Улаанбаатар хот 93.5 га талбай бүхий ногоон байгууламжтай. 2.5 сая ширхэг мод, бут сөөг, 110 га талбай бүхий зүлгийг “ундлахын” тулд 50 гаруй машин техник хүчин зүтгэдэг. 2-15 тоннын багтаамжтай тэдгээр машин их хотын замын түгжрэл дунд хүнд араагаар уухичин зүтгүүлэхдээ хэр их зардал гаргадаг бол гэж та бодож байв уу.
Чингэлтэй дүүргийн ТҮК гэхэд л 10, 12 тоннын багтаамжтай хоёр “Камаз”-аар Бага тойруу, Анкара, Жуулчны болон Самбуугийн гудамж, Явуугийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн таван гол гудамжин дахь ногоон байгууламжаа усалдаг бөгөөд нэг машин нь нэг рейсэндээ багадаа л 40 литр түлш зарцуулдаг аж. Тус дүүргийн хувьд усалгааны талбай хоорондох зай болоод гүний худаг нь харьцангуй ойр тул нэг удаагийн эргэлт нь 35-40 км-ээр хэмжигддэг.
Өөрөөр хэлбэл, манай хотын усалгааны машинууд нэг км зам туулах болгондоо өөрсдөө бас зэрэгцээд нэг литр түлш “уудаг” гэсэн үг. Хэрэв таны, миний машин ийм “ховдог” байсан бол бид яадаг билээ. “Энэ муу “идэмхий хог”-ийг бушуухан солих минь” гээд аль эрт учрыг нь олчихсон байгаа. Харин тэдний идшийг төсвийн мөнгөөр зохицуулдаг учраас нэг км-т нэг литр түлш зарцуулдаг усалгааны машинууд энэ хэвээрээ явж л байг уу.
“Ногоон байгууламжийн усалгаанд зардал арай багатай машин техник ашиглаж болдоггүй юм уу” гэсэн асуултад нийслэлийн ЗДТГ-ын Ногоон байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн “Дэлхийн олон оронд ийм машин техник ашиглаж байгаа. Манайх учиргүй хоцрогдсон юм байхгүй.
Хот тохижилтын газрын машинууд бол доод тал нь долоон тн-ын багтаамжтай. Дүүргүүдтэй гэрээ байгуулаад, ажил гүйцэтгэдэг хувийн хэвшлийнхэн л 2-5 тоннын багтаамжтай машинууд ашигладаг. Гэхдээ тэдгээр нь түлш бага зарцуулдаг” хэмээн хариулав. Тийм байлаа гээд яах вэ дээ.
Таван тн-ын багтаамжтай “Камаз” Улаанбаатарын зүүн захаас “балга” ус тээвэрлээд гардаг, услах ёстой объектынхоо талд нь ч ороогүй байхад өнөөх нь дуусаж, дахиад буцах хэрэгтэй болдог тухай жолооч Г.Мөнхбаяр хэлсэн. Баянзүрх дүүргийн ТҮК-д гэрээгээр ажил гүйцэтгэдэг нэгэн компанийн жолооч тэрбээр “Зардал хямдыг нь бодоод манай компани зарим газрын усалгааг “Портер”-оор хийдэг.
“Портер” дээр тус бүр нь нэг тн-ын багтаамжтай хоёр ёмкость байрлуулаад, богино зайн эргэлтэд гардаг” хэмээн ярилаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй. “Портер”-ын идэх “ходоод” бага гээд сонголтыг зөвтгөе гэхнээ ачаа үүрэх тэнхээгээр орос машины дэргэд гавихгүй тул олон удаагийн эргэлтийн зардал нь ялгаагүй дүндээ дүн болдог байна.
Тиймээс 100 км-т 30 литр түлш зарцуулдаг таван тн-ын багтаамжтай “Камаз” ч бай, 15 литрийг “иддэг” “Портер” (хоёр тонн ус тээвэрлэсэн) ч бай, аль аль нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгааг шийдэх арга ядсан хувилбар болохоос хамгийн шилдэг нь яавч биш ажээ.
Өнөө цагт техник, технологийн хөгжил гэрлийн хурдаар урагшилж буйг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм байтал ногоон байгууламжийн усалгаанд орчин үеийн технологийг нэвтрүүлэх талаар яагаад анхаарч болдоггүй юм бол. Энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулаад дөрвөн жил болж буй “Микросити ирригэйшн” ХХК-ийн захирал Ц.Нямхүү “Хотын ногоон байгууламжийн усалгаанд зардал хэмнэх олон боломж уг нь байдаг.
Янз бүрийн хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармаг зохиох болгонд нь энэ талаар хотын удирдлагуудад хэлдэг ч хүлээж авдаггүй. Өнгөрсөн жил бид “Велла Веста” хотхон, “Содон” хорооллын дундах ногоон байгууламжид далд усалгааны автомат систем суурилуулж өгсөн. Автомат системийг анх суурилуулахад жаахан үнэтэй ч хэтдээ ашиглалтын зардал маш бага, хэрэглэхэд хялбар гээд олон давуу талтай” хэмээсэн.
Олон улсын чанарын болон эрүүл ахуйн стандартыг хангасан, Израиль, Итали технологиор ногоон байгууламжийн нэг га талбайд далд усалгааны автомат систем суурилуулах нийт зардал нь 15 орчим сая төгрөг болдог аж. Харин нэгэнт суурилуулсны дараа бол үүнийгээ дор хаяж 10-аас дээш жил ашиглана гээд бодохоор яалт ч үгүй хэмнэлттэй шийдлийн нэг мөн гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Н.Пүрэвжав ч хэлнэ лээ.
