Боловсролын зээлийн сангийн “хулгай”-н талаар шуугьсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Өнгөрсөн хавраас буюу эл дуулиан дэгдсэнээс хойш хууль, хяналтын байгууллагууд үүнийг эрчимтэй шалгаж эхэлсэн бөгөөд тус сангийн хөрөнгөөр гадаадад 3069 хүн суралцаж, үүнд татвар төлөгчдийн 230.1 тэрбум төгрөг зарцуулсан хэмээн тогтоогоод буй. Уг нь үүнээс өмнө АТГ-аас зарим үйл ажиллагааг нь шалгаж, зөвлөмж өгсөн ч төдийлөн хэрэгжүүлээгүй юм билээ. Ямартайч шуугиан тарьж, “гэрэлд цохиулсан” болохоор эргэн төлөлт нь өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирчээ. Тухайлбал, 2020 оноос хойш энэ сарын 16-ныг хүртэл 1.7 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 5.8 тэрбум орчим төгрөгийн зээлийг гадаадад суралцсан хүмүүс төлсөн байна. Үүнээс 1.2 сая ам.долларыг нь өнгөрсөн онд төвлөрүүлсэн байгаа юм. Гэхдээ энэ нь нийт төлөх ёстой мөнгөтэй харьцуулбал дэндүү бага.
Ийм хурдаар “явбал” эдгээр зээлийг хэзээ барагдуулж дуусах вэ. Боловсролын зээлийн сангаас зайлшгүй зээл авч, дэмжлэг хүртэх ёстой дараагийн суралцагчид нь энэ хооронд бас л боломжоо алдаж, хулгайлуулсаар байх уу. Нөгөө талаас уг нь тус сангаас гадаад болон дотоодод суралцагчдад зээл олгодог. Монголын их, дээд сургуульд суралцагчдад 500 мянгаас найман сая, гадаадад сурах оюутнуудад 100-600 сая хүртэл төгрөгийн зээл олгож ирсэн. Дотоодод суралцсан хүмүүсийнхээ зээлийн төлбөрт дипломыг нь барьцаалж, хуулбарыг нь ч өгөхгүй, Монголбанкны “хар жагсаалт”-д оруулна гэж сүрдүүлж байгаад төлүүлдэг ч тэднээс хэдэн арав дахин их мөнгө зээлж гадаадад сурсан хэсгийг тэгээд л орхичихдог. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан тэд буцаад эх орондоо ирсэн, эсэх нь ч падлийгүй. Тухайн зээлийг олгохдоо ч, төлүүлэхдээ ч иргэдээ ялгаварлаж, шударга бус ханддаг эл байдал нь манай нийгэмд энд тэндгүй тогтоосон “дабл стандарт”-уудын нэг учраас олон нийт хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Цалин, орлогоосоо хураалгаж, тушаасан татвар, мөнгийг үр хүүхдүүдэд нь ижил тэгш гараанаас хуваарилахгүй, эрх мэдэлтэй, мөнгөтэй, мэдээлэлд ойр, танил талтай хэсгийнхний үе, удмыг өндөр боловсрол эзэмшүүлэхэд зориулж, зүгээр өгсөн аятай буцааж ч авахгүй байгааг шүүмжлээд буй хэрэг. Үүнийг ингээд мартах ёстой юу. Эсвэл мартуулах гээд байна уу.
УИХ өнгөрсөн оны долоодугаар сард Боловсролын ерөнхий хуулийг шинэчлэн баталсан. Ингэхдээ Их, дээд сургуулийн санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг хүчингүй болгож, боловсролын зээлийг тэглэх хууль, эрх зүйн орчныг хаасан гэдгийг эрх баригчид онцолж байв. Хэдийгээр цаашид сургалтын зээлээс чөлөөлөх гарц үгүй болсон гэлцэж буй ч өдгөө хүлээгдэж байгаа эргэн төлөлт, өмнөх хууль бус үйлдлүүдийг зүгээр орхиж болохгүй. Уг нь Боловсролын зээлийн сан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 30 гаруй жилд хөрөнгийг нь зориулалтын бусаар зарцуулж, зээлийг нь эргэн төлүүлээгүйтэй холбоотой баримтууд тогтоогдож буйг хууль, хяналтынхнаас мэдээлж, шалгалтаа үргэлжлүүлж байгаа. Гэвч татвар төлөгчдийн мөнгийг төлүүлэхийн тулд эрх бүхий албан тушаалтнууд нь яагаад хөөцөлдөхгүй, хариуцлага нэхэхгүй байгаа юм бэ.
Хуулийн байгууллагынхны шалгалтын явцад улс төрчид, тэр дундаа өнөөгийн эрх баригчид, Засгийн газрын зарим сайд, тэдний гэр бүлийн гишүүдээс мэдүүлэг авсан байдаг. Цаашлаад тус салбарын сайдаар ажиллаж байсан долоон хүн 941 суралцагчийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон талаар манай сонин мэдээлсэн билээ (Өнгөрсөн хугацаанд явуулсан найман удаагийн сонгуулийн тавд нь МАН (хуучнаар МАХН), хоёрт нь АН-ын тэргүүлсэн эвсэл ялж, нэг удаа буюу 2004 онд тэд эвслийн Засгийн газар байгуулсан түүхтэй). Үнэндээ эл сантай холбоотой дуулиан дэгдмэгц гэр бүл, үр хүүхэд гээд хамаарал бүхий хүмүүсийнхээ зээлийг төллөө гэж “шоудсан” улс төрчидтэй ёс зүйн хариуцлага тооцож, дахин итгэл хүлээлгэхгүй байхыг шаардах ёстой юм биш үү. Хэрэв Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр эрх мэдэлтнүүд туйлсныг илчлэх баримтыг ил болгоогүй бол тэд зээлээ төлөх тухай бодох ч үгүй байсан нь үүгээр тодорхой харагдсан шүү дээ. ЖДҮХС-гийн хөрөнгөөс хумсалсан улс төрчид ч ингэж л аашилсан юм даг.
