“Ажлаасаа залхах боллоо. aoр ажил олдвол орхиод явахад бэлэн. Бүхэл өдөржин 50 гаруй хүүхэдтэй ажиллах үнэхээр хүнд. Ачаалал ихтэй хэрнээ хөдөлмөрийн үнэлэмж бага. Хэлж ярьсныг минь эцэг, эх, асран хамгаалагчид үл ойшоодог зэрэг нь ажлаасаа шантрахад хүргэж байна. Анги дахь хүүхдийн тооноос үл хамаарч багш нар нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. 40-ooс дээш хүүхэдтэй ажиллаж буй багш нарын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ”. “өөр ажил хийе, цаашид энэ байдлаараа хэцүүдэх нь” гэж ярьж буй багш эргэн тойронд минь цөөнгүй бий.
“Цэцэрлэгийн эхний элсэлтээр манай ангид 49 хүүхэд сурч байгаа. Хоёр дахь ээлжийн элсэлтийн хүүхдүүдээ хаана “шингээх” вэ. Энэ байдлаараа нэг анги 60- 70 хүүхэдтэй болох нь. Тэдэнд хоёрхон багш яаж хүрч ажиллахыг ойлгохгүй байна” хэмээн нэгэн цэцэрлэгийн багш ярив. Тэрбээр улсад 10 гаруй жил ажиллахдаа нэг ангид 25 хүүхэдтэй ажиллаж үзээгүйгээ учирласан. Энэ хичээлийн жилд 2-5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах болсонтой холбоотойгоор багш нарын ажлын ачаалал хоёр дахин нэмэгдсэн талаар тэрбээр хэллээ. Үргэлжлүүлэн “Цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй гэж холбогдох албан тушаалтнууд нь сайрхах болсон. Гэсэн ч бодит нөхцөл байдал өөр байна. Хүүхдүүд ямар орчинд сурч, хүмүүжиж буйг БШУ-ы сайд болон бусад мэргэжилтэн очиж үзээсэй” хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэгүүдийн, ялангуяа байр түрээсэлж буйнх нь өрөө, тасалгаа жижигхэн, 15-20 хүүхдийн багтаамжтай. Ийм өрөөнд 50 хүүхдийг хүлээн авч байгаа тухай ч багш нар ярьсан юм. Гэтэл дахиад нэмэлт эл - сэлтээр бүртгүүлсэн хүүхдүүдийг ав, хэн нэг - нийг хохироож болохгүй гэх БШУЯ-наас гаргасан “амьдралгүй” шийдвэрийг хэрхэн биелүүлэх учраа тэд олохгүй байна. Ялангуяа түрээсийн байранд төвхнөсөн цэцэрлэгүүд зай, талбай багатай тул эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа аж. Агаар сэлгэлтгүй, давчуу өрөөнд 50 орчим хүүхдийг “хорьж” байгаад багш нар санаа зовж буйгаа нуугаагүй. Хүүхдүүдийн ам хатаж, хөлс нь гоожиж, хөлөрч унтдаг гэнэ. Ийм орчинд багачууд 8-10 цагийг өнгөрүүлж буй нь бодит үнэн. Зарим асран хамгаалагч хүүх - дээ заасан хугацаанд очиж авдаггүй, 20.00 цаг хүргэх тохиолдол ч бий аж. Илүү цагаар ажил - луулдаг хэрнээ өглөө 07.30 цагт ажилдаа ир гэж удирдлагын зүгээс шаарддаг. Хагас цагийг ч болов гэр бүлдээ зориулмаар байгаагаа нэрээ үл хэлэхийг хүссэн багш эмэгтэй ярьсан. Түүнтэй ижил “зовлон”-той олон багш бий байх.
Аав, ээжүүд хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд, сэтгэл амар, санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийж чаддаг. Цэцэрлэгийн орчин нөхцөл, ангид нь хэчнээн хүүхэд сурдаг, багшийн ажлын ачаалал ямар байгааг тэд төдийлөн анзаардаггүй. Нэг анги 25 орчим хүүхэдтэй бол багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломжтой гэнэ. Гэтэл үүнээс хоёр дахин олон буюу 50 гаруй хүүхдийг ганц багшид даатгаад үлдээж байгаа нь боловсролын салбарын ололт гэхэд эргэлзээтэй. Хэдийгээр туслах багш байдаг ч нэг ангид 50 гаруй хүүхэд сурна гэдэг хэтийдсэн тоо. Наад Алдрыг нь яам хүртэж, ачааг нь багш нар үүрч байна зах нь ханиад, томуунаас эхлээд бусад халдварт өвчин тархах эрсдэлтэй. Тухайлбал, “Хүү минь цэцэрлэгт хэдхэн хоног яваад л ханиад хүрч, хатгалгаатай болчихлоо. Анги нь 40 гаруй хүүхэдтэй. Бүгчим, чийглэг өрөөнд бусад хүүхэтэй наалдах шахаад л унтдаг юм билээ. Утааны улирал эхлэхээр яах бол гэж санаа зовж байна” хэмээн иргэн Г ярьсан.
