“Манай компани хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтээ өнгөрсөн оны нэгдүгээр сард Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Одоо хүртэл зөвшөөрлөө аваагүй байгаа” хэмээн нэгэн бизнес эрхлэгч ярив. Санхүүгийн зах зээл өдөр, цагаар хувьсаж, өрсөлдөөн ширүүсэж байхад зөвшөөрөл хүлээн жил хагасыг алдана гэдэг дэндүү хайран. Үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох зөвшөөрөл хүлээн олон сарыг үдэж буй компани ганц үүгээр тогтохгүй нь.
“Хөрөнгө оруулагч үндэстэн” нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Жинст Увс”-тай нэгдэн, нээлттэй хувьцаат компани болох хүсэлтээ энэ оны эхэнд өгсөн. Одоогоор СЗХ материалыг нь шалгаж байгаа гэнэ. Мөн тус биржид нэгэн компани IPO гарган, хөрөнгө босгох бэлтгэл ажлаа хангасан бөгөөд мөн л үнэт цаасыг нь бүртгэхийг хүлээж байна. Энэ компани үнэт цаасны танилцуулгаа бэлтгэн, холбогдох байгууллагад хүргүүлснээс хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрсөн аж. Үүнээс гадна Монголын үнэт цаасны бирж ч энэ жил хэд хэдэн компанийн IPO хийж, хонх цохих төлөвлөгөөтэй байгаа ч мөн л хяналт, шалгалтаас болж ажил нь саатжээ. 2015 оны арванхоёрдугаар сард “Монгол шуудан” нэмж хувьцаа гаргаснаас хойш жил хагас орчмын хугацаанд нэмж нэг ч компанийн үнэт цаас гаргасангүй. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр зорьж буй орны хувьд энэ нь чамлахаар үзүүлэлт.
Монголын санхүүгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Арилжааны банк зээлээ хумьсан нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж” хэмээн ярьсан юм. Банкнаас иргэдэд олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн сард жилийн өмнөх үеэс хоёрхон хувиар өссөн. Энэ нь зээлээ их хэмжээгээр танасан гэсэн үг. Банк иргэн, аж ахуйн нэгжид зээл олгохын оронд Засгийн газар, Төвбанкны өндөр хүүтэй, эрсдэлгүй үнэт цаасанд хөрөнгө оруулж байгаа. Тухайлбал, арилжааны 16 банк өнгөрсөн сарын байдлаар 3.1 их наяд төгрөгийн, Засгийн газрын үнэт цаас эзэмшиж байгаа бөгөөд энэ нь жилийн өмнөх үеэс 25 хувиар өссөн дүн болсон. Мөн арилжааны ихэнх банк уул уурхай, барилга зэрэг салбарын аж ахуйн нэгжид олгох зээлээ зогсоосон. Ийм үед ганц, хоёр компани хөрөнгийн захаас мөнгө босгож, энэ захыг хөдөлгөөнд оруулах боломж уг нь бий. Мөн банкны хадгаламжийн хүүнд өнгөрсөн сарын 1-нээс татвар ногдуулах болсон нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд их нэмэр болох юм. Иргэд ганцхан сард банкны хадгаламж дахь 250 тэрбум төгрөгөө хөрөнгийн зах зээл рүү оруулж, Засгийн газрын бонд худалдан авсан байна. Засгийн газрын бондын хүү хямдарч байгаа тул үүнээс илүү өгөөжтэй компанийн бонд гаргахад худалдан авах эрэлт хангалттай бий гэдгийг шинжээчид хэлж буй юм. Тухайлбал, иргэд арилжааны банкинд найман их наяд төгрөгөө хадгалуулжээ.
Хадгаламжийн хүү үргэлжлэн доошилж, римтлалтай иргэд эрсдэл багатай, илүү өгөөжтэй санхүүгийн хэрэгслийг сонирхох болжээ. Монголын санхүүгийн бирж богино хугацаанд хоёр ч компанийн бондыг амжилттай арилжиж, нийт гурван тэрбум төгрөг босгосон нь найдвартай үнэт цаас худалдан авч, банкны хадгаламжийн хүүнээс илүү өгөөж хүртэх сонирхол бүхий иргэдийн эрэлт их байгааг харуулсан үйл явдал байв. Тухайлбал, “Орчлон констракшн” нэг, “Номадс хоспиталити” компани хоёр тэрбум төгрөгийн бонд гаргасан юм. Захиалга их байсан бөгөөд арилжааны эхний хоёр өдөрт л бондоо бүрэн худалджээ. Эрэлт их байгаа тул дахин нэг компанийн бонд гаргахаар төлөвлөж буй гэнэ. Зохицуулалтгүй (биржийн бус) зах зээлээс ийнхүү тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө босгох боломж бий аж. Гэтэл зохицуулалттай захаас мөнгө босгох нь яагаад ийм түвэгтэй, хугацаа шаардсан ажил болж байна вэ.
