Богд ууланд гарсан түймрийг унтраахаар 10-20 литрийн савтай усыг явган зөөж, борви бохисхийлгүй ажиллаж буй онцгой байдлынханд “Mongolian Land Cruiser” авто клубийн залуус тусалсан тухай уншигчид дуулсан болов уу. “Чингисийн хүрээ” амралтын газар дахь ус зөөвөрлөх цэгээс хоёр км-ийн зайд байрлах галын голомт руу тэд автомашинаараа 2.3 тонн ус зөөж өгснөөс гадна аврагчдад хоол хүнс дөхүүлж өгчээ.
Түүнчлэн Асралт хайрхны түймрийг унтраахаар олон хоног нойр, хоол дутуу ч халшралгүй улаан галтай тэмцэж буй аврагчдад “Мongolian Pajero Jeep” авто клубийнхнээс гадна “Зайсан” мото клубийн залуус ихээхэн тус хүргэсэн талаар олон нийтийн сүлжээнээс та мэдсэн байлгүй. Тэднийг гал сөнөөгчдөд туслахаар түймрийн голомт руу явах гэж буйг мэдсэн олон хүн сэтгэлээрээ нэгдэж, хээр гадаа идэхэд тохиромжтой хоол гээд цуйван хүртэл хийж өгсөн байсан.
Түймэр унтраах ус зөөхөд таван литрийн хуванцар сав олноор хэрэгтэй байгааг дуулсан “Вояж” компанийнхан гэхэд л өөрсдийн бүтээгдэхүүнээр тусалж, мөн “Иргэн танд таван литрийн цэвэр усны сав байгаа бол гэртээ ойр байрлах Онцгой байдлын хэлтэст хүргэн, түймэр унтраахад хувь нэмрээ оруулаарай” хэмээн ард түмнийг уриалсан.
Эндээс нэг зүйл мэдрэгдэхгүй байна уу. Тийм ээ, монголчууд хэний ч шахалт шаардлагагүйгээр сайн санааны үйлсэд нэгддэг болж. Монгол хүний нэгнийхээ төлөө гэсэн элгэн халуун сэтгэл унтаа байдлаасаа сэрж байна. Энэ бол баярлахгүй, бахдахгүй байхын аргагүй сайхан зүйл.
Мэдээлэл технологийн асар хурдтай хөгжил, олон янзын эрх ашигт хүлэгдсэн хийрхлийн “ачаар” бид өнөөдөр хэнийг ч ямраар ч харагдуулж болдог зохиомол дүрүүдийн дунд төөрөлдөн амьдарч буй. Сонгуулийн жил ойртохоор асрамжийн газрын багачуудад ганц ганц уут бэлэг тарааснаа хүмүүнлэгийн том үйлс бүтээсэн гавьяатан шиг хэвлэл мэдээллийнхнийг дуудан сурталчлах төрийн түшээ байхад хүний, өөрийн нийлсэн 34 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх хүндхэн ачааг сайн дураараа үүрчихээд, урдах замаа чимээгүйхэн туулж буй эгэл жирийн бүсгүй ч байх.
Өнөө цагт сайн хүн гэж чухам хэнийг өргөмжлөх, сайн үйлс гэж яг юуг хэлэх вэ гэдэг тун адармаатай асуулт болсон. Тиймдээ ч нийгэмд болж буй аливаа сайн сайхан зүйлүүд араасаа үргэлж хардлага дагуулах нь бий. Үнэнийг харсаар байтал нүдэн дээр үнэгүйдүүлж буй олон жишээ байгаа л даа. Гэхдээ гамшиг ослын үед “нүцгэн гараараа” сөрөн тэмцдэг онцгой байдлын албаныханд чадах чинээгээрээ туслах гэсэн залуус хийгээд үүр цүүрээр эртлэн босож, аврагчдын хоолыг зэхсэн бүсгүйчүүдийн сэтгэлийг тэгж хардах шалтгаан харин алга.
Өнгөрсөн жилийн цасан шуурганаар “Ланд круйзер”-тэй хэсэг залуу Төв аймгийн Зуун мод сум, Айдсын даваа болон Биокомбинат орчимд машинтайгаа цасанд боогдсон иргэдийг осгож, амиа алдах аюулаас аварч, сайн дураараа онцгойгийнхонд тусалж байв. Тэрхүү мэдээллээ олон нийтийн сүлжээгээр түгээсэн залуус угтаа монгол хүн бүрийн дотор байдаг сэтгэлийн галыг өрдөн сэрээсэн болохоос өөрсдөө нэр хүнд олох гэж санаархаагүйг эрхбиш ялгаж, салгах ухаан бидэнд бий.
