-Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд болон нийслэлд газар хэдэн удаа хөдөлсөн бэ?
-2024 оны эхний долоон сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт 17 686 удаа газар хөдөлсөн. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 31 удаа бүртгэгдсэн байна. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 3-нд Архангай аймгийн Чулуут сумын нутагт болсон бөгөөд магнитуд нь 4.8-д хүрсэн. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийллийг эпицентр (газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээрх цэгийг эпицентр гэнэ) орчмын ард иргэд мэдэрсэн байна. Тухайн цаг үед болсон газар хөдлөлтийн тоог одоогийнхтой харьцуулж дүгнэх боломжгүй байдаг. Тухайлбал, 2021 оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт газар хүчтэй хөдөлснийг та бүхэн санаж буй биз. Тус газар хөдлөлтийн дараа голомтын бүс нутагт 130 мянга гаруй удаагийн давталт бүртгэгдсэн байх жишээтэй.
-Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцдог. Идэвхжил яг хаана хаана байна вэ?
-Улаанбаатар хот орчмын бүс нутагт 2014 оноос хойш жилд дунджаар 1000 орчим удаа газар хөдөлсөн байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 447 удаа газар хөдөлжээ. Бид “Улаанбаатар хот болон дагуул дүүргүүдийн бичил мужлалын зураглал” хийх судалгааны ажлыг хуучнаар БХБЯ-ны захиалгаар гүйцэтгэсэн юм. Энэхүү судалгааны үр дүнгээс харахад, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь VII-IX баллын бүсэд орж байна. Тиймээс барилга, байгууламж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхдээ барилгын норм, дүрмээ л сайн мөрдөх шаардлагатай.