Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус хуралдаанаас Самаркандын тунхаглал, Иран улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохтой холбогдуулан хүлээх үүргийн болон Египет, Саудын Арабын Хаант Улс, Катар зэрэг оронд ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статус олгох тухай санамж бичиг гэх мэт 40 гаруй баримт бичгийг батлав. Мөн энэ удаад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Балба, Камбож, Мьянмар, Шри Ланка, Мальдив, Бахрейн, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Туркменистан зэрэг улс, НҮБ-ын зарим байгууллага, Арабын орнуудын лиг, “Астана” олон улсын санхүүгийн төв зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсыг төлөөлөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ. Манай улс 2004 онд ШХАБ-ын ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний арга хэмжээ буюу Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн түүхтэй. Энэ хугацаанд манай үе үеийн Ерөнхийлөгч нарыг ШХАБ-ын хуралдааныг зорих бүрт тус байгууллагын ажиглагч гишүүний статусаас татгалзаж, жинхэнэ гишүүн нь болох уу гэх асуулт дагуулж байв. Тухайлбал, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ “Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа” хэмээсэн нь энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачиж, нэлээд шүүмжлэл дагуулж байсан юм. Тэгвэл Төрийн тэргүүн Монгол Улс ШХАБ-ын ажиглагч гишүүнээр цаашид ч ажиллах сонирхолтойгоо энэ удаа тодорхой илэрхийллээ. Тэрбээр өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхдээ “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн” хэмээн онцолсон бол ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минтэй уулзахдаа Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой гэдгээ тодотгожээ. Үүнийг геополитик, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй үед эх орныхоо эрх ашгийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой, ардчилал, хараат бус байдлаа тунхагласан алхам боллоо гэж алга таших хүн ч цөөнгүй аж.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын улмаас хоёр жил завсардсан Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит зургадугаар уулзалтад оролцож, гурван улсын хувьд стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Цар тахал хийгээд дайны аюул намжаагүй, дэлхий бүхэлдээ эдийн засгийн хүндхэн сорилттой нүүр тулж буй энэ үед гурван талт уулзалт тун ажил хэрэгч болсныг оролцогчид үнэлэв. Манай улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Улмаар эл уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон хийж ирсэн. Түүнчлэн “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг санаачилж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын болон шинжээчдийн уулзалтыг тогтмол хийж буй. Энэ жилийн уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан. Ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч удирдана.
Түүнчлэн ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орны Төрийн тэргүүн нартай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзахдаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, энэ онд хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрэх төлөвтэй буйг сайшаан тэмдэглэсэн. Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай уулзаж, Зүүн өмнөд Ази, Төв Азийн бусад улс руу чиглэсэн авто тээврийн олон талт хэлэлцээр байгуулахад НҮБ-ын АНДЭЗНК-той хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Дээрх уулзалтын үр дүнд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг уулзалтын үеэр талууд онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр нэмэгдүүлэх талаар ч ярилцав. Мөн байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд тэмдэглэлээ. Уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт тэд санал нэгдэв. “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ. Тодруулбал, БНХАУ-ын тал хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлын тухайд холбогдох аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийх талаар ам нээсэн нь илүү тодорхой бөгөөд нааштай байр суурь болохыг албаныхан онцолж байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэхдээ Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Улмаар энэ чиглэлд шинжээчдийн түвшинд хамтран ажиллахаар болов. Энэ сарын эхээр ОХУ-ын Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад Эгийн голын усан цахилгаан станцын тухайд хоёр талаасаа шинжээчийн түвшинд ажлын хэсэг гарган, хамтарч ажиллаад, маргаантай зүйлүүдээ цэглэе гэсэн байр суурь нь хэвээрээ буйг илэрхийлсэн байсан юм.
Үүнээс гадна Төрийн тэргүүн БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, “Бүс ба зам” санаачилга, “Талын зам” хөтөлбөрийг уялдуулж, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн бүтээн байгуулалтыг урагшлуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа хэллээ. Төрийн тэргүүн нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд өмнөд хөршөөс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй тэдний уулзалтын зургийг нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан нийтэлж, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Алтнаас ч үнэтэй сайн анд, сайн хөрш, сайн түнш” хэмээн “жиргэсэн” байлаа.
Түүнчлэн Узбекистан улсын Ерөнхийлөгчтэй хоёр талын харилцааны талаар дэлгэрэнгүй санал солилцох боломж энэ үеэр тохиов. Дипломат харилцаа тогтоосноос хойш 30 орчим жил өнгөрсөн ч идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа төдийлөн өрнүүлээгүй хоёр улсын хувьд бүх салбарт, ялангуяа эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сэргээж, өндөр түвшинд хүргэх, соёл, боловсролын салбарын харилцаагаа ч өөд татахаар санал нэгджээ. Иймийн тулд эхний ээлжид Элчин сайдын яамдаа нээх талаар судалж үзэхээр тохиролцсон байна.