Роки Маунт Препаратори ахлах сургуулийн тооны багш, 25 настай Эрин МакАулффиг Хойд Каролинагийн цагдаа нар баривчилжээ. Залуухан багшийг 17 настай хоёр, 16 настай нэг сурагчтайгаа явалдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Цагдаагийнхан сар шахам энэ хэргийг мөрдөж, эцэст нь түүнийг буруутай гэж үзсэн байна. Сургуулийн удирдлагууд анх Эринийг шавь нартайгаа явалддаг байж магадгүй хэмээн сэжиглэж, цагдаад өгсөнөөр түүний хэрэг илэрчээ. Түүнийг сургуулиас гадуур шавь нартайгаа уулздаг байсныг баримтаар илрүүлсэн аж.
МакАулиффиг гурван сурагчтайгаа явалдсан хэрэгт буруутгаж буй. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ахлах сургуульд багшлах болсон юм. Энэ нь түүний хувьд үндсэн багшаар ажиллаж буй анхны ажил нь байжээ. Түүнийг орон нутгийн нэгэн шоронд саатуулж буй бөгөөд ирэх даваа гаригт анхан шатны шүүхээр суллагдах эсэх нь шийдэгдэх аж.
Залуу багш сургуулийн удирдлагуудад хандаж үндсэн цагаас гадна сурагчдын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх асуудлаар тусалж дэмжих хөтөлбөр гаргахыг санал болгож байжээ. Мөн сургуулийн үндсэн цагаас гадна сурагчдын чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөрт хамрагдаж байсан юм.