Өвөрмонголын өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан аяллын багийнхан энэ орны соёл, түүхийн нэгээхэн хэсгийг агуулсан хэд хэдэн газраар зочилсон юм. Өмнөх сурвалжилгаараа Юань гүрний эртний нийслэл Шандын шар талаар зочилсон тэмдэглэлээ хүргэсэн бол энэ удаад соёл, урлаг, ахуй амьдралыг нь уншигчдадаа хүргэхийг зорив.
Их Монгол Улс, түүний дараах Юань гүрэн ч цэргийн хэргийн болон урлаг, соёлын нарийн зохион байгуулалттай байсан нь ӨМӨЗО-ы Улаанцав, Улаанхад, Баруун, Зүүн Үзэмчин хот, хошуудаар аялж явахад харагдаж байлаа. Шандын шар тал дахь Юанийн дээд нийслэлийн эргэн тойрны уулын орой дээр овоо гэмээр зүйл байх бөгөөд тэр нь тахидаг овоо бус, харин аюулаас сэргийлсэн, мэдээ дамжуулсан орчин үеийн харилцаа холбооны эхлэл байсан гээд хэлчихэд ташаарсан болохгүй биз.
Юанийн дээд нийслэлээс гэрэлт (утаат) дохио дамжуулахад өнөөгийн цаг тооллоор 30 минутын дотор Бээжинд хүрдэг байсан гэх юм билээ. Тэгэхээр цэргийн нарийн зохион байгуулалтынх нь нэг хэсэг гэж үзэж болохоор.
ХААНЫ ОРДОНД ДУУРЬСАХ “АСАР АЯЛГУУ” ӨНӨӨ Ч ЭГШИГЛЭСЭЭР
Цэргийн үйл хэрэг ийм нарийн зохион байгуулалттай байгаа бол ордонд эгшиглэх найрал хөгжим ч боловсронгуй байсан гэнэ. Доктор Д.Сумъяабаатарын “Их Юань гүрэн буюу Хөх гүрэн” номд тухайн үеийн их найрал хөгжим, зэмсгүүдийг найман аймгаар ангилдаг байсан, эгшиг зохицол, хөг аялгуу нь яруу тансаг байсан тухай тэмдэглэсэн байдаг.
Түүнд “Найрал хөгжим түүний дуу авиа эгшиг, яруу дуурьсал нь энерги, эрчим хүч, тэнгэр, газар, хүмүүн буюу дээд, доод, дунд гурван ертөнцийн /тивийн/ шүтэн барилдлагын их цогц болой. Монгол үндэсний найрал нь Монголын хөгжмийн соёлын язгуур, оюуны соёлын бахархал мөн. Монголчуудын дуу хөгжмийн урлаг эрт үеэс эгшиглэн дуурьсаж XIII зуунаас Их Юань гүрний үед нэлээд боловсронгуй болж ордны онцлогийг хадгалан үлджээ” хэмээсэн нь бий.
Тэгвэл үүнийг хадгалан үлдсэн “Асар аялгуу”-г Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууныхан уламжлуулах, хөгжүүлэх талаар ихэд хичээл зүтгэл гаргаж буй юм билээ.
Цахаруудыг бид Их Монгол Улсын хаан ширээнд суусан Чингисийн удам, Боржигин овгийн Монголын хаадын сүүлчийн хаанаар л гадарладаг. Биднийг ахалж явсан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь фэйсбүүк хуудастаа “Үзэл сурталд харшийн учир өмнөх түүхээ үзэж судлах хориотой байсан социализмын жилүүдэд Цахарын Лигдэн хааны тухай “Цогт тайж” киноноос л цухас сонсож байсан сан” хэмээсэн байв.
Хятадын Соёлын хувьсгал гээчээс дутааж Гадаад Монгол (тухайн үеийнх нь түүхийн нэршлээр бичив) руу ирсэн цахар Жамц гэх өвөөгөөс өмнөд Монголд ийм хошуу байдгийг мэдэж авч байлаа.
