Японы Фүкүока хотод болж буй мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн Кюүшюү башёд зодоглосон Монголын бөхчүүдээс Хошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн тав дахь бөх Котошохог унагаснаар есөн даваа, нэг унаатай тэргүүлж явна. Японы сүмочдоос Озэки Котозакүра түүнтэй адил даваа, унаатай башёг үргэлжлүүлж буй. Тэдний араас Такэрүфүжи, Аби нар найман даваа, хоёр унаатай нэхэж байгаа аж. Энэ удаа ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас өнжиж, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн дөрвөн даваа, зургаан унаатай барилдаж байна. Түүний хувьд үлдсэн барилдаанаас авд нь давж байж сэкивакэ цолтойгоо үлдэх юм.