Өнгөрсөн өвөл идэр ес тачигнаж байхад хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1 вирус зонхилж байв. Тухайн үед дөнгөж нярайлсан эх уг өвчнөөр амиа алдсан юм. Тэгвэл өдгөө томуугийн нэг төрөл болох риновирусийн халдвар олны дунд тархаад буйг мэргэжлийн байгууллагынхан хэллээ. Томуу үүсгэгч 200 гаруй төрлийн вирус байдгаас риновирус нь бидний хэлж заншсанаар шуухитнаа аж.
Энэ нь амьсгалын дээд зам буюу хамар, залгиурын эрхтнийг үрэвсүүлэн, хоолой өвтгөж, нармайг гэмтээдэг. Томуугийн А, В, С хүрээний вирусийг бодвол рино нь хатгалгаа үүсгэх магадлал багатайг ЭМЯ-ныхан хэлж буй. Гэвч үнэндээ уушгины хатгалгаатай, дээш, доош гүйлгэсэн хүүхдүүд эмнэлгээр дүүрэн хэвтэж байна.
Эмч нар “Энэ жилийн ханиад өндөр халуурч, бөөлжиж, гэдэс гүйлгүүлдэг. Риновирусийн гаралтай гэх боловч одоогоор баталсан юм байхгүй. Өөр төрлийн вирус бас тархаад байна” гэсэн юм. Томуугийн вирус угийн “сахилгагүй” тул жил ирэх тусам мутацид орж, улам л өөрчлөгдсөөр байна. А хүрээний H1N1 вирусийн вакцин хийлгээд дархлаа тогтчихсон хүн H2N2-т барьц алдах жишээтэй.
Өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу нэмэгдсээр өдгөө эрчээ аваад байна. Нийслэлийн төвийн дүүргийн эмнэлгүүдэд өдөрт 20-30 хүүхэд хэвтэж байгаа тул ор хүрэлцэхээ больж буй аж. Ядаж байхад өндөр халуурч, гүйлгэдэг энэ ханиадыг эмчлэхэд шаардлагатай зарим эм, тариа эмнэлгүүдэд тасарчихсан гэнэ.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийн гэдэс гүйлгэхэд уулгадаг “Линекс” эм тасраад долоо хонож буй аж. “Аргаа бараад өвчтөнүүдийн ар гэрийнхнээр авчруулж байгаа ч хэл ам тасрахгүй юм. Зарим эмнэлэгт уян зүү байхгүй, гаднаас авч буй юм билээ. Эм ханган нийлүүлэх гэрээтэй компаниуд шаардлагатай эм, тариагаа авчирч өгөхгүй байна” гэж тус эмнэлгийн эмч нар ярив.
Ханиад, томуу нь агаар дуслын замаар халдварладаг, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Идэвхтэй дэгддэг үе нь 10-4 дүгээр сар. Гэтэл яг хэрэгтэй үед эм, тариа хүрэлцэхгүй байгаа нь хачирхалтай. Уг нь 2016 онд эм, эмнэлгийн хэрэгслийн төсөв түүхэндээ анх удаа 86 тэрбум төгрөг болж, нэмэгдсэн. Эмнэлгүүд ч эмийн өрөнд унахаа больсон шүү дээ.
ХӨСҮТ-ийн харьяа Томуугийн үндэсний төвийнхний хэлснээр улсын хэмжээнд жилд дунджаар 350 мянга гаруй хүн томуу, томуу төст өвчин тусдаг. 2014 онд томуутай хүн 450 мянгад хүрч байжээ. Өвлийн ид хүйтэнд бол долоо хоногт 6000-9000 хүн өвдөх нь ч бий аж. Тэгэхээр цаашид томуу улам л нэмэгдэнэ. Эмнэлгүүдийн хэрэгцээтэй эм, тариаг нь даруй хангаж өгмөөр байна.
Өнөө жил ханиад, томуутай зэрэгцээд улаан бурхан дэгдэж магадгүй гэсэн албаныхны таамаглал бий. Саяхан “Дархлаажуулалтын 10 хоног” үндэсний аяны хүрээнд нийслэл, баруунд таван аймгийн зургаан capтай багачуудад улаан бурхны вакциныг “0” тунгаар тарьж, нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насныхныг сайн дураар нь вакцинжуулсан хэмээн мэргэжлийн байгууллагынхан хэлж буй.
Мөн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-д тав хүртэлх насны хүүхдүүд, эмнэлгийн ажилтнуудыг томуугийн вакцинд хамруулсан гэх боловч нөгөөх нь хүрээгүй юм билээ. “Вакцин дуусчихсан” гэсэн хариу олон эцэг, эх сонссон байна.
Өрхийн эмнэлгүүдээр А аминдэм үнэгүй тарааж байна гээд шуугиад л байсан. Хүүхдэдээ авч уулгасан нь ч тун цөөн аж. Энэ мэтээр ам, ажил нь алд зөрдөг албаныхнаас болоод хүүхдийн өвчин буурахгүй байгаа юм шүү дээ.
Ханиад томуу хүйтнээр “хооллодог” тул тухайн хүнийг жаахан даарч, дархлаа нь сулрахыг андахгүй очоод наалдчихдаг тул том, жижиггүй мөнгийг нь өгөөд ч болтугай вакцин хийлгэхийг эмч нар зөвлөсөн. Уг нь бид өөрсдөдөө жаахан арчаатай байхад л ханиад томуу тусахгүй, өвөлжчих боломжтой.
О.БАТ-УНДРАХ
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Зарим дүүргийн эмнэлэг ор, эмгүй болжээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ханиад хэр газар авсныг сурвалжиллаа. Хөл, гартаа уян зүү тавиулж, боолгосон хүүхдүүдийн уйлах дуу тасралтгүй сонсогдоно. Ээж, эмээ, эсвэл эгч нь өвчтэй хүүхдүүдийг сахиж, өөрсдөө ч ханиад хүрч байгаа гэнэ.
Нийслэлийн нийт оршин суугчийн гуравны нэг орчим нь амьдардаг Баянзүрх дүүрэгт томуу, томуу төст өвчин хэдийнэ гаарчээ. Тус дүүргийн багачууд өнгөрсөн наймдугаар сарын дунд үеэс ханиад “зооглож”, эмнэлэгт хандах болж.
Өчигдрийн байдлаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвд 100 орчим хүүхэд ханиадаа эмчлүүлэхээр хэвтэж буй талаар эмч нар нь ярив. Энэ удаагийн томуугийн вирусийг яг тодорхойлолгүй, таамгаар оношлон эмчилгээ хийж байгаа тухайгаа ч тэд хэлсэн. Тус дүүргийн хувьд өвчтөн хүлээж авах ор хомс учир эмчилгээг аль болох богино хугацаанд, үр дүнтэй хийхийг зорьж буй гэнэ.
Томуу нь үүсгэгч вирусээсээ хамаараад толгой өвтгөх, гүйлгүүлэх зэрэг өвчинтэй хавсарч байгаа гэнэ. Тиймээс дан ганц үрэвслийг бус, үүсгэгч нянг дарах эмчилгээ давхар хийж буй ажээ. Эм, тариа одоохондоо хүрэлцээтэй байгаа ч томуугийн тархалт энэ хэвээрээ үргэлжилбэл нөөц шавхагдах магадлалтай гэнэ.
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв мөн л ачаалал ихтэй байв. Өдөрт дунджаар 20 орчим хүүхэд ханиад хүрч, халуурсан гэх оноштой ирж байгаа аж. Өчигдөр 10.00 цагийн орчимд тус төвийн Хүлээн авах тасагт 1-3 настай гурван хүүхэд хэвтэхээр очсон байхтай таарав.
Тэдний хоёр нь ханиад хүрч, хүндрээд хатгаа болжээ. Сүхбаатар дүүрэг Хүүхдийн эмнэлэгтэй тул ор хүрэлцэхгүй гэх бэрхшээл одоогоор байхгүй гэнэ. Өнгөрсөн сарын сүүлчээс идэвхтэй тархсан ханиад цаашид ч улам ихсэх шинжтэй байгааг дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хэлэв.
Чингэлтэй дүүргийн багачууд арав гаруй хоногийн өмнөөс ханиад хүрч эхэлжээ. Өчигдөр тус дүүрэгт 83 хүүхэд хэвтэн эмчлүүлж байв. Ханиадтай хүүхдийг дунджаар 6-7 хоног хэвтүүлээд гаргаж буй аж. Илүү олон хонуулбал ор хүрэлцэхгүй гэнэ.
Учир нь хоногт 25-35 хүүхэд ханиад хүндэрсэн шалтгаанаар хэвтэж байгаа юм. Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Сүрэн “Урд шөнө (2016.10.19) 35 хүүхэд ирж хэвтлээ. Энэ сарын 12-ноос томуугийн тархалт огцом нэмэгдсэн. Энэ удаагийн ханиадны вирус гэдэс өвтгөж, гүйлгүүлж байна. Дээрээс нь хүүхдүүдийн дархлаа их сул учир эдгэхдээ удаан байна” гэв.
Тус эмнэлэг гэдэс нь гүйлгэсэн хүүхдэд ашигтай нян уулгадаг юм байна. Гэвч түүнийг нийлүүлэх ёстой байгууллага нь үүргээ биелүүлээгүй учир ашигтай нян, уян зүүгүй болоод долоо хонож буй ажээ.
Г.ЦЭЦЭГ
ИНФОГРАФИК
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА
А.БУРМАА: Томуугаас сэргийлэх гол арга нь дархлаажуулалт
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаагаас томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчний тархалт манай улсад ямар байна вэ?
-Эхлээд томуу, томуу төст өвчний ялгааг хэлэх хэрэгтэй байх. Томуу нь хүний томуугийн вирусээр үүсгэгддэг бол томуутай төстэй ойролцоо шинж тэмдгээр илэрдэг өвчин нь риновирус, респиратор-синцитиаль зэрэг 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 3-4 хувь нь л томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдож байна.
Есдүгээр сарын дунд үеэс амьсгалын замын халдварт өвчин аажмаар нэмэгддэг. Нийслэлийн дүүрэг, орон нутгийн амбулаториор үйлчлүүлж байгаа томуу төст халдвартай хүмүүсийн эзлэх хувь цөөн байгаа ч уушгины үрэвсэл, амьсгалын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэгсдийн тоо бага зэрэг нэмэгдсэн.
Олон дахин даарч, хөрснөөс хүний дархлаа сулардаг. Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаас гадна бохир гараар дамжин хүнд халдварладаг. Тиймээс гарын ариун цэвэр сахих, улиралдаа тохируулж хувцаслах, өвчилсөн бол бусдад халдвар тараахгүйн тулд амны хаалт зүүх хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэй, өндөр настан, бага насны хүүхэд, архаг, суурь өвчтэй зэргээс хамааран томуу, томуу төст өвчин хөнгөн, хүнд хэлбэрээр тусдаг.
-Урьдчилан сэргийлэх хамгийн гол аргыг хэлж өгөөч?
-Томуугийн вакцин хийлгэх нь урьдчилан сэргийлэх гол арга. Арваннэгдүгээр сарын эхээр 40 гаруй мянган хүн тун вакцин ирнэ. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарынхан, эрсдэлтэй бүлэг болох онцгой байдал, хилийнхэн зэрэг онцгой объектод ажилладаг хүмүүсийг вакцинжуулна.
Дараагийн ээлжийн вакцин ирэхээр иргэдийг сайн дурын дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөтэй байна. Томуугийн вакциныг сайн дураар 3000-4000 хүн хийлгэдэг байсан бол өнгөрсөн онд 10.000 гаруй болж нэмэгдсэн.