“Цэцэрлэггүй үлдсэн 38 мянга орчим хүүхдийн 30 мянгынх нь асуудлыг шийдвэрлэсэн. Хоёр болон гуравдугаар ээлжийн бүртгэл хийнэ. Цаана нь 19 мянган хүүхдийн цэцэрлэгийн суудал бэлэн. Нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг багасгаад, нэг ангид 50-60 хүүхэд чихэж байна гэж олон нийтийн сүлжээгээр ярих болсон. Үнэхээр ийм асуудал байвал Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хандаж болно” хэмээн салбарын сайд нь саяхан мэдээлсэн. Тэгвэл ийм асуудал хаа сайгүй байна, сайд аа. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн нэг ангид 50 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Тус цэцэрлэгийн аргазүйч Э.Энхзаяа “Манай цэцэрлэгийн үндсэн байранд бага ангийн хоёр, салбар цэцэрлэгт нэг бүлэг хичээллэж байгаа. Энэ хичээлийн жилд нийт гурван бага бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулах нь. “E-Mongolia”-д бүртгүүлснээр нэг ангид 57 хүүхэд хуваарилагдсан. Одоогоор цэцэрлэгтээ ирдэг нь 48. Түрээсийн цэцэрлэгийн бага ангид үүнээс арай цөөн хүүхэд бүртгүүлсэн. Манай цэцэрлэг 15 бүлэг, 15 багштай. Туслах багш дутагдалтай байна” гэж хэллээ.
Бага бүлгийн багш И.Жаргалын ангид 54 хүүхэд бүртгүүлсний 38 нь тогтмол ирдэг гэнэ. Тэрбээр “Бүртгүүлсэн бүх хүүхэд маань цэцэрлэгтээ ирвэл нөхцөл байдал хүндрэх биз. Гэхдээ энэ бол миний ажил. Би хүүхдэд хайртай учраас ядарснаа ч анзаардаггүй” хэмээсэн. Хэдий болтол багш нар бор зүрхээрээ зүтгэх вэ. Гэхдээ “Хүүхдэд хайртай” гэдэг үгээр хүнд ажлаа “өмгөөлсөн” залуу багшид талархмаар. Түүнтэй хэдэн хором ярилцахад гэр бүлээсээ өөр орчинд дасаагүй хоёр настнууд уйлалдаад сүйд. Тэднийг тайвшруулахын тулд нэг нэгээр нь ээлжлэн тэвэрч, дуу хөгжмөөр сатааруулж байв. Нэгийг нь хооллох зуур нөгөөх нь өмдөндөө бие засчихав. Живхнээсээ салаагүй хүүхдүүд ч цөөнгүй байлаа. Энэ бүхнийг харахад нэг ангид хоёр байтугай багш ажиллаад ч хүчрэхгүй мэт. Ангидаа 40 орчим хүүхэдтэй ч аль болох бүгдэд нь хүрч ажиллахаар хичээж байгаагаа И.Жаргал багш хэлсэн. Түүн шиг ажилдаа дурлаж, хичээнгүйлэн зүтгэж буй багш мэдээж олон. Гэвч хүн л юм хойно ядарна, цуцна. Энэ мэтээр ажлыг нь нэмээд байвал шантарна. Баянзүрх дүүргийн 268 дугаар цэцэрлэг ч мөн ялгаагүй нэг бүлэгтээ 50 орчим хүүхэдтэй. Хоёр настай зарим хүүхдийг дунд бүлэгт шилжүүлсэн ч байдал төдийлөн сайжраагүй аж. Цэцэрлэгийн зарим тоног төхөөрөмж дутуу учраас сургалтын үйл ажиллагааг бүрэн эхлүү - лээгүй талаар нэгэн багш нь ярьсан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролд 2962 багш шаардлагатай байгаагийн 1683 нь нийслэлийн цэцэрлэг, сургуулиуд хэрэгцээтэй гэсэн статистик байна. Багшлах хүчин хомсодсоны дээр ажлын ачааллыг нь хоёр дахин нэмчихээр энэ салбарт тэсэж үлдэх нь хэд бол. Хэдийгээр салбарын сайд нь цэцэрлэгийн нэг ангийн хүүхдийн тоог 40-өөс илүү гаргахгүй гэсэн ч бодит байдал хол зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ихэнх цэцэрлэгийн бага бүлгийн нэг ангид 50-60 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд өдрийн ирц 40 гарч буйг цөөнгүй багш ярьсан. Хоёр настай хүүхэд цэцэрлэгээсээ “оргож” гэртээ ирсэн, бүх хүүхдийг хамруулах нэрээр нэг ангид олон хүүхэд “чихэж”, эрүүл мэндэд нь хохирол учруулсан зэрэг шүүмж цахим орчинд гарсаар байгаа. Тухайлбал, ХанУул дүүргийн нэгэн цэцэрлэгийн дунд бүлгийн багш нь жил бүр солигджээ. Багш тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь ажлын ачаалал, нэр хүнд, хамт олон, цалин хангамжтай нь холбоотой. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулсан гавьяаг боловсролын салбарынхан хүртсэн бол ачааны хүнд нь багш нарын нуруунд буужээ. Барилга байгууламжаас илүү багш нараа бодох цаг болжээ, БШУ-ы сайд аа.