Энэтхэгийн Ченнай хотод 12 хоногийн турш үргэлжилсэн 44 дэх удаагийн шатрын олимпиад уржигдар өндөрлөлөө. Олимпиадын сүүлчийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэйчүүдийн баг Киргизийн шатарчдыг 2.5:1.5 оноогоор хожлоо. Тодруулбал, Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожиж, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон. Манай эмэгтэйчүүдийн баг Францын шатарчидтай 2:2-оор “эвийн гэрээ” байгуулав. Сүүлийн өрөгт А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн. Манай эмэгтэйчүүд 162 багаас 15 дугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүд 188 багаас 35 дугаар байрт жагссан юм. Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24-т эрэмбэлэгдлээ.
Эмэгтэйчүүдээс дөрөвдүгээр ширээнд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нэгдүгээр байр эзлэн, алтан медаль хүртэв. Тэрбээр нийт 10 өрөг тоглосон бөгөөд найм хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсоноор ийнхүү ширээндээ тэргүүлэв. Гуравдугаар ширээнд Т.Мөнхзул 11 өрөг тоглохдоо таван хожил, зургаан тэнцээтэй, нэг ч хожигдолгүй тэмцээнээ өндөрлүүллээ. Ингэснээр ширээндээ зургадугаар байр эзэлсэн төдийгүй эмэгтэй их мастер цолны болзол биелүүлэв. Мөн нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс гуравдугаар ширээнд Б.Гүндаваа 16 дугаар байрт жагсан, “Топ-20”-д багтлаа.
17 настай Б.Мөнгөнзул оюуны олимпоос алтан медаль хүртэж, түүхэн амжилт бүтээлээ. Өмнө нь манай эрэгтэй шатарчдаас 1960 онд Л.Мягмарсүрэн дөрөвдүгээр ширээнд, 1964 онд Т.Үйтүмэн хоёрдугаар ширээнд түрүүлж байсан түүхтэй аж.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин