Аяллын хөтөч Д.Дуламсүрэн Хүннүгийн үеийн зээгт ширмэл эсгий ширдгийг эх сурвалж болгон ийм бүтээл төрүүлжээ. Гар урлалын хоббитой тэрбээр төрөл бүрийн бүтээл гараас гаргадаг ч анх удаа ширсэн байна. Монгол үндэсний хувцас, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүний дээлийг өөрийн гаргасан загвараар урлан, түүнийг нь дурлаж захиалсан хүмүүс эдэлж хэрэглэж байхыг харж, сэтгэл ханадаг бүсгүйгээс чухам яагаад Хүннүгийн сэдвээр ширдэг урлах болсныг нь тодруулсан юм. Тэрбээр 2010 онд “Монгол күэст” компанийнхаа ажлаар жуулчдад үйлчилж явахдаа Үндэсний түүхийн музейн эртний улсуудын танхимд залаастай Ноён уулын археологийн олдвор болох Хүннүгийн үеийн ширдгийг хараад биширсэн гэнэ. “2000 гаруй жилийн өмнө монголчууд ийм уран байж. Загвар, донж, материал сэлт гээд бүх юм нь гайхамшигтай. Энэ эх загвараар нь урлах юм сан” гэж мөрөөджээ. Бүсгүй ийм бодол тээсээр явсан ч, цаг завын боломж гаргаж чадахгүй олон жилийг ардаа орхиж. Гэтэл цар тахлаас болоод аялал жуулчлалын салбар ажин түжин болмогц санаснаа биелүүлэхээр ажилдаа орсон юм байна. Түрүү жилийн зургадугаар сарын дундаас эхлээд өнөөг хүртэл ажиллаж, энэ хэрийн болгоод буй. Одоо дүрсэлсэн амьтдыг битүү ширчихвэл дуусах гэнэ. Түүнээс хүмүүс бүтээлийг нь сонирхож, худалдан авъя гэвэл зарах, эсэхийг асуухад “Би энэ тухай ер бодоогүй. Мөрөөдлөө биелүүлж, сэтгэлээ шингээж урлалаа. Анх удаа ширэв. Болох юм байна гэж дүгнэлээ. Цаашид бас ингэж суух, эсэхээ, бас заръя гэж бодоход хэрхэн үнэлэхээ ч мэдэхгүй” гэв.
Д.Дуламсүрэн бол манай улсын нэртэй уран бүтээлчдийн нэг “Бөртэ”, “Алтай” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Д.Ганпүрэвийн төрсөн дүү юм. Тэдний аав Д.Дагван нь гарын уртай, хүсэх юм бол юуг ч бүтээдэг дархан, мужаан, загвар зохион бүтээгч байжээ. Охиддоо даашинз ч оёчихдог байсан бөгөөд нэгэн хүүгээ тусад нь гаргах гээд арван ханатай, сийлбэртэй гэр бие даан урласныг өнөө хэр нутгийнхан нь ярьсаар байдаг гэнэ. Тэднийх Увс аймгийн Зүүнговь сумын цагаачууд ургийн айл аж. Ташрамд дурдахад, Ноён уулын археологийн олдворын зээгт ширмэл ширдгүүд нь өнөөгийн байдлаар эсгий ширдгийн хамгийн эртний олдворт тооцогддог аж.
Бэлтгэсэн Р.Оюунаа