гаруй сая төгрөгөөр хийж байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээллээ. Үүний хүрээнд Завхан голд түшиглэн усны чиглүүлэх барилга, байгууламж барьж, нууруудыг сэргээх гэнэ. Тодруулбал, гидрогеологийн байгууламжийн тусламжтайгаар Завхан голын баруун салаанаас ус татан Ажиг нуурыг сэргээгээд, түүнд хуримтлагдсан нөөцийг хуваарилан сэлбэх замаар Эрээнийг тэтгэх боломжтой гэж тооцжээ. Эдгээр нуур нь нэг голын хөндийд, экосистемийн гинжин хэлхээ холбоонд оршдог тул нэгийнх нь тусламжтайгаар нөгөөг нь сэргээх, нөөц бүрдүүлэх, урсцын тохируулга хийхэд тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзсэн байна.
Монгол элсний байгалийн цогцолборт газар дахь Ажиг, Эрээн нуурыг сэргээх талаар яриад цөөнгүй жил болсон ч үр дүнтэй арга хэмжээ авалгүй хугацаа алдсанаас экосистем нь ихээхэн доройтжээ. Эрээн нуурын ойр орчимд зэгс хэт их ургаснаас ургамлын бүрхүүл, төрөл, зүйл нь хумигдсан байна. Ажиг нуурын эрэг элсэнд дарагдсанаас эзлэхүүн, зай талбай нь эрс багассан аж. Тиймээс нөхөн сэргээх, хамгаалах ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр өнгөрөгч зургаадугаар сард тендер зарлажээ. Ташрамд дурдахад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар хамтран бас нэгэн нуурын экосистемийг хамгаалах ажлыг орон нутагт эхлүүлээд буй нь Ховд аймаг дахь Дөргөн аж.
Н.МИШЭЭЛ