Тиймээс идээ зоогоос нь авахуулаад цахарчуудын дэлгэрүүлэх, өвлүүлэх гэж хичээж буй “Асар аялгуу”-ных нь талаар ихэд сонирхсон юм. Идээ, шүүсний тухайд монголчуудын уламжлалт идээ, цагаатай агаар нэг. “Асар аялгуу”-г Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байсан талаар дээр дурдсан. Төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байсан гэнэ.
Юань улсын төр задарснаар “Асар аялгуу” төрийн найрал хөгжмийн хэлбэрээ алдаж, Монгол туургатны өнцөг булан бүрт харилцан адилгүй дэг жаягтайгаар уламжлан үлджээ. Цахарчууд “Асар аялгуу”-ны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж, найрын дууны тэргүүн аялгуу хэмээн хүндэтгэн дээдэлсээр ирсэн байна.
“Асар аялгуу”-г монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр хөгжим, цохилуур хөгжим зэрэг хөгжмийн зэмсгээр хөгжимддөг юм билээ. Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуунд биднийг тосон авсан АИХ-ын дэд дарга Тогоонтөмөр энэ найрал хөгжмийнхөө бүрэлдэхүүнд тоглодог юм билээ. Тэрбээр биднийг тосон авч, зоог барихдаа Тогоонтөмөр гэж өөрийгөө танилцуулаад “Төрөө алдсан хааны нэрээр нэрлэгдсэн хүн” хэмээн хошигноод авсан.
Өвөрмонголд 1960-аад оны тэртээгээс радио нэвтүүлгээр “Асар аялгуу”-г нэвтрүүлж байсан ч өнөөдөр эл аялгууны тухай ойлголттой хүн эрс цөөрчээ. Тиймээс Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар аялгуу”-г сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж.
НУТАГ, НУТГИЙН АЯЛГЫГ БАРИМЖААЛСАНЫ УЧИР
Дундад улсын бүрэлдэхүүнд багтан, их гүрний нэгээхэн хэсэг болсон өмнөд монголчууд минь өөртөө засах эрхтэй буй нь хэл, соёл, өв уламжлалаа хадгалан үлдэх, үүнийхээ төлөө улсаас дэмжлэг, хөрөнгө мөнгө авах зэрэгт давуу талтай санагдсан.
БНМАУ 1941 оны гуравдугаар сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас “Соёл, боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн холбоог бэхжүүлэх, түүний баялаг соёлыг эзэмших замаар явах болно.
Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхийлэн хувьсгалын зохиол бичиг орос хэлээр ба аж ахуйн салбаруудад хэрэглэгдэх мэргэжил бүхий үндэсний боловсон хүчнийг гол төлөв ЗХУ-д явуулан боловсруулж буйг харгалзан үзэж, монгол бичгийг шинэ орос үсэг дээр шилжүүлэн авах явдал чухал” гээд орос үсэгт суурилсан шинэ үсэгт ард түмнийг сургах болсон билээ. Ингээд 1946 онд монголчуудыг кирилл үсэгт эргэлт буцалтгүй оруулах тогтоол гарч байсан түүхтэй.
Тухайн жилүүдэд Билгүүн номч Бямбын Ринчен Өвөрмонголын удирдагчдын нэг Хафүнгаатай уулзахдаа “Бид бичиг үсгээ алдчихлаа. Одоо та нарт л найдах үлдлээ. Монгол бичгээ солилгүй үлддэг юм шүү” хэмээн захиад, алдарт “Монгол хэл” шүлгээ 1957 онд Хөххотод бичсэн гэсэн түүхийг энэ аяллынхаа явцад мэдэж авсан юм. Түүгээр ч зогсохгүй ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч байсан Хафүнгаа Бямбын Ринчен гуайтай хамт татуулсан гэрэл зураг ч байдгийг аяллын багийн гишүүн Лханаагийн Мөнхтөр ах бидэнд сонирхуулан ярьсан.
