“Исламын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг устгаснаар босогчидтой хийж буй тэмцэл өөрчлөгдөх тухай ОХУ-ын БХЯ мэдээллээ. Тусгай ажиллагаа явуулсан тухай мэдэгдсэн ч зартай террористыг устгасан гэх мэдээллийг шалгаж буй гэнэ.
Учир нь ийм мэдээлэл урьд нь нэг бус удаа гарч байсан тул Вашингтон төдийгүй ОХУ-ын ГХЯ тайлбар хийхдээ болгоомжтой хандаж байна.
Сирийн Ракка хотын захын дүүргүүдэд ОХУ-ын Агаар, сансрын хүчнээс цохилт өгсөн аж. Өнгөрсөн сарын 28-нд шилжих шөнө 10 минут явуулсан ажиллагааны үеэр “Су-35С”, “Су-34” нисэх онгоцноос өгсөн цохилт толгойлогч нарын зөвлөгөөн болж байсан “Исламын улс” бүлэглэлийн командлалын цэгт тусчээ.
Оросын цэргийнхний мэдээлснээр, агаарын цохилтод тус бүлэглэлийн өндөр албан тушаалтнууд, тэрчлэн дунд түвшний 30 орчим командлагч, тэдний бие хамгаалагч гээд 300 орчим босогч өртөн, устжээ. Агаараас цохилт өгөхийн өмнө болон дараа хиймэл дагуулаас авсан зургаас үзвэл пуужинд өртсөн дөрвөн барилга газрын хөрстэй тэгширсэн байв.
“Исламын улс”-ын командлалын тэдгээр байранд толгойлогч Абу Бакр аль-Багдадигаас гадна Ракки хотын эмир Абу аль-Хажи аль-Мысри, Ибрагим ан-Наеф аль-Хаж, Исламын шашинтнуудын аюулгүй байдлын албаны дарга Сулейман аш-Шауах нар байсан гэнэ.
Ийм мэдээллийг Оросын тагнуулууд эх сурвалжуудаасаа авсан аж. Үүний дараа энэ мэдээллийг хэд хэдэн удаа, тухайлбал, Сирийн Засгийн газрын байгууллагуудын тусламжтайгаар шалгаж, шаардлагатай бүх нотолгоог авсны дараа Ракка хотын өмнөд дүүрэг рүү зэвсэглэсэн босогчид олноороо буюу бүлэглэлийн толгойлогчид бие хамгаалагчидтай нийлээд 300 орчим хүн явсныг харуулсан, нисэгчгүй аппаратаас авсан зургуудын хамт хавтаст хэрэгт хавсаргажээ.
Абу аль-Мысри, Ибрагим ан-Наеф аль-Хаж, Сулейман аш-Шауах нар устсаныг нотолсон ч толгойлогч Абу Бакр аль-Багдади үхсэн, эсэх тухай 100 хувийн нотолгоо байхгүйг Оросын цэргийнхэн мэдээлжээ.
Энд сануулахад, Абу Бакр аль-Багдади “Исламын улс”-ыг 2014 онд бий болж, Сири, Иракийн нутаг дэвсгэрт халифат улс байгуулснаа зарласан цагаас хойш удирдаж байгаа юм. Терроризмтой тэмцэх олон улсын кампанит ажил идэвхжихийн хэрээр 2015 оноос хойш Иракт, эсвэл Сирийн Ракка хотод түүнийг устгасан тухай мэдээлэл хэвлэлүүдэд удаа дараа гарсан билээ.
“Ойрын тойрон хүрээлэгчдийг нь устгаад бараг дууссан учир аль-Багдадийн үхсэн, эсэх нь цаг хугацааны асуудал юм” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ оны гуравдугаар сард батлан хэлсэн билээ. Аль-Багдади хаана байгааг маш сайн нууцалсан байдаг бөгөөд АНУ-ын Төрийн департамент түүнийг барьж өгсөн хүнийг 25 сая доллароор шагнахаа зарлаж байв.
ОХУ-ын БХЯ-ны мэдээллийг Сирийн эрх баригчид ч, НАТО-гийн төлөөлөгчид ч, АНУ тэргүүтэй олон улсын эвсэл ч нотлоогүй, харин шалгаж тодруулахаа мэдэгджээ.