Зургийг Г.Батсайхан
Манай сонин “Монголын хямрал” цуврал нийтлэлээ үүгээр эхлүүлж байна.
Монголын эдийн засгийн хямрал юунаас эхлэлтэй вэ, бид бодлогын ямар алдаа гаргаж байна вэ? Дардан замаар хөгжихөд юу саад болоод байна вэ? Энэ талаар үйл явдлын өрнөл, баримт түшиглэн дүн шинжилгээ хийх болно. Мөн эдийн засгийн хямралын шалтгааныг тодруулахыг хичээх юм.
Төсвийн бодлогоос эхэлсэн нийтлэл маань гадаадын хөрөнгө оруулалт, стратегийн орд, мөнгөний бодлого, валютын ханш, хавтгайрсан халамж, улс орны алсын хараа, засаглал зэрэг сэдвийг хөндөнө.
Цагаан цамц, улаан зангиагаар дэгжирхсэн Сангийн сайд Ч.Улаан “Төсөв тэмүүлэгч чанартай байх ёстой” гэж хариулаад маасайтал инээлээ. Түүнээс “Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, улс орны ашиг орлого буурах магадлалтай энэ үед яагаад өндөр алдагдалтай төсөв өргөн барьсан юм бэ” гээд асуучихсан хэрэг.
Одоогоос таван жилийн өмнө шинэчлэлийн гэх тодотголтой, хамтарсан Засгийн газрын Сангийн сайдаар томилогдсон Ч.Улаан 2012 оны намар нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай төсвийн төсөл УИХ-д өргөн барьчихаад “Туул” ресторанд эдийн засгийн сэтгүүлчидтэй цайлах үед ийм яриа өрнөсөн юм.
Түүний “тэмүүлэгч чанар” гэдэг үгийн цаана өр тавиад алдагдлаа нөхчихнө гэсэн далд санаа нуугдаж байв. Үнэхээр ч өр тавиад төсвийн алдагдлаа хаачихсаныг Засгийн газрын зээл гэрлийн хурдаар өссөн баримт гэрчилнэ.
Манайх Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн ачаар 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг давчихсан, уул уурхайн түүхий эдийн үнийн огцом өсөлтийн буянаар дотоодын нийт бүтээгдэхүүн 17.3 хувиар өсчихсөн даналзаж явсан цаг байв. Тэгвэл сарын өмнө ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхээ өвөртөлчихөөд баярлаж сууна.
Найм дахь удаагаа ОУВС-гийн гарт орж, “Сэхээн амьдруулах тасаг”-т нь хэвтэж буй нь энэ. “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй сая ам.доллар зээлсэн. Өдгөө 5.5 тэрбум ам.долларын зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Илүү хүчтэй тариа хийж байж, эдийн засгаа “эмчилж” хямралаас гарна гэсэн үг. Улстөрчдийн даахгүй байж их өр тавьсан “тэмүүлэгч чанар” зөв байж уу.
ОУВС-гийн тусламжийг авч эдийн засгаа “эмчлэх” гэж буй нь тэдний буруу байсныг бодитой харуулав. Бид ОУВС-гийн хөтөлбөрөөс хугацаанаас нь өмнө гарчихдаг, маш амжилттай хэрэгжүүлдэг гэж зарим өндөр албан тушаалтан амаа урах шахам ярих нь ичгэвтэр.
Эрдэс түүхий эдийн үнийн мөчлөг сөрсөн бодлого баримтлах хэрэгтэй гэж амтай болгон нь ярьдаг. Дэлхийн уул уурхайн түүхий эдийн үнэ хямдарвал төсвийн зардлаа танаж, бүсээ чангалах хэрэгтэй гэсэн санаа л даа. Гэхдээ улстөрчид мөчлөг сөрсөн бодлого баримталсан уу гэвэл үгүй. Нөхрийнх нь цалин буурвал эхнэрүүд тансаг бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа болиод амин чухал хэрэгцээндээ мөнгөө зарцуулна.
Улс орон ч орлого нь буурвал хөрөнгө оруулалтаа “царцааж”, төсвөө хэмнэх учиртай. Гэтэл манайхан мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Төсвийн орлого хаанаа ч хүрэлцэхгүй байхад зардлаа нэмсээр, дутсан мөнгөө зээл авч нөхсөөр ирлээ. Уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн ч төсвийн зардлаа өсгөхгүй байх бодлого баримтлах хэрэгтэй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөөр Монголын эдийн засаг тэлдэг. Тэгэхээр нь төсвийн зардлаа өсгөдөг.
Түүхий эдийн үнэ хямдрахаар төсвийн хэмнэлт хийхийн оронд бусдаас тусламж гуйн, өр тавьж, тансаг хэрэгцээгээ хангана. Монгол ийм л буруу бодлоготой явж иржээ. Байгалийн баялагтай орнууд манайх шиг буруу замаар будаа тээсэн жишээ олон бий. Бусдын муу жишээнээс сургамж аваад, зам мөрөө засаад явчих боломж бидэнд өчнөөн бий. Гэвч тийм ухаан байна уу.