Хөрөнгийн зах зээл нь арилжааны банкны нэгэн адил санхүүгийн гүүр юм. Харин хүүгүй, урт хугацаатай мөнгө босгох боломжтой гэдгээрээ банкнаас давуу талтай. Мөн энэ зах зээлийн бүх ажиллагаа тогтсон стандарттай. Аж ахуйн нэгжүүд үүний дагуу үнэт цаасны танилцуулгаа бэлтгэн, олон нийтэд санал болгож, IPO хийнэ. Иргэн, аж ахуйн нэгжүүд ч энэ дагуу хөрөнгө оруулж, өгөөж хүртэх нь хүртэж, алдах нь алдана. Хамгийн гол нь энэ зах зээл хөшүүн биш, хөдөлж байх ёстой. Гэтэл захын лангуун дээр шинэ бүтээгдэхүүн тавилгүй их удлаа. Уг нь ямар үнэт цаас худалдан авах нь хөрөнгө оруулагчийн асуудал. Тэд өгөөж хүртэнэ, бас эрсдэлээ үүрнэ.
БНСУ-д хямралын дараа иргэдээ байшин, орон сууцаар хангахын тулд бага хүүтэй зээл олгох болсон байна. Тухайлбал, нэг иргэнд хоёр хүн баталгаа гаргаж л байвал ямар ч барьцаагүйгээр 30 сая воны зээл олгож эхэлжээ. Манай ипотекийн зээл шиг бага хүүтэй олгож, орлого багатай иргэдээ орон байртай болгожээ. Харин 4-5 жилийн дараа гэхэд бүх хүн зээлээ төлж чадсан гэнэ. Тиймээс иргэддээ илүү их хэмжээний зээл олгож, орон сууцанд амьдрах боломжийг нь бүрдүүлж өгсөн байна. БНСУ-ын Засгийн газар ийнхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган, иргэдээ орон сууцжуулжээ. Манайд Монголын ипотекийн корпорац ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж байгаа ч үүний хоёрдогч зах зээлийг хөгжүүлээгүй байна. Энэ мэтчилэн хямд эх үүсвэр олон бий болж байж банкны зээлийн хүү доошлох юм.
Азийн санхүүгийн төвүүдийн нэг Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхэд дунджаар гурван сарын хугацаа зарцуулдаг байна. Харин манайд нэг компани үнэт цаасаа олон нийтэд санал болгох зөвшөөрөл авах гэж бараг жил тойрч байгаа юм. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлийг сонгоно гэж үү. Хоёр сарын дараа тоног төхөөрөмжөө шинэчлэхээр төлөвлөсөн компани IPO хийх гэж жил алдахын оронд, өндөр хүүтэй ч гэсэн арилжааны банкны зээлийг сонгох нь илүү дээр болно. Уг нь арилжааны банкнаас жилийн 30 хувийн хүүтэй мөнгө зээлснээс илүү бонд гарган, 20 хувийн хүүтэйгээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө босгох нь бага зардалтай. “Компанийн бонд нь хөрөнгө оруулагч болон аж ахуйн нэгжийн аль алинд нь ашигтай. Тиймээс ойрын жилүүдэд хөрөнгийн зах зээлийн гол бүтээгдэхүүн нь компанийн бонд болно” хэмээн нэгэн брокер ярив. Гэхдээ бонд гаргах гэж хэдэн сар, жилээр хугацаа алдах нь бага хүүтэй мөнгө зээлснээс илүү зардалтай юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний өнөөгийн үнэ цэнээр өнөөдрийн нэг төгрөг маргаашийнхаас илүү үнэтэй гэсэн үг. Үүнтэй адил өнөөгийн тэрбум төгрөг жилийн дараах тэрбумаас үнэ цэнэтэй байх юм. Тиймээс хувийн хэвшлийнхний хувьд цаг хожих нь хамгийн чухал.
“Олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх гэж байгаа компанийн үнэт цаасны материалыг СЗХ шалгах ёстой. Гэхдээ ажиллаж буй схем нь буруу байна. Үнэт цаас гаргаж буй аж ахуйн нэгжид ашиг сонирхлын зөрчил байна уу, олон нийтийг төөрөгдүүлж, хуурах гэж байна уу, хуйвалдаж байна уу, үгүй юү гэдгийг нь шалгаж, зөрчилгүй бол үнэт цаасыг нь бүртгэнэ. Түүнээс биш энэ үнэт цаасанд хөрөнгө оруулах нь зөв, эсэхийг шалгаж суух байгууллага нь СЗХ биш. Үүнийг хөрөнгө оруулагч, түүний өмнөөс андеррайтер, хуулийн фирм, аудит хяначихна. СЗХ мэргэжлийн хөрөнгө оруулагчийн өмнөөс ажлыг нь хийж, хугацаа алдаж байна” хэмээн нэгэн шинжээч ярьсан юм. Уг нь энэ зах зээл хөгжих суурь нь бүрдэж байгаа. Банкны хадгаламжийн хүүнээс илүү өгөөж хүртэхийг хүссэн иргэд компанийн бонд руу хэрхэн хошуурч буйг, зээлийн хүүнээс бага зардлаар хөрөнгө босгох боломжийг ашиглах гэсэн компани хэр олон байгааг харлаа. Хамгийн гол нь зохицуулагч байгууллага нь хувийн хэвшлийнхнийхээ хурдыг гүйцэхгүй нь. Үүнээс болж шинээр төрөх IPO хэвлийдээ дуншин, хугацаа алдсаар байна.