Зургаан сартайгаас дээш насныхан вакцин хийлгэж болно. Төлбөр нь өнгөрсөн томуугийн улиралд 13.000 төгрөг байсан. Үйлдвэрлэгчээс хамаарч үнэ хэлбэлздэг.
-Вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?
-ХӨСҮТ-д хандах хэрэгтэй. Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн зарим цэцэрлэгийн хүүхдийг дархлаажуулсан. Цэцэрлэгүүдийг харьцуулан судлахад вакцин хийлгэсэн хүүхдүүдийн ирц сайн, өвчлөл дархлаажуулалтад хамрагдаагүй цэцэрлэгийнхнээс бага байсан.
Гэхдээ томуугийн вакцин хийлгэснээр томуу, томуу төст өвчин огт тусахгүй гэсэн үг биш. Энэ вакцин нь томууг үүсгэдэг А, В вирусийн омгуудыг найрлагадаа агуулсан байдаг. Тэгэхээр бусад вирусийн эсрэг дархлаа тухайн хүнд тогтохгүй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, эрүүл хүн томуугийн вакцин хийлгэснээр уг өвчнөөс 80-90 хувь хамгаалах, хатгалгаа болж хүндрэхээс сэргийлж чадах юм. Зарим хүн томуугийн вакцин хийлгэсэн ч ханиад хүрсэн гэж ярьдаг. Тэр олон вирусийн эсрэг нэгэн зэрэг хамгаалдаг универсал вакцин гэж байхгүй.
-Хоёр дахь ээлжийн вакцин хэзээ ирэх бол. Вакцинаас гадна өөр урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Арваннэгдүгээр сардаа багтаад ирэх байх. Вакцин ирэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлнэ. Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дунд риновирусийн халдвар түгээмэл байна. Энэ вирус нь хоолой болон толгой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдгээр илэрдэг.
Ямар ч ханиад хоёр хоноод эдгэрдэггүй, долоо, 10-14 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд тууштай эмчилгээ хийж, халуун хоол, цай сайн идэж, уух, даарахгүй байж, ядрахгүй, сайн унтах, бусдадаа халдвар тараахгүйн тулд амны хаалт зүүх хэрэгтэй. Манайхан хэдэн эм уугаад л хаячихдаг.
Эдгэрсний дараа дахин өвдсөн бол бусад олон вирусээр үүсгэгдсэн өвчин байна гэж ойлгож болно. Эмчилгээ дутуу хийх, цэцэрлэг, сургуульд нь үргэлжлүүлэн явуулснаар бага насны хүүхэд хатгалгаа, бронхит болж хүндэрдэг.
Тиймээс хүүхдээ өвдсөн үед эмчид эрт хандах, гарын ариун цэврийг сайн сахиулж, дархлааг нь сайжруулах амин дэм уулгах, жимс, ногоо түлхүү хэрэглүүлэх, ялангуяа, бага насны хүүхэд хүндрэх магадлалтай учраас эмнэлэгт яаралтай очих хэрэгтэй.
Ч.ТУЯА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Шуурхай удирдлагын төвийн дарга Д.Нарангэрэл нараас томуу, томуу төст өвчнийг бууруулахаар хийж буй ажлын талаар тодрууллаа.
ЭНЭ ЖИЛ 40 МЯНГАН ХҮНД ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ХИЙНЭ
А.ЦОГЦЭЦЭГ (Эрүүл мэндийн сайд)
-Томуугийн вакцин хэр хүрэлцээтэй байна вэ?
-Гурван жилийн өмнө томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сайн дурын д а р х л а а ж у у лалтын аянд 2-3 мянган иргэн оролцсон бол өнгөрсөн жил 10 гаруй мянган хүн томуугийн гурван төрлийн вирусээс сэргийлэх вакцинд сайн дураараа хамрагдсан.
Энэ жил 40 мянган хүнд томуугийн вакцин хийхээр төлөвлөж байна. Эрсдэлтэй бүлгийн иргэд, эмнэлгийн ажилчид, бага насны хүүхдээс бусад нь 13-15 мянган төгрөг төлж, вакцинд хамрагдах боломжтой.