Өнгөрсөн жилийн өдийд эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн зүйлсийг шилэн болгосноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмээрээ үнэлэлт, дүгнэлт өгсөөр байна” гээд Засгийн газар мэдээллийг ил тод байлгаснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан гарч байгаад хүлцэл өчихийн сацуу “Цахимжуулж, ил тод болгоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй” хэмээж байлаа. Үүнээс хойш юу өөрчлөгдөв. Нэгэнт ил болсон мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллаж, хэнд, ямар хариуцлага тооцов. Иргэдийн бухимдлыг төрүүлсэн элдэв булхай, луйврыг төр нь ард түмэнтэйгээ хамтран хянан шалгаж, хууль зөрчсөн, иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдэд хуулийн хариуцлага тооцно гэсэн амлалт нь улиг болчихож.
Тэгж яривал энэ олон хулгай, сангуудын хөрөнгийг үрэн таран хийсэн нь хэзээ нэгэн өдөр ил болох л байсан. Төр засгийн бодлого, үйл ажиллагаа байгаа олохгүй, бүтэлгүйтлээ гал унтраах маягаар аргалж, аргацаахын тулд нууж, иргэдийнхээ мэдэх эрхийг зөрчиж байгааг ард түмэн андахаа байсан шүү дээ. Үүнийг эрх баригчид санаачилгаараа хийсэн гэхээс илүүтэй иргэд, олон нийтийн шүүмжлэл, шаардлага эдгээр мэдээллийг ил болгохоос өөр аргагүй байдалд хүргэсэн гэхэд буруудахгүй. Харин ч үе үеийн эрх баригчид, тэр дундаа сүүлийн хоёр сонгууль дараалан олонх болж, найман жилийн турш эрх барьсан МАН-ынхан төрд дарагдсан мэдээллийг ил тод, нээлттэй байлгах ажлыг хавьгүй эрт хийж болох байв. Үнэндээ сүүлийн 30 гаруй жилийн 20-иос илүүд нь дангаар эрх барьж байгаагийн хувьд өчнөөн жил хав дарж ирсэн мэдээллээ Ардын намынхан өдгөө өөрсдөө л ил болгож эхэлж буй хэрэг. Иймд тэдний “Бид шүгэл үлээсэн” хэмээн сагсуурч, “эх сурвалж” болохын төлөөх цагаандаа гарсан өрсөлдөөн нь айсуй сонгууль угтсан пиар байсан гэлтэй.
Тухайлбал, парламентын түвшинд “нүүрсний” хэмээх тодотголтой хянан шалгах түр хороог хоёр жилийн өмнө байгуулж, үйл ажиллагаа нь удтал гацсаны эцэст сая сонсгол явуулснаа төрийг тойрсон их хулгайн эзэн, холбогдогчийг илчилж, хариуцлага тооцлоо гэх мэтээр сайрхав. Гэхдээ эрх баригчид олон өдрийн турш сонсгол зохион байгуулахдаа өрсөлдөгч намынхнаа голдуу дуудаж “байцаан”, өөрсдийнхөө хүмүүсийн толгойг илээд өнгөрсөн гэх шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй. “Хөгжлийн банкны” гэх хэргийг шийдвэрлэх үйл явц ч сүржин эхлээд даржин өрнөж байна. УИХ-ын түр хорооноос явуулсан сонсголын үеэр бас л сөрөг хүчнийхнийг илүүтэй харлуулж, дайрах гэсэн хандлага гаргалаа хэмээх шүүмжлэл тасраагүй. Мөн шинжээч нарын танилцуулсан тоо, мэдээлэл нь явцуу, гэрчээр дуудсан хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь эргэлзээ дагуулсны сацуу тэр үеийн баримт сэлтийг ирэх өдрүүдэд, сонгуулийн халуурал дээд цэгтээ тулах үед яаж ашиглаж мэдэх “аюул” бий. Тиймээс ч энэ олон хулгай, луйврын хэргийн эзнийг олж, мухарлан, хариуцлага тооцохын оронд улс төрдөө ашиглах “мод” болгон, хүсвэл ил гаргаж, хүсэхгүй бол хав дарах гээд байгаа юм биш үү хэмээн хардаад байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа өнгөрсөн намар буюу ээлжит чуулганыг нээх үеэр нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж, өнөөдөр ч дорвитой шийдэж чадаагүй “ногоон автобус”-ны хэргээс авхуулаад газрын наймаа, тусгай зөвшөөрөл, тендер тойрсон авлига, хээл хахуулийн сүлжээг шалгаж, шуурхай арга хэмжээ авахын тулд хяналт шалгалтын түр хороог яаралтай байгуулж, хариуцлага тооцно гэж эрх баригчид давтах болов. Ирэх сард хаврын чуулган эхэлсний дараа сонгууль угтсан шоу, өөрийн болон өрсөлдөгч намынхнаа намнах “ажиллагаа”-ны сэдэв ийш чиглэх нь үүгээр тодорхой болж буй хэрэг.