МУБИС-ийн орчим буюу Арслантай гүүр хавьд Сэлбэ гол “сураггүй” болжээ. Тэнд хэсэг хэсэг газарт овоолсон шороо, хогоор дүүрсэн шалбааг, урсгал нь ширгэсэн нарийн жим л харагдана. Түүнээс хойшоо алхаж, “Чингис” зочид буудлын орчимд очиход нарийхан гол туниа муутай урсаж үзэгдэнэ.
Урсгал байгаа газартаа зүлэг, ногоо ургасан хэдий ч нурсан цементэн хашлага, овоолсон шороо үзэмжийг нь гутаажээ. Түүгээр ч зогсохгүй тэндхийн гүүрэн доор тэнэмэл хүмүүс оромжоо зассан нь голын эргээр хөглөрөх оймс, гутал, навсархай хувцаснаас харахад илт.
Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах гэсэн сүржин нэртэй, даржин төсөл одоогоос зургаан жилийн өмнө цаасан дээр зураг болж, ажил нь эхэлсэн ч араасаа олон хэл ам дагуулсаар арай ядан хэрэгжүүлж дууссан цаг саяхан буюу 2014 он. Уг төслийг 2011 онд эхлүүлсэн бөгөөд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулсан ч олигтой үр дүнд хүрч чадаагүй гэхэд болно.
Гүйцэтгэгч “Норбу” компани нь “Зураг төсөл анхнаасаа буруу байсан. Төсөвлөсөн хэмжээнээс хөрөнгө нь дутсан” гэх шалтгаанаар нүглийн нүдийг гурилаар хуураад орхисон юм. Тэр үед Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэл 350 метр газрыг тохижуулна гэж төлөвлөж байв. Ингэхдээ хөрсний болон үерийн ус ашиглан Сэлбийн урсацыг нэмэгдүүлэх ёстой байжээ.
Өөрөөр хэлбэл, зураг төсөлдөө Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар Сэлбэд нийлүүлэхээр тусгасан байсан. Ингэж урсацыг нь сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулахдаа 1.5 га-д явган хүний зам, 1.14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж барьж, даланд гурван метрийн урттай орчин үеийн шийдэл бүхий чулуун баганууд болон үндэсний онцлогийг харуулсан хээ угалз бүхий төмөр хашлага хийнэ гэжээ.
Мөн усны толио үүсгэх зорилгоор найман ширхэг халиагуур шинээр хийж, хоёр хэсэгт гэрэлтүүлэг бүхий усан оргилуур, өвлийн улиралд мөсөн гулгуур байгуулах зэрэг олон ажил төлөвлөсөн байв. Гэвч төслийн зураг алдаатай гарсан гэдэг шалтаг хэлэн гүйцэтгэгч “Норбу” ХХК-ийнхан дээрх ажлуудын заримыг огт хийгээгүй байдаг.
Юу ч хийгээгүй нэр зүүж байснаас дээр гэж бодсон бололтой, хэдэн ширхэг хогийн сав, мод суулгаж, үнэтэй гантиг чулуун хана босгосон болоод санд мэнд хүлээлгэж өгсөн. Өдгөө нөгөө бүтээн байгуулалт, хоёр тэрбум төгрөг салхинд хийсэж, Сэлбийн урсац нэмэгдэх нь битгий хэл бүр амь тавьчихаад байна. Мэргэжлийн бус хүмүүс, судалгаагүй ажилласны уршгаар хийсэн бүтээн байгуулалт нь байгалийн шалгаралд өртөн, үерийн ус, хүчтэй салхины улмаас эхнээсээ нурж эхэлжээ.
Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төсөл уг нь хоёр үе шаттай хэрэгжих байсан ч хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалт одоо ч эхлээгүй байна. Үүнийг нэхэн санаж, мэргэжилтнүүдээс ам асуулаа. Туул, Сэлбэ, Дунд, Баян, Толгойт голын урсацыг сайжруулах төслийн зургийг хийхэд гар бие оролцсон нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженер, Монгол Улсын хот төлөвлөлтийн зөвлөх архитектор Г.Нарангэрэл “2015 онд УИХ-аас Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулах техник, эдийн засгийн үндэслэл ба зураг төсөл боловсруулах ажлыг дэмжсэний үр дүнд нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийнхэн УСУГ, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагатай хамтран Туул, Сэлбэ голын ТЭЗҮ болон зарим газрынх нь зураг төслийг боловсруулсан.
