Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулсан Автомашингүй өдөр арга хэмжээг олны сэтгэлд хүрсэн гэж дүгнэхээр байна. Цаг агаар дулаан байсныг хэлэх үү, эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ өдрийг ая тухтай, сэтгэл ханамжтай өнгөрөөлөө. Түгжрэлээс залхсан иргэдэд ганц өдөр ч болов машингүй замаар зорчих нь таатай байсан биз ээ. “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар зохион байгуулсан уг арга хэмжээ үйл явдлаар арвин байв. Иргэд 07.00 цагаас хотын гудамжаар зугаалж эхэлсэн юм. Хотын төв хэсгийн авто замаар дугуйтай, явган хүмүүс чөлөөтэй зорчиж, шууд Д.Сүхбаатарын талбай чиглэн, зам зуураа нийслэлийн дүүргүүдээс зохион байгуулсан спортын өдөрлөгт оролцож байлаа. Автомашингүй өдрийн нээлтийн үеэр Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулахын тулд юуны түрүүнд нийтийн тээвэр, явганаар зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч буй. Дэлхийн хотуудын чиг хандлага ч тийм байдаг. Засгийн газрын гишүүний хувьд баримтлах байр суурь бол Улаанбаатарыг иргэндээ ээлтэй, эрүүл хот болгохын төлөө юм. Гудамж, зам талбайгаа ч үүнд чиглүүлэн хөгжүүлэх учиртай” хэмээн онцолсон.
2009 оноос хойш зохион байгуулж буй энэ өдрийн гол арга хэмжээ нь бүх нийтийн гүйлт байдаг. Энэ удаа гүйлтэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрынхан, МУИС-ийн оюутан, төгсөгчид голчлон оролцов. Багануур дүүргээс дартсын тэмцээн зохион байгуулсан бол Сонгинохайрханыхан өсвөрийн шигшээ багийн тамирчдаа оролцуулсан аэробикийн гурван төрлийн үзүүлбэр үзүүллээ. Мөн ахмадууд нь хийн дасгал хөдөлгөөн хийсэн. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Бум од” фитнес клубийнхэн үйл ажиллагаагаа танилцуулах үеэрээ сүүлийн үед хүмүүс эмгүй эмчилгээ болсон дасгал хөдөлгөөн, спортын төрлүүдийг сонирхдог болсныг онцолж байлаа. Автомашингүй өдрийн бас нэгэн голлох арга хэмжээ нь дугуйчдын марафон байдаг билээ. Энэ өдөр таван км-ийн зай туулахаар 16.00 цагаас гараандаа гарсан дугуйчдыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ манлайлан хөдөлсөн юм.
Иргэдийн сэтгэгдлийг сонсоход “Автомашингүй өдөр их сайхан болж байна. Ийм өдрийг дулааны улиралд жилдээ 2-3 удаа зохион байгуулбал сайн” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Мөн “Жилд нэг зохион байгуулж байхад болно доо. Цаг агаар дандаа ийм таатай байгаа ч уу, үгүй ч үү. Тэгээд ч юм л бол амарч, баярлах нь зохистой биш болов уу” гэх нь ч бас байлаа.