“Ногоон байгууламжийн усалгааны машин техник хүрэлцээгүй байдаг юм чинь ядаж Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө гэх мэт гол гудамжиндаа автомат усалгааны систем суурилуулчихвал манайхан бусад газартаа илүү шуурхай хүрч ажиллах боломж нээгдэнэ. Тэртэй тэргүй цэвэр усны төвийн шугам байгаа шүү дээ. Ногоон байгууламжид хөрсний болон саарал ус ашиглах, далд усалгааны автомат систем суурилуулах тухай бүх талын судалгаа манайд бий.
Гагцхүү хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдэхгүй явсаар хэдэн жилийн нүүр үзчихлээ” хэмээн Н.Пүрэвжав дарга ярилаа. Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 45 орчим га-г нь дангаараа усалдаг нийслэлийн Хот тохижилтын газар 12 машинтай байсны нэг нь саяхан “тэтгэвэртээ” гарсан аж. Таван тн-ын багтаамжтай өвгөн “Камаз” тийнхүү жагсаалаас гарснаар өдгөө тэнд долоон тн-ын зургаа, найман тн-ын хоёр, 15 тн-ын гурван машин л үлджээ.
...Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 45 орчим га-г нь дангаараа усалдаг нийслэлийн Хот тохижилтын газар 12 машинтай байсны нэг нь саяхан “тэтгэвэртээ” гарсан аж. Таван тн-ын багтаамжтай өвгөн “Камаз” тийнхүү жагсаалаас гарснаар өдгөө тэнд долоон тн-ын зургаа, найман тн-ын хоёр, 15 тн-ын гурван машин л үлджээ...
АСЕМ-ын үеэр чийгтэй цэвэрлэгээ хийх зориулалттай 24 машин тус газарт өгснийг эс тооцвол ногоон байгууламжийн усалгааны техникүүдийн парк шинэчлэл урагш муутай байгаа бололтой. Ямартай ч нийслэлийн Хот тохижилтын газрын Авто баазын дарга нь “Манай машинууд чинь хоёр янзаар ашиглах зориулалттай.
Зун нь ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж, өвөл болохоор ёмкостио аваад, тэвшин дээр нь цас хайлуулах бодисоо ачиж болдог юм” гэж одоо ашиглаж байгаа техникүүдээ “өмөөрсөн” билээ. Гэхдээ цаашид өөр арга, технологи нэвтрүүлэхгүй энэ байдлаараа зүтгээд байвал улам л явцгүй болж буйг тэрбээр нуугаагүй.
Хотын ногоон байгууламжийн усалгааны асуудал, хоцрогдсон машин техник зөвхөн энэ засаг, төрийн үед гэнэт босож ирсэн “шүдний өвчин” биш л дээ. Гэхдээ хэний үед үүссэн асуудал вэ гэдгийг тогтоох эцэс төгсгөлгүй мухар эрэлд гарснаас одоо үүнийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулбал уг нь хэрэгтэй байдаг. Гэтэл үнэндээ энэ сэдвийг хөндөж бичих гэсэн биш “Ийм асуудлаар хүртэл улстөржих гэлээ” гэсэн хар дагуулсан эсэргүү үг хоёр ч эрхмээс сонссон нь хачирхалтай.
“Нэгэнт улс орон мөнгө төгрөгөө гаргаад, усалгааны машин худалдан авч байгаа юм чинь ахиухан багтаамжтай, зардал багатайг нь сонгож болдоггүй юм уу. Яагаад улсын мөнгө гэхээр манайхан ийм хүнийрхүү загнадаг юм бэ” гэж асуух нь улстөржсөн хэрэг юм гэж үү. Эдийн засгийн хямрал гээд одоохондоо хөрөнгө мөнгөний асуудал тун эмзэг байхад нь “Та нар заавал автомат усалгааны систем суурилуулах ёстой” гэж тулгасангүй.
Гагцхүү улс орны эдийн засаг сэргээд, хот тохижилтынхон маань дараа дараагийн машин техник худалдаж авахад нь үүнийг анхаараасай л гэсэн юм.
Нийслэлийн Хот тохижилтын газар 45 га талбайгаа услахад сард болон жилд хэдий хэмжээний зардал гаргадгийг мэдэх гэсэн ч чадсангүй. Чингэлтэй дүүргээс жишээ аваад бодоход, нэг машин нь өдөрт 5-6 эргэлт хийдэг гэхээр 12 удаагийн эргэлтэд нийт 480 шахам литр түлш зарцуулдаг байх нь. Өөрөөр хэлбэл, тэд өдөрт дунджаар 820 орчим мянган төгрөгийг зөвхөн таван гол гудамжаа услахад зарцуулдаг гэсэн үг.
Цаана нь дахиад орон сууцны хороолол дундах бичил цэцэрлэгийн усалгааны мөнгөө Ус сувгийн удирдах газарт тушаах учиртай. Дээр дурдсанчлан нэг га талбайд автомат усалгааны систем суурилуулах мөнгийг бол энэ дүүргийнхэн нэг сарынхаа машины түлшний мөнгөөр хөнгөхөн бүрдүүлчих боломжтой аж.
Ингээд бодохоор нийслэл, дүүргийн төсвөөс ямархуу хэмжээний мөнгө ногоон байгууламжийн усалгаанд, машины түлшинд зарцуулдгийг тооцож гаргахад амаргүй бололтой. Эцэст нь хэлэхэд, төсвөөс зарлагадаж буй багахан мөнгө байлаа ч татвар төлөгчдийн халааснаас гардгийг бүгд мэдэх хойно сэтгэлтэй, бас ухаантайхан байвал зүгээр сэн.