Үүнд Туул голын дөрвөн дэд бүсийг бүрэн хамруулж, Улаанбаатар хот дахь голуудын усны эх үүсвэрийг яаж хамгаалах, нөөцийг хэрхэн сэргээх асуудлыг тусгаж, ном болгон хэвлүүлсэн. Сэлбэ голыг Америкийн Элчин сайдын яамны орчмоос Дунд гол хүртэл тохижуулах, урсацыг нь сайжруулах ажлын зураг төслийг гаргасан. Одоо Хайлаастаас Америкийн Элчин сайдын яам хүртэл нэг километр орчим газарт хагшаас барих зураг хийж байна. Уг зураг дуусвал Сэлбэ голыг цогцоор нь хамгаалах боломж бүрдэх юм.
Хүний нүдэнд сайхан харагдах тохижилт, бүтээн байгуулалт хийхээс илүүтэй усны нөөцийг хамгаалах, сэргээх, чанарт нь анхаарах зэргийг урьдал болгох нь зүйтэй. Бид зураг төслийг нь батлаад, гаргаад өгдөг ч ажил хүлээж авч буй газрууд нь ойлгохгүй, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байгаагаас болж, төсөл удаашран, хийсэн ажил нь үр дүнгүй болж байна. Тухайлбал, Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийн эхний шат хэрэгжиж дууссан ч мэргэжлийн бус хүмүүс ажил гүйцэтгэсэн учраас голын урсац сайжирсангүй.
Бид дахин Туул, Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг сэргээн тохижуулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтэст өгсөн. Тэд судалж үзээд, Сангийн яаманд хандсан гэсэн. Туул, Сэлбэ голыг яагаад сэргээх ёстой, юу хийх хэрэгтэй, ямар тохижилт шаардлагатай вэ гэдгийг тэнд тусгасан.
Хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд, ажил хэрэг болговол Сэлбэ сэрэх боломжтой. Гэхдээ өмнөх шигээ үр дүнгүй ажил болгохгүйн тулд шийдвэр гаргах түвшний байгууллагууд нь харилцан уялдаатай ажиллах шаардлагатай. Усны асуудал аюулын харанга дэлдээд байхад хэдэн тийшээ харж, дор бүрнээ шийдвэр гаргаад байж болохгүй” гэж ярив.
Дээрх зураг төслийг гаргахад оролцсон байгууллагууд эхлээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт урсаж буй голуудын бохирдлыг судалжээ. Ингэхэд Сэлбэ гол мал, амьтны гаралтай аммонийн азотоор ихээхэн бохирдсон байсан төдийгүй гол дагуух газар бүрт хэмжээ нь өөр гарсан байна. Тодруулбал, 2011 оны дөрөвдүгээр сард УСУГ-ын усны төв лабораторид хийсэн шинжилгээгээр “Зуун айл” орчим аммонийн азотын өндөр бохирдолтой байсны дээр эмгэг төрөгч нянгаар бохирдсон байжээ.
Тэгвэл дараа жил нь буюу 2012 онд хийсэн шинжилгээгээр 19 дүгээр хороолол орчмын Сэлбэ голд гэдэсний халдварт өвчний нян илэрчээ. Таван жилийн өмнө ийм хэмжээний бохирдолтой байсан гол одоо ямар болсныг хэлээд ч илүүц биз. Гэвч түүнээс хойш судалсан, голын усыг цэвэршүүлэх, урсацыг нэмэгдүүлэхийн төлөө хийсэн ажил даанч алга. Дуншиж дуншиж ашиглалтад орсон 350 метр газрын тохижилтыг эс тооцвол шүү дээ.
Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ 2030 онд 2010 оныхоос 2.2 дахин, бусад ашиглалт 1.9 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Тиймээс усны нөөцийн гачигдалд орохгүйн тулд гадаргын болон цэвэршүүлсэн ус ашиглах хэрэгтэй. Үүний тулд гүний усны эх үүсвэрүүдээ хамгаалах, хадгалах асуудал нэн чухал болоод байна. Үүнд мэдээж Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төсөл тодорхой нөлөө үзүүлнэ. Уг төслийн хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын хүрээнд голын дагуух 32 км газрыг гурван бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөө 2015 оны ТЭЗҮ-д тусгагджээ. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тус төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон юм.
Эхний ээлжинд харгана, бут бүхий суурьшлын бүсэд ороогүй талбайг сонгон 143 мянган шоо метр хиймэл цөөрөм (усан сан) байгуулах аж. Энэ цөөрөм Майхан толгойн зуслангаас дээш 1.2 км, Хандгайтын голын салаа Баянголын уулзвараас доош 0.5 км-ийн зайтай байрлахын зэрэгцээ ёроолын болон илүүдэл ус гаргууртай байх гэнэ.
Голыг боож, усан сан барих нь шар усны үерийн болон борооны ус хуримтлуулж, Сэлбэ голын урсгалыг дулааны улиралд тогтмол хэмжээнд байлгах, үерээр орж ирэх элс, хагшаас шороог тунгааж авахад ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Энэхүү усан сангийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг дээрх зураг төсөлд нарийн тусгасан бөгөөд хэмжээ, материалыг ч тодорхой заажээ.
Түүнчлэн цөөрмийн угсралтын ажлыг хийхдээ эргэн тойрныг нь суурьшлын бүсээс чөлөөлөн, ойн зурвас, ногоон байгууламж байгуулах, ан амьтан, жигүүртэн шувуудыг хамгаалах ажлыг давхар гүйцэтгэх гэнэ. Сэлбэ голын эхээс Майхан толгойн гүүр хүртэл голын голдирлын дагуух 644 га талбайг хамрах тус хэсэг нь байгалийн унаган төрхийг хадгалсан бүс болох аж.
Харин нөхөн сэргээж, тохижуулах бүсэд Майхан толгойн гүүрнээс Их тойруугийн гүүр хүртэлх 1222 га талбайн тохижилт хамаарна. Тэнд иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх зориулалт бүхий хорооллын чанартай цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэх юм байна. Энэ ажлыг хийхдээ голын хамгаалалтын бүсэд суурьшсан айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, нөхөн сэргээлт хийн, оронд нь спортын талбай, дугуйн зам тавьж, нам гүм орчин бүрдүүлэх юм.
Тэгвэл их тойруугийн гүүрнээс Нарны гүүр хоорондох 122.8 га газрыг хүн амын нягтаршил ихтэй хотын төвийн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тохижуулж, “Аялгуут усан хүрээлэн” нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Ийнхүү голын эх болон хамгаалалтын бүсийг шинэчлэн, хамгаалж, тохижуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аялах нөхцөл бүрдэж, Сэлбэ гол жинхэнээсээ сэргэх аж.
Эдийн засгийн хямралаас шалтгаалан төслийн гүйцэтгэл одоогоор түр завсарлаад байгаа гэдгийг нийслэлийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат хэлсэн. Тэрбээр “Сэлбэ голын урсацыг сайжруулах, орчныг тохижуулах төслийн хоёр дахь шатны ажлыг эхлүүлэхээр Сангийн яам болон бусад холбогдох газарт техник эдийн засгийн үнэлгээ, зураг төслийг явуулсан. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Наймдугаар сард эцсийн шийдвэр гарах байх.
Төсөв шийдэгдлээ гэхэд дараа жилээс бүтээн байгуулалт эхлэх учиртай. Урьдчилсан тооцоогоор арав орчим тэрбум төгрөг шаардлагатай. Зураг төсөл хоёр, гурван жилийн өмнө батлагдсан болохоор материалын үнэ өөрчлөгдсөн ч асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мэдээж бид төслийг түүх болгохгүйг хичээж ажиллах болно” гэв. Хэлэх амархан хийх хэцүү гэгчээр төслийн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт өмнөхийн адил үр дүнгүй эсвэл цаасан дээр түүх болон үлдэхгүй байгаасай.