Сонгуулийн сурталчилгаа нэртэй хар мэдээллээс иргэд залхаж гүйцэв. Одоо ганцхан өдөр “тэсчихвэл” сурталчилгаа дуусна. Нүд, чих амарна. Гудамж талбайг “гоёсон” элдэв самбар алга болно. Амьдрал хуучнаараа үргэлжилнэ. АН, МАН, МАХН гэсэн гурван нам оролцсон, Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа цөөнгүй адал явдалтай байлаа. Сонгуулийн сурталчилгааны эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлуудаас тоймлоё.
СОНГОЛТГҮЙ...
Долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад сонгогчид анх удаа эргэлзэхэд хүрэв. МАН-ын нэр дэвшигч М.Энхболд төрийн албанд олон жил ажилласан, Монгол Улсын Ерөнхий сайд байсан туршлагатай. Гэвч нийслэлийн Засаг дарга байхдаа газрын наймааг гааруулсан гэж түүнийг буруутгадаг. Сонгуулийн сурталчилгааны үеэр ч энэ талаар нь хангалттай сөхлөө.
УИХ-д түүнээс дутахааргүй олон удаа сонгогдож, салбар хариуцсан сайдаар ажиллаж явсан туршлагатай Х.Баттулгын хувьд төмөр зам барих мөнгө “идсэн” хэмээх хэл ам дагуулж буй. Энэ хэргээр тэрбээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа. МАХН-ынхан дарга Н.Энхбаярыгаа сойх гээд дийлээгүй. Тэгснээ нам нам дамжсан “тэнүүлч” нөхрийг нэр дэвшүүлсэн.
С.Ганбаатар УИХ-д нэг удаа сонгогдон ажилласнаас өөр төрийн алба хашсан туршлагагүй. Гэвч энэ хугацаандаа бусдын ажлыг баалахаас өөр тоймтой юм хийгээгүй. Бүрэн эрхийнхээ хугацааны төгсгөлд ХҮН-д орж, дарга нь болсноор овоо нэр хүнд олж явсан уг намыг талцуулсан. 2016 оны сонгуулиар өөр нэг эвсэл бараадан нэр дэвшсэн ч дарханчууд улираахыг хүсээгүй юм.
Энэ хүн л Монгол Улсаа дэлхийд нэр төртэй төлөөлж, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болж ажиллах чадал, чансаа, нэр хүндтэй гээд хэлчих эрхэм дээрх гурвын дотор алга. Тиймээс л эргэлзээ дүүрэн байгаа. “Би төрийн албанд тэдэн жил ажиллахдаа ийм ийм ажил хийсэн” гээд тоймтой зарлах юмгүй болохоороо тэр үү, нэр дэвшигчид сурталчилгааныхаа хугацаанд нэгнийхээ буруу булхайг ухаж, төнхөх л ажил хийв.
Цахим сүлжээгээр, хэвлэл мэдээллээр дамжуулан иймэрхүү бараан мэдээлэл хангалттай цацлаа. Өмнөх сонгуулиудаар ч хар мэдээлэл цацдаг байсан. Гэвч энэ удаа даац нь хэтэрснийг хүн бүр хэлж буй. Эцэст нь “Гурвуулаа л хүний адаг юм байна. Нэр, гар цэвэр хүн алга” гэсэн дүгнэлтэд сонгогчид хүрлээ.
Хэдийгээр өрсөлдөгч нь л хэлсэн болохоос үнэний ортой мэдээлэл үүн дунд байсан биз ээ. Энэ бүхнийг ялгаж салгаад сонголтоо хийх хүмүүс байхад шууд л тархиа угаалгах, мэдээлэлгүй сонгогч бас цөөнгүй. Хэн, хэрхэн ажилласан бэ, эх орондоо юу хийж бүтээсэн бол. Тэдний урьдах амьдрал сонгогчдын нүдэнд ил боллоо.
С.ГАНБААТАР ЖАГСААЛТААС ХАСАГДАХ УУ
АН, МАН-ын нэр дэвшигчид нэгнийхээ буруу, булхайг уудалж байх зуур дундаас нь С.Ганбаатар гараад ирэх вий гэсэн яриа түгж эхлэв. Мань эр ч “Соёлтой, зөв өрсөлдье” гэсэн боловсон, даруу уриа хэлсхийгээд явж байсан юм. Гэвч БНСУ-ын иргэнээс 50 сая вон хандив болгон авч буй бичлэг нь нийгмийн сүлжээгээр тарлаа. Сонгуулийн хуульд зааснаар гадаадын иргэнээс хандив авах хориотой.