Олон нийтийн сүлжээг бусдад хэрэгтэй, ач тустай, зөв сайхан зүйлд ашиглавал мэдээллийн ямар хүчирхэг зэвсэг байж болдгийг энэ мэт жишээ бэлхнээ харуулна. Саяхан үндэсний томоохон үйлдвэрлэгч “Говь” компанийн үйлдвэрт гал гарахад монголчууд яаж эрвийх дэрвийхээрээ хөдөллөө дөө. Галыг унтраахаар хонон өнжин ажилласан аврагчдад “Жүр үр”-ийнхэн бялуугаа, “MCS Coca Cola”-гийнхан ундаагаа, АПУ-гийнхан сүү, усаа өгч байв.
Ажилтнуудад нь сэтгэлийн дэм өгөх үүднээс “Дэвшил трейд”-ийнхэн өргөст хэмх, улаан лоолио, “ТЭСО”-гийнхон “Зөв” аарцны ундаагаа, эм ханган нийлүүлэх компаниуд шүүлтүүртэй амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл гэх зэргээр хандивын цуваа өнөө ч үргэлжилж байгаа аж. Өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг “Говь”-ийн бүтээгдэхүүнээс ганц оймс ч болсон худалдаж аваад, үндэсний үйлдвэртээ нэмэр хандив өргөх гэсэн хүн бүрийн сэтгэл хачиргүй, үнэн байсан учраас монгол түмнийг нэгтгэж чадсан юм.
“Тэртээ ууланд асаж байгаа түймэр маньд ямар хамаатай юм, гал сөнөөгчид унтраана биз” гэж хүнийрхээгүй тэр сэтгэл, “Том үйлдвэр шатлаа гээд яах вэ дээ, ашгаараа хохирлоо барагдуулчих байлгүй” хэмээн хөндий хүйтэн зан гаргаагүй энэ сэтгэл л монгол хүнийг монгол болгодог гэлтэй.
Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль болоход дөрөвхөн хоног үлдээд буй ийм эгзэгтэй мөчид улс төрийн аль нэг нам, эвслээс хараат бусаар, зөвхөн монгол хүн гэсэн итгэл үнэмшлээрээ нэгдэн зангидагдаж байгаад нь талархаад баршгүй. Гэтэл ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх учиртай Төрийн тэргүүний төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч эсрэгээрээ ард түмнээ хуваан талцуулах, маргуулж сөргөлдүүлэх тактикаар хоорондоо ана мана үзэлцэж буй нь туйлын ичгэвтэр.
Уг нь жинхэнэ эв нэгдлийг эрхэмлэгч түшээ бол “Төр, засаг ийм ч юм хийсэнгүй, тэрийг ч тэгсэнгүй”, “Тэрний Засгийн газрын үед хийсэн ажил ёстой хэрэг алга” хэмээн шүүмжлэхээс өөр юу ч хийдэггүй хэсэг бүлэг хүнийг өгөөш болгож, нэг нэгнийх нь эсрэг сумлан уралцуулах бус, болохгүйг болгохын төлөө сайн дураараа нэгдэн, хичээн зүтгэж буй энэ хүмүүсийн үлгэр дуурайлыг нийгэмд бахархалтайгаар түгээн дэлгэрүүлэх байлаа.
Монгол хүн бүрийн дотор байдаг хүнлэг, нинжин сэтгэлийн тэр сайхан хөрөнгөөр уруул чимчигнүүлсэн намрын айраг исгэе гэвэл жаахан хичээхэд л болчихмоор санагдана. Гэвч улстөрч гэж цээжээ дэлдэгсэд тэгж хичээхгүй байгаа учраас бид өөрсдөдөө л найдахаас өөр аргагүй бололтой.
“Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяныг олон нийтийн сүлжээгээр өрнүүлэхэд 14-хөн хоногийн дотор 73 сая төгрөг цуглуулж дөнгөдөг далай сэтгэлтэй ард түмэн шүү дээ, бид. Эх орноо, хүсэл мөрөөдлөө мөнгөөр солиогүй тамирчин охины Монголын төлөө гэсэн сэтгэлийн хариуг элэг нэгт монголчууд нь тийн барьсан хэрэг.
Тэгвэл “Лантуун дохио” ТББ-ын санаачилгаар эхлүүлсэн “Ид шидийн орон” нэртэй, бага насны хүүхдийг хамгаалах байр барих ажил тун амжилттай урагшилж буй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн балчир хүүхдүүдийг харж хандах газартай болгох гэсэн сайн үйлсийн аяныг эх орны өнцөг булан бүрт байгаа болон хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд халуун сэтгэлээр дэмжин тусламжийн гараа сунгасаар байна.
Тиймээс зөвхөн хамгаалах байраар зогсохгүй, хүүхэд хөгжлийн цогцолбор төв байгуулахаар дахин нэг барилга эхлүүлээд байгаа юм билээ. Тэгэхээр хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тун удахгүй хамгаалуулах, бас хөгжих тусгай байртай болох нь. Хэрэв бага насны хүүхдүүдийг нэг ийм байртай болгохыг төр, засгаас гуйсан бол хэдэн жил хүлээх байсныг хэн ч таашгүй. Учир нь тэдэнд сэтгэл үргэлж дутдаг.