Өнөөдөр ар монголчууд бид буриад, төв халх, баруун монгол гээд нутаг нутгийн аялгатай ярьдаг ч биесээ сайн ойлгодог. Олон жилийн өмнө өмнөд монголчууд маань асар хол зөрүүтэй аялгаар ярилцаж, нэг нутагт ишгийг “ишиг” гэдгээр нь ярьж байхад нөгөөд нь “гөлөг” хэмээж байж. Энэ мэтээр зөрүүтэй олон аялгуунуудаа судлан нэгтгэж, нэгдсэн баримжаа аялгуу буюу бидний ойлголтоор нэгдсэн нэг стандарт аялга бий болгон хэрэглэхээр тогтсон гэнэ.
Ингээд 1979 оны есдүгээр сард Шинжааны Өрөмч хотод БНХАУ-ын найман муж, өөртөө засах орны монгол хэл бичгийн тусгай төлөөлөгчид хуралдан цахар аман аялгуунд суурилуулж, уламжлалт монгол бичгийн авиаг дүрэм болгож баримжаа авиаг тогтоосон байна. Үүнийгээ Өвөрмонгол даяар дагаж мөрдөхөөр зарлажээ. Баримжаа аялгууны стандарт хамгийн сүүлд 2001 онд дахин шинэчлэгдсэн аж.
ҮЗЭМЧИНД ҮЗСЭН БЭСРЭГ НААДМААС АВАХ ЮМ БИДЭНД ИХ БАЙНА
Хөдөө, орон нутгаар овоо тахилга ид үргэлжилж буй цаг үед хотод суурьшсан бид хилийн цаадтайд амьдарч буй үзэмчин монголчуудынхаа бэсрэг наадмыг үзэх завшаан тохиов. Энэ жилийн үзсэн эхний наадам ч гэж болохоор. ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасны Хараат гацааны нутагт бэсрэг наадам болсон юм.
Энэ наадамд 25 хүлэг шандас сорьж, зангиат бөхчүүд эр чадлаа үзэж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргээ сорьж байв. Унаачдын дунд биеэр бага нэг хүү магнайд ирж байсан морьныхоо амыг дийлэлгүй, хадууруулан гуравт орж ирсэндээ ихэд гомдолтой байв.
Хурдан морины уралдаан гарааны зурхайгаасаа л их эмх цэгцтэй, барианд ороод ч будлиан, маргаангүй, хүүхэд унаж гэмтсэн явдалгүй сайхан болж өнгөрөв. Унаач хүүхдүүдийн тухайд бие багатай ч хамгийн бага нь 13-тай хүү байлаа. Охид уралдсан нь үгүй. Түрүү магнайд ирсэн хүүг харахад 14-15-тай болов уу гэмээр байсан ч нас нь 18 давчихсан гэнэ.
Айлын 6-7 настай хүүхдээр хурдан морио унуулж байхаар, үүнээс манай уяачид санаа авч багадаа 14-15 настнуудаар шандас сориулж байвал бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирохгүй юм шиг санагдсан. Найр наадам л болсон хойно архи, шар айраг хэтрүүлсэн нөхөд байх л юм. Гэхдээ манайхан шиг хүн болгонд очиж агсарч, “дэвэхгүй” нь сайхан.
Наадам тарахаар асар майхан, гэр гуанзын орчмоор элдэв гялгар уут, ундаа усны сав хөглөрч үлддэг дүр зураг манайд бий. Тэгвэл орой найр наадам тарахад ямар ч хог үлддэггүй юм билээ.
Хэдийгээр нэг бэсрэг наадам ч гэлээ хошууны Монгол эмнэлгийн хорооноос тусгай зориулалтын автобустай эмч нар ирж, малчид, ард иргэдийнхээ эрүүл мэндийг нэг бүрчлэн үзэж байсан нь 1980-аад оны дунд, сүүл үед аавтайгаа хамт “Бригадын өдөрлөг”-т очиж кино гаргаж, явуулын халуун усаар үйлчлүүлсэн, эмчийн үзлэгт малчдыг хамруулж байсан хүүхэд нас минь нүдний өмнө зурсхийв.
Хошууны Монгол эмнэлгийн хорооныхон малчдаасаа гадна ар, өвөр Монголын сэтгүүлчдийн судсыг барьж, заавар зөвлөгөө өгөн өөриймсөг хандаж байсан нь ахуй, сэтгэл нь монголоороо буйг илтгэх мэт.
Үргэлжлэл бий.