Бас нэг иргэнээс гурван сая хүртэл төгрөг л хандивт авч болно. Түүнд мөнгө өгсөн гэх хүн нь үүнийг үнэн хэмээн нотолж, СЕХ-нд захидал илгээжээ. Хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж буй. Төрийн тэргүүний төлөө өрсөлдөх гэж буй атлаа хуулиа үл тоосон үйлдэл нь батлагдвал жагсаалтаас хасаж таарна. Ингэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд, санал хураахын өмнө хасагдсан хамгийн анхны тохиолдол болох нь.
Гэхдээ улс төр бохир. Тэр тусмаа сонгууль тэр чигтээ урьдчилж дэглэсэн жүжиг болсоор удаж буй. 2013 оны сонгуулиар МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө уучлалд хамруулах тохиролцоотойгоор Н.Удвалыг нэр дэвшүүлж байсан тухай УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва номондоо бичсэн нь бий. Энэ удаа С.Ганбаатарыг тойрсон үйл явдал ч “зохиол”-ын дагуу өрнөж байхыг үгүйсгэхгүй.
ГАДААДЫН 100 ГАРУЙ АЖИГЛАГЧ АЖИЛЛАНА
Монголчууд эв нэгдлийн шинэ бэлгэдлээ сонгохын тулд эв эвдрэн талцаж буйг дэлхий нийт ажиглаж л байгаа нь лавтай. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар 30 гаруй орон болон олон улсын байгууллагын нийт 100 гаруй ажиглагч СЕХ-нд бүртгүүлэн, үнэмлэхээ авсан байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газар холбоо ээлжит удаагаа манай сонгуульд ажиглагчаар оролцож буй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 36 орон, олон улсын байгууллагын нийт 400 гаруй хүн ажиглаж байсны хажууд бол энэ нь бага тоо. Гэвч тухайн үед анх удаа автоматжуулсан төхөөрөмж хэрэглэсэн учраас ажиглагчийн тоо олон байсан болов уу.
Ажиглагч нараас гадна гадаад орны сэтгүүлчид сонгуулийг сурвалжилна. Хэрүүл хэлцэлтэй ч дараагийн Ерөнхийлөгч тодорно. Гэвч сурталчилгааны хэдхэн хоногт нэр дэвшигчид нэгнийхээ булхай луйвар, сул талыг дэлхийгээр нэг зарлачихсан байдаг. Гадаад ертөнц ийм “но”-той Ерөнхийлөгчийг маань яаж хүлээж авах бол.
ДУУТАЙ, БАЙЛДААНТАЙ
Гол өрсөлдөөн өрнөх хоёр намын нэр дэвшигч “Монгол ялна”, “Эвтэй Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлж ажиллалаа. Дотооддоо болж буй сонгууль хэдий ч нэг л тийм тэмцлийн шинжтэй уриа. Анх Х.Баттулга “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлэхэд “Хэнтэйгээ байлдах гээд байгаа юм” хэмээн МАН-ынхан нь шүүмжилж байв.
Тэр үед “Эдийн засгийн хямрал, болж бүтэхгүй бүхнийг ялах гэж ийм уриа дэвшүүлсэн” хэмээн АН-ын нэр дэвшигч тайлбарлаж байлаа. Гэтэл удалгүй МАН-ынхан “Эвтэй Монгол ялна” гэж уриагаа өөрчилсөн юм даг. Болж өнгөрсөн сурталчилгаа нэртэй хар мэдээллийн дайралтыг харахад ерөөсөө л тэд хоорондоо “байлджээ”.
Мөн энэ удаагийн сонгуулиар МАН-ынхан, тодруулбал, нэр дэвшигч М.Энхболд дөрвөн ч сайхан дуутай боллоо. Бараг нэг цомог гаргах боломжтой гэсэн үг. Урлагийн тоглолт, шоу зохион байгуулахыг хориглосон заалтыг Сонгуулийн хуульд тусгаснаас хойш улс төрийн намууд дуу хийж, дүрсжүүлэх замаар сурталчилгаагаа явуулдаг болсон. МАН-ынхан уг аргаа хэрэглэсэн юм.
“Никитон”-ы Б.Батчулуун “Эвтэй Монголын төлөө” дуугаараа салхи хагалсан юм. “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан “Өөрөөр дуулж чадсангүй” хэмээх дуугаар нэр дэвшигч М.Энхболдыг магтжээ. Үүний араас залуу дуучдын “Чи бол ирээдүй”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Эвлэж зүтгэх эх орон” дуу хүмүүст хүрээд байна.
Хоёр дахь дуунд нэр дэвшигч гол дүрд тоглосон бол бусдад нь “туслах дүр” бүтээжээ. Нэг талд зориулсан хэдий ч сайхан үгтэй дуугаар “дайн”-аа “зөөллөөд”, сонгууль дуусаж байна. Одоо сонгогч та, бид л “сумаа тавих” үлдлээ.