Зэсийн олон уурхайтай Чили Монгол шиг буруу замаар хурдалж, эдийн засгаа унаган, инфляцаа алдаад хаширсан улс. Тэд Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридманы шавь нарыг залж, түүхий эдийн үнийн мөчлөг сөрсөн бодлогоо гаргуулж, зөв замд орсон түүхтэй.
Милтон Фридман “монетари” гэгч онолыг эдийн засагт нэвтрүүлсэн гавьяатай. Түүний онол эдийн засгийг мөнгөний бодлогоор хөгжүүлж, төсвийг аль болох хязгаарлах шаардлагатай гэж үздэг. Фридманы шавь нар нь Чилид төсвийг хэт тэлэхгүй, тогтвортой байлгах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Мөн сан байгуулан илүүдэл орлогоо хуримтлуулж, хатуу цаг тохиолдвол хэрэглэх хуультай болгосон.
Манайхан буруу замаар тэнэж болохгүйгээ мэдэрч, төсвийн зардлаа тэлдэг чөтгөрийн сэтгэлгээг хязгаарлах аргаа олж харсан, бодлого ч боловсруулсан. Давгүй улстөрч гэж үнэлэгддэг ч оффшор дансаа нуусан хэргээр нэр хүнд нь нэлээд гудайсан С.Баярцогт 2008 онд Сангийн сайдаар томилогдоод “барьж авсан” ажил нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тогтворжуулалтын сан байв. Манайхан Чилийн туршлагыг тэр чигээр нь хуулаад л хуулийн төсөл боловсруулчихсан.
УИХ-аас 2010 оны зургадугаар сард баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уул уурхайн түүхий эдийн жишиг үнийг олон жилийн дунджаар тооцох, алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр, Засгийн газрын өрийг 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Даанч чөтгөрийн сэтгэлгээг давж, хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай.
Баримт сөхвөл, 2010, 2013 онд л төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлээгүй. Бусад жилд төсвийн алдагдал таван хувиас дээш байв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд эдүгээг хүртэл 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хязгаарыг нэмсээр ирсэн. Одоо төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4, Засгийн газрын өр 85 хувьтай тэнцэж байна.
Төсвийн алдагдал 2009-2016 онд нийт 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Ийм хэмжээний өр тавьж, төсвийн алдагдлаа нөхсөн гэсэн үг. Засгийн газар өнгөрсөн жилийн эцэс гэхэд дотоодын зах зээлд 5.2 их наяд төгрөгийн бонд гаргасан байлаа. Энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхсөн нь гарцаагүй. Гүйцэтгэх засаглал эргэн төлөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкнаас зээлсэн хөрөнгийг өнгөрсөн жилээс төсөвт нийлүүлж тооцдог болсон.
Ингэснээр 2016 оноос төсвийн алдагдал огцом нэмэгдсэн юм. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг түншлэгч байгууллагууд “Хоёр төсөвтэй яваад байна. Нэгтгэх хэрэгтэй” гэж зөвлөсөөр ирснийг санаж байгаа биз. Нэгэнт л төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй учир ингэх нь зүйтэй.
Зам заах, зүг чиглүүлэх бодлогогүй учраас төсөв сахилга баттай байх үндэсгүй. Сонгууль бүрээр л иргэдийн саналыг татах бэлэн амлалтууд хөвөрнө. Сүүлийн жишээ нь “Насны хишиг” тэтгэмж юм. Улстөрчид нь сонгогдохын тулд тойрогтоо ямар нэгэн шинэ бүтээн байгуулалт хийнэ гэж амлах нь тогтсон уламжлал мэт болжээ. Ийм чөтгөрийн сэтгэлгээнээс үүдэж, өрийн “үйлдвэр” ажилласаар байгаа.
Нэгэн хөгжилтэй жишээ дуулгая. Хэдэн жилийн өмнө Архангай аймгийн Хангай суманд УИХ-ын гишүүн “Фортуна” хэмээх Н.Батбаяр морилжээ. Тэрбээр “Би танайд сурагчдын дотуур байр барьж өгнө” гэсэн байна. Сургуулийнх нь захирал “Бидэнд дотуур байрны барилга хэрэггүй. Сайн дотуур байртай. Харин сургуулийн маань байр хуучраад нурж унахдаа тулсан. Шинэ сургууль бариад өгөөч” гэж хүсчээ.
Эрхэм гишүүн ихэд уурсан “Хүн юм өгөх гэж байхад зөрдөг яасан том нөхөр вэ” гэж сургуулийн захиралд лүндэн буулгаад мордсон гэнэ лээ. Ингээд дараа жилээс дотуур байр барьж эхэлжээ. Захирал залуу хөөцөлдсөөр сургуулийнхаа барилгыг ч шинээр бариулахаар болж. Хэдий дөрвөн жил өнгөрсөн ч тэр сум шинэ дотуур байр, сургууль ч үгүй байгаа. Хоёуланг нь барьж эхэлсэн ч төсөв хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар “царцаасан”.
Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр 3.7 их наяд төгрөгийн барилга байгууламж барих санал ирүүлсэн гэнэ. Энд тэнд асар олон сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барьж эхлээд гүйцээхгүй орхисныг энэ тоо харуулж байна. Улсаас 2017 онд 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төсөв баталсантай харьцуулбал эхэлсэн барилгууд хэдэн жилийн дараа дуусгах юм, бүү мэд.
Өөр нэгэн жишээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэгэн гомдол иржээ. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын ИТХ-ын дарга Л.Бат-Амгалан, цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагвасүрэн нараас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд баригдаж эхэлсэн 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл ирсэн байх юм.
Аль зургаан жилийн өмнө эхлүүлсэн жижиг цэцэрлэгийн барилга ашиглалтад ороогүй байгааг сонсох эмгэнэлтэй. Улсынхаа орлого, зарлагыг дагасан төсвийн бодлого алга. Түүнийгээ дагаад нийгмийн халамж, тэтгэмж, хөрөнгө оруулалтын эрэмбэ дараа алга. Олсон хэдэн төгрөгөө сахилга баттай зарцуулаад, өр “үйлдвэрлэхгүй” байх ухаан хааччихсан бэ.
Сонгогчдод сайхан амлалт өгчихсөн улстөрчдөд улс орон өрөнд орох нь, олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулах нь чухал биш мэт. Амлалтаа биелүүлээд дахин сонгогдож эрх мэдэлдээ эгнэгт эзэн суух л туйлын зорилго нь бололтой. Тиймээс улайран тэмцэж, улс төрийн арга заль хэрэглэж, төсвийг данхайлгасаар байгаа. Төсөвт тусгуулах гэсэн барилга байгууламжид хөрөнгө өгөхгүй гэвэл Сангийн сайдыг, цаашлаад Ерөнхий сайдыг огцруулна гэж сүрдүүлээд, араа шүдээ билүүдээд эхэлдэг нөхөд УИХ-ын 76 гишүүн дотор мэр сэр бий.
Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн Сангийн яамны ажилтан “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд улс төрийн шийдэл асар их бий” гэж боловсон хариулсан юм. ОУВС-гийнхантай тохиролцсон шийдвэрүүдээ тусгахын тулд өнгөрсөн хавар төсвийг тодотгосон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Чойжилсүрээн, сарын дараа дахиад төсвийн тодотгол хийгээрэй. Өмнөговь аймагт барих хоёр барилга энэ төсөвт чинь багтсангүй шүү” гэж Сангийн сайдыг зэмлэнэ лээ.
“Монгол Улс Сангийн 76 сайдтай” гэсэн ёгтлол үнэний ортойг Н.Амарзаяагийн үгнээс харах боломжтой. 76 хүсэлд сахилга бат байх уу. Бас зүгээр ч үгүй төсөвт тусгуулсан барилгаа ах дүү, найз нөхдөөрөө бариулдаг, тэднээсээ хувь хүртдэг гэх явган яриа ч олонтаа чих дэлсэх юм. Ийм л чөтгөрийн сэтгэлгээний харгайгаар Монгол Улс өрөнд баригдаж, эдийн засгийн тамир нь барагджээ.
Засгийн газар өнгөрсөн жилийн эцэст 23 их наяд төгрөгийн өртэй болсон. Энэ оны эцэст 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх төсөөлөл бий. Үүний 3.7 их наяд нь Засгийн газрын баталгаа гаргасан зээл. Зарим нь Хөгжлийн банкны гаргасан бонд. Засгийн газар зээлийн хүүнд энэ онд 1.2 их наяд төгрөг төлнө. Зээлийн хүүгийн төлбөр төсвийн нийт зардлыг 17 хувьтай дүйдэг болжээ.
Та идшиндээ таван хонь гаргах байсан бол нэгийг нь өмнө зээлээд идчихсэн өрөндөө өгч байна гэсэн үг. Бодлоготой, сахилга баттай байж, хамаа замбараагүй өр тавиагүй бол ийм хүнд ачаа үүрэхгүй нь тодорхой. Зөвхөн хүү нь ийм өндөр байна. Авсан зээлээ тогтсон хугацаанд нь эргүүлэн төлнө гээд бод доо.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн алдагдлыг аажмаар бууруулсаар 2023 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас бага түвшинд хүргэх боломжтой гэж ярьсан. Ярих амархан. Харин хэрэгжүүлэх хэцүү. ОУВС-гийн хөтөлбөр 2019 онд дуусна, тэдний хяналтаас гарна. Дараахан нь УИХ-ын 2020 оны сонгуулийн жил эхэлнэ.
Улс төрийн намууд, улстөрчид дадсан зангаараа нийгмийн халамжийн хувь хэмжээг нэмнэ, шинээр бий болгоно, төсвийн хөрөнгөөр том бүтээн байгуулалт хийх гээд амлаад эхэлбэл хэрхэх вэ? Ингэвэл өрөө “үйлдвэрлэсээр” л байх болно. Эдийн засгаа сульдаачихаад, ОУВС-гийн “Сэхээн амьдруулах тасаг”-т хэвтэж эмчлүүлдэг чөтгөрийн сэтгэлгээгээ хадгалсаар байх уу.