-ЭМЯ-аас ханиад, томуу, томуу төст өвчний халдварыг бууруулах ямар ажил хийж байна вэ?
-Томуу, томуу төст өвчин дэгддэг улирлыг угтуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэн, бэлэн байдлыг хангаж байна. Гэхдээ ЭМЯ-наас баримтлах хамгийн гол бодлого бол томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэн, эрсдэлтэй бүлгийн иргэд, бага насны хүүхдийг үнэгүй вакцинжуулах юм.
Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд онцгойлон хамруулахаар хэлэлцэж байна.
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ХАЛДВАР БУУРСАН
Д.НАРАНГЭРЭЛ (ЭМЯ-ны Шуурхайн удирдлагын төвийн дарга)
-Улсын хэмжээнд ханиад, томуу хэр байна вэ?
-Аймаг, сум, дүүргийн эмнэлгүүд долоо хоног бүр томуу, томуу төст өвчний тандалт хийдэг. Үүний дагуу өнгөрсөн оны есдүгээр сараас хойш эмнэлгүүдийн амбулаториор 170597 хүн үйлчлүүлсний 6671 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон.
Энэ нь улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 3.9 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, арван мянган хүн амд 21.7 тохиолдол бүртгэгдсэн. Томуу төст өвчин зонхилж байна. Гэвч уг өвчний дэгдэлт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан. Үүнээс гадна салхин цэцэг, хепатит, гар, хөл, амны өвчний халдвар авсан иргэд цөөнгүй хандсан.
-Эл өвчнийг бууруулах талаар ямар ажил хийж байна вэ?
Донор орнуудын эм үйлдвэрлэгч компаниудаас томуугийн өргөн хэрэглээний эм оруулж ирэн, 0-5 насныхныг өрхийн эмнэлгээр нь дамжуулан вакцинд үнэ төлбөргүй хамруулж, хөнгөлөлттэй эм худалдах аяныг 2017 оноос эхэлнэ. Одоогоор ЕБС-иудын сурагчдад томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөмж, тараах материал сургалт зохион байгуулж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
“Вирусийг тохирсон вакцинаар нь устга”
Улирлын чанартай томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд ам, хамрын хаалт, нусны алчуур хэрэглэхээс гадна гараа сайн угаах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) зөвлөжээ. Хөгжиж буй орнуудад томуугийн улирлын дэгдэлтийн уршгийн тухай тодорхой мэдээлэл байдаггүй. Гэхдээ судалгаанаас үзвэл, хөгжиж буй орнуудад хүүхдийн эндэгдлийн үлэмж хэсэг нь томуутой холбоотой байдаг.
ДЭМБ-ын мэдээлснээр, ханиад томуу, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр нөлөөтэй арга нь вакцин хийлгэх. Эрүүл хүн томуугийн вакцин хийлгэснээр тодорхой хэмжээний хамгаалалттай болно. Харин өндөр настнуудад уг вакцин тийм ч үр нөлөөтэй биш ч үүсэж болзошгүй хүндрэлийг багасгаж, нас баралтыг бууруулах гэнэ.
Гэхдээ вакциныг вирусийн төрөлд нийцүүлэн сонгож хийлгэвэл илүү үр дүнтэй. Томуугийн вирус байнга өөрчлөгддөг. ДЭМБ А-гийн төрлийн вирусийн хоёр, В-гийн төрлийн нэг вакцины орцын талаарх зөвлөмжөө жилд хоёр удаа шинэчилж байгаа аж.
Томуугийн вирусийн эмийг өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 48 цагийн дотор уух хэрэгтэй. Зарим вирус эмэнд тэсвэртэй болдог учир эмчилгээний үр дүн гардаггүй. Тиймээс ДЭМБ эмийн талаар цаг тухайд нь удирдамж өгөхийн тулд эмэнд тэсвэртэй вирусийг судалдаг байна.
Энэ жил эмч нарт томуугийн вакцин хийлгэхийг уриалжээ. Учир нь хийж буй ажил нь халдвар авах өндөр эрсдэлтэй, мөн өвчтөнүүддээ, тухайлбал, жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүдэд нян халдааж болзошгүй аж.
Намар, өвлийн цагт томуу дэгдэх нь дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хувьд хэвийн үзэгдэл байдаг бөгөөд нийт хүн амынх нь 20 хүртэл хувь нь томуу тусдаг байна. Өнгөрсөн өвөл буюу 2016 оны эхээр А(H1N1) вирус давамгайлан тархаж, залуус илүү хүнд өвчилж байжээ. Харин А(H3N2) вирус өндөр настнуудад хүнд хэлбэрээр илэрсэн байна.
Уур амьсгалын хувьд манай улстай ойролцоо ОХУ-д Хонконгоос гаралтай томуугийн A(H3N2) гэсэн шинэ вирусын болон В-гийн төрлийн томуугийн вакцин хийж байгаа аж. Энэ улиралд тус улсад Хонконгийн вирус тархана гэж мэргэжилтнүүд нь таамаглажээ. Вакцин хийлгэснээс 2-3 долоо хоногийн дараа хүний биед дархлаа үүсдэг. Тиймээс вакциныг арваннэгдүгээр сарын эхэн үеэс оройтолгүй хийлгэх ёстой.
Ханиад томуу дэгдсэн хойно хийлгэсэн тарилга халдвараас хамгаалдаггүй байна. Вакцин хийлгэсэн хүний тоо нэмэгдэхийн хэрээр томуугаар өвчлөгчдийн тоо буурч буйг дэлхийн статистик мэдээлэл харуулжээ. Гэхдээ томуугийн дэгдэлтийн үеэр вирусийн хэлбэр өөрчлөгдвөл вакцин хийлгээд ч нэмэр болохгүй.
Тиймээс вакциныг эмч нартай зөвлөж, тохирохыг сонгож хийлгэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн байна. Эмч өвчтөний биеийн байдал, өвчин хүндэрсэн эсэх, харшлын шинж болон биеийн халууныг үзсэний үндсэн дээр тарилгын талаар зөвлөмж өгөх нь хүсээгүй үр дагавраас сэргийлэх гэнэ.
Мөн вакцин хийлгэснээс хойш 30 минут тариа хийлгэсэн газраа байж, сөрөг үр дагавар илрэх, эсэхийг шалгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.
З.АМГАЛАН
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ханиад томуугаар өвчлөгчдөд гол төлөв ямар шинж тэмдэг илэрч, хэдий хэрийн хугацаанд эдгэрч байна вэ?
Л.СОЁЛОО (Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч)
-Манай амбулаториор үйлчлүүлэгчдийн 80-90 орчим хувийг ийм өвчинтэй, цэцэрлэгийн буюу 0-5 настай хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа RS болон адено вирусийн халдвараас үүссэн амьсгалын замын өвчлөл зонхилох боллоо.
Нүдний ханиад буюу адено вирус нь ахуйн болон амьсгалын замаар халддаг. Мөн ходоод, гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Эдгээр шинж тэмдэг хавсарсан байдлаар илрэх тохиолдол цөөнгүй байна.
Тухайлбал, ханиалгаж шуухинах, халуурах, гэдэс гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг зэрэг илэрдэг. RS вирус нь гуурсан хоолойн төгсгөлийн хэсгүүдийг үрэвсүүлдэг учир бага насны хүүхдийг богино хугацаанд хүндээр өвчлүүлдэг. Энэ вирусийн халдвар авсан тохиолдолд онцгой анхаарч, эмчлэх хэрэгтэй.
Учир нь асар богино хугацаанд хүндэрч, хатгалгаа, бронхилот тусах магадлалтай. Эцэг, эхчүүд ханиадтай хүүхдээ гэрийн нөхцөлд эмчилж сурах хэрэгтэй байна. Манайхан хүүхдээ өвдөхөөр эмчид үзүүлж, хэдэн эмний нэр бичүүлж аваад сургууль, цэцэрлэгт нь явуулчихдаг. Маск ч зүүлгэдэггүй.
Үүнээс болоод хүүхдүүд бие биедээ вирус халдаадаг. Тухайн хүүхдийн эмчилгээ ч үр дүнгүй болдог. Уг нь ханиад шуухинаа хэт хүндрээгүй тохиолдолд 5-7 хоногт эмчлэх боломжтой. Зовиургүй болчихлоо, эдгэчихлээ гээд дутуу эмчилдгээс өвчин нь сэдэрч, амьсгалын замын халдварт өртөмтгий болдог.
Г.НАРАНМАНДАХ (Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Энх хүсэл” эмнэлгийн их эмч )
-Ханиад, томуунд бага насныхан их өртдөг. Уг нь хүүхдийн дархлааны систем томчуудынхаас сайн байдаг учир амьсгалын замын халдвар авсан тохиолдолд эм уухгүйгээр эдгэрэх боломжтой. Гэвч агаарын бохирдол, дутуу эмчилгээ зэргээс болоод хүндэрч, хатгалгаа тусах шалтгаан болж байна. Жил бүрийн өдийд эмнэлгүүд ханиад томуутай өвчтөнүүдэд дарагддаг.
Манай эмнэлэгт хандсан, амьсгалын замын халдвар авсан өвчтөнүүдэд 3-5 насныхан зонхилж байна. Ер нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болоод насанд хүрэгчид хандах нь бага. Эмнэлэгт хандсан хүүхдүүдэд бид үндсэн эмчилгээг 5-7 хоногт хийдэг. Манай эмнэлгүүдийн нөхцөл боломж хэр билээ дээ. Дараагийнхаа өвчтөнийг хүлээж авах хэрэгтэй.
Хүүхэд, том хүн аль нь ч амьсгалын замын халдвар авсан л бол хамгийн багадаа 14-21 хоног эмчилгээ хийлгэх ёстой. Хүндэрч хатгалгаа болсон тохиолдолд 30-45 хоногийн дараа бүрэн эдгэрдэг. Тиймээс эмнэлгээс гарсны дараа ч гэртээ эмчилгээ хийлгэх шаардлагатай.
RS, рино, адено вирусийн халдвар амьсгалын замын өвчинд давамгайлж байна. Энэ нь гол төлөв халуурах, шингэн алдах, бөөлжих, булчин болон толгой өвдөх зэргээр илэрдэг.
Б.ЭНХНАРАН (Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн)
-Хүү маань нэг ой зургаан сартай. Ханиад нь хүндрээд хатгалгаа туссанаас болоод хагас сар орчим эмнэлгээр явлаа. Одоо л дориун болж байна. Эмч нар энэ жил ханиад, томуу эрт дэгдэж байна гэсэн. Ес эхлэхээр яах юм бүү мэд. Эхэндээ үе үе ханиаж, найтаагаад, нус нь гоожихоос өөр шинж тэмдэг илэрдэггүй байсан.
Ханиад тусчихлаа гээд хувцсыг нь зузаалж, бөөөцийлөөд л байлаа. Уг нь хүүхдийг аль болох хөлөргөхгүй байвал сайн гэнэ. Биеийнх нь шингэн гадагшлахын хэрээр амьсгалын замын нян, вирус амархан халддаг юм байна. Хүүхэд өсгөсөн туршлагагүй болохоор хүүгийнхээ ханиадыг эмчлэх биш, хүндрүүлчихлээ.
Эмнэлэгт ирэхдээ өндөр халуунтай, амьсгалахаар шуухитнаж дуугараад байсан. Одоо больсон. Хоёр хоноод эмнэлгээс гарна. Эмчилгээг нь үргэлжлүүлж хийлгэнэ. Ханиад томуу сэдрээдэг учир чихэрлэг зүйл идүүлэлгүй, шингэн сайн уулгаарай гэж эмч